| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00340/и |
| Дугаар | 318/ШШ2025/00366 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 318/ШШ2025/00366
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Л.С
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Л.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1971 онд төрсөн, 54 настай. Би 1989 онд 10 жилийн 2 дугаар дунд сургуулийг төгсөөд 1989 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хархираа сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажилд орсон. 1989-1996 оны хооронд ажиллаж байсан бөгөөд ажилд орсон тушаал нь хөдөлмөрийн дэвтэр дээр байгаа. Гарсан тушаал байхгүй. Мөн аймгийн архивт Хархираан хүн эмнэлгийн 1989-1994 оны хоорондох тушаал, цалингийн баримт шилжиж ирээгүй, 1994 оны 6 дугаар сар, 1995 оны 02, 8, 10 дугаар сар, 1996 оны 5 дугаар сарын цалин тус тус гарсан. Миний хөдөлмөрийн дэвтрийн нүүрэн талын тамга байхгүй учир нотариатын баталгаа хийхгүй гэсэн тул эх хувиар нь баримт болгон өгнө. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Содном, Б.Э нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 114 дугаартай архивын лавлагаа, мөн өдрийн 99 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 185 дугаартай зөвлөмжийн хуудас, 345598 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрэл зураг, аваргын диплом, баярын бичиг, диплом, итгэл найдварын диплом, Б.Э иргэний үнэмлэхийн лавлагаа, тэтгэврийн дэвтэр, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Э ХААТР-11 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Л.С хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч Л.С нь шүүхэд хандаж 1989 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Хархираа сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Л.С хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч Л.С нь Б.Эрдэнээ, н.С нарыг гэрчээр оролцуулах тухай хүсэлтээс татгалзсан болно.
4. Хүсэлт гаргагч Л.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Л.С нь 1971 онд төрсөн. 1989 онд Увс аймгийн Улаангом сумын арван жилийн хоёрдугаар сургуулийг төгсөөд 1989 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс Увс аймгийн Хархираа сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажилд орсон. Тус хүн эмнэлэгт 1996 он хүртэл ажилласан бөгөөд 1989 онд ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байна.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор холбогдох баримт бичгийг бүрдүүлэхэд 1989-1994 оны хооронд ажиллаж байсан байдлыг нотлох ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүйн улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй байх тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Хүсэлт гаргагч Л.С нотлох баримтаар гаргаж өгсөн 345598 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Л.С 1989 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хархираа сумын хүн эмнэлэгт асрагчаар авч ажиллуулсан тухай тэмдэглэжээ.
Хэдийгээр тус хөдөлмөрийн дэвтэрт олгосон байгууллагын тамга дараагүй боловч ажилд томилох тухай бичвэрт Хархираа сумын Хүн эмнэлгийн тамга дарж баталгаажуулсан байна.
Мөн хүсэлт гаргагч Л.С нотлох баримтаар гаргаж өгсөн 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн баярын бичиг, 1991 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн баярын бичиг, 1992 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн диплом зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаж байх бөгөөд хүсэлт гаргагч Л.С 1990-1992 оны хооронд Увс аймгийн Хархираа сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан эсэхийг сэргээн тогтооход нотолгооны ач холбогдолтой байна.
5.2. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 114 дугаартай тодорхойлолтоос үзвэл Увс аймгийн Хархираа сумын Хүн эмнэлгийн 1989-1996 оны тушаал болон 1989-1993 оны цалингийн баримт тус архивт шилжиж очоогүй ба архивт хадгалагдаж байгаа 1994-1996 оны цалингийн баримтаас хүсэлт гаргагч Л.С холбогдох 1994 оны 6 дугаар сар,1995 оны 02,8,9,10 дугаар сар, 1996 оны 5 дугаар сарын цалингийн баримтыг тус шүүхэд түүвэрлэн ирүүлжээ.
Түүнчлэн, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Б.Э ХААТР-11 маягтыг 1994 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэсэн байх бөгөөд тус баримтад Л.С Хархираа сумын хүн эмнэлэгт асрагч ажилтай гэж бүртгэжээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Л.С 1989 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Хархираа сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
7. Хүсэлт гаргагч Л.С хүсэлтийг бүхэлд нь хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Зуутраг овогт Л.С 1989 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Хархираа сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Л.С улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА