| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 101/2020/04236/И |
| Дугаар | 210/МА2021/01305 |
| Огноо | 2021-08-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2021/01305
| 2021 оны 08 сарын 25 өдөр | Дугаар 210/МА2021/01305 |
Д.Г-гийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/01794 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Г-гийн хариуцагч Ж.У-ад холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 1 788 910 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 469 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 553 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 426 дугаар тогтоолоор Ж.У- нь миний биед гэмтэл учруулсныг бүрэн тогтоож гэм буруутайд тооцсон. Харин цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа иргэний шүүхээр жич нэхэмжлэх эрхтэйг дурдсан тул анхан шатны хуралдааны үед өгч чадаагүй байсан баримтыг бүрдүүлэн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний өвчтэй байсан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 4 сарын цалин 1 800 000 төгрөгөөс байгууллагын төлсөн листийн мөнгө 511 090 төгрөгийг хасаад зөрүү болох 1 288 910 төгрөг, мөн өмгөөллийн хөлсөнд төлсөн 500 000 төгрөг, нийт 1 788 910 төгрөгийг хариуцагч Ж.У-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.Г-н нэхэмжлэл, түүнд хавсаргасан материалаас харахад шүүхэд хөдөлмөрийн чадвар түр алдсан талаарх шаардлагатай нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2003 оны 38/66 тоот тушаалаар баталсан Эмнэлгийн хуудас олгох зааврын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт байгууллага, аж ахуйн нэгжид ажилладаг иргэд, цэргийн албан хаагч ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаныг тодорхойлох, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох үндсэн баримт нь эмнэлгийн хуудас байхаар журамласан. Зөвхөн эмнэлгийн хуудсыг үндэслэн байгууллага болон нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг олгодог. Нэхэмжлэгчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг байгууллагаас олгосон болох нь түүний нэхэмжлэлд тодорхой байна. Нэхэмжлэгч дээрх 4 сарын хугацаанд гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд эмнэлгийн магадлагаа сунгагдсан, эсхүл үргэлжилсэн байх зохицуулалттай. Энэ тохиолдолд ажил олгогчоос биш, нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгогдоно. Хэрэв нэхэмжлэгч 4 сарын турш хөдөлмөрийн чадвараа гэмтлийн улмаас түр алдсан бол түүнд олговол зохих тэтгэмжийн хэмжээ түүний сүүлийн 3 сарын цалингийн дунджийн 50 хувиар бодогдох бөгөөд эмнэлгийн магадлагаа авсан ажлын өдрүүдээр үржүүлж тооцоолдог. Өөрөөр хэлбэл, нэг сард ажлын 22 хоногоор тооцоолбол түүний 3 сарын цалингийн дундаж 34 492.6 төгрөг, хөдөлмөрийн чадвар түр алдсаны 1 сарын тэтгэмж ойролцоогоор 379 418 төгрөг олгогдоно. Үүнийг 4 сараар үржүүлбэл нийгмийн даатгалын сангаас нэхэмжлэгчид нийт 1 517 672 төгрөгийн тэтгэмж олгогдох боломжтой. Ажил олгогчоос нэхэмжлэгчид олгосон гэх 511 090 төгрөгийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн хэмжээ нь түүний нэхэмжлэлдээ дурдсан 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд олгогдвол зохих тэтгэмжийн хэмжээнээс маш бага байна. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь бүрэн сарын биш, үргэлжилсэн биш, сар бүр ажлын 5 хүртэл хоногийн эмнэлгийн магадлагаа авсан байх магадлалтай. Энэ тохиолдолд нэхэмжлэгч эмнэлгийн магадлагаа дууссан өдрөөс эхлэн ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж цалин хөлсөө гэрээнд заасны дагуу авах ёстой. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хооронд үүссэн эрх зүйн туслалцаа үзүүлэх харилцаа нь иргэд хоорондын сайн дурын үндсэн дээр гэрээний үндсэн дээр үүсгэгддэг харилцаа юм. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн сайн дурын үндсэн дээр өмгөөлөгчтэй хийсэн хэлцлийн улмаас төлсөн хөлсийг дээрх хуульд заасан бодит хохирол гэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд: Нэхэмжлэгчийн мэдүүлэг нотлох баримттай зөрж байгаа учир хариуцагч тал Д.Г-д өвчтэй байсан хугацааны хөдөлмөрийн хөлсийг олгох нь зүйтэй. Үүнд өмгөөлөгчийн хөлсийг тооцохгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.У-аас 1,138,910 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 650,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан тус нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ж.У-аас 31 884 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү давж заалдах гомдолдоо:
... Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2003 оны 38/66 тоот тушаалаар баталсан Эмнэлгийн хуудас олгох зааврын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт байгууллага, аж ахуйн нэгжид ажилладаг иргэд, цэргийн албан хаагч ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаныг тодорхойлох, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох үндсэн баримт нь эмнэлгийн хуудас байхаар журамласан. Зөвхөн эмнэлгийн хуудсыг үндэслэн байгууллага болон нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг олгодог. Нэхэмжлэгчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг байгууллагаас олгосон болох нь түүний нэхэмжлэлд тодорхой байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан ажлын эхний 5 өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажил олгогчоос, 6 дахь өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгоно гэж хуульчилсан. Нэхэмжлэгч Д.Г- дээрх 4 сарын хугацаанд гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд эмнэлгийн магадлагаа сунгагдсан, эсхүл үргэлжилсэн байх зохицуулалттай. Энэ тохиолдолд ажил олгогчоос биш, нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгогдоно. Хэрэв нэхэмжлэгч 4 сарын турш хөдөлмөрийн чадвараа гэмтлийн улмаас түр алдсан бол түүнд олговол зохих тэтгэмжийн хэмжээ түүний сүүлийн 3 сарын цалингийн дунджийн 50 хувиар бодогдох бөгөөд эмнэлгийн магадлагаа авсан ажлын өдрүүдээр үржүүлж тооцоолдог. Нэхэмжлэгч нь нийт 3-4 удаа хоорондоо тасалдалтайгаар 5-9 хоногийн эмнэлгийн магадлагаа авч байсан байдаг ба тухай бүр өвчний код нь өөрчлөгдөж байсан мэдээлэл байдаг. Энэ талаарх лавлагааг шүүхийн журмаар Нийгмийн даатгалын газраас гаргуулахыг хүссэн боловч ямар мэдээлэл шаардаж буйгаа зөв тодорхойлоогүйн улмаас зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай мэдээлэл ирүүлсэн байсан. Гэвч Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь дээр дурдсанчлан эмнэлгийн магадлагааны хугацаа дуусмагц ажилдаа эргэн орох үүрэгтэй байсан боловч ажиллаагүй болох нь, мөн тэрээр ажиллаагүй учраас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй болох нь нотлогдож байгаа. Байгууллагын зүгээс цалин хөлс олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тухай нотлох баримтаар тэрээр хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас ажиллаагүй хугацааны цалин хөлсийг нэхэмжилж буй хугацаанд буюу 2018 оны 10-12 саруудад Цагаан шонхор УҮГ-т хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байсан нь нотлогддог. Гэтэл шүүх түүнийг ямар ч үндэслэл бүхий нотлох баримтгүйгээр Цагаан шонхор УҮГ-ын даргын илэрхий алдаатай, өөр байгууллагад ажилласан хугацааг өөрийн байгууллагад ажиллаж байсан мэтээр тусгаж албан тушаалын эрх мэдлээ ашиглан хуурамчаар үйлдсэн байж болзошгүй албан бичигт тулгуурлан хөдөлмөр эрхэлж байсан мэт үзэж, шийдвэртээ үндэслэл болгосон илт үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тохиолдолд нэхэмжлэгч эмнэлгийн магадлагаа дууссан өдрөөс эхлэн ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж цалин хөлсөө гэрээнд заасны дагуу авах ёстой. Нэхэмжлэгч нь ямар өвчин зовиурын улмаас хэд хоногийн эмнэлгийн магадлагаа гаргуулсан, ямар эмчилгээ хийлгэсэн зэрэг хэвтэн эмчлүүлэхтэй холбоотой эмчлүүлэгчийн карт, эмчилгээний талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гарган өгч, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүхээс нотлогдсон мэтээр үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хооронд үүссэн эрх зүйн туслалцаа үзүүлэх харилцаа нь гэрээнд оролцогч талуудын чөлөөт хүсэл зоригийн үндсэн дээр үүсэх бөгөөд энэ утгаараа Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байхаар зохицуулагдсан харилцаа юм. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн сайн дурын үндсэн дээр өмгөөлөгчтэй хийсэн хэлцлийн улмаас төлсөн хөлсийг дээрх хуульд заасан бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй. Тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний ажлын хөлс буюу сайн дурын үндсэн дээр тохирсон мөнгөн дүнг хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх боломжгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Гэтэл шүүх дээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хуулийн дээрх заалтын дагуу гэм хор учруулсан этгээд учруулсан хохирол-ыг барагдуулах үүрэг хүлээдэг. Учруулсан хохирол болгон гэм хор болохгүй. Шүүх нэхэмжлэгчид ашигтай байдлаар хуулийг тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч Ж.У-ад холбогдуулан гэм хорын хохиролд 1 788 910 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, татгалзлын үндэслэлээ эмнэлгийн магадлагаа дууссан өдрөөс эхлэн ажлаа үргэлжлүүлэн хийх ёстой бөгөөд ажил эрхлээгүй хугацааны цалин хөлсөөр хохирсон гэж мөнгө нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасныг үндэслэл бүхий гэж үзнэ.
Д.Г-гийн биед учирсан баруун бугалганы шөрмөс, баруун лабрумын урагдал, баруун гарын эрхий хуруу, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь хариуцагч Ж.У-ын гэм буруутай үйлдлийн улмаас үүссэнийг тогтоосон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 469 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ДШШ/553 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 426 дугаар тогтоол хэрэгт авагдсан, Д.Г-г гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг заажээ. /хх-56-66/
Нэхэмжлэгч Д.Г- нь Ж.У-ын учруулсан гэмтлийн улмаас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаанд ажил эрхэлж чадаагүй тул 4 сарын хугацааны цалин хөлсөөр хохирсон гэж, 1 800 000 /450 000 *4/ төгрөгөөс хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж 511 090 төгрөг авсныг хасч 1 288 910 төгрөг, мөн өмгөөллийн хөлсөнд төлсөн 500 000 төгрөгөөр шаардлагын хэмжээг тодорхойлсон.
Шүүх Д.Г-гийн гэмтлийн улмаас ажил эрхэлж чадаагүй хугацааг 2018 оны 10, 11, 12 дугаар сар гэж тогтоохдоо хэрэгт авагдсан Цагаан шонхор ТӨҮГ-ын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн өвчний картад бичигдсэн өвчний онош, хугацаа, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн ВВК-ын 351 дүгээр шийдвэр, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох тухай Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн шийдвэрийг хэрэгт хамааралтай, үнэн зөв талаас нь харьцуулан үнэлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцсэн байна.
Түүнчлэн, хүндэвтэр гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30/ хувь тогтонги алдагдсан шалгуур шинжээр тогтоох Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/216/422 дугаар тушаалаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3 дахь хэсгийн заалтын агуулгыг тухайн тохиолдолд хамааралтай талаас тайлбарлаж, гэмтлийн улмаас ажил эрхлээгүй гэж дүгнэсэн нь зөв.
Нэхэмжлэгчийн 2018 оны цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаанаас үзвэл 2018 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын дундаж цалин нь 571 000 төгрөг байх боловч нэхэмжлэгч өөрөө 450 000 төгрөг гэж тодорхойлсон, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжид 158 614 төгрөг авсан баримтыг шүүхэд гаргасан ч, 511 090 төгрөг авсан гэж өөрөө тодорхойлсныг нь үндэслэн шүүх 838 910 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцжээ.
Нэхэмжлэгч Д.Г- нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчээс өмгөөлөгч Э.Үнэнсайханд 300 000 төгрөгийг шилжүүлсэн нь баримтаар нотлогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс-ийг эд хөрөнгийн хохиролд тооцон нөхөн төлөх төлбөр гэж заасан.
Иймд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад төлсөн өмгөөллийн хөлсийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулсан нь зөв, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.8 дахь хэсэгт Давж заалдах шатны шүүх хуульд заасан тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж, энэ хуулийн 66.7-д заасны дагуу шийдвэртээ тусгана гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нэхэмжлэгчийн мэдүүлэг нотлох баримттай зөрж байгаа учир хариуцагч тал Д.Г-д өвчтэй байсан хугацааны хөдөлмөрийн хөлсийг олгох нь зүйтэй. Үүнд өмгөөлөгчийн хөлсийг тооцохгүй гэжээ.
Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, эмнэлгийн магадлагаагүйгээр ажил эрхлээгүй хугацааны цалинг болон өмгөөллийн хөлсийг төлөх үндэслэлгүй гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/01794 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 852 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
А.ОТГОНЦЭЦЭГ