| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00339/и |
| Дугаар | 318/ШШ2025/00368 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 318/ШШ2025/00368
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ч.О
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1969 онд төрсөн, 56 настай. Би 1988 онд Анагаах ухааны дунд сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөөд Увс аймгийн Сагил сумын эмнэлгийн салбарт 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд сувилагчаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа. Дахин сувилагчаар ажиллахгүй удаан хугацаагаар хүүхдээ асрах шаардлагатай байсан тул 1995 оны 4 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн. Ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт архиваас олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Надад 1995 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тушаалаар байгууллагын тэргүүнээр шалгаруулж мөнгөн шагналаар шагнаж байсан баримт тушаал байгаа. Иймд миний Увс аймгийн Сагил сумын эмнэлгийн салбарт 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай ажиллаж байсан Д.М, Т.О нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.О нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд ажиллаж байсан жилийн холбогдох баримтууд нь байхгүй байгаа тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчаас итгэмжлэл, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 149 дугаартай тушаалын хуулбар, хавсралт, Увс аймгийн Сагил сумын эмнэлгийн эрхлэгчийн 1995 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаартай тушаалын хуулбар, хавсралт, 1995 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дугаартай тушаалын хуулбар, 1995 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тушаалын хуулбар, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 626 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 191 дугаартай зөвлөмжийн хуудас, Ч.О 254502 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.М иргэний үнэмлэхийн хуулбар, түүний 194910 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Т.О иргэний үнэмлэхийн лавлагаа, Т.О ажилд томилсон тушаал, Т.О ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагч Ч.О хүсэлтээр Т.О, Д.М нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж мэдүүлэг авав.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ч.О ХААТР-1, ХААТР-11 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ч.О хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч Ч.О нь шүүхэд хандаж 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Сагил сумын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Ч.О хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч Ч.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Ч.О нь 1969 онд төрсөн. 1988 онд Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны дунд сургуулийг төгсөөд 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс Увс аймгийн Сагил сумын эмнэлэгт сувилагчаар ажилд орсон.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор холбогдох баримт бичгийг бүрдүүлэхэд 1988-1994 оны хооронд ажиллаж байсан байдлыг нотлох ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүйн улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй байх тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хүсэлт гаргагч Ч.О нотлох баримтаар гаргаж өгсөн Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажсан Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 149 дугаартай тушаалаар Ч.О Увс аймгийн Сагил сумын эмнэлэгт сувилагчаар ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Мөн Увс аймгийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 626 дугаартай цалингийн тодорхойлолтоор Ч.О 1988 оны 6-12 дугаар сарын цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлжээ.
Дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Ч.О 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Сагил сумын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
4.2. Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар бүрдүүлсэн Ч.О ХААТР-11 маягтыг 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бүртгэсэн байх бөгөөд тус баримтад түүнийг Увс аймгийн Сагил сумын эмнэлэгт сувилагч ажилтай гэж тэмдэглэжээ.
Иймд хүсэлт гаргагч Ч.О 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Увс аймгийн Сагил сумын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
4.3. Гэрч Т.О ...Миний санаж байгаагаар Сагил сумын эмнэлэгт 1987 онд анх ажилд орсон. Тэгээд 1995 он хүртэл ээлжийн сувилагч хийж байсан. Бид хоёр хамт нэг ээлжинд гардаг байсан. Намайг ажиллаж байх хугацаанд 1995 он хавьцаа л аймгийн төв шилжсэн байх. Бид хоёр хамт ээлжинд гардаг байхад Ч.О нь нярай хүүхдийн судас маш сайн олдог, ажилдаа их сайн байсан... гэж мэдүүлсэн бол,
Гэрч Д.М ...Миний санаж байгаагаар 1988 он хавьцаа Сагил сумын эмнэлэгт ажилд орсон. Намайг 1990 онд ажлаас гарах хүртэл ээлжийн сувилагч хийдэг байсан. Би ажлаас гарсан тул хэдий хүртэл ажиллаж байсныг нь мэдэхгүй байна. Ч.О Сагил сумын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан нь үнэн... гэж мэдүүлжээ.
Гэрч Т.О 1981 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2013 оны 12 дугар сарын 11-ний өдрийг хүртэл Увс аймгийн Сагил сумын эмнэлэг, Эрүүл мэндийн төвд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Сагил сумын эмнэлгийн эрхлэгчийн 1981 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 31 дугаартай тушаал, Сагил сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 42 дугаартай тушаалаар тогтоогдож байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Ч.Он 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын Хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
7. Хүсэлт гаргагч Ч.О хүсэлтийг бүхэлд нь хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.О 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ч.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА