Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/20

 

 

 

 

 

 

 

2024      03          20                                          2024/ДШМ/20

 

 

                                            Б.Б нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Т.Төгөлдөр

Шүүгдэгч                                                       Т.Б

Цагаатгагдсан этгээд                                 Д.У, С.Г

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч     А.Төмөрчулуун, Б.Тулга

            Нарийн бичгийн дарга                             Б.Маралмаа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 42 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр *******, Д.У, С.Г нарт холбогдох 2325000000521 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т.Б, Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Булган аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Мандах Өсөн дэвжих” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Сэлбийн 04-01 тоотод оршин суух бүртгэлтэй,  ял шийтгэлгүй, регистрийн дугаар 000

Д.У, Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологи-байгаль орчны биологич мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-16-54 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар 00.

С.Г, Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-14-7 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Т.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө 00 цаг 05 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Богд гол” баарны гадна Д.У, С.Г нартай үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар Д.Уын нүүрэн тус газарт нь удаа дараа цохиж “хамар ясны хугарал, таславчийн муруйлт, дээд уруулд шарх, доод уруулд цус хуралт, зулгаралт, 1 шүдний сулрал, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Г.Эыг “...хоёр залуутай цуг явж байсан...” гэсэн шалтгаанаар зодож “хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан,

Д.У, С.Г нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Т.Б-тэй үл ялих шалтгаанаар маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь цохиж “эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ..

Орхон аймгийн Прокурорын газраас: Т.Б, Д.У, С.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.У, С.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж,

 

Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.У, С.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,

 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Төгөлдөр шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“ ... Шийтгэх тогтоолыг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.У, С.Г нарын бүлэглэн Т.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэхдээ шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон яллах дүгнэлтэд тусгагдсан яллах талын нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар огт дүгнэлт хийхгүйгээр

мөрдөн байцаалтын ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Т.Б-н өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй, гэрч нар болон шүүгдэгч С.Г Д.У нарын мэдүүлгээр хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн гарын 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь бусдад цохиулах үед үүссэн эсэх, эсхүл унах үед, бусадтай зууралдах үед үүссэн эсэх нь бүрэн тогтоогдоогүй байна гэж хэт ерөнхий болоод үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг зөрчсөн ба шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Б нь хохирогчоор мэдүүлэхдээ "...нэг мэдсэн чинь намайг шатан дээр зогсож байхад цагаан хувцастай залуу нь миний нүүр лүү гараараа нэг удаа цохиж байсан. Тэгтэл бас нэг залуу дундуур салгах гэж орсон бөгөөд би тэр залуугийн дээгүүр давуулж намайг цохисон залуугийн шанаа руу гараараа нэг удаа цохисон юм. Тэр салгаж байсан залуу нь Эрдэнэчулуун юм. Тэгтэл ахин нэг залуу миний хажуугаас эрүү рүү цохисон бөгөөд тэгэхээр нь би “эрүү салчихлаа” гэж хашхирсан. Тэгээд тэр 3 зугтаахаар нь би араас нь хөөж Эрдэнэчулууныг барьж аваад бид хоёр шургаж унасан. Тэгээд би Эрдэнэчулууныг зодсон ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35 дугаар тал/,

мөн Т.Б нь хохирогчоор дахин мэдүүлэхдээ  “... би “эрүү салчихлаа” гэтэл тэр 3 залуу зугтаасан юм. Тэгэхээр нь би араас нь хөөж нэгийг нь барьж аваад цохисон. Миний биед учирсан эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт гэмтлийг арай өндөр залуу нь буюу Ууганбаяр гэгч нь миний эрүү рүү цохихдоо учруулсан. Баруун нүдний зовхинд цус хуралт гэмтлийг цагаан судалтай куртиктэй залуу буюу Гандолгор гэгч нь гараараа 1 удаа цохиж учруулсан. Харин баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн гарын 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлийг би Эрдэнэчулууныг татахад бид 2 цуг газарт унасан бөгөөд тэгэхдээ тухайн гэмтлүүдийг авсан ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35 дугаар тал/,

гэрч Ч.Г-ийн “... гадаа байж байтал баарнаас нэг хүн гарч ирээд гүйсэн бөгөөд араас нь Батхүү хөөж барьж авсан. Тэгээд Батхүү тэр залуутай ноцолдоод газар унагаачихсан, дээр нь гараад суусан юм. Би очоод Батхүүг “болиоч, юу болсон юм бэ” гэтэл “энэ залуутай явсан 2 залуу намайг цохисон” гэж хэлсэн. Тэгээд Батхүү нь тэр залууд хандан “хамт явсан хүмүүсээ дууд” гээд байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 45 дугаар тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 851 дугаартай ... гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... гэх дүгнэлт, /ХХ-ийн 77-78 дугаар тал/,

шинжээч С.Э-ийн “... Баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх мэдүүлэг /ХХ-ийн 84 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудын хоорондын зөрүүгүй байдал, шалтгаант хамаарал зэргийг шүүх тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзээгүй, дан ганц шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд *******гийн өгсөн "...согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир Гандолгор, Ууганбаяр нарт зодуулснаас гэмтэл авсан эсэхээ сайн мэдэхгүй байна. Унахдаа гэмтэл авсан байх гэж бодож байна..." гэх мэдүүлгийг бусад нотлох баримттай харьцуулан үнэлж дүгнээгүй, алийг нь хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч Д.У, С.Г нар нь бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үндэслэлгүй бөгөөд хэт ерөнхий байдлаар товч дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй байна.

 Хохирогч Т.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор болон яллагдагчаар 3 удаа мэдүүлэхдээ Д.У, С.Г нарт цохиулж, эрүү хугарсан талаар зөрүүгүй, тогтвортой мэдүүлдэг, тухайн хэрэг болсон гэх газарт буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Богд гол” баарны баруун талд *******, Д.У, С.Г, Г.Э нараас өөр хүн байгаагүй, тухайн үйл баримт эдгээр хүмүүсийн хооронд л болж өнгөрсөн болох нь холбогдох хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг зэрэг баримтуудаар тогтоогддог.

Мөн хохирогч Г.Э болон Б.У, С.Г нарын зугтааж буй шалтгаан, Т.Б-ийн хохирогч Г.Э-ы хойноос нь хөөж буй үйлдлүүд нь энэ хэргийн үйл баримттай шууд шалтгаант холбоотой байхад шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж дүгнэж байна.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Шударга ёсны болоод эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна.

Хэдийгээр шүүх хуульд заасан төрөл хэмжээний ялыг сонгон оногдуулах нь хуулиар олгогдсон бүрэн эрх хэдий боловч хуульд заасан ялын доод хэмжээг оногдуулсан бол үндэслэлээ тайлбарлах нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцнэ.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив ...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.Б тайлбартаа: Би хэнтэй маргалдсанаа сайн санахгүй байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ эргэлзэж байна гэв.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Д.У тайлбартаа: Бид нар биллиард тоглосон. Батхүү баарнаас гарсан. Такси барих үед маргаан болсон гэв.

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд С.Г тайлбартаа: Би дараа нь баарны хүнтэй уулзаж бичлэг үзэхэд бид гурав урагшаа явж байсан. Зодоон болоогүй гэв.

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тулга тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Төгөлдөр дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна ... Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр дүгнэлт гаргаж байна гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 Прокуророос Т.Б-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнийн 00 цаг 05 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Богд гол” баарны гадна Д.У, С.Г нартай үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогч Д.Уын нүүрэн тус газарт нь удаа дараа цохиж “хамар ясны хугарал, таславчийн муруйлт, дээд уруулд шарх, доод уруулд цус хуралт, зулгаралт, 1 шүдний сулрал, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан, Г.Э нь зодооныг салгахаар ирэхэд нь “тэр хоёр залуутай цуг явж байсан” гэсэн шалтгаанаар мөн түүнийг зодож “хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан,

Д.У, С.Г нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнийн 00 цаг 05 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Богд гол” баарны гадна *******тэй үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж “эрүүний ясны хуучин хугарлын бороололт салалт, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******, Д.У, С.Г нарын гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгч Д.У, С.Г нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж, шүүгдэгч *******г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

            Хяналтын прокурор Т.Төгөлдөр дээрх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “... хэт ерөнхий байдлаар дүгнэлт хийж, дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж шүүгдэгч нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүгдэгч Т.Б-д оногдуулсан ялын хэмжээ нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг  давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.

 

            Давж заалдах шатны шүүх  прокурорын эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлага хангаагүй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “Хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг тусгана” гэж заасан.

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шийтгэх тогтоолд жагсаан бичсэн байх боловч хэргийн үйл баримтын талаар дүгнэхдээ улсын яллагчийн дүгнэлтэд тусгагдсан яллах талын баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг, мөн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг тодорхой дүгнэхгүйгээр хоёр шүүгдэгчийн үйлдлийг тогтоогдохгүй байна гэж хэт ерөнхий дүгнэж хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.

 

            Шүүх хэргийн бодит байдлыг хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр зөвхөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн өгсөн "... Гандолгор, Ууганбаяр нарт зодуулснаас гэмтэл авсан эсэхээ сайн мэдэхгүй байна. Унахдаа гэмтэл авсан байх..." гэсэн мэдүүлгийг үндэслэн Д.У, С.Г нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасан нь үндэслэлгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл шүүх тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн нотлох баримтуудад нэг бүрчлэн дүгнэлт хийж шүүгдэгч нарын гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай юм.

 

            Иймд прокурорын эсэргүүцлийн ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлага хангахгүй байна ... гэсэн хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, харин шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялын хэмжээ эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй ... гэсэн хэсгийг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн  2  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

           2. Прокурорын эсэргүүцлийн “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй ...” гэсэн хэсгийг хүлээн авч, “...шүүгдэгч Т.Б-д оногдуулсан торгох ял Шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод  нийцээгүй...” гэсэн хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

          3. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               З.ХОСБАЯР

 

                                                ШҮҮГЧ                                               С.ЦЭЦЭГМАА