Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/21

 

 

 

 

 

 

2024      03          20                                          27.

 

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                         Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгч                                                                      Б.Б

Нарийн бичгийн дарга                                Б.Маралмаа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Б.Бт холбогдох 2425000000010 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Б, Монгол улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Орхон аймгийн 1 дүгээр цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар 00.

 

Б.Б нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б.Батбилэгийн эзэмшлийн 00-00ОРА улсын дугаартай Хьюндай Соната-6 загварын тээврийн хэрэгслийг жолоодон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэр “Орхон молл” худалдааны төвийн урд талын Зээлийн дөрвөн замын зохицуулдаг уулзвараар нэвтрэх үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д заасан “Зөвшөөрсөн гэрлэн дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө”, 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрлэн дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хоёр хэсгийг хөндлөн гарч амжаагүй явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан Э.Эг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

   Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг 5 журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

 Шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

 Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Дүүрэнжаргал шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

            “ ... Шийтгэх тогтоолыг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Прокуророос шүүгдэгч Б.Б-ийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар, гэрлэн дохиогоор зам хөндлөн гарч явсан Э.Эг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийн гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэж дүгнэсэн.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... шүүгдэгч Б.Бийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага нийцээгүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчийг гэм буруутайд тооцож хууль зүйн дүгнэлт хийхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар зөрүүтэйгээр тусгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн шаардлагыг хангаагүй нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарах бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б тайлбартаа: “ ... хэлэх зүйлгүй ...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Дүүрэнжаргал дүгнэлтдээ: “... Эсэргүүцлээ дэмжиж байна...Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох дүгнэлт гаргаж байна” гэв.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурор Н.Дүүрэнжаргалын эсэргүүцлийг үндэслэн Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Э.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргажээ.

 

Шүүх хуралдаанд шүүгч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн нэг дэх заалтыг ... Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай ... гэж уншиж сонсгожээ.

 

Гэтэл прокурор, оролцогч нарт гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж бичигдсэн байх бөгөөд энэхүү зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан ноцтой зөрчилд тооцогдоно.

 

Түүнээс гадна шүүх тухайн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Б-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байх боловч уг ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдаагүй атлаа тогтоох хэсэгт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон нь буруу байна.

 

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокуророос “...Батцэцэг өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэг, ... торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх санал гаргаагүй, үүнийг төлнө гэсэн учраас хэсэгчлэн төлүүлэхгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй...” гэсэн дүгнэлт гаргасан байх бөгөөд хэрэв торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн төлбөр төлөх чадварт нийцүүлэн хуульд зааснаас өөрөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзсэн тохиолдолд хуульд зааснаас илүү боломж олгох байдлаар сунгаж тогтоох эрхтэй.

 

Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт торгох ялыг биелүүлэх хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоног байхаар хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн санхүүгийн байдлыг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзвэл хуульд заасан дээрх хугацаанаас илүү хугацаагаар тогтоох нь зүйтэй юм.

 

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн... ” гэсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

4. Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгасугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

                        ШҮҮГЧ                                                           С.УРАНЧИМЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР