Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2025/0450

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г*******

Хариуцагч: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм, биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Д.О*******

Маргааны төрөл: ...Зөрчилд холбогдогч Г.С******* үйлдсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх, хуулиар хориглосон зүйл, стандартыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх зөрчлийн шинжтэй байх ба зөрчилд холбогдогч Г.С******* Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай, Оногдуулсан шийтгэлийн 3,000,000 төгрөгийг Төрийн сангийн ******* тоот дансанд сайн дураар биелүүлэхийг даалгасугай гэж шийтгэл оногдуулах зүйл хэсэг, шийтгэлийн хэмжээг өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7, 7.2 дугаар зүйлийн 8, 7.7 дугаар зүйлийн 72 дахь хэсгийг удирдлага болгон шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөх-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т*******, хариуцагч Д.О*******, нарийн бичгийн дарга Д.Наранцацрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дүгнэлт гаргагч М.Г******* шүүхэд бичгээр гаргасан дүгнэлтийн үндэслэлдээ: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г******* би, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм, биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Д. О******* нь Иргэн Г.С******* нь Монгол улсын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан гэх бүртгэлийн ******* дугаартай гомдол, мэдээлэлд хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Гансүхийн С******* /РД:/-д Монгол улсад бүртгэлгүй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг цахимаар худалдсан" зөрчил үйлдсэн гэж үзэн, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хууль бусаар олсон орлого болох 45,000 төгрөгийг болон V v D 5000UI нэрийн 1 хайрцаг бэлдмэлийг хураан авах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Материалд цугларсан холбогдогч Г.С******* өгсөн ... Өөрийн хувийн хэрэгцээнд зориулан Солонгосоос 3-4 ширхгийг захиж авсан. Нэг ширхгийг өөрөө хэрэглэж байгаа, нэг ширхгийг ээждээ өгсөн, үлдсэн нэг ширхгийг зар тавьж худалдан борлуулсан. Одоо нэг ширхэг үлдсэн... Фейсбүүк хуудсаар дамжуулан уг бүтээгдэхүүнийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр худалдан борлуулсан... гэх мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зураг, эд зүйл, баримт бичгийг хураан авсан болон хууль бус орлого тооцсон тухай тэмдэглэл, Г.С******* эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Иргэн Г.С******* нь Монгол улсын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн болох "V v D 5000UI бүтээгдэхүүнийг 4 хайрцгийг Солонгос улсаас захиалан, улмаар Монгол улсын хилээр оруулж ирэн, улмаар фейсбүүк цахим хаягаар дамжуулан зар тавьж, 1 ширхгийг бусдад худалдан борлуулж, 45,000 төгрөгийн орлого олжээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хүсэлт, баримт бичиг, түүнд хийсэн шинжээчийн дүгнэлт, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн уг бүтээгдэхүүнийг бүртгэнэ, 41.6 дахь хэсэгт Энэ хуулийн 41.1-д заасны дагуу бүртгэгдсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний жагсаалтыг цахим хуудсанд байршуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавина, 41.8 дахь хэсэгт Энэ хуулийн 41.7-д заасан эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг хориглоно, 41.12 дахь хэсэгт Энэ хуулийн 41.6-д заасны дагуу бүртгэгдсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг иргэн, хуулийн этгээд борлуулж болно" гэж тус тус хуульчилсан.

Мөн Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам-ын 1.4 дэх хэсэгт Бүртгэлд бүтээгдэхүүн бүртгүүлэгч нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Монгол Улсын эм, эмийн түүхий эд, оношлуур, БИБ ханган нийлүүлэх байгууллага, чанарын удирдлагын тогтолцоотой олон улсын хангамжийн байгууллага, тухайн үйлдвэрлэгчийг Монгол Улсад төлөөлөх хууль ёсны эрхтэй төлөөлөгчийн газар болон үндэсний үйлдвэр байна" гэж зааснаар эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг Монгол улсын бүртгэлд бүртгүүлэх эрх нь зөвхөн хуулийн этгээдэд олгогдсон байх ба холбогдогч Г.С******* нь эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэх журмыг зөрчиж бүртгүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Дээрх тогтоогдсон нөхцөл байдал болон хуулийн заалтуудад дүгнэлт хийхэд зөрчилд холбогдогч Г.С******* нь Монгол улсад бүртгэгдээгүй, бүртгэлгүй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг хувийн хэрэглээний зориулалтаар гадаад улсаас Монгол улсад оруулж, улмаар 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бусдад 1 хайрцгийг худалдан борлуулсан нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Учир нь Г.С******* нь тухайн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хувийн хэрэглээний зориулалтаар хүлээн авсан болох нь тогтоогдоогүй, гадаад улсад эмчлүүлэн уг эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг ууж хэрэглэх эмчийн тодорхойлолт, бичиг байхгүй байх тул дээрх дурдсан дүгнэлтийг хийх үндэслэл болсон.

Эрх бүхий албан тушаалтан Д.О******* нь иргэн Г.С******* үйлдсэн зөрчлийн шинжийг зөв тодорхойлсон атлаа Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу бүртгүүлээгүй гэх зөрчлөөр шийтгэл оногдуулсан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтнаас зөрчилд холбогдогч Г.С шийтгэл оногдуулсан 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэл нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэж заасныг зөрчсөн байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ...зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, үндэслэл, хуулийн зүйл хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ...талаар тусгана, Монгол улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар тогтоолоор батлагдсан Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам-ын 1.1 дэх хэсэгт заасан Шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан мэдээллийг багтаасан байна гэж заасныг тус тус зөрчсөн, хууль зүйн алдаатай шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад заасан захиргааны байгууллагаас шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлэх шаардлага үүсэж байна.

Иймд зөрчилд холбогдогч Г.С******* үйлдсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх, хуулиар хориглосон зүйл, стандартыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх зөрчлийн шинжтэй байх ба зөрчилд холбогдогч Г.С******* Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай", "Оногдуулсан шийтгэлийн 3000,000 төгрөгийг Төрийн сангийн ******* тоот дансанд сайн дураар биелүүлэхийг даалгасугай гэж шийтгэл оногдуулах зүйл хэсэг, шийтгэлийн хэмжээг өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7, 7.2 дугаар зүйлийн 8, 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхөөр прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны хяналтын хэлтсийн хяналтын прокурор М.Г******* эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлтийг үйлдсэн байгаа. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын улсын байцаагчаас иргэн Г.С******* Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 6.6.11 дэх хэсэгт зааснаар 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулж ирүүлсэн байгаа. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 6.6.11дэх хэсэгт заасан зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн тохиолдолд хэрэглэхээр зүйл, анги байгаа. Энэ нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт мөн үүнтэй холбогдуулан гаргасан Эрүүл мэндийн сайдын журмаар Монгол улсын бүртгэлд бүртгүүлэх эрх нь эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг Монгол улсын бүртгэлд бүртгүүлэх эрх нь зөвхөн хуулийн этгээдэд олгогдсон байх талаар хуульчилсан байгаа. Хуулийн этгээд бүртгүүлэх ёстой байтал иргэн нь бүртгүүлээгүй гэх үндэслэлээр хувь хүн, иргэнийг энэ зүйл, ангиар торгож ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Өөрчлөлт оруулахаар Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 6.6.5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулахаар өөрчлөлт оруулахаар нэхэмжлэл бичсэн. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Д.О******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Г*******аас ******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийдвэрийг өөрчлөхөөр гаргасан прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн Д.О******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зөвшөөрлийн тухай хуулиар 8 дугаар зүйлийн 8.1, 13 дугаар зүйлийн 13.16-д заасан биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг тус хуульд заасан нэмэлт өөрчлөлтийн дагуу 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хуулиар хүчингүй хүчингүй болсонд тооцсон байгаа. Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр оруулж ирж болохоор болчихсон. Тэгэхдээ оруулж ирж байгаа бүтээгдэхүүн нь бол улсын бүртгэлд бүртгэгдсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдсэн байх шаардлагыг тавьж байгаа.

Энэ хуулиар хүчингүйд тооцсон мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хүсэлт, баримт бичиг түүнд хийсэн шинжээчийн дүгнэлт, лабораторийн шийдвэрийг үндэслэн уг бүтээгдэхүүнийг бүртгэнэ гэж заасан байгаа. Мөн бас 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь заалтад энэ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу бүртгэгдсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний жагсаалтыг цахим хуудсанд байршуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавина гэж заасан байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г******* нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм, биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Д.О*******ийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх-ээр прокурорын дүгнэлт бичсэн байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр дүгнэлт гаргагчийн дүгнэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм, биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Д.О*******ийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №******* дугаар шийтгэлийн хуудсаар Г.С******* Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу бүртгүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг  хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.

Дүгнэлт гаргагч прокурор нь дүгнэлтийн үндэслэлээ эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг Монгол улсын бүртгэлд бүртгүүлэх эрх нь зөвхөн хуулийн этгээдэд олгогдсон байх ба холбогдогч Г.С******* нь эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэх журмыг зөрчиж бүртгүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Дээрх тогтоогдсон нөхцөл байдал болон хуулийн заалтуудад дүгнэлт хийхэд зөрчилд холбогдогч Г.С******* нь Монгол улсад бүртгэгдээгүй, бүртгэлгүй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг хувийн хэрэглээний зориулалтаар гадаад улсаас Монгол улсад оруулж, улмаар 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бусдад 1 хайрцгийг худалдан борлуулсан нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь Г.С******* нь тухайн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хувийн хэрэглээний зориулалтаар хүлээн авсан болох нь тогтоогдоогүй, гадаад улсад эмчлүүлэн уг эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг ууж хэрэглэх эмчийн тодорхойлолт, бичиг байхгүй байх тул дээрх дурдсан дүгнэлтийг хийх үндэслэл болсон... Иймд зөрчилд холбогдогч Г.С******* үйлдсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх, хуулиар хориглосон зүйл, стандартыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх зөрчлийн шинжтэй байна гэж тайлбарлан маргаж байна.

Дүгнэлт гаргагч прокурорын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг Монгол улсын бүртгэлд бүртгүүлэх эрх нь зөвхөн хуулийн этгээдэд олгогдсон байх ба холбогдогч Г.С******* нь эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэх журмыг зөрчиж бүртгүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна, зөрчилд холбогдогч Г.С******* нь Монгол улсад бүртгэгдээгүй, бүртгэлгүй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг хувийн хэрэглээний зориулалтаар гадаад улсаас Монгол улсад оруулж, улмаар бусдад 1 хайрцгийг худалдан борлуулсан нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн буюу Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5-д эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх, хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн гэж заасны дагуу уг зохицуулалтыг баримтлан шийтгэл оногдуулах ёстой байсан гэсэн агуулгаар тайлбарлаж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5-д Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх, хуулиар хориглосон зүйл, стандартыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу бүртгүүлээгүй гэх зохицуулалт нь зөвхөн хуулийн этгээдэд хамааралтай буюу хуулийн этгээд дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд уг зүйл, хэсгээр шийтгэл ногдуулахаар байх ба тус хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хуулиар хориглосон зүйл, стандартыг зөрчсөн гэж заасны дагуу Г.С******* шийтгэл оногдуулах ёстой байсан гэж дүгнэлт гаргагч прокурор тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй.

Мөн энд тэмдэглэхэд, хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм, биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч нь прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд тодорхой илэрхийлсэн болно.

Дээрх үндэслэлээр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г*******ын дүгнэлтийг бүхэлд нь хангаж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм, биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №******* дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм, биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Д.О*******т даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ