Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 211

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Р.Энх-Оюун,

            шүүгдэгч Ж.М, түүний  өмгөөлөгч Д.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:          Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1708000730031 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ж.М нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэрлэн” баарны гадна У.Ныг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Ж.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал, Ж.М нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэрлэн” баарны гадна У.Ныг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

            Хохирогч У.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр эхнэр бид хоёр 2 найзтайгаа Сонгинохайрхан дүүргийн нутаг Хархорин захын хойно байдаг “Хэрлэн” паабад 20 цагийн үед ороод караокед 2 цаг суугаад гарсан. Би тэндээс гараад эхнэрийнхээ араас алхаж явтал миний баруун талын чих манарч, араас хатуу зүйлээр цохиж, би ухаан алдаж унасан. Би замд түргэний машинд явж байхдаа сэргэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8253 дүгнэлтэд: “...Ням-Осорын биед тархи доргилт, дух, баруун чамархайнд шарх, зулгаралт, баруун чихний дэлбээнд шарх, баруун сарвуу, баруун өвдөгт зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэжээ. /хх-ийн 40х/

                 

                  Толгойн томографийн шинжилгээ /хх-ийн 41х/

 

            Хохирогч Д.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр тухайн үед газар уначихсан байсан бөгөөд толгойноос нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан. Цагдаа дээр ирээд нөхөр Ням-Очир маань Шүүх эмнэлэгт үзүүлсэн. ...Манай нөхөр хохирогчоор тооцогдох ёстой бөгөөд одоо нөхөр маань энд байхгүй учир надад итгэмжлэх хийсэн тул түүний өмнөөс би хохирогчоор мэдүүлэг өгч байна. ...Надад гомдол, санал байхгүй. Миний нөхрийн хохирол болох 500.000 төгрөгийг Мөнхбат барагдуулсан...” /хх-ийн 28-30, 31-32х/

 

Гэрч Д.Маралмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 06 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол, Хархорин үйлчилгээний төвийн хойд талд байрлах “Панда” нэртэй паабад зөөгч бармен хийдэг байсан юм. Хэдний өдөр гэдгийг одоо сайн мэдэхгүй байна 6 дугаар сарын дундуур байх манайх караоке 2 өрөөтэй бөгөөд нэг өрөөнд нь 3 эмэгтэй, 1 эрэгтэй, нөгөө өрөөнд 4 залуу үйлчлүүлсэн. Үйлчлүүлж байсан 4 залуугийн нэг нь гар утсаа цэнэглүүлэхээр текэн ирж гар утсаа үлдээчихээд буцаж өрөө рүүгээ доош шатаар бууж байхад нь нөгөө өрөөнд үйлчлүүлж байсан хүмүүсийн цаг дуусч тэд нар шатаар дээш өгсөж таарсан. Тэгсэн тэд нар шатан дээр багтахгүй шахалдахад гарч явсан эгч нөгөө бууж явсан залууд хандаж хүмүүс гарч байхад урдаас шахаж орж ирлээ гэж хэлээд уурлаж маргааныг эхэлж тэр залууг алгадан, цамцны энгэрээс зуурахад тэр хоёр ноцолдож зодолдсон. Тэгэхээр нь би очоод салгаж дээш бүгдийг нь заал руу гаргахад тэр хоёр дахин маргаж бие биенээ цохилцож зодолдоход мөн тэр эгчийн нөхөр нь хажуунаас нь эхнэрээ өмөөрч дундуур нь орж гурвуулаа зодолдсон. Тэр үед нөгөө залуугийн найзуудын нэг нь гарч ирээд найзыгаа өмөөрч зодолдоогүй, тэд нарыг салгасан. Шатан дээр анх ноцолдож байхад нь тэр эгчийн гинж тасраад кулон нь алга болчихсон юм уу миний мөнгөн гинжийг олж өг гээд гинжний талаар маргаж эхэлсэн. Энэ үед тэр залуугийн үлдсэн 2 найз нь гарч ирж харчихаад яваад өгсөн. Харин маргаж байхдаа тэр эгч над дээр ирээд миний мөнгөн гинж алга болсон гэж байснаа нэг болохоор монетон гинж нэг болохоор алтан гинж гэж яриад байхаар нь би гинжийг хайж өгтөл тэр эгчийн өөрийнх нь цамцных нь захан дээр тасарсан мөнгөн гинжний тал нь байсан. Тэгээд тэр гинжийг нь өгөхөд тэр эгч найзыгаа өмөөрч гарч ирсэн залуугийн гар утсыг булааж аваад миний кулоныг олж өгөөд утсаа аваарай гээд гараад явсан. Араас нь нөгөө хэд нь гарсан. Тэгээд 5-10 минут болсон байх тэр эгч эхэлж зодолдсон залуугаа дагуулан орж ирээд найз цүнх булаагаад аваад зугтчихлаа нөхрийн маань толгойг хагалсан гээд орж ирсэн. Тэгээд цагдаа ирээд тэд нарыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34х/

 

Шүүгдэгч Ж.Мын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 22-ны орой ...Баасанжав над руу утсаар яриад 1 дүгээр хороололын Хархорины арын Панда паабад хүрээд ир гэж дуудсан. ...Очиход Баасанжав нэг залуутай сууж байсан. ...бид гурав 1 шил архи, ус захиалаад юм ярьж, дуу дуулж хэсэг суусан. Тэгсэн чинь Баасанжав “00-д бие заслаа” гээд гарсан. Тэгээд удаад байхаар нь араас нь гартал Баасанжав шатан дээр нэг залуу, нэг эрэгтэйтэй маргалдаад байж байхаар нь би найзыгаа өмөөрөөд “юу болсон юм бэ” гэхэд Баасанжавтай маргалдаж байсан дунд эргэм насны эмэгтэй “танай найз хүзүүний зүүлт авчихлаа, чи хамтрагч нь байна” гээд миний өмдний кармаанаас гар утсыг аваад “гинж олж өгөөд утсаа ав” гэхээр нь би “юу яриад байгаа юм, надад хамаагүй” гэж хэлсэн. Тэгээд паабаас гараад явчихсан. Тэгэхээр нь уур хүрээд араас нь гартал эхнэр нь түрүүлээд байрны булан тойроод явахаар нь утсаа авах гээд араас нь гүйтэл хамт явж байсан залуу нь паабын урд талын зам дээр намайг барьж авах гэхээр нь тэр залууг түлхэж унагаагаад эмэгтэйн араас гүйгээд ...гар утсаа аваад авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 Түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...Та 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баасанжав гэгчтэй хамт хаана, аль паабад орсон юм бэ, хэрэг гарсан газраа зааж өгч чадах уу гэхэд тэрээр би тодорхой зааж өгч чадна, тэр пааб Хархорин захын арагшаа байдаг орон сууцны өргөтгөлийн пааб байсан, гаднаа төмөр хашаатай гэв. Ингээд Ж.Мыг дагуулан гарч мэдүүлгийг шалгахаар явахад Хархорин захын замын уулзвараар хойшоо гэрлэн дохиогоор эргээд явж байхад Ж.М одоо тэр харагдаж байгаа уулзвараар зүүн гар тийш эргээрэй гэж зааж байх бөгөөд Пирамид төвийн зүүн ард залгаа байрлах 2 давхар “Солонго” нэртэй кароеканы араар 28, 29, 30, 31 дүгээр байр луу ордог орон сууцны хорооллын замыг заав. Уг уулзвараар зүүн гар тийш эргэхэд уулзвараас ертөнцийн зүгээр баруун тийш 85 метрийн зайнд 27 дугаар байрны нэг давхрын орон сууцыг урагшаа өргөтгөж барьсан 1 давхар гаднаа төмөр шаттай, төмөр сараалжин хашаатай, дээрээ улаан өнгөөр Рanda рub карaoke, халуун хоол, хүйтэн пиво гэсэн хаяг самбартай паабыг зааж байсныг Ж.Маар заалгуулан гэрэл зургаар бэхжүүлэн авлаа...” гэжээ. /хх-ийн 62-64х/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Ж.М нь хохирогч У.Нын биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн №8253 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон тул шүүгдэгч Ж.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Иймд  шүүгдэгч Ж.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Ж.Мын хувийн байдлын талаар:

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44х/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 69х/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 72х/

Гэрч Ж.Мөнхзаяагийн мэдүүлэг /хх-ийн 61х/

Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42х/-аар тогтоогдлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч У.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардал гэж шүүгдэгч Ж.Маас 500.000 төгрөг авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 31-32х/ гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал:

Шүүгдэгч Ж.Мын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний бусдад төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Оногдуулах ял шийтгэлийн тухайд:

Шүүгдэгч Ж.Мын үйлдсэн хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарагдсан, түүний хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт хувиараа мал аж ахуй эрхэлдэг, торгох ялыг биелүүлэх боломжтой тухайгаа мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч Ж.Мөнхзаяагийн мэдүүлэг /хх-ийн 72х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 72х/ зэргээр тогтоогдох тул шүүгдэгч Ж.Мад 450 нэгж буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Ж.Мын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвьөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мад оногдуулсан 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ