Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 123/ШШ2025/0058

 

 

2025       07          23                                       123/ШШ2025/0058

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: М.Ц,

            Хариуцагч: *** аймгийн ***сумын Засаг дарга,

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Будхүү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшин, хариуцагч *** аймгийн ***сумын Засаг дарга В.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага

1. Нэхэмжлэгч *** нь “*** аймгийн ***сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/25 дугаар “Албан тушаалаас халах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3,118,000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар

2.1. Нэхэмжлэгч *** нь *** аймгийн ***сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар ***сумын Эрүүл мэндийн ***ийн даргын албан тушаалд түр томилогдсон байна.

2.2.  Маргаан бүхий акт болох хариуцагч *** аймгийн ***сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/25 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 8 дугаар зүйлийн 8.2.4, 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын Эрүүл мэндийн ***ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *** нь удаа дараа албан тушаалын тодорхойлолтын дагуух чиг үүргээ хэрэгжүүлээгүй, сумын шуурхай штабыг мэдээллээр хангаагүй, төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдэл гаргасан тул 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халжээ.

2.3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-т “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны *** байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...үндэслэлгүй шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хүчингүй болгуулах, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, орон байраар хангагдаагүй нөхцөл шалтгааныг хуулийн дагуу шийдвэрлүүлэх, ...тус сумд 2 сар ажиллах хугацаанд дотор, хэвлийн эход 264 хүнийг үнэ төлбөргүй харсан, дотрын эмчийн оношилгоо, эмчилгээ үзлэгийг 325 хүнд үзүүлсэн, хавдар өвчнийг эхогоор 6 хүнд онош тодруулж, хагалгаанд оруулсан, алслагдсан 3 багаар явж 70-80 өрх айлаар явж, үзлэг оношилгоо, зөвлөгөө өгсөн, лабораторийн кабинетын багаж, тоног төхөөрөмжийг засварлаж, уусмалаар хангаж, хэвийн үйл ажиллагаанд оруулсан. Сумаас гамшгаас хамгаалах бэлэн байдлыг 2-3 хоног зарлаж, 3 удаа цугларалт болж, би 1 удаа өглөө 7 цагт бүрээ дуугаргах үед нь 1 цаг хоцорч 8 цагаас хуралд нь сууж, мэдээг нь 8-11 цаг хүртэл өгснийг захиргаа, Тамгын газрын хамт олон мэдэж байгаа. Засаг дарга нь 11 удаа дуудаж, ажлын байрны дарамт үүсгэж чи эмнэлгийн төсвийг хэтрүүллээ, үр дүнгийн мөнгийг хүн бүрд 40 хувиар өгсөн байна. Чи олон газар ажилласан муу хүн байна гэж удаа дараа загнасан. 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр цайны цагаар дуудаж, та ажлаа өг, би А.Соёлоо эмчийг томиллоо гээд 5 сарын 19-ний өдөр гэнэт ажлаас үндэслэлгүй халах тушаал гаргаж, ажлаа өг гэсэн. Иймд Монгол Улсын хуулийн дагуу хугацаанд шийдвэрлүүлж өгөхөөр гомдолтой байгаагаа илэрхийлж байна” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэл дээр тодорхой хэдэн зүйлийг нэхэмжилсэн байдаг. Нэгдүгээрт хууль бусаар ажлаас халлаа, ажлаас халсан 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/25 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин болох 3.118.000 төгрөгийг гаргуулах зэрэг нэхэмжлэлийн үндсэн 3 шаардлагыг тавьж байна. М.Ц гэдэг хүн анагаах ухааны дээд боловсролтой, клиникийн доктор, анагаах ухааны магистрын зэрэг хамгаалсан, өнөөдрийн төр засгийн авч байгаа бодлогын хэмжээнд нэлээн сайн мэргэшсэн эмч юм. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд харж байгаагаар Засаг даргатайгаа хувийн таарамжгүй харилцаанаас болж Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар үндэслэлгүйгээр ажлаас халсан байна гэж үзэж байна. Хариуцагч нь М.Цийг анх ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Энэ нь зөрчилтэй харагдаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч ажилтныг ажилд авахдаа заавал хөдөлмөрийн гэрээ байгуулна гэсэн заалт байгаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилд авсан тохиолдолд 10 хоногийн дотор нөхөж хөдөлмөрийн гэрээ байгуулна. Хэрвээ 10 хоногоос хэтэрсэн тохиолдолд ажилд авсан хүн үргэлжлүүлж ажлаа гүйцэтгэж болно. Гэхдээ ажил олгогч Хөдөлмөрийн хууль зөрчсөн байна гэж үзэж захиргааны арга хэмжээ авна гэсэн хуулийн заалт харагдаж байна. ***ийн нэхэмжлэл нь хуулийн үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэжээ.

3.3. Хариуцагч *** аймгийн ***сумын Засаг дарга В.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “*** аймгийн ***сумын Засаг дарга В.Б миний бие нь 2024 оны сонгуулийн үр дүнгээр аймгийн Засаг даргын 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/93 тоот захирамжаар томилогдон ажиллаж байна. Мягмарын М.Ц 2025 оны 02 дугаар сард сумын Эрүүл мэндийн ***ийн даргаар ажиллах хүсэлтэй байгаа тухай өргөдөл ирүүлсний дагуу тухайн үед Эрүүл мэндийн ***ийн  дарга С.Булганчимэг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байсан ба даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр их эмч А.Соёлмаа хавсран ажиллаж байсан тул ажлын ачаалал их байгаа тухай өргөдөл болон ажлын туршлагыг харгалзан үзэж, Авлигатай тэмцэх газарт ***ийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хянуулахаар хүргүүлсэн.

Авлигатай тэмцэх газрын 05/4764 тоот албан бичгийг үндэслэн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Б/21 тоот захирамжаар Эрүүл мэндийн ***ийн даргын үүрэгт ажилд түр томилсон, ажиллах хугацаандаа дараах асуудлыг үүсгэсэн. Үүнд:

1-р асуудал: Засаг дарга миний бие Эрүүл мэндийн ***ийн ажил байдалтай танилцахад эмнэлгийн бүх шалны хулдаасыг солих талаар ярихад нь энэ жилийн төсөвт тусгагдаагүй тул боломжгүй гэхэд та мөнгийг нь олоод өгвөл миний таньдаг хүн байгаа. Түүгээр дамжуулаад авбал хэдэн төгрөг унагах боломжтой гэж ярихад ашиг сонирхолтой хүн байна гэж бодсон тул үүнийг ямар ч байсан шийдэх боломжгүй гэж хэлсэн.

2-р асуудал: Эрүүл мэндийн ***ийн нягтлан Б.Батчулууныг надтай хамтарч ажиллаж чадахгүй байна. Тийм учраас Улаанбаатар хотоос өөрийн нягтлан бодогчоо авч ирж ажиллуулах хэрэгтэй байна гэсэн. Чи түр тушаалтай тул хүн халж болохгүй, зохицож ажиллах ёстой, ямар шалтгааны улмаас халах нь тодорхойгүй учир боломжгүй гэсэн. /нягтлан Б.Батчулуунаас тайлбар авахад дарга намайг бэлэн мөнгө гаргаж өгч чадахгүй бол хууль бус урамшуулал олго гэж дарамт үзүүлсэн талаар ярьсан/

3-р асуудал: Эрүүл мэндийн ***ийн сувилагч Э.Дэлгэрцэцэг удаа дараа дарамталж байна гэсэн өргөдөл ирсэн тул дуудан ажил дээрээ ёс зүйтэй, ажилчидтайгаа эвтэй ажиллах талаар зөвлөсөн.

4-р асуудал: Эрүүл мэндийн ***д моорогын хөлдөөгч авах санхүүжилтийг олгохоор ***сум Бороо гоулд ХХК-ын Хамтын ажиллагааны хорооны гишүүдтэй ярилцаж байх үед надтай жич уулзъя гээд манай өрөөнд орж ирсэн. Дарга энэ хөлдөөгч нь 1 хаалгатай нь 8 сая, 2 хаалгатай нь 10 сая гэж байна аа хоёулаа 2 саяыг нэмээд хуваагаад авъя гэж ярьсан түүнийг нь би огт хүлээн зөвшөөрөөгүй.

5-р асуудал: 5 дугаар сарын 12-ны өдөр тус суманд 15:30 цагт Улаан бурхан өвчин шинжилгээний хариу батлагдан ирэх үед албан ёсоор хэлээгүй. Би хүмүүсийн ярианаас Улаан бурхан өвчин илэрсэн тухай сонсож ***ээс тодруулахад яаралтай арга хэмжээ аваад яах вэ, түр хүлээж байя аа гэсэн /нуун дарагдуулах тухай мессэж бичсэн/. Би орой 20 цагийн үед сумын Онцгой комиссыг хуралдуулж яаралтай арга хэмжээ авч 7 хоног хорио цээр тогтоосон.

6-р асуудал: 5 дугаар сарын 17-ны өдөр дуудан уулзаж ажлаа хийж чадахгүй хэт их ашиг сонирхол гаргаж байна. Ажилчдадаа ажлын байрны дарамт үүсгэн даргын ажлыг хийж чадахгүй байгаа тул эмчээр ажиллах талаар ярилцахад уурлаж дарга хийнэ ээ эмч хийхгүй гээд орилоод хэл амаар доромжлон гарсан.

7-р асуудал: 5 дугаар сарын 19-ний өдрийн Шуурхай дээр зарчмын асуудал, шаардлага тавих үед уурлан төрийн албан хаагчдын өмнө архив бичгийн ажилтан Э.Ганзоригийн үхэлд энэ Засаг дарга буруутай, алсан гэж хашхирсан, хол явахыг чинь харна аа гэхчлэн занал хийсэн. Эрүүл мэндийн ***ийн даргын үүрэгт ажлыг 2 сар хүрэхгүй түр томилогдон ажиллаж байх хугацаанд дээрх асуудлаас харахад төрийн албан хаагчийн ёс зүйгүй, авлига ашиг сонирхолтой байсан тул 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/25 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн” гэжээ.

3.4. Хариуцагч *** аймгийн ***сумын Засаг дарга В.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед 03 дугаар сарын 17-ны өдөр *** эмчийг түр хугацаагаар ажилд авсан байдаг. Гэхдээ *** нь ажилд ороод сарын хугацаанд Авлигатай тэмцэх газраас бичиг ирсэн. Үүнтэй холбоотойгоор Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу мэдүүлэг өгөх ёстой байсан боловч мэдүүлгээ өгөхгүй явсаар байгаад нэг сар болсон. Энэ хугацаанд манай Тамгын дарга байсан. Тамгын дарга албан ёсоор хөдөлмөрийн гэрээ хийгээгүй явсан байсан. Тамгын дарга маань ч өөрөө 04 дүгээр сард ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Цаашаа нэлээн явж ажил дээр нь очиж уулзсан. Ажил ямар байна гэхэд голцуу өөдөөс юм ярьдаг. Амнаас нь гардаг нь дандаа мөнгө санхүү байдаг. Эрүүл мэндийн ***ийн дотор заслыг тэр чигт нь өөрчлөн гэж ярьсан гэвч Төрийн байгууллагад эрүүл мэндийн ***ийн дотор заслыг тэр чигт нь өөрчлөх төсөв байхгүй. Надад нэг таньдаг компани байна. хоёулаа хуваая гэсэн. Ер нь анхнаасаа ийм яриа эхэлсэн учир тэр үеэс би айж эхэлсэн. Төсвийн мөнгөөр тоглох юм шиг надад харагдсан. Удаа дараа тийм асуудал үүсэж байсан. Би мэдүүлэгтээ өгсөн. Өөрийг нь түр хугацаагаар ажилд аваад байхад нягтлангаа солино, би өөрийн хүнээ ажиллуулмаар байна гэдэг. М.Цийг албан ёсоор хоёроос гурван сарын хугацаанд туршилтын хугацаагаар ажиллуулж байгаад жинхлэх эсэхийг шийдэх байтал төр нөхөр өөрөө ажилтан солино гэж ярьсан. Энэ хүн доктор гэдэг нь үнэн гэхдээ би энэ нүдээр хараад ажилд авсан. 13 жил нэгдүгээр *** эмнэлэгт ажилласан юм байна. Хэрвээ дарга хийж чадахгүй бол нарийн мэргэжлийн эмчээр авчихвал надад хэрэгтэй гэж харсан боловч би хэзээ ч эмч хийхгүй, би дарга хийх ёстой хүн. Энэ мэтчилэн удаа дараа асуудлууд үүссэн. Улаан бурхан өвчин гарсан байх үед аймгийн *** дээр батлагдсан байхад тэрийг надад хэлээгүй. Тухайн өдөр 7 цагийн үед даргаа энийг өндрийг нь авхуулахгүй дарчихвал яасан юм бэ гэж мессеж бичиж байсан. Дараа нь эмнэлэгт морг авах гээд аж ахуйн нэгж байгууллагуудыг оруулж ирсэн боловч ажлын хэсэг хуралдаж байхад намайг орлогчийн өрөөнөөс дуудаж гаргаж ирээд таны өрөөнд уулзъя гэж хэлээд өрөөнд ороод бас л нөгөө асуудлаа ярьсан. Найман сая, арван сая гээд үнэтэй байдаг юм байна. Хоёр сая төгрөг нэмээд хоёулаа хуваагаад авчихъя гэхэд нь энэ дээр тийм асуудал байхгүй та ямар сонин юм бэ гэж хэлээд буцааж оруулсан. Тэнд байсан олон хүмүүс байсан мэдэж байгаа. Та бүхэн сайн судлаарай, адилхан тоног төхөөрөмж орж ирнэ. Сайн судлаарай гэж хэлсэн, ямар энэ хүн надтай мөнгө хувааж идье гэж ярьсан гэж хэлэлтээ биш. Хамгийн харамсалтай нь В.Б дарга битгий хүн үз гэж хэлсэн байсан. Энэ бол үнэхээр ичгүүртэй. Эсрэгээрээ би эхо аппаратыг олж ирээд та эхо үз гэж байхад үзэхгүй, дараа нь мөнгөөр хүнийг үзэж эхэлсэн байдаг. ***сумын ард иргэдэд В.Б дарга битгий үз гэсэн би үзэхгүй гэсэн байдаг. Тангараг өргөсөн хүн тийм зүйл яриад сууж болохгүй. Хамгийн сүүлд 19-ний өмнө өдөр дуудаж уулзсан. Таны ярьсан зүйл арай хэтэрч байна. Би таныг түр авсан болохоос манай дээр дутагдалтай байгаа эмч нарыг бүгдийг нь халаад, солиод өөрийнхөө хүмүүсийг авчир гэж би таныг томилоогүй. Та манайд нарийн мэргэжлээр ажиллавал ажил, үүнээс хойш би таныг даргаар байлгаж чадахгүй юм байна. Та хамт олноо хагалан бутаргаж байна. Докторын зэргийг тухайн үед аудитаар шалгаж байхад докторын нэмэгдлүүдийг хэлэхгүйгээр  шийдвэр гараагүй байхад дураараа авч эхэлсэн. Энэ чинь ийм асуудалтай гэхэд би авах ёстой гээд аймгийн аудитын Саруул дарга ирсэн байсан буюу асуухад болохгүй гээд нэмэгдлүүдийг болиулсан. Эрүүл мэндийн *** дандаа эмэгтэй ажилчидтай цаашид аваад явчих байх гэхэд миний харсан өнцөг, тэр хүний бодож байгаа бодол тэнгэр газар шиг ялгаатай байсан. Гэтэл тухайн 19-ний өдрийн хурал дээр бүх ажилчид мэргэжилтнүүд байхад үүднийхээ бичиг хэргийг энэ нөхөр алсан. Би гэрчлэн. Чамайг цаашид сайхан явахыг чинь харна гээд дарамталж эхэлсэн. Өөрөө нэхэмжлэл дээрээ бичсэн байсан намайг 11 удаа дуудаж дарамталсан гэсэн байсан. Би юу гэж ажил сайжруулна гээд ороод ирж байгаа хүнийг дарамтлах юм бэ. Аль болох та эмэгтэй хүмүүстэй байгууллага учраа олоод явчих гэж хэлсэн. Ажлаас халагдаад явахынхаа өмнө Баянхонгор аймаг руу сургалтад ажлын эмч нарыг аваад явчихсан. Ажлаа хүлээлцэх гээд байхад тамгаа аваад алга болсон. Мэдүүлэг өгсөн хоёр гурван хүн байгаа тэр хүмүүсийг үнэхээр дарамталж байсан. Хаяа архи уудаг юм байна гээд архийг би тоогоогүй. Больчих болов уу гэхэд архинаас хамааралтай байсан. Ажлаа аваад маргааш нь нүүр ам нь аймар болоод ирж байсан. Бүхэл бүтэн дарга хүн тийм байж болохгүй. Ажилд авснаас хойш 3 сарын дараа чөлөөлөх хүсэлтээ аймаг руу өгсөн байсан. Тэр хүн шалгалт өгөх ёстой. Туршилтын 3 шатандаа явж байсан. 2 сар ажиллаж байх хугацаанд нь хамт ажиллаж байсан хүмүүс нь өргөдлөө өгөөд эхэлсэн. Нэг хүнээс болж нэлээд хүний эрх ашгийг хөндөж, хохироомооргүй байна. Тийм учраас би энэ хүнтэй цаашид хамт ажиллаж чадахааргүй юм байна гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Би зөв шийдвэр гаргасан гэж бодож байна. Хөдөөгүүр хүмүүс үзэж эмнэлэгт хэвтүүлнэ гээд мал хуй авсан байсан. Өндөрширээт суманд урд ажиллаж байх хугацаандаа нэлээд асуудал тарьж ирсэн байсан. Эрүүл мэндийн урд нь Булганчимэгээр дамжуулаад хэлсэн байдаг. Би тэрийг нь оройтож сонссон. Аятайхан болчих болов уу гэж нэлээд харсан гэтэл эсрэгээрээ ашиг сонирхол нэгт яваад байсан учир ажлаас нь чөлөөлсөн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд, ***ээс гаргасан *** аймгийн ***сумын Засаг даргад холбогдох “*** аймгийн ***сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/25 дугаар “Албан тушаалаас халах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3,118,000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. *** аймгийн ***сумын Засаг дарга нь ***ийг 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/21 дүгээр захирамжаар тус сумын Эрүүл мэндийн ***ийн даргын албан тушаалд түр томилж, улмаар 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/25 дугаар захирамжаар “... удаа дараа албан тушаалын тодорхойлолтын дагуух чиг үүргээ хэрэгжүүлээгүй, сумын шуурхай штабыг мэдээллээр хангаагүй, төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдэл гаргасан” гэх үндэслэлээр ажлаас халжээ.

      3. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн талаар:

      3.1. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө”, 7.1.2 дахь заалтад “Зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Төрийн албан хаагчид энэ хуулийн 7.1-д заасан нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд ... дараах үйл ажиллагааг хориглоно”, 8.2.4 дэх заалтад “Албаны чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулах” гэж тус тус заажээ.

      3.2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрч С.Сарангэрэлийн мэдүүлэгт[1] “...Ажиллаж байх хугацаандаа Эрүүл мэндийн ***өөс гаргаж байгаа тушаал, шийдвэрээ танилцуулдаггүй, хянуулахгүй шууд гаргадаг. Байгууллага дээрээ Төрийн албаны ёс зүйг дагаж мөрдүүлдэггүй, алба хаагч нараа хагаралдуулдаг. Эмэгтэй ажилчид нь хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, зодоон цохион гаргаж байхад нь огт тоосон шинжгүй, ямар ч арга хэмжээ авч ажилладаггүй” гэж,

***сумын шуурхай штабын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлд[2] “...Эрүүл мэндийн ***ийн дарга ***тэй 9006329 дугаарын утсаар 11 цаг 51 минутад нийгмийн бодлогын мэргэжилтэн холбогдож Шуурхай штабын хурал зарлагдаж буйг хэлэхэд: ***ээс би өөрөө Улаанбаатар хот руу явж байна, ажлаа А.Соёлмаа эмчид хүлээлгэж өг гэсэн. Надад хийсэн буруу зүйл байхгүй санагдаж байна. Би даваа гаригт ирж ажил хүлээлцэх байх, өнөөдрийн хуралд оролцох боломжгүй байнагэж,

 С.Сарангэрэлийн мэдүүлэгт[3] “...Манай суманд 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолд бүртгэгдээд нарийвчилсан шинжилгээгээр батлагдсан. Улаанбурхан гарсныг Эрүүл мэндийн ***ийн дарга *** сумын удирдлагуудад мэдээлэх үүрэгтэй. Гэтэл би өөрөө Эрүүл мэндийн ***ийн эмчээр ажилладаг н.Булганчимэг эмч рүү залгаж Улаанбурхан өвчин гарсан талаар олж мэдсэн ... Ингээд тухайн өдрийн орой сумын Онцгой комисс хуралдаж өвчтөнийг эмчлэх заавар зөвлөмж өгч ажиллуулах үүрэг даалгаврыг өгсөнзэрэг гэрчийн мэдүүлэг, холбогдох баримтуудаа үзвэл нэхэмжлэгчийг төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн гэж үзэхээр байна.

3.3. Тодруулбал, *** нь албан тушаалын тодорхойлолтын дагуух чиг үүргээ хэрэгжүүлээгүй, сумын шуурхай штабыг мэдээллээр хангаагүй, төрийн албан хаагчийн ёс зүй, нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг зөрчсөн үйлдэл гаргасан нь баримтаар тогтоогдож байх тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

4. ***ийг ***сумын Эрүүл мэндийн ***ийн даргын албан тушаалд түр томилсон тухайд:

4.1. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг дараахь журмаар түр орлон гүйцэтгүүлнэ”, 43.3.3 дахь заалтад “... бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх”, 43.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж,

Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилох ажилтныг сонгон шалгаруулах журмын 2.1 дахь хэсэгт “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Салбар зөвлөлд болон аймаг, нийслэлийн Боловсролын газарт харьяаллын дагуу ирүүлнэ”, 8.1.3 дахь заалтад “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдээс тухайн албан тушаалын шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан нэг иргэний нэрийг дэвшүүлж, дүгнэлтийн хамт томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэх”, 8.2 дахь хэсэгт “Томилох эрх бүхий этгээд Салбар зөвлөл буюу аймаг, нийслэлийн Боловсролын газраас нэр дэвшүүлсэн иргэнийг тухайн албан тушаалд томилсон тухай шийдвэр гаргана”, 8.4 дэх хэсэгт “Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг удирдах албан тушаалд томилохгүй” гэж тус тус заажээ.

4.2. Дээрх хуулийн заалтаас үзвэл, төрийн албан хаагчийн сул орон тоо гарсан тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх бөгөөд энэ журмыг зөрчиж төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглохоор хуульчилжээ. Мөн төрийн албан хаагчийн сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулах бөгөөд хамгийн өндөр оноо авсан нэг иргэний нэрийг дэвшүүлэн, эрх бүхий этгээд томилох шийдвэр гаргахаар байна.

4.3. Нэхэмжлэгч *** нь *** аймгийн ***сумын Эрүүл мэндийн ***д ажиллаж байгаагүй тул төрийн албан хаагчийн сул орон тоонд түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж хууль зүйн боломжгүй, мөн Эрүүл мэндийн ***ийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцоогүй байна. Тиймээс нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд анхнаасаа томилогдох эрх бүхий этгээд биш байсан гэж үзэхээр байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “....хариуцагч нь ***ийг анх ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй" гэх боловч *** аймгийн ***сумын Эрүүл мэндийн ***ийн даргын албан тушаалд хууль бусаар томилогдсон, ёс зүйн зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдож байх тул уг тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

6. Тиймээс дээрх үндэслэлүүдээр *** аймгийн ***сумын Засаг даргын Б/25 дугаар захирамж нь нэхэмжлэгч ***ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 8 дугаар зүйлийн 8.2.4, Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3, 43.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ***ийн *** аймгийн ***сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/25 дугаар “Албан тушаалаас халах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3,118,000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 64,838 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Л.ӨЛЗИЙЖАРГАЛ