| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 182/2020/02186/И |
| Дугаар | 210/МА2021/01311 |
| Огноо | 2021-08-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2021/01311
Т.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/01262 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.М-т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 9,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Г.М-тай 2018 оны 06 сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн барьцаанд Г.М-ын өмчлөлийн Хьюндай Старекс маркийн 70-49 УНЭ улсын дугаартай автомашиныг барьцаалсан. Зээлдэгч нь гэрээнд заасан 3 сарын хүү 1,350,000 төгрөгийг төлж, зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлт гаргасныг хүлээн авч гэрээний хугацааг сунгасан боловч бичгээр гэрээ байгуулаагүй юм. Үүний дараа зээлдэгч нь 2018 оын 10, 11 сарын хүү 900,000 төгрөг төлсөн. 2018 оны 12 сард үндсэн зээлийн 5,000,000 төгрөг, хүүгийн 450,000 төгрөгийн хамт, 2019 оны 01 сарын 16-ны өдөр үндсэн зээлийн 5,000,000 төгрөгийг хүүгийн 300,000 төгрөг төлж, үндсэн зээл болох 5,000,000 төгрөгийг төлөөгүй. Г.М- нь гэрээний хугацааг сунгах талаар дахин хандаж, 5 хувийн хүү тооцохыг зөвшөөрсөн. Зээлийн гэрээний хугацаа тохироогүй боловч сар бүр хүүгээ төлж байгаад боломжтой болохоороо үндсэн зээлээ төлөх талаар тохирсон. 2019 оны 03-12 сарын хүүнд 2,500,000 төгрөгийг төлсөн боловч үндсэн зээлээ өгөөгүй тул шаардахад КОВИД-19 өвчнөөс болж хөл хорио тогтоосон учраас өгөхгүй боломжгүй байна, удахгүй өгнө гэсэн. Г.М-аас өнөөдрийг хүртэлх хүүг нэхэмжлэхгүй. Харин үндсэн зээл 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж зээлийн хүүгийн төлбөрт 1,750,000 төгрөг нэмж нэхэмжилж, нийт 9,250,000 төгрөгийг гаргуулна гэжээ.
Хариуцагч тал хариу тайлбартаа: Т.Б- нь 15,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлийн гэрээ хийж зээлдүүлсэн. 2018 оны 07 сарын 08-ны өдрөөс 2018 оны 12 сарын 13-ны өдрийн хооронд гэрээний дагуу 15,000,000 төгрөгийн сарын 3 хувийн хүү тооцож үндсэн зээлээс 5,000,000 төгрөг, нийт 7,700,000 төгрөг төлсөн. Мөн сарын дараа харилцан тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 01 сарын 16-ны өдөр үлдсэн 10,000,000 төгрөгийн сарын 3 хувийн хүүг бодож, үндсэн зээлээс 5,000,000 төгрөг, хүүгийн хамт 5,300,000 төгрөг өгч нийтдээ 13,000,000 төгрөг өгсөн. Т.Б- үлдэгдэл 5,000,000 төгрөгөө 5 хувийн хүүтэй төлөх санал тавьсан боловч тохиролцоонд хүрээгүй. КОВИД-19 өвчний хөл хорио тогтоож ажил зогссоны улмаас үлдэгдэл мөнгөө өгөхөд бэрхшээл үүсч харилцан тохиролцсоны улмаас 2019 оны 01 сараас хойш хүүгүй үлдэгдэл мөнгөө өгөхөөр гэрээ хийлгүй амаар тохирсон. 2019 оны 01 сарын 16-ны өдрөөс 2019 оны 12 сарын 09-ний өдөр хүртэл үлдэгдэл 5,000,000 төгрөгөөс 2,550,000 төгрөг өгч 2,450,000 төгрөг үлдсэн. Энэ талаар Т.Б- нь нэхэмжлэлдээ бичсэн. Харилцан тохиролцсон 18,000,000 төгрөг өгөхөөс 15,550,000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 2,450,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.М-аас 2,450,000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Б- нь хариуцагч Г.М-т холбогдох Хьюндай Старекс маркийн 70-49 УНЭ улсын дугаар бүхий автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 54,150 төгрөгийг, улсын орлогоос 18,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-өд олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Г.М- нь зээлийн гэрээний хугацааг сунгах талаар санал гаргасныг хүлээн авсан, улмаар 5 хувийн хүү тооцож гэрээг сунгах талаар хэлэхэд тэрээр зөвшөөрч сар бүр 250,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Талуудын хэн аль нь хүсэл зоригоо бүрэн илэрхийлж гэрээний хугацааг сунгаж, хүүгийн хэмжээг харилцан тохиролцсон тул 2018 оны 06 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа сунгагдсан гэж үзнэ. Анхан шатны шүүх фэйсбүүк чатад хийсэн үзлэгээр “Зээлийн хүүг сарын 5 хувь болгох, гэрээний хугацааг сунгах талаар харилцан мессеж солилцсон болох нь тогтоогдож байна” гэсэн атлаа зээлийн хүүг сарын 5 хувь болгох, гэрээний хугацааг сунгах талаар харилцан тохиролцож хүүгийн хэмжээ болон гэрээний хугацааг сунгасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь 2018 оны 06 сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацааг сунгасан талаар хариуцагч Г.М- маргаагүй, мөн бидний амаар тохиролцсон ёсоор зохих зээлийн хүүг сар бүр төлж байсан нотлох баримтууд хавтас хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлэн хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэсэн нь хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүйг зохицуулснаас бус харин зээлдэгч хүүг зөвшөөрөх, зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй байх тул Г.М-ын 2019 оны 03-12 сарын хүүд төлсөн 2,500,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцсон нь буруу.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хариуцагч Г.М-аас нийт 9,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Т.Б- нь хариуцагч Г.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх1-2/ ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 9,250,000 төгрөг гэж нэмэгдүүлэн /хх 76/, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагаас татгалзсан байна. /хх 134/
Хариуцагч Г.М- нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 2,450,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох автомашиныг нэхэмжлэгчид өгч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх санал гаргажээ. /хх 49, 92/
Хэрэгт авагдсан зээл болон барьцааны гэрээ /хх4-6/, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлбэл, Т.Б- нь Г.М-т 2018 оны 06 сарын 07-ны өдөр 15,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь сар бүрийн 07-ны өдөр зээлийн хүүг төлөх, үндсэн зээлийг хугацааны эцэст бөөнд нь хүүгийн хамт төлөх, ийнхүү эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох үүргийг тус тус хүлээсэн байна. Мөн өдөр уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлдэгч Г.М- нь өөрийн өмчлөлийн Тоёота Хьюндай Старекс маркийн 70-49 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг Т.Б-өд барьцаалуулж, барьцааны гэрээ байгуулсан байна.
Зээлдүүлэгч Т.Б-ийн зүгээс зээлдэгч Г.М-ын өмчлөлд зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, зээлдэгч нь гэрээний хугацааны хүүгийн төлбөрийг төлсөн боловч үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүй гэрээний хугацаа дууссанаас хойш хэсэгчлэн төлж байсан үйл баримт хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК дахь Т.Б-ийн эзэмшлийн 5034271737 тоот дансны хуулга /хх 8-20/ болон зохигчдын тайлбараар тогтоогдсон. Талууд энэ талаар маргаагүй, харин уг гэрээний хугацаа сунгагдсан эсэх үүнтэй холбогдуулан хариуцагч Г.М- зээлийн хүү төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
Дээрх тогтоогдсон үйл баримтаас үзвэл анхан шатны шүүхийн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн талаар дүгнэлт үндэслэлтэй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар зохицуулсан боловч анхан шатны шүүх хариуцагч талын тайлбарыг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт заасан өрийг хүлээн зөвшөөрч төлбөрийг гүйцэтгэсэн бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэсэн зохицуулалттай харьцуулан дүгнэлт хийгээгүйн улмаас хариуцагчаас гаргуулах үнийн дүнгийн тооцоолол буруу болжээ.
Тодруулбал, хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт “...үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүүгийн хамт 7,700,000 төгрөг төлсөн...үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүүгийн хамт 5,300,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөг төлсөн...харилцан тохиролцсон 18,000,000 төгрөгөөс 15,550,000 төгрөгийг төлсөн...” гэсэн агуулга дурдагдсан /хх 49/ байх тул хариуцагч нийт 3,000,000 төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрсөн буюу бичгээр байгуулсан гэрээний дагуу 1,350,000 төгрөгийн хүүг, бичгээр байгуулсан гэрээгүй ч 1,650,000 төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрч төлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаардаг тул хариуцагчийн дээрх тайлбарыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн болно.
Иймд хариуцагч Г.М-ын хүлээн зөвшөөрсөн 18,000,000 төгрөгийн үүргээс баримтаар нотлогдсон, талуудын маргаагүй эргэн төлөлтийн нийт дүн 15,550,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 2,450,000 төгрөг болон дээрх гэрээгээр тохиролцсон алданги 1,225,000 төгрөг, нийт 3,675,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Т.Б-өд олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад оруулав. Үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй.
Нэхэмжлэгчид олгох мөнгөн хөрөнгийн хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсэг хангагдсан гэж үзнэ. Харин хариуцагчтай фэйсбүүкээр харилцаж гэрээний хугацааг тодорхойгүй хугацаагаар сунгасан талаарх давж заалдах гомдол нь үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
Дээрхээс гадна, шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гаргасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэхдээ уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох агуулгыг орхигдуулсан байгааг давж заалдах шатны шүүхээс өөрчлөн найруулж залруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Б- нь хариуцагч Г.М-т холбогдох Хьюндай Старекс маркийн 70-49 УНЭ улсын дугаар бүхий автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,
Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “54,150” гэснийг “73,750” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Д.НЯМБАЗАР