| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00310/и |
| Дугаар | 318/ШШ2025/00370 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 318/ШШ2025/00370
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Ажиллаж байсан байдал болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Д.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Н/235 дугаар тушаалаар Увс аймгаас 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, мөн сайдын тушаалаар 1988 оны 8 дугаар 25-ны өдөр 563340 дугаартай цэргийн батлахтай халагдсан. Миний цэргийн батлах дээрх зураг, алба хаасан хугацаа, төрсөн он, сар, өдөр бүгд зөв байгаа боловч П гэж бичигдсэн байгаа тул нэрийг минь П болгож залруулж өгнө үү. Д.П би 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газар мужаанаар 3 жил, 3 сар ажилласан ба энэ нь миний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдаг. Ажилласан жилээ баталгаажуулж архивын лавлагаа авахад 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ажилд авах тухай 138 тоот тушаал байгаа боловч, 1992 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ажлаас чөлөөлсөн 02 тоот тушаал байхгүй шүүн үзэх боломжгүй гэсэн. Аймгийн нийгмийн даатгалын газарт хандахад 1988-1992 онд ажилласан хугацааны жилийг тооцох боломжгүй шүүхэд хандах шаардлагатай гэсэн зөвлөмж өгсөн. Намайг дээрх жилүүдэд Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газарт ажиллаж байсныг мэдэх хамт ажиллаж байсан Ц.Ц , Х.А нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Д.П 563340 дугаартай цэргийн батлахын хуулбар, 296245 дугаартай хөдөлмөрйн дэвтрийн хуулбар, Батлан хамгаалах яамны батлан хамгаалахын төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 132 дугаартай архивын лавлагаа, Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 138 дугаартай тушаалын хуулбар, Увс амйгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дугаартай зөвлөмжийн хуудас, Ц.Ц иргэний үнэмлэхийн хуулбар, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 65 дугаартай шийдвэрийн хуулбар, Х.А иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 46 дугаартай шийдвэрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагч Д.П хүсэлтээр Ц.Ц , Х.А нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.П ХААТР-1 маягт, гэрлэснийг бүртгэх анкет, П.Ш төрснийг бүртгэх анкетыг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.П хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч Д.П шүүхэд хандаж 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газар мужаанаар ажиллаж байсан байдал тогтоолгох, 563340 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх заалт, 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Д.П хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч Д.П нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Д.П нь 1966 онд төрсөн бөгөөд 1985 онд цэргийн албанд татагдаж, 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 563340 дугаартай цэргийн батлахтай цэргийн албанаас халагдсан. Гэвч миний 563340 дугаартай цэргийн батлах дээр өөрийн нэрийг Д.П гэж зөрүүтэй бичсэн байх тул цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтэй байна.
Мөн 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газар мужаанаар ажилласан боловч тухайн үед ажиллаж байсныг нотлох цалингийн баримт болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байгаа тул шүүхийн журмаар тогтоолгох хүсэлтэй байна гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажсан Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 138 дугаартай тушаалаар Мужааны 2 дугаар зэрэгтэй Д овогтой П 1988 оны 10 сарын 04-ний өдрөөс эхлэн ахуйн үйлчилгээний хэлтэст мужаанаар түр хугацаагаар авч ажиллуулсан байна.
4.2. Шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлсэн ХААТР-1 маягтад Д.П 1988 онд Улаангомын Ахуйн үйлчилгээнд мужаанаар ажиллаж эхэлсэн гэж бүртгэсэн бол 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн Д.П ХААТР-11 маягтад түүнийг Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газарт мужаан ажилтай гэж бүртгэжээ.
Мөн шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлсэн 1990 оны 7 дугаар сарын 04-ний өдөр бүртгэсэн П.Б төрснийг бүртгэх анкетад хүсэлт гаргагч Д.П нийтийн ахуй үйлчилгээнд мужаан ажилтай гэж бүртгэсэн бол, 1991 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэсэн П.Ш төрснийг бүртгэх анкетад ахуйн үйлчилгээнд гуталчин ажилтай гэж бүртгэжээ.
4.3. Гэрч Х.А, Ц.Ц нар нь хүсэлт гаргагч Д.П шүүхээр сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1988-1992 оны хооронд Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газарт ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын ажиллаж байсан байдлыг тогтоосон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 65 дугаартай шийдвэрийн хуулбар, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 46 дугаартай шийдвэрийн хуулбараар тус тус тогтоогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
5. Иймд хүсэлт гаргагч Д.П 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Увс аймгийн нийтийн аж ахуйн ахуйн үйлчилгээний газарт мужаанаар, 1991 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Увс аймгийн нийтийн аж ахуйн ахуйн үйлчилгээний газарт гуталчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
6. Хэрэгт авагдсан 563340 дугаартай цэргийн батлах дээр бичигдсэн Д.П эцгийн нэр, төрсөн он, сар, өдөр, яс үндэс нь Д.П төрсөн он, сар, өдөр болон яс үндэс, эцгийн нэртэй тохирч байна.
Иймд Д.П 563340 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоох үндэслэлтэй байна.
6. Хүсэлт гаргагч Д.П хүсэлтийг бүхэлд нь хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Шангас овогт Д.П 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газарт мужаанаар, 1991 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газарт гуталчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Шангас овогт Д.П 563340 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА