| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00403/и |
| Дугаар | 318/ШШ2025/00383 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 318/ШШ2025/00383
Хүсэлт гаргагч: Ж.Д
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ж.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1965 оны 5 дугаар сарын 09-нд төрсөн. 60 настай. Би цэргээс халагдаж ирээд 1987 оны 7 дугаар сарын 27-нд Алтан гадас одонт барилга трестэд өрлөгийн ажилд орсон. 1987-1991 онд барилга трестэд ажиллаж байгаад 1991 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал У ББХК-д ажиллаж байсан хугацааны цалингийн тодорхойлолт байгаа бөгөөд нийгмийн даатгалд шимтгэл төлсөн баримт байхгүй мөн гарсан тушаал байхгүй учраас шүүхэд хандаж байна. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Б.З гэрчээр асууж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2350 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 431 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 175 дугаартай тодорхойлолт, тус архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 115 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 115 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 202 дугаартай зөвлөмжийн хуудас, Ж.Д 075678 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Барилга трестийн даргын 1987 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 343 дугаартай тушаал, 1990 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 238 дугаартай тушаал, гэрч Б.З иргэний үнэмлэхийн хуулбар, Б.З 041194 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагч Ж.Д хүсэлтээр Б.З гэрчээр асуув.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ж.Д ХААТР-1 маягт, Хаягийн хуудас 7, гэрлэснийг бүртгэх анкетыг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс Ж.Д хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Ж.Д нь шүүхэд хандаж 1987 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн У ББХК-д өрлөгчнөөр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Ж.Д хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч Ж.Д нь 1987 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Барилга трест болон У ББХК-д өрлөгчнөөр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Ж.Д нь 1965 онд төрсөн. Цэргийн алба хааж ирээд 1987 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс Барилга трестэд өрлөгчнөөр ажилд орсон. Улмаар 1992 он хүртэл Барилга трестэд ажиллаж байгаад үргэлжлүүлэн У ББХК-д ажилд орж, 1994 оныг дуустал ажилласан.
Гэвч тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон тушаал тодорхой бус байгаа тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Ж.Д нь 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Батлан хамгаалахын сайдын 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгаас цэргийн албанд татагдаж, Ардын армийн 241 дүгээр цэргийн ангид цэргийн алба хааж, мөн сайдын 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар Увс аймагт 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 557638 дугаартай цэргийн батлахтай халагдсан болох нь хэрэгт авагдсан Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2350 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.
4.2. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас хуулбарлан ирүүлсэн Барилга трестийн даргын 1987 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 343 дугаартай тушаалаар Ж.Д мөн өдрөөс эхлэн өрөгчөөр ажиллуулахаар шийдвэрлэжээ.
4.3. Улмаар Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 115 дугаартай цалингийн тодорхойлолтоор хүсэлт гаргагч Ж.Д 1987 оны 8 дугаар сараас 1988 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга трестэд өрөгчөөр ажиллаж, цалин хөлс авч байсан үйл баримт тогтоогдож байна.
Түүнчлэн, шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар бүрдүүлсэн Ж.Д ХААТР-1 маягтыг 1988 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бүртгэсэн байх бөгөөд тухайн баримтад Ж.Д Барилга трестэд өрөгч ажилтай, 1989 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэсэн гэрлэснийг бүртгэх анкетад Барилга трестэд өрлөгчин ажилтай гэж тус тус тэмдэглэжээ.
4.4. Хэдийгээр Увс аймгийн Засаг даргын тамгын газарт хадгалагдаж байгаа Барилга трестийн 1990 оны цалингийн баримтаас Ж.Д холбогдох цалингийн баримт гараагүй боловч хэрэгт авагдсан Барилга трестийн даргын 1990 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 238 дугаартай тушаалаар хүсэлт гаргагч Ж.Д нь 1990 онд Увс аймгийн Барилга трестэд өрөгчөөр ажиллаж байсан болохыг нотолж байна.
Тодруулбал, дээрх тушаалаар тус трестэд өрөгч ажилтай Ж.Д урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байх тул хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой талаас нь үнэлэв.
4.5. Харин хүсэлт гаргагч Ж.Д 1991-1994 оны хооронд У ББХК-д ажиллаж байсан эсэх нь хэрэгт авагдсан Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 115 дугаартай цалингийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Тодруулбал, тус цалингийн тодорхойлолтод хавсарган ирүүлсэн цалингийн баримтаар хүсэлт гаргагч Ж.Д 1991-1994 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд У ББХК-д ажиллаж, цалин хөлс авч байсан болох нь тогтоогдож байна.
4.6. Хүсэлт гаргагч Б.З 1988-1995 оны хооронд Увс аймгийн У ББХК-д ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан 041194 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
Иймд гэрч Б.Зоригоогийн мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
5. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Ж.Д 1987 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн У ББХК-д өрлөгчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
6. Шүүхээс хүсэлт гаргагч Ж.Д хүсэлтийг бүхэлд нь хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Ж.Д1987 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн У ББХК-д өрлөгчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Ж.Д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА