| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00418/и |
| Дугаар | 318/ШШ2025/00373 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 318/ШШ2025/00373
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Хүсэлт гаргагч: У ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 40,487,545 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улаангомын дулааны хоёрдугаар станц" ТӨХК нь "Х"-тай 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулсан. Тус гэрээнд зааснаар дулааны төлбөрийн нэхэмжлэлээ сар бүрийн 22-ны өдөр өгдөг ба тухайн дулаан хэрэглэгч байгууллага нь нэхэмжлэл хүлээн авсан өдрөөс 3 хоногийн дотор төлбөрийг төлж барагдуулах ёстой байдаг. Хд төлбөрийг төлөх мэдэгдэл, нэхэмжлэлийг удаа дараа хүргүүлсэн боловч өнөөг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд "У" ТӨХК-д учирсан гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн төлбөр 26,991,636 /5-р сарын бичилт орсон болно/ төгрөг, гэрээний 4.5-д заасны дагуу алданги тооцох үндэслэлтэй байх тул алданги 13,495,818 төгрөг, нийт 40,487,454 төгрөгийн хохирлыг "Х"-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хөдөлмөрийн дээд сургуулийн захирал Ц.Л, нэхэмжлэгч У ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан эвлэрэлийн гэрээндээ: Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э би 2025 оны 05 дугаар сарын 14-нд хариуцагч Хд 40,487,454 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба үндсэн төлбөр 26,991,636 төгрөгийг 6 дугаар сард тал хувийн 9 дүгээр сард үлдэгдэл мөнгийг төлж барагдуулна гэсэн тул алданги 13,495,818 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Х Ц.Л нар нь 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ. Үүнд:
Хариуцагч Х захирал Ц.Л нь нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-д нэхэмжлэлийн үндсэн шаардлага 26,991,636 төгрөгийг 6 дугаар сард тал хувийн 9 дүгээр сард үлдэгдэл мөнгийг төлж барагдуулах,
Нэхэмжлэгч У ТӨХК нь алданги 13,495,818 төгрөгийг хариуцагч Х-с гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах,
3. Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Зохигчид эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, зохигчдод хариуцуулахаар шийдвэрлэсэн тул У ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,387 төгрөгөөс 180,193.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 180,193.5 төгрөгийг, хариуцагч Х-с 146,454 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч У ТӨХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч У ТӨХК нь хариуцагчаас 13,495,818 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Х нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,991,636 төгрөгийг 6 дугаар сард тал хувийн 9 дүгээр сард үлдэгдэл мөнгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,387 төгрөгөөс 180,193.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 180,193.5 төгрөгийг, хариуцагч Х-с 146,454 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч У ТӨХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй
ШҮҮГЧ Я.УРНАА