| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00358/и |
| Дугаар | 318/ШШ2025/00398 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 318/ШШ2025/00398
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмждэгч: М ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: М.О холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 925,881 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Хариуцагч М.О шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан шийвэрлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч М ББСБ нь хариуцагч М.О 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 140000629327 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 490,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 705 хоногийн зээлийн хүү 366,185 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,696 төгрөг, нийт 925,881 төгрөг шаарджээ.
3. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагчийн оршин суудаг гэх Увс аймгийн Улаангом сум, 11 дүгээр баг, 11 тоот хаягаар хүргүүлэхэд Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 142 дугаартай тодорхойлолтоор М.О нь тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг тодорхойлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.2 дахь хэсэгт Энэ хуулийн 754.1-д заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар , өмгөөлөгчийн Монголын Өмгөөлөгчдийн холбооны цахим системд бүртгүүлж холбогдсон цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ гэж заасан.
Хариуцагч М.О оршин суугаа хаягийг тодруулахад, тоот хаягт мөн бүртгэлтлэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.О үндэсний цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт хүргүүлсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753.2 дахь хэсэгт Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ гэж заасан.
Хариуцагч М.О нь шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрх, үүргийн тайлбарыг өөрийн үндэсний цахим шуудангийн хаягаар хүлээн авсан боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болно.
4. Нэхэмжлэгч М ББСБ нь Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Санхүүгийн зохицуулах хорооны 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ТЗ101/209 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчдын хооронд 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 140000629327 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч М ББСБ-ыг төлөөлж гүйцэтгэх захирал Ш.О, хариуцагч М.О нар гарын үсэг зурж баталгаажуужээ.
Дээрх зээлийн гэрээний дагуу зохигчид 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 490,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 3.1 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүг 20 хувиар нэмэгдүүлж тооцохоор тохиролцож, нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч талаас 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 490,000 төгрөгийг хариуцагчийн Хаан банк дахь тоот дансанд бэлэн бусаар олгосон олох нь хэрэгт авагдсан зээл, зээлийн эрх нээх гэрээ, зээлдэгчийн зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй ба талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх тул мөн хуулийн 451.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Зээлдэгч нь 2023 оны 4 дүгээр сарын сарын 03-ны өдөр 490,000 төгрөгийн зээлийг хүлээн авснаас хойш үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүй, 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүүгийн төлбрөт 580 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 99 төгрөг, нийт 679 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэгч нь 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээл 490,000 төгрөг, зээлийг ашигласан 705 хоногт ногдох зээлийн хүү 366,185 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,696 төгрөг, нийт 925,881 төгрөгийг хариуцагч М.О шаардах эрхтэй.
6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,771 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.О 26,771 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.О 925,881 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,771 /хорин зургаан мянга долоон зуун далан нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.О 26,771 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ-д олгох олгосугай.
Зохигч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА