| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
| Хэргийн индекс | 109/2025/0026/З |
| Дугаар | 109/ШШ2025/0032 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 109/ШШ2025/0032
109/ШШ2025/0032
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн улсын байцаагч Р.Батхүүд холбогдох “М” ХХК-ийн ашигт малтмал MV-011657 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас ойн сантай давхцсан 10.49 гектар талбайд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх талаарх тодорхойлолтыг гаргаж өгөхгүй байгаа Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн улсын байцаагч Р.Батхүүгийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Шаварын Царам нэртэй газар орших талбайд 86.29 гектар талбайд ашигт малтмал ашиглах МУ-011657 тоот тусгай зөвшөөрлийг 1997 оны 04-р сарын 03-ны өдрөөс 2027 оны 04-р сарын 03-ны өдрийг дуустал 30 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа билээ. Монгол улсын Их Хурлаас 2009 оны 07-р сарын 16-ны өдөр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг баталсан бөгөөд тус хуулиар баталсан ойн сан бүхий газартай манай компанийн тусгай зөвшөөрөлтэй 86,29 гектар талбайгаас 10,49 гектар талбай нь давхцалтай болохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн зураг зүйн мэргэжилтнээр шалгуулж мэдсэн юм. Тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэг нь холбогдох хуулиар ашигт малтмал хайх ашиглахыг хуулиар хориглосон талбайтай нэгэнт давхацсан тул тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс үйл ажиллагаа явуулах боломжгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг энэ зүйлд заасан журмын дагуу өөрийн хүсэлтээр буцаан өгч болно” гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт тусгай зөвшөөрлийн талбайгаас давхцалтай хэсгийг буцаан өгөх хүсэлтийг гаргах шаардлага үүссэн. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 28-р зүйлд заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө 2 жилийн өмнө ашиглалтын тусгай зөвшөөрлийг сунгах хүсэлт гаргахаар хуульчилсны дагуу хүсэлтийг холбогдох баримт бичгийн бүрдлийн хамт гаргах гэсэн боловч Ашигт малтмал,
газрын тосны газраас хуульд заасан нөхцөлөөр талбайн хасалтыг хийлгээгүй тохиолдолд
Техник-эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн зөвлөлийн хуралд оруулж батлуулах
боломжгүй тухай мэдэгдсэн бөгөөд энэ шалтгаанаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг сунгах хүсэлтэд хавсаргах баримт бичгийн бүрдлийг хангах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд бид ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд давхацсан хэсгийг буцаан өгөхөөр Ашигт малтмалын тухай хуулийн 55-р зүйл, 55.3.1-д зааснаар манай компанийн эзэмшлийн М\/-011657 тоот тусгай зөвшөөрлийн 86.29 гектар талбайгаас буцаан өгөх 10.49 гектар талбайд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлсэн талаар
тодорхойлолтыг гаргуулахаар Архангай аймгийн Тариат сумын Засаг даргад 2024 оны 04-р
сарын 22-ны өдрийн 39 тоот албан бичгээр, 2024 оны 4-р сарын 22-ны өдрийн 40 тоот албан
бичгээр, 2024 оны 10-р сарын 16-ны өдрийн 81 тоот тус тус албан бичгүүдээр Байгаль орчны
улсын байцаагч Р.Батхүү нарт хүсэлтийг гаргасан. Энэхүү хүсэлттэй холбоотойгоор Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын 04-р сарын 29-ны өдрийн 1/76 тоот албан бичгээр “тусгай зөвшөөрлийн талбайн 10.49 га талбайн ойн сантай давхацсан хэсэгт хасалт хийлгэхэд татгалзах зүйлгүй, уг давхацсан талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй болохыг тодорхойлж” Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн. Харин Архангай аймгийн Тариат сумын Тамгын газрын Байгаль орчны байцаагч Р.Батхүү манай компаниас гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байсан тул гүйцэтгэх захирал миний бие улсын байцаагчтай холбогдоход “миний ажлын чиг үүрэгт тодорхойлолт, дүгнэлт өгөх тухай заагдаагүй, Засгийн газар шинээр байгуулагдаж Байгаль орчин, аялал зуучлалын яам Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам шинэ нэртэй болсноор Улсын байцаагчийн тамга, тэмдэг өөрчлөгдөнө” гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүртэл эс үйлдэхүй гаргаж, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг зөрчиж байна. Иймд “М”ХХК-ийн ашигт малтмал ашиглах МХ/-011657 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас ойн сантай давхацсан 10.49 гектар талбайд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх талаарх тодорхойлолтыг гаргаж өгөхгүй байгаа Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн улсын байцаагч Р.Батхүүгийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компанийн зүгээс тус шүүхэд Архангай аймгийн Тариат сумын Засаг
даргын Тамгын газрын Байгаль орчны улсын байцаагч Р.Батхүүд холбогдуулан
“М” ХХК-ийн ашигт малтмал ашиглах М\/-011657 тоот
тусгай зөвшөөрлийн 86.29 гектар хайгуулын талбайгаас ойн сантай давхацсан 10.49 гектар талбайд олборлолтын талбайд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн талаарх тодорхойлолтыг гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тодорхойлолт гаргахыг даалгах.” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүссэн. Хэрэг хянаа шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн улсын байцаагч Р.Батхүү шүүхэд гаргасан тайлбартаа: “М” ХХК-ийн ашигт малтмал ашиглах MV-011657 тоот тусгай зөвшөөрөлтэй 86.29 гектар талбайгаас ойн сантай давхацсан 10.49 гектар талбайг хасалт хийлгэх, уг хасагдах талбайд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх талаарх тодорхойлолтыг гаргахад татгалзах зүйлгүй. Иймд 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот дүгнэлтийг гаргасан болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Тус шүүх нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн улсын байцаагч Р.Батхүүд холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулжээ.
2. “М” ХХК 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.3., 14 дүгээр зүйлийн 14.4. дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.
3. Түүнчлэн захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, уг эрхээ хамгаалуулах захиргааны байгууллагаас шаардах эрх нь нээлттэй байх тул нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.
2. Маргааны үйл баримтаас дүгнэхэд:
2.1. “М” ХХК нь Архангай аймгийн Тариат сумын Шаварын царам гэх газарт 86.29 гектар талбай бүхий уурхайн талбайд 2027 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй болох нь MV-011657 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 5-14 дэх тал)
2.2. Ашигт малтмал, газрын тосны газрын “Танай компанийн эзэмшлийн Архангай аймгийн Тариат сумын Шавар царам нэртэй 86.29 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын М\/-011657 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн ЕХ-010031 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хянан үзэхэд байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүний биелэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулж хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан тухай баримт, байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардагдах зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг холбогдох дансанд байршуулаагүй, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж батлуулсан тухай баримт тус тус ирүүлээгүй байх тул Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 369 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийг бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн болохыг үүгээр мэдэгдье” гэсэн 10/3123 дугаар албан бичгийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “М” ХХК-д хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 22 дахь тал)
2.3. “М” ХХК “... манайд тусгай зөвшөөрлөөр олгогдсон 86,23 га талбайгаас 10,29 га талбай нь Монгол улсын “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулиар ойн сантай давхцалтай байгааг Ашигт малтмалын тухай хуулийн 55 зүйлээр ойн сантай давхцал бүхий тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тухай хуулийн заалтыг үндэс болгон Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн зураг зүйн мэргэжилтнүүдийн хамтарсан шалгалтаар тогтоолгон хасалт хийлгэхээр Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлтээ өгсөн. Бидний хүсэлтийг хянаж үзээд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн улсын байцаагчийн тодорхойлолт хуульд заасан нөхцөлийн дагуу хавсрагдаагүй байна үндэслэлээр материал буцаагдсан байна. Хасалт хийгдээгүйгээс манай компаниас 5 жил болгон шинэчлэх ёстой Шаварын Царамын ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөө/2025 он/, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, улсын төсөвт төлөгдөх нөхөн сэргээлтийн төлбөрүүд хүлээлтийн байдалд ороод байгаа.” гэсэн агуулга бүхий хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 81 дугаар албан бичгээр Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн улсын байцаагч Р.Батхүүд хүргүүлж байжээ. (Хавтаст хэргийн 20 дахь тал)
3. Хариуцагч Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн улсын байцаагч Р.Батхүү 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтдээ: Тус сумын нутаг Шаврын царам нэртэй газарт “Монголиан жемстонес индастри” ХХК нь ашигт малтмал ашиглах М\/-011657 дугаартай тусгай зөвшөөрөлтэй 86.23 га талбай эзэмшдэг. Энэхүү уртрагын 99057l12ll өргөрөгийн 481l51.81ll, уртрагын 99056l35.48ll өргөрөгийн 4801l511.81ll, уртрагийн 99056l35.48ll өргөрөгийн 4801l56.3ll уртрагийн 99057l12ll өргөрөгийн 4801l56.3ll орших 10.49 га ойн сан бүхий газартай давхцал бүхий талбайд газрын хэвлий ашиглан үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд уг талбайд Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг зөрчөөгүй байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болно” гэжээ. (Хавтаст хэргийн 39 дэх тал)
4. Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.“хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг энэ зүйлд заасан журмын дагуу өөрийн хүсэлтээр буцаан өгч болно.”, 55 дуугаар зүйлийн 55.3.талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана: ... 55.3.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч буцаан өгөх талбайд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тухай тухайн сум, .. байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт;” гэж тус тус заасны дагуу хариуцагч тодорхойлолтыг гаргаж өгөхөөр болжээ.
5. Хариуцагч Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн улсын байцаагч Р.Батхүү “М” ХХК-ийн ашигт малтмал ашиглах MV-011657 тоот тусгай зөвшөөрөлтэй 86.29 гектар талбайгаас ойн сантай давхацсан 10.49 гектар талбайг хасалт хийлгэх, уг хасагдах талбайд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх талаарх тодорхойлолтыг гаргахад татгалзах зүйлгүй. Иймд 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот дүгнэлтийг гаргасан болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбарыг 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан байна.
6. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэгт хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, ...”, 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.”, 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус заасныг зөрчөөгүй болно.
7. Иймд хариуцагч Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн улсын байцаагч Р.Батхүү нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
8. Түүнчлэн хэргийн оролцогчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1., 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсгийн 55.3.2. дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Монголиан жемстонес индастри” ХХК-ийн ашигт малтмал MV-011657 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас ойн сантай давхцсан 10.49 гектар талбайд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх талаарх тодорхойлолтыг гаргаж өгөхгүй байгаа Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн улсын байцаагч Р.Батхүүгийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн улсын байцаагч Р.Батхүүгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн улсын байцаагч Р.Батхүүгээс 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.
3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА