Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 217/МА2024/00012

 

У.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Х даргалж, шүүгч С.Ц, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй шүүх хуралдаанд

 

Прокурор                                                         Ц.Л

Шүүгдэгч                                                          У.А-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Р.Ц

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч        Д.А

Хохирогчийн өмгөөлөгч                              А.Т

Нарийн бичгийн дарга                                Б.М нарыг оролцуулан

 

О аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А даргалж, шүүгч Ц.А, шүүгч Б.Н нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цын давж заалдах гомдлоор шүүгдэгч У.А-т холбогдох 222500460.... дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

З адуу овогт У-ын А, Монгол Улсын иргэн, .... оны 07 дугаар сарын 12-ны өдөр О аймагт төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт О аймгийн Б сумын С баг ..... дугаар байр ... тоотод оршин суух бүртгэлтэй,

 урьд О аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2...7 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

мөн шүүхийн 2...9 оны ... дүгээр сарын 15-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 7 сар 17 хоногийн хорих ялаар,

мөн шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар .................5.

У.А- нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр О аймгийн Б сумын У багт үйл ажиллагаа явуулдаг “Х” хүнсний захын гадна амь хохирогч Д.Б-н нүүрэн тус газар гараараа цохисны улмаас цементэн гадаргуу дээр дагзаараа унаж эрүүл мэндэд нь “гавал тархины битүү гэмтэл буюу дагз ясны шугаман хугарал, тархины зүүн дэлбэнгийн дух хэсэгт хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, тархины бүх хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт” гэмтлийн улмаас хохирогч нас барж, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

О аймгийн Прокурорын газраас: У.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч З адуу овгийн У-ын Аыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4-д заасныг баримтлан шүүгдэгч У.А-т О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 28 хоногийн ялыг, энэ тогтоолоор оногдуулсан 10 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн эдлэх ялыг 11 жил 2 сар 28 хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.А-ын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.А-ын цагдан хоригдсон 260 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-аас 7,633,000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ад олгуулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан амь хохирогчийн цогцосноос авсан биологийн дээж болох толгойн үснүүд, гарын 9 хуруунаас авсан 9 ширхэг хумс, хатаасан цусны дээж 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц давж заалдах гомдолдоо:

 “... Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч У.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэхэд эргэлзээтэй байна гэж үзэж байна.

1. Гэрч Б.Д нь мэдүүлэхдээ “... тэгээд маргааш нь би Б-г 6-1 дүгээр байрны ард өвсөн дотор нас барчихсан байна гэж хүмүүс ярьж байхыг сонссон юм” гэж мэдүүлжээ. Гэтэл Цагдаагийн газарт 2022-07-18-ны өдөр орой 21 цаг 18 минутад дуудлага өгөөд хэргийн газрын үзлэг тухайн өдрийн 22 цаг 35 минутад дууссан байна. Цаг хугацааны хувьд гэрч гэх Б.Д нь хэрэг болсон гэх өдрийн маргааш амь хохирогчийг өвсөн дотор нас барсан гэдгийг мэдэх боломжгүй байжээ.

2. Гэрч С.Ц-ын мэдүүлэгт “... Б- нь сэргэснийхээ дараа надаас 5000 төгрөгөө аваад Д, А нартай захын урд талын Д дэлгүүр орж 1 шил архи авч ирээд захын урд талын гурилын шатны тийшээ явсан...”, “...хэсэг хугацааны дараа Д, А нартай захын урд гурилын шатны дээр архи уугаад сууж байсан ... ” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Б-дын “ ... тэгээд маргааш өглөө нь би зах дээр ирээд Ц-с Б- яасан бэ гэтэл тэрээр сэргэчихсэн, Д, А нарын хамт ирээд надаас мөнгө аваад явсан гэж хэлсэн...” гэсэн гэрч нарын өгсөн мэдүүлгүүдээс дүгнэхэд амь хохирогч нь шүүгдэгчид цохиулж унасан гэх гэрч нарын мэдүүлсэн үйлдлийн дараа идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийж байснаар барахгүй гэрч нарт илт ажиглагдах зүйлгүй байсан байна.

Гэтэл Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023-10-11-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтэд “....Талийгаачид учирсан ....гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь биед аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Амь хохирогч Д.Б-д эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь нас аврагдах боломжийг үгүйсгэхгүй. Дээрх гавал тархины гэмтлийг авсан хүн тодорхой хугацаанд ямар нэгэн зовуурь шаналгаагүй, эрүүл хүн шиг байх боломжгүй, идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломж хязгаарлагдмал байх ба гэмтэл авснаас хойш хэсэг хугацаанд амьд байх боломжтой...” гэжээ.

Гэрч нарын мэдүүлэг болоод бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээс харахад амь хохирогчид шүүгдэгч нь дээрх гэмтлийг учруулсан гэхэд эргэлзээ төрүүлж байна, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч нь амь хохирогчид үхэлд хүргэсэн гэмтлийг учруулаагүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Хэрэв үхэлд хүргэсэн гэмтлийг амь хохирогч нь шүүгдэгчид цохиулж унаад авсан бол гэрчүүдийн мэдүүлж байгаа шиг идэвхтэй хөдөлгөөн хийгээд, яваад, архи уугаад байх боломжгүй байжээ. Шинжээч эмч О.Н-с авсан мэдүүлгээр бүрэлдэхүүнтэй шинжээчийн гаргасан дүгнэлтийг тайлбарлуулах, орлуулах, нөхөх боломж байхгүй бөгөөд ялангуяа шүүгдэгчид ашиггүй байдлаар 3 шинжээчийн гаргасан дүгнэлтийг 1 шинжээчийн мэдүүлгээр үнэлэх нь үндэслэлгүй юм.

3. Амь хохирогч нь гэрч нартай уулзсанаас хойш өөр хүнтэй уулзсан эсэх, хаагуур явсан гэх зэргийг нарийвчлан шалгаагүй бөгөөд хэрхэн нас барсан газраа очсон нь ч тодорхойгүй байна. Иймд О аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023-12-21-ний өдрийн 2024/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны болоод үндэслэл бүхий болоогүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч У.А- тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: ... гомдлоо дэмжиж байна. Хөдөлгөөн нь хязгаарлагдмал гэсэн байхад болно гэсэн байдаг. Хохирогч гэмтэл авснаас хойш 400-500 метр газар явах боломжгүй. Тархины битүү гэмтэл авсан хүн идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй ... иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А тайлбартаа: Гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч А.Т тайлбартаа:  ... Талийгаач Б-д өөр хүн гэмтэл учруулсан байх сэжүүр гараагүй. Энэ хэрэгт өөр сэжиглэх зүйлгүй тул шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ:

Б.Д нь амь хохирогчийг А цохихыг шууд харсан гэрч юм. 3 гэрч харсан байдаг. Нөгөөдөр зах дээр очиход Б-г нас барсан гэж сонссон гэж мэдүүлдэг. Мэдүүлгийг нь үндэслэн түүнийг шалгах шаардлагагүй. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг шинжээч нар санал нэгтэй гаргасан тул заавал бүх шинжээч нараас мэдүүлэг авах шаардлагагүй. Тухайн гэмтэл нь хүний биеийн онцлогоос шалтгаалж харилцан адилгүй шинж тэмдэг илэрнэ гэсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна гэв.

   ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх У.А-т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цын давж заалдах гомдлыг үндэслэн хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэн үзвэл У.А- нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр О аймгийн Б сумын У багт үйл ажиллагаа явуулдаг “Х” хүнсний захын гадна Д.Б-тай тааралдсан, ... хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газарт гараараа цохин цементэн гадаргуу дээр дагзаар нь унагааж түүний эрүүл мэндэд “гавал тархины битүү гэмтэл” учруулсан, ... хохирогч нь дээрх гэмтлийн улмаас нас барсан үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц нь “ ... шүүгдэгч нь дээрх гэмтлийг учруулсан гэхэд эргэлзээ төрүүлж байна, ... гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч нь амь хохирогчид үхэлд хүргэсэн гэмтлийг учруулаагүй ... ” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байх боловч амь хохирогчийн биед учирсан дээрх гэмтэл нь шүүгдэгч У.А-ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь

гэрч Д.Б-дын “ ... тухайн үед Б-, Д нар сүү өргөөд явж байтал хажуугаас А гэгч нэртэй залуу ирээд “би хамт өргөе” гэтэл талийгаач Б- “би чамаар өргүүлэхгүй” гэж хэлсэн чинь А “би хамт өргөлцье” гэж хэлээд дагаад яваад байсан. Ингээд Б-, Д нар сүүг миний машин дээр гаргаж тавьчхаад явах гэтэл Б-, А хоёр хоорондоо маргалдаж нэг нэгнийгээ түлхээд байсан. Энэ үед А нь гараараа Б-гийн нүүрэн тус газарт цохих шиг болсон, энэ үед Б- эгц хойшоо цементэн талбай дээр толгойгоороо савж унасан /тас гэж дуу гарсан/ аймаар хүчтэй унасан. Б- газарт унаад хэсэг ухаангүй хэвтсэн ... хэр удаан хэвтсэнийг мэдэхгүй байна. Ц-с асуухад босоод явчихсан А, Д хоёртой хамт явсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 67-68/,

 дахин өгсөн “ ... Талийгаач нь чанх хойшоо савж унасан бөгөөд дээшээ харж унасан. Унахдаа тас гээд их хүчтэй унасан ... грушик Д бид хоёр хажууд нь байсан бөгөөд мөн ус асгаж явсан манай найз Цэрэндолгор нь талийгаачийг уначихсан байхыг нь харсан юм ... Д хамрынх нь доор дарж байгаад сэрээсэн ...” гэсэн мэдүүлэг /хх 70/,

гэрч С.Ц-ын “... ус асгах гээд явж байтал тас хийх чимээ гарсан, ямар нэгэн зүйл унах шиг болсон, би эргээд хартал манай найз Б “ээжээ” гэж орилох шиг болсон, би “яасан бэ” гэж асуугаад хажууд нь очиход Б-нөө газарт уначихсан ухаангүй хэвтэж байсан, хажууд нь А, Д, найз Б нар байсан. Энэ үед Д нь Б-гийн хамрын доор хуруугаараа дарж байтал Б- ухаан орж сэргэсэн. Д, А нар Б-г хоёр талаас нь сугадаж босгоод захын ар талын цементэн дээр очиж суулгасан. Энэ үед Б- “байж бай би жоохон хэвтээдэхье” гэж хэлээд хэвтэж байсан ... Найз Б гэрлүүгээ явахаар болоод “Б-г сэрэхээр нь өгөөрэй” гэж хэлээд 5.000 төгрөг надад үлдээгээд явсан, удалгүй Б-, Д, А гурав хамт явж байхаар нь би Б-д үлдээсэн 5000 төгрөгийг “Б өгсөн” гэж хэлээд түүнд өгсөн ... Б нь “А Б-г цохиод унагаачихлаа” гэж хэлсэн, би зодож цохисныг нь хараагүй ... гэсэн мэдүүлэг /хх 72-73/,

гэрч Б.Дгийн “...бид 2 ажилдаа оръё гээд захын ертөнцийн зүгээр зүүн урд талд явж байтал өөдөөс зүс таних А ирээд шууд Б-гийн нүүр лүү гараараа 2 удаа цохисон юм. Гэтэл Б- нь хойшоо савж унасан бөгөөд ухаангүй таталт өгөөд байсан. Тэгэхээр нь би Б-гийн хамрын доод талд нь дарахад тэрээр барагцаагаар 2-3 минутын дараа ухаан орсон юм ... Х захын чанх урд хэсэгт цохисон бөгөөд талийгаач нь цементэн талбай дээр чанх хойшоо савж унасан ... ” гэсэн мэдүүлэг /хх 83-84/,

дахин өгсөн “ ... сүү зөөх асуудлаас болж Б-, А нар маргалдсан бөгөөд тэгээд А нь Б-г цохисон ... Мөн миний ярьсанчлан А нь Б-г ухаан орсны дараа өшиглөсөн бөгөөд энэ үед зах дээр ажилладаг эмэгтэй байхгүй явчихсан байсан ... ” гэсэн мэдүүлэг /хх 86/,

             гэрч Ц.Ц-ийн “ ... нэг зүс таних охин над дээр ирээд “Б-г тэнд хүн цохичихлоо Ц эгчээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гүйгээд Х захын ертөнцийн зүгээр чанх урд талд байх гурилын павилон руу ордог шатны тийшээ очиход тэнд хүмүүс зогсож байсан бөгөөд яг хэн хэн байсныг нэр зааж хэлж чадахгүй байна. Тэнд байсан хүмүүс нэг залуу руу “чи хүн цохиод алчихлаа шүү дээ” гээд байсан. Тэр зүс таних залуу нь Б-гийн хажууд зогсож байсан бөгөөд Б-тэй хамт архи уугаад захаар явдаг залуу байсан ... тиймээ мөн байна. Энэ А гэх залуу нь талийгаачтай хамт архи уудаг бөгөөд захаар явж байдаг залуу байгаа юм ... ” гэсэн мэдүүлэг /хх 94/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь “... хохирогч нь гэрч нартай уулзсанаас хойш өөр хүнтэй уулзсан эсэх, хаагуур явсан гэх зэргийг нарийвчлан шалгаагүй бөгөөд нас барсан газраа хэрхэн очсон нь тодорхойгүй...” гэсэн боловч

амь хохирогч Д.Б-н эрүүл мэндэд учирсан “дагзны баруун хэсгийн хуйханд цус хуралт, дагз ясны шугаман хугарал, тархины дух, чамархай, суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн духны дэлбэнгийн няцрал ... ” бүхий гэмтлүүд нь урдаас цохилтын хүч үйлчилснээс арагш савж унах үед үүссэн, мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн цохилтын хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн, үхэлд хүргэсэн гэмтэл болох нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээч нарын ... дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Түүнээс гадна уг дүгнэлтийг гаргасан шинжээч О.Н “... Дээрх хавсарсан гэмтлүүд учирсан үед тархины гэмтлийн эмнэлзүйн шинж илэрнэ ... гэмтлийн хамрах хүрээ, хувь хүний онцлог байдлаас хамаараад хүн бүрт харилцан адилгүй хугацаатай илэрнэ. Ухаан балартах хүртэл босох, суух, явах, ярих, хөдлөх гэх мэт хөдөлгөөн хийнэ ... ” гэж мэдүүлсэн байх тул хохирогчийн эрүүл мэндэд учирсан дээрх гэмтлийг У.А-аас өөр хүн учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

             Анхан шатны шүүх шүүгдэгч У.А-ын гэм бурууг тогтоож зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг үндэслэлтэй, түүнд оногдуулсан хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн заалт болон мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

             Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цын “... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... ” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

             Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “... 2 дахь хэсгийн 2.4...” гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул тус заалтад зохих өөрчлөлт оруулж, зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаас “...2 дахь хэсгийн 2.4...” гэснийг хасаж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        З.Х

                        ШҮҮГЧИД                                                                 С.Ц

 

С.У