Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 185

 

 

 

 

 

 

     2018         02           23                                          185

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч Т.Отгонтөгс,

хохирогч Б.М.т,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа

шүүгдэгч Б.Н.н,

гэрч Х.Б.лам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хонин онход овгийн Ба.авын Н.нд холбогдох эрүүгийн 1708 0248 60452 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

нход овгийн Ба.авын Н.н, Монгол Улсын иргэн ,

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Н.н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн үед СХД гэртээ хохирогч Б.М.тын “чи жоохон турчихсан байна” гэж хэлсэн шалтгаанаар түүнтэй маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохиж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, биед нь баруун талд өвчүүний хажуугийн шугамаар 5-р хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрч уушгины 3,5-р сегмент, уушгины артер гэмтээсэн шарх, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт, баруун уушгины бүрэн бус авчилт, хамрын нуруу, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч, хохирогч, гэрч нар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ.

1. Шүүгдэгч Б.Н.н мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн үед М.т над руу залгаад Б.лам танай гэр рүү очиж байгаа ирхээр нь надад хэлчих би яваад очъё гэж ярьсан. Тэгээд Б.лам манай гэрт ирээд бид хоёр нэг шил 0.75 литрийн архи авч хувааж уусан. Гэтэл Б.лам авсан архиа талд нь оруулаад унтаад өгсөн...харин би үлдэгдэл архийг нь ганцаараа ууж дуусгасан. ...удаагүй М.т залгаад би танай гэрийн гадаа ирсэн байна гэхээр нь би Б.ламыг сэрээгээд дахин дэлгүүр гарч 0.5 литрийн архи, пиво аваад буцаад гэртээ ирсэн. Бид гурав гэрт ирээд авсан архи, пиво уусан боловч би нэлээн согтсон байсан. Тухайн үед би нилээн согтолттой байсан учраас М.ттай маргалдсан “маргалдах шалтгаан нь намайг яасан их турсан юм” гэж хэлэхээр нь бид хоёр маргалдсан. Тэгээд М.т бид хоёр барилцаж аваад ширээн дээр байсан саар иштэй хутга авч байснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна...”

2. Хохирогч Б.М.т мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн үед би Н.нгийн гэрт очсон. ...Б.лам над руу утсаар ярихдаа Н.нгийн гэр рүү явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Н.н руу Б.лам танай гэр рүү очиж байна гэнээ Б.ламыг ирэхээр нь надад хэлээрээ гэж Н.н руу утсаар ярьсан. Гэтэл Н.н над руу ярихдаа Б.лам ирсэн байна гэхээр нь би Н.нгийн гэрт очсон.  Намайг очих үед Н.н, Б.лам бид гурав дэлгүүрээс нэг шил архи худалдаж авсан. Тэгээд би тухайн архийг уугаад нилээн согтсон байхдаа “Н.нг турсан байна” гэж хэлснээс болоод бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Гэтэл Н.н намайг бариад авахаар нь бид хоёр ноцолдож байхад Н.н ширээн дээр байсан саарал иштэй хутга авахаар нь би хутганаас нь барьж авах гэж байгаад бид хоёр давхаралдаад унасан. Тэгээд босоод ирэх үед намайг хутгалсан байсан. Тэгэхээр нь би Н.нд намайг хутгалсан талаар нь хэлчихээд Н.нгийн гэрээс гараад такси бариад гэр рүүгээ явсан...” гэв.

3. Гэрч Х.Б.лам мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн үед би Н.нгийн гэрт очсон. Тэгээд намайг очиход Н.н нэг шил архи хувааж уусан. Тэгээд би удаагүй унтаад өгсөн. Гэтэл Н.н намайг сэрээгээд М.т ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй Н.н, М.т хоёр гаднаас нэг шил архи, хоёр лааз пиво барьсан ороод ирсэн. Тэгээд бид нар тухайн авч ирсэн архинаас нь уугаад сууж байхад Н.н, М.т хоёр хоорондоо маргалдаад барилцаад авах үед Н.нгийн охин нь уйлаад байхаар нь би охиныг том өрөөнд оруулчихаад эргээд ирсэн чинь М.т надад хэлэхдээ Н.н намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд харсан чинь газарт цус болсон хутга хэвтэж байсан...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Б.М.тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагт Б.Н.н залгаад манай гэрт хүрээд ир гэхээр СХд.. очиход Б.Н.н намайг тосож аваад бид хоёр дэлгүүрээс 0.5 литрийн шилтэй архи аваад Б.Н.нгийн гэрт очиход Х.Б.лам гэрт нь байсан. Тэгээд бид 3 архиа хувааж уусан. Би Б.Н.нгийн охиныг тэврээд сууж байхад Б.Н.н гар утсаараа ярьж дуусаад шууд миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд доошоо тонгойтол Б.Н.н хутга гартаа барьж над руу дайраад цээжинд нэг удаа хутгалсан. Тэгээд би Б.Н.нд чи намайг хутгалчихлаа гэж хэлээд Х.Б.ламтай гараад би такси бариад гэртээ ирээд түргэн дуудаад эмнэлэгт очсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),

“...Б.Н.нгийн гэрт ороод архи ууж байгаад би Б.Н.нг “чи их турж эцсэн байна” гэж хэрүүл өдсөн санагдаж байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг барагдуулж эмчилгээний төлбөр болон ажлын хөлс гэж 3.220.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39),

2. Гэрч Г.Соёл-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр 18 цаг өнгөрч байхад нөхөр Б.М.т над руу залгаад Б.Н.н намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Удалгүй Б.М.т такси бариад гэрт ирсэн ба тэгэхээр нь би 103 дуудаж үзүүлэхэд яаралтай авч явна цус алдалт их байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6),  

3. Гэрч Х.Б.ламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би 15-16 цагийн үед Б.Н.нгийн гэрт очсон тэгээд Б.Н.н бид 2 мөнгөө нийлүүлээд нэг шил архи авч уугаад би архинаас ууж байгаад дуусгалгүй унтаад өгсөн...унтаж байгаад босоод ирэхэд Б.Н.н нь Б.М.т ирж байна гээд тослоо гээд гарч яваад хэсэг хугацааны дараа 1 шил архи, 1 шилтэй пивотой орж ирээд бид 3 архиа уугаад сууж байгаад Б.Н.н, Б.М.т хоёр хоорондоо маргалдсан. Маргалдсан шалтгаан нь Б.М.т нь Б.Н.нг “чи жоохон турчихсан байна” гэх зэргээр маргалдаад түүнээсээ болж тэр хоёр барьцалдаад авсан. Тэгэхээр нь би охиныг нь аваад хойд өрөө рүү нь оруулж тавьсан ...эргээд ирэхэд Б.Н.н, Б.М.т 2 дээр доороо орчихсон ноцолдож байхаар нь салгасан чинь Б.М.т намайг шаачихлаа ш дээ гэж хэлэхээр нь би хувцас хунарыг нь тайлаад харахад баруун хөхний ойролцоо хатгачихсан байсан ба хутга нь шалан дээр байсан, ясан иштэй бор саарал өнгийн хутга байсан. Тэгсэн Б.М.т харилаа гэж хэлсэн...Тэгээд би Б.Н.нгийн гэрт хамт хоносон чинь Б.Н.н өглөө босч ирээд би яасан бэ гээд байхаар Б.М.тыг чи хутгалчихсан ш дээ гэж хэлсэн чинь Б.Н.н тэгвэл энэ хутгаар яахав дээ гээд муу усны нүх рүү хаячихлаа гэж орж ирсэн. Хэрэг гарахаас өмнө хутга нь ширээн дээр байж байсан ба Б.Н.н хүүхдэдээ бантан хийж өгчихөөд ширээн дээр тавиад орчихсон байсан. Тухайн үед Б.Н.н нэлээн согтуу, Б.М.т согтолт нь арай гайгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42),

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 14752 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруу, зүүн доод зовхи хамарсан цус хуралттай, орчны эд бага зэргийн хавдартай, цээжний баруун ард доод хэсэгт гуурс гадагшлуулсан, гуурсаар 300мл хүрэн шингэн гарсан, цээжний баруун хэсэг хөхний толгойн доор хутганы шархыг тэлсэн мэс заслын шархтай...ДҮГНЭЛТ:

1.Б.М.тын биед баруун талд өвчүүний хажуугийн шугамаар 5-р хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрч уушгины 3,5-р сегмент, уушгины артер гэмтээсэн шарх, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт /1500мл/, баруун уушгины бүрэн бус авчилт, хамрын нуруу, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх цээжний гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32),

5. Шүүгдэгч Б.Н.нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ охиноо хараад байж байтал ...15 цагийн үед Х.Б.лам манай гэрт ирсэн. Бид 2 нэг шил 0,75 гр архи аваад манай гэрт хуваагаад ууж байтал талд нь оруулаад Х.Б.лам унтаад өгсөн. Тэгэхээр нь би Б.М.т руу Х.Б.лам манайд ирчихсэн байна гэж утсаар хэлсэн ...би үлдэгдэл архиа ганцаараа ууж дуусгаад нэлээд согтсон. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа юм. Нэг сэргэхэд шөнийн 02 цаг болж байсан ба Х.Б.лам гэрт унтаж байхад нь дуудаж сэрээгээд юу болсон талаар асуухад Х.Б.лам “Чи Б.М.тыг хутгалчихсан шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би гэрт байсан цусыг угааж арчиж цэвэрлээд аль хутгаар хутгалсан юм гэж Х.Б.ламаас асуусан чинь хоолны шүүгээн дээр байсан бор иштэй хутгыг заасан.

6. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 43), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53),  хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 27), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 114),  хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 44), хохирол төлбөр төлж барагдуулсан тухай баримт (хавтаст хэргийн 54) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс шүүгдэгч Б.Н.нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Н.нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилгасан гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, болсон үйл явдлыг сайн сандаггүй, мөрдөн шалгах ажиллагаагаар согтуурлын зэргийг тогтоогоогүй зэрэг нь үнэн зөв мэдүүлэг өгсөн гэхэд эргэлзээтэй байдаг. Өөрөөр хэлбэл хохирогчийн өмнө өгсөн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтэй зөрж байгаа буюу “...хутгыг авах гээд өндийх үед нь би ноцолдсон...” гэж мэдүүлж байгаа тул хууль хэрэглээний хувьд болгоомжгүй хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү гэж дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусад этгээдийн бие махбодид гэмтэл учруулахаас урьдчилсан сэргийлсэн ямар нэг дүрэм журам зөрчсөн, эсхүл зохих дүрэм журмыг ноцтой зөрчсөн буюу сахиагүй, нөгөө талаас бусад болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас бий болдог онцлогтой. Гэтэл хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч нь ямар болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдохгүй байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээдийн хутгыг булааж авах гэсэн хохирогчийн үйлдэл нь харин ч өөрийгөө хамгаалсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Б.Н.н нь СХД...н 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн үед гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр хохирогч Б.М.тын “чи жоохон турчихсан байна” гэж хэлсэн гэх шалтгаанаар түүнтэй маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохиж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, биед нь баруун талд өвчүүний хажуугийн шугамаар 5 дугаар хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрч уушгины 3, 5-р сегмент, уушгины артер гэмтээсэн шарх, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт, баруун уушгины бүрэн бус авчилт, хамрын нуруу, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.М.тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагт Б.Н.н залгаад манай гэрт хүрээд ир гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 38-09 тоотод очиход Б.Н.н намайг тосож аваад бид хоёр дэлгүүрээс 0.5 литрийн шилтэй архи аваад Б.Н.нгийн гэрт очиход Х.Б.лам гэрт нь байсан тэгээд бид 3 архиа хувааж уусан. Би Б.Н.нгийн охиныг тэврээд сууж байхад Б.Н.н гар утсаараа ярьж дуусаад шууд миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд доошоо тонгойтол Б.Н.н хутга гартаа барьж над руу дайраад цээжинд нэг удаа хутгалсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),

- Гэрч Г.Соёл-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр 18 цаг өнгөрч байхад нөхөр Б.М.т над руу залгаад Б.Н.н намайг хутгалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6),  

- Гэрч Х.Б.ламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би 15-16 цагийн үед Б.Н.нгийн гэрт очсон тэгээд Б.Н.н бид 2 мөнгөө нийлүүлээд нэг шил архи авч уугаад би архинаас ууж байгаад дуусгалгүй унтаад өгсөн. Тэгээд унтаж байгаад босоод ирэхэд Б.Н.н нь Б.М.т ирж байна гээд тослоо гээд гарч яваад хэсэг хугацааны дараа 1 шил архи, 1 шилтэй пивотой орж ирээд бид 3 архиа уугаад сууж байгаад Б.Н.н, Б.М.т хоёр хоорондоо маргалдсан. Маргалдсан шалтгаан нь Б.М.т нь Б.Н.нг “чи жоохон турчихсан байна” гэх зэргээр маргалдаад түүнээсээ болж тэр хоёр барьцалдаад авсан. Тэгэхээр нь би охиныг нь аваад хойд өрөө рүү нь оруулж тавьсан тэгээд эргээд ирэхэд Б.Н.н, Б.М.т 2 дээр доороо орчихсон ноцолдож байхаар нь салгасан чинь Б.М.т намайг шаачихлаа ш дээ гэж хэлэхээр нь би хувцас хунарыг нь тайлаад харахад баруун хөхний ойролцоо хатгачихсан байсан ба хутга нь шалан дээр байсан, ясан иштэй бор саарал өнгийн хутга байсан. ...Тухайн үед Б.Н.н нэлээн согтуу, Б.М.т согтолт нь арай гайгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 14752 дугаар дүгнэлт “...1.Б.М.тын биед баруун талд өвчүүний хажуугийн шугамаар 5-р хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрч уушгины 3,5-р сегмент, уушгины артер гэмтээсэн шарх, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт /1500мл/, баруун уушгины бүрэн бус авчилт, хамрын нуруу, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх цээжний гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32),

-  Шүүгдэгч Б.Н.нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Нэг сэргэхэд шөнийн 02 цаг болж байсан ба Х.Б.лам гэрт унтаж байхад нь дуудаж сэрээгээд юу болсон талаар асуухад Х.Б.лам “Чи Б.М.тыг хутгалчихсан шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би гэрт байсан цусыг угааж арчиж цэвэрлээд аль хутгаар хутгалсан юм гэж Х.Б.ламаас асуусан чинь хоолны шүүгээн дээр байсан бор иштэй хутгыг заасан. Тэгэхээр нь би хутгыг өглөө нь муу усны нүх рүү хаясан.... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Н.н нь хохирогч Б.М.тыг хутгалж хүнд гэмтэл учруулсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогч хутгалуулснаас болж хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.Н.нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

-Улсын яллагчаас Б.Н.нгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн үйлдэлд нь 5 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Б.Н.н нь гэм буруугийн хувьд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Н.н нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлж, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Иймд улсын яллагчаас Б.Н.нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ял оногдуулах дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжтой байх хэдий ч Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу хохирогчид бусад туслалцаа үзүүлж, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаан гэмт хэрэг үйлдсэнг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй зэргийг харгалзан түүнд оногдуулахаар дүгнэлт гаргасан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэн улсын яллагчийн оногдуулахаар гаргасан хорих ялыг 4 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж бусад дүгнэлтийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 1708 0248 60452 дугаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 3, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: