| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/01546/И |
| Дугаар | 192/ШШ2025/04027 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/04027
2025 05 13 192/ШШ2025/04027
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 хороо, Сөүлийн гудамж, ******* плаза 8 давхар, ******* тоот хаягт байрлах, ******* капитал ББСБ ХХК /рд:*******/
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 23 хороо, ******* 2 хотхон, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт Бадрахын /рд:ГК/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 52,547,618.02 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри, хариуцагч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Золжаргал нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай компанийн зүгээс хариуцагчтай дараах гэрээнүүдийг байгуулсан. Үүнд: 2019.07.04-ний өдөр №1907003 дугаартай цалингийн зээлийн барьцааны гэрээ, энэ гэрээний салшгүй хэсэг болох 1907003/02 дугаартай 2019.08.06-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан. Дээрх хоёр гэрээний хүрээнд сарын 1.7 хувийн хүүтэй, 8,780,000 төгрөгийг хүүгийн хамт 2019.09.06-2021.07.04-ний өдрийн хооронд төлөхөөр харилцан тохиролцсон. 2021.12.05-ны өдөр №1907003/04 дугаартай дээрх гэрээнүүдэд холбогдох зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, сарын 1.7 хувийн хүүтэй, 11,855,983 төгрөгийг хүүгийн хамт 2022.01.20-2022.12.05-ны өдрийн хооронд төлөхөөр харилцан тохиролцсон. 2023.03.28-ны өдөр №1907003/05 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу дээрх 3 гэрээтэй холбоотойгоор зээлийн үлдэгдэл 11,855,983 төгрөг төлөх хугацааг 12 сараар сунгасан буюу 2023.04.20-20*******.03.28 хүртэл хугацаанд сарын 1.7 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцсон. Дээрх гэрээнүүдийн үндсэн зээл 11,855,983.01 төгрөг, хүү 9,049,079.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 729,233.11 төгрөг, нийт 21,634,295.37 төгрөгийг төлөөгүй. 2021.11.22-ны өдөр №2111004 дугаартай цалингийн зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Энэхүү гэрээний үндсэн зээл 11,100,000 төгрөг, хүү 7,376,588.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 525,348.08 төгрөг, нийт 19,101,936.64 төгрөгийг төлөөгүй. 2022.04.20-ны өдөр №2204050 дугаартай цахим зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу 7,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний хүрээнд үндсэн зээл 7,000,000 төгрөг, хүү 4,307,475.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 503,910.68 төгрөг, нийт 11,811,386.01 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Б.аас 52,547,618.02 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Төлбөрийг бага багаар төлнө гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 52,547,618.02 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага 52,547,618.02 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.
3. Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2025.02.13-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК нь төлөөлүүлэх эрхээ Д.Майдрид олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
5. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 52,547,618.02 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 52,547,618.02 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /413,328+38,505/ нийт 451,833 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 225,916.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН