Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 219

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Т.Нансалмаа,

            шүүгдэгч Ч.Снарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1808001690075 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ноос, ноолуурын боловсруулагч мэргэжилтэй,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ч.Снь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 4-14 тоотод гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч Х.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Ч.Снь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Тодруулбал, Ч.Снь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 4-14 тоотод гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч Х.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

                  Хохирогч Х.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 12-ны ...20 цаг 40 минутын үед караокеноос гараад гэртээ очсон. Гэрт ороход манай нөхөр Самбуудорж “хаагуур тэнээд байгаа юм” гэсэн. Би түүнд “өөрийгөө хэл, битгий хуц” гэж хэлсэн. Тэгтэл босож ирээд миний нүүр лүү хэд хэдэн удаа алгадсан. ...Миний дээрээс дарчихаад босохгүй болохоор нь бие засмаар байна гэж худлаа хэлээд толинд хартал миний нүүр хавдаад хөхөрчихсөн байсан. ..Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, нөхөртэйгөө эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №195 дүгнэлтэд: “...Баасансүрэнгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, дээд доод уруулын зүүн хэсэгт цус хуралт, дотор салстад өнгөц язрал, зүүн бугалганы гадна дунд хэсэгт зулгарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 28х/

 

            Шинжээч Б.Ариунзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Гар, хөл зэргийг мохоо зүйлд хамааруулж ойлгож болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55х/

 

                  Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 33-37х/

                  ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 74-75х/

 

                  Шүүгдэгч Ч.Самбуудоржийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 сарын 12-ны өдөр намайг гэртээ байхад манай эхнэр Баасансүрэн орой 21 цагийн үед согтуу ирсэн юм. Согтуу ирэхээсээ өмнө над руу утсаар “гэртээ харьж байна” гэж ярьж байсан. Утсаар ярьчихаад ирэхгүй удаад, ирэхдээ согтуу ирсэн юм. Х.Бгээс “яагаад гадуур худлаа ярьж яваад байгаа юм бэ” гэж асуусан. Тэгэхэд юм дуугарахгүй байснаа надтай хэрүүл хийгээд байхаар нь би хацар дээр нь нэг удаа алгадсан юм. Тэгтэл уурлаад гэр орны эд зүйл бусниулаад халаагч өшиглөөд байсан. Зурагт эвдчихгээд байхаар нь орон дээр дараад хэвтүүлсэн. Гарных нь хөдөлгөөнийг хорьж гараараа барьж байгаад 2-3 удаа алгадчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.1 дүгээр хэсгийн 5.1.1.“гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд / 3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд нэгэн адил хамаарна./ энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь хамтран амьдрагч болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байгаа тул шүүгдэгч Ч.Самбуудоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн субьект гэж үзэж хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ч.Снь хамтран амьдрагч Х.Бгийн биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шинжээч нарын мэдүүлэг, шинжээчийн №195 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон тул шүүгдэгч Ч.Самбуудоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Ч.Самбуудоржийн хувийн байдлын талаар:

Гэрч Б.Доржсүрэн, У.Машдэлгэр нарын мэдүүлэг /хх-ийн 50-51, 52-53х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 59х/

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 31х/

Ажлын газрын тодорхойлолт /шүүх хуралдаанд шүүгдэгчийн гаргаж өгсөн 1 хуудас баримт/

Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32х/-аар тогтоогдлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Х.Б нь эрүүл мэндийн хохирол, төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан ба “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 24х/

 

Шүүгдэгч Ч.Самбуудоржийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Бгийн гомдол, саналгүй гэсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.Снь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагчийнхаа эсрэг хүчирхийлэл үйлдэж учруулсан нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Самбуудоржийн үйлдсэн хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарагдсан, түүний хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт “АПУ” ХХК-д хамгаалагч ажилтай, 550,000 төгрөгийн цалин хөлс авдаг,  торгох ял биелүүлэх боломжтой талаараа мэдүүлсэн мэдүүлэг нь ажлын газрын тодорхойлолт /шүүх хуралдаанд шүүгдэгчийн гаргаж өгсөн 1 хуудас баримт/-аар тогтоогдох тул түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Ч.Самбуудоржийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.Снь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.Снь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ