Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/12

 

*******эд холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч О.Баатарсүх, Ерөнхий шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               М.Бамбадорж

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                  *******

Хохирогчийн өмгөөлөгч                                        Ч.Эрдэнэбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        М.Энхтуяа

Шүүгдэгч                                                                   *******

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/351 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн 2321001340317 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03ы өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1990 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “*******coffee shop-т ажилладаг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ хорооллын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: *******/

2. Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу жолоо барихыг хориглосон байхад согтуурсан үедээ Toyota ******* Fielder маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах Шинэ-хөгжил сургуулийн хойд талын зам дээр иргэн г дайрч зам тээврийн осол гаргаж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд     шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч *******ийн *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/, 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 2 /хоёр/, 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах  ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс гэм хорын хохиролд 16,965,076 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Toyota ******* Fielder маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг  CD-г хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслэн сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шийтгэх тогтоолын 11, 12 дугаар талд бичигдсэн “... Энэхүү гэмт хэрэг нь 2023 оны 02 сарын 23-аас 24-нд шилжих шөнө үйлдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл хохирогч гэмт хэрэгт өртөж амь насаараа хохирсоны дараа буюу 2023 оны 7 сард хууль батлагдаж, дагаж мөрдөгдсөн учраас хууль тогтоомжийг буцаан хэрэглэж сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах боломжгүй гэж шүүх үзлээ.” гэсэн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Хуулийг хэрэглэх хугацааг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж хуульчлахдаа хууль тогтоогч тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаанаас хойш гэж тодорхойлоогүй. Амь хохирогч д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх хугацаанд, хэрэг прокурорт шилжихээс өмнө хуулийн хэрэгжих хугацаа болсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоох арга хэмжээг авах боломжтой байсан. Мөрдөгчид сэтгэцэд учирсан хохирлын асуудлыг шийдвэрлүүлэх саналыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувиар тавихад шүүх дээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг өгсөн.

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед хуулийг хэрэгжүүлэх хугацаа нэгэнт болсон буюу Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсгийг хэрэглэх үүрэг үүссэн байхад хэрэглэвэл зохих хуулийг шүүх хэрэглэхээс илтэд зайлсхийж, хуулийг буруу тайлбарлаж хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг шийдвэрлээгүй нь хууль зөрчиж байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтын өөрчлөлт хэрэг гарахаас өмнө батлагдсан байсан.

нь гэмт хэргийн улмаас амь насаараа хохирсон нь Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 7 сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” аргачлалын 3.3-д Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шүүхээс тогтоохоор зохицуулсан. Аргачлалын 3.4-т зааснаар 3.3-т заасан хэмжээ нь хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу 100 хувь байна.

Засгийн газрын Статистикийн газрын албан ёсны сайт 1212 статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд Дорнод аймгийн эрэгтэй хүний дундаж наслалтыг 66.7 гэж тооцсон ба хохирогчид ашигтай хувилбар нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлснээр тооцоход 82.5 сая төгрөг болж байгааг шүүх хуралдаанаар шийдвэрлэх бүрэн боломжтой төдийгүй үүрэгтэй байсан.

Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 1.1-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахад энэхүү журмыг мөрдөнө.

Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахад тавигдах нийтлэг шаардлага 2.2 “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана.” гэсний дагуу гэмт хэрэг үйлдэхээс өмнө батлагдсан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтыг дагаж мөрдөх үүргээ шүүх биелүүлээгүйд гомдолтой байна.

Иймд шийтгэх тогтоолд “амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлснээр тооцож 82 500 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж” гэсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү.

Бид ажиллаж, ид хийж бүтээх насандаа яваа дүүгээ удаа дараа согтуугаар жолоо барьж хариуцлага тооцуулсан хүний хариуцлагагүй бараг санаатай гэж болохуйц үйлдлийн улмаас зуурдаар алдсандаа маш их сэтгэл санааны хохиролтой хямралтай байна.

Шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэлийг нэг мөр шийдвэрлэх хууль зүйн боломж байгаа бөгөөд сэтгэцэд учирсан хор уршиг нь гэмт хэрэг гарснаас хойш удаан хугацаанд үргэлжлэх сэтгэл санааны процесс бөгөөд хэзээ ч арилахгүй. Иймд шүүх энэ хор уршгийг гэмт хэрэг гарсан огноо хугацаатай харьцуулах, хуулийн хэрэгжих хугацааг буцаан хэрэглэж байгаа мэтээр тайлбарлах ёсгүй бөгөөд шүүх хуралдаанаар шинээр мөрдөгдөж байгаа хуулийг хэрэглэхгүй байх хуулийн заалт хязгаарлалт байхгүй юм.”

“...Видео бичлэгийг Улаанбаатар хот руу аваачиж сайжруулж ирсэн. Би тэр бичлэгийг өөрөө үзсэн. ... Бичлэг дээрээс харахад миний дүү зүгээр хэвтэж байгаагүй шүү. Эхний хоёр машин зогсож байгаад өнгөрөөд явуулсан. Дараа нь замаар алхаад гарч байхад нь шууд ирээд дайрсан шүү дээ. ... Гэтэл дүүг маань зүгээр л газар хэвтэж байсан гэж яриад байх юм. ... Би их энэрэх сэтгэл зүйтэй орж ирсэн. Ийм зүйл яриад байх юм бол уучлах ч хүсэл алга...” гэв.

6. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... ******* нь гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа бөгөөд оногдсон ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаас харгалзан үзэхийг хүсч гомдол гаргаж байна.

Хүний амь нас хохироосон буруутай учир шүүгдэгчид өөрийгөө өмгөөлж үг хэлэх ч эрхгүйгээ сайн ойлгож байгаа. Гэвч осол болоход гол нөлөөлсөн хоёр шалтгаан байсныг зам тээврийн осол, түүний шалтгааныг тогтоосон 3 удаагийн шинжээчийн дүгнэлтэд тодорхой бичсэн.

*******ийн гол буруу нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 1.5, 12.1, 12.2, 12.3, 18.1.а гэх заалтуудыг зөрчсөн гэж буруутгасан. Эдгээр заалтуудаас 1.3, 1.5 дахь заалт нь шүүгдэгчид хамааралтайгаас гадна хохирогч, гэрч нарт ч хамааралтай заалт юм. Гэрч нар л болохоос тэд нар зорчих хэсэгт хоёр нь зогсчихоод машин зогсоох гээд гараараа дохиод байсан хүмүүс юм. Тэд нар тэгж орж ирээгүй бол тэд нараас зайлуулж, тойрох, тэдэнд анхаарч, анхаарал сарнихгүй байх, хохирогчийг шууд харах боломжтой ч байх байсныг үгүйсгэхгүй.

Мөн тэд нар хэрэг болсны дараа хүрч ирчихээд “наана чинь хүн байсан шүү дээ, дайрчихсан юм уу” гэж хэлсэн гэдэг. Хүн зам дээр хэвтэж байгааг харсан бол замаас зайлуулж гаргаж өгөх сэтгэл яагаад байгаагүй юм бол гэж харамсаж байна. Тэд иргэнийхээ үүргийг гүйцэтгэсэн бол гэж харамсаж байна.

Мөн *******ийн хувьд хүйтэнд архи уусан найзыгаа унаагүй болчихоор нь аргагүй байдалд ороод л машинаа жолоодож явсан. Ийм юм болохгүй л гэж бодож явна шүү дээ. Түүнд тус болохыг л бодсон. Гэтэл Төрбат ямар ч сэтгэл гаргаж туслаагүй. Тэр байтугай битгий байн байн утасдаад бай гэсэн байгаа юм. Тэр хүн цагдаагийн ажилтан байсан хүн. Ядаж чи машин барьж болохгүй, битгий яв гэж хэлж болох л байсан.

Хохирогч ч гэсэн тийм хүйтэнд яагаад шөнө дундаас хойш шал согтуу зам дээр ухаангүй хэвтэж байсан юм бол. Түүнийг хэн ч хайхрахгүй, ядаж цагдаа ч байхгүй, хэн нэг нь осгох нь гээд дуудлага дуудаад өгчихгүй яасан юм бол гээд алдсан хүн 10 тамтай гэгчээр олон зүйлийг хэлж болохоор байна, олон ч зүйлийг гаслан бодлоо.

Мэдээж энэ бүхнийг ярихаар хохирогчид өөрийгөө өмөөрсөн болж, түүнийг эмзэглүүлэх болов уу гээд өмнө нь юу ч хэлж чадаагүй. Одоо ерөнхийдөө шүүхээр хэлэлцэх эцсийн шат руу орж байна. Үүнийг бид өөр хаана хэлэх вэ.

Шүүгдэгч 3 охин хүүхэдтэй эмэгтэй хүн, хүүхдүүдээ орхиод л мөрдөнд орсон. Эцэг нь салсан. ... Хохирлын оршуулгын зардлын 1 200 000 төгрөгийг төлөөд байна. Битүүмжлэгдсэн  машины битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоолоор хүчингүй болгосон ч шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болоогүй учир машиныг олгохгүй гэсэн. Тэр машиныг зараад ч гэсэн хохирогч талдаа өгөх гэж хичээж байна. Иймээс ялыг багасгаж өгөөч гэж шүүх бүрэлдэхүүн, яллагч, хохирогч нараас чин сэтгэлээсээ гуйя.” гэв.

7. Хохирогчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хуулийг буцаан хэрэглэх тал дээр санал нийлэхгүй байгаа. Хүний амь нас хохирсон бол шинжээчийн дүгнэлтээр тогтоох шаардлагагүй, анхан шатны шүүх шууд өөрөө хохирлыг тогтоох боломжтой. Шүүхээс хэрэглэвэл зохих хуулиудыг бүхэлд нь хэрэглэх үүрэгтэй байгаа. Аргачлал нь хууль тогтоох байгууллагаас гаргасан хуулиас дээгүүр хэрэглэгдэх хэм хэмжээ гэж үзэхгүй байна. Хэрэгжих хугацааг ч гэсэн оновчгүй тайлбарласан гэж үзэж байна. Гэмт хэрэг хэзээ гарснаас хамаарах хугацааг тодорхой заасан гэж бодохгүй байна. 7 сарын 01-нээс өмнө гарсан гэмт хэрэгт энэ аргачлалыг хэрэглэхгүй гэсэн зүйл байхгүй байгаа. ... Тиймээс анхан шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг нэг мөр хэрэглээгүй гэж үзэж байгаа тул шүүхээс сэтгэл санааны хохирлыг тогтоож, 82.5 сая төгрөгийг сэтгэцэд учирсан гэм хор гэж үзэж хангаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

8. Прокурор М.Бамбадорж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогч талаас сэтгэцэд учирсан хохирлыг шүүх нэг мөр шийдвэрлэх ёстой байсан гэж маргажээ. ... Шүүх шинжилгээний тухай хуулийн 80.6 дугаар зүйлд заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тогтоол гарсан. Улсын Дээд шүүхийн тайлбар 7 сарын 03-ны өдөр гарсан. Үүн дээр 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдсэн гэмт хэрэг хамаарна гэж нарийн зааж өгсөн.

... Хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Мөн ял хариуцлагыг хөнгөрүүлэх хүсэлтийг гаргаж байгаа юм байна. Энэ ослын улмаас нэг иргэний амь үрэгдсэн. Тухайн үед жолооч нь жолоодох эрхийн үнэмлэхгүй байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийг дайрч амь насыг нь хохироосон байна. Энэ хэргийн хувьд нотолвол зохих зүйлс бүрэн тогтоогдсон. Анхан шатны шүүхээс 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн нь үйлдэлтэй бүрэн тохирч байна гэж үзэж байна. ...” гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу жолоо барихыг хориглосон байхад согтуурсан үедээ Toyota ******* Fielder маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх явцдаа Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах Шинэ-хөгжил сургуулийн хойд талын зам дээр иргэн г дайрч зам тээврийн осол гаргаж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, /1 хх 205-207/

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... Миний бие энэ ослын талаар 2023.02.24-ний өглөө 07 цаг 50 минутын орчимд манай дүү Дугарсүрэн гэрт орж ирээд “ах өнгөрсөн байна, машины осол юм байна. ...”  гэж хэлэхэд нь мэдсэн. Би гурван эрэгтэй дүүтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон миний өндөр настай ээжийн хувьд сэтгэл санааны маш их хямралтай өнөөдрийг хүрсэн. Дөнгөж 44 настай ид хийж бүтээж, амьдрах насандаа байсан дүүгээ алдсандаа үнэхээр харамсалтай байна. ...Шүүгдэгч  жолооны эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон юм байна. Бид нар чинь эрх зүйт төрийн доор хуулиа дагаж мөрдөх үүрэгтэй шүү дээ. Урьд нэг удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, жолооны эрхээ хасуулчихаад яагаад жолоо барьсан юм бэ, Өмнө нь зөрчил гаргаж, жолоодох эрхээ хасуулчихаад дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг мэдсээр байж бараг л миний дүүг санаатайгаар алчихлаа шүү дээ, гомдолтой байна. ...Бид нар цагдаа дээр байхдаа хохирлын талаар хэлэхэд шүүхээр шийдвэрлүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. ... Шүүгдэгч ажил дээр маань ганц удаа ирсэн. Зөвхөн өөрийгөө бодоод намайг уучлаарай гэсэн. Сэтгэл санааны хувьд бид нар үнэхээр гомдолтой байна. ...Миний хувьд унтаж чадахгүй байгаа. Одоо ч гэсэн би энэ нөхцөлд маш их бухимдалтай байна. ...Би хуулийн дагуу сэтгэцэд учирсан хохирлоо гаргуулна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар сэтгэл санааны хохирлыг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. Удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож миний дүүгийн амь насыг хохироогоогүй бол өнөөдөр миний дүү гэр бүлтэйгээ байж байх байсан шүү дээ. ...” гэх мэдүүлэг, / 1 хх 66-67, 2 хх 87-88/

гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Хэрлэн сумын 8 дугаар баг нисэх явах зам руу орж замынхаа урд тал руу бууж зогсоод *******тэй ойрд уулзаагүй тул машин дотор хэсэг юм ярьж суунгаа авсан пивоо ууж байгаад шөнө 01 цаг 30 минутын орчим бид хоёр хөдлөөд ******* намайг гэр рүү хүргэж өгөх гээд аймгийн хойд талын төв замаар явсан. Ингээд Хэрлэн номин бизнес төв өнгөрөөд явж байхад замын хойд талд 4-5 залуу такси барих гээд хоёр залуу нь гар өргөөд зогсож байхад нь жолооч ******* тэр залуучуудаас зайгаа авах гээд нэгдүгээр эгнээнээс хоёрдугаар эгнээ рүү шилжих хөдөлгөөн хийж 10-15 метр орчим явж байхад урд талд нэг болон хоёрдугаар эгнээ хоёрын голын тасархай цагаан шугаман дээр хар бараан өнгийн би бодохдоо “куртка” байна гэж харж байхад 5-7 метрийн зайтай ойртоод ирэхэд дээшээ хараад хэвтэж байсан хүн байхаар нь би сандраад жолоочид хандан “хүүе хүүе хүн” гэж хэлэхэд найз ******* баруун тал руу дарж амжилгүй тухайн хэвтэж байсан хүний дээгүүр гарсан. Тэгээд замаа чөлөөлж зогсоод би машинаас буугаад гүйгээд очиход тухайн хүний духан дээр язарчихсан тэр хэсгээс нь маш их цус гарч урсаж байхаар нь би сандраад “хүн дайрчихлаа шүү дээ” гэж орилоод  өөрийн гар утсаар 103 руу залгаж дуудлага өгсөн. Дараа нь цагдаагийн газрын 102 утас руу залгаж мөн дуудлага өгөх үед такси барих гээд зогсож байсан залуучуудын нэг нь наана чинь хүн байсан шүү дээ дайрчихсан юм уу гэж хэлээд бүгдээрээ дөхөж ирээд харах үед нэг залуу нь дуудлага өгчихсөн гэж хэлсэн. Удалгүй эмнэлгийн машин ирээд эмч үзээд нас барчихсан байна гэж хэлэх үед цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг, / 1 хх 77-78/

гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... шөнийн 01 цаг өнгөрч байхад гараад Хэрлэн сумын 11 дүгээр баг, 71 дүгээр байрны урд буюу төв замын хойд хэсгээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй найзуудын хамт тамхи татаад ерөнхийдөө гэр гэр рүүгээ алхаад явах гэж байхад гэнэт бид нарын урд зам дээр тас хийх чимээ гарахаар нь зам руу харсан чинь бид нараас холгүй 100 метр зайд хар өнгийн тээврийн хэрэгсэл бид нарын хажуугаар гараад хүн мөргөөд зогссон байхаар нь би найзуудын хамтаар хэрэг болсон газарт очсон юм. Намайг очоод харахад бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн зүүнээс баруун чиглэлтэй хоёр урсгалтай замд миний харснаар толгой хэсэг нь ертөнцийн зүгээр зүүн урагш харж, биеийн хэсэг дээш харсан, толгой хэсгээс их хэмжээний цус гарсан бололтой урсаж байсан.  Зам тээврийн осолд орсон явган зорчигчоос ертөнцийн зүгээр баруун зүгт ойролцоогоор 20 гаран метрийн зайд зогссон хар өнгийн машинаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бууж ирсэн юм. Тухайн үед би тэр хоёр хүнд хандан та нар чинь хүн дайраад алчихлаа гэхэд хажууд нь зогсож байсан залуу нь манай найз машин бариад явж байгаад хүн дайрчихлаа гэж хэлж байсан бөгөөд тухайн эмэгтэй цочролд орсон бололтой ямар нэгэн үг хэлэхгүй зогсоод байсан юм. Ингээд би түргэн тусламжийн дуудлага өгөөд удалгүй түргэний болон цагдаагийн машин ирэхээр нь найзуудын хамт явсан. ...” гэх мэдүүлэг, / 1 хх 80-81/

гэрч ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... зам дагуу алхаад такси барих гэсэн боловч машин зогсохгүй орон сууцны 71 дүгээр байрны урд талд гар өргөөд зогсож байх үед хар өнгийн жижиг машин хажуугаар гараад баруун тийш бид нараас 100 орчим метр яваад түс хийгээд юм мөргөх шиг болохоор нь бид 4 яасан юм бол гэж бодоод дөхөж очиход хүн машинд дайруулчихсан толгой нь зүүн тийшээ харчихсан байсан. Тэр үед өнгөрч зогссон хар өнгийн тээврийн хэрэгслээс эрэгтэй, эмэгтэй 2 хүн бууж ирээд эрэгтэй нь тухайн дайруулсан хүн рүү дөхөж ирээд эмэгтэй нь жаахан зайнаас хараад зогсоод байсан. Тэгээд би өөрийн дугаараас аймгийн цагдаагийн 102 дугаарт залгаж дуудлага өгөхөд найз эмнэлгийн 103 утас руу залгаж дуудлага өгч байсан. Тэгээд удалгүй түргэн ирж эмч тухайн хүнийг харчихаад энэ хүн нас барсан байна гэж хэлсэн....” гэх мэдүүлэг, / 1 хх 84-85/

гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... зам дагаад алхаж байхад найз такси барих гээд гараа өргөж орон сууцны 71 дүгээр байрны урд явж байхад зүүн талаасаа баруун тийш хар өнгийн жижиг машин хажуугаар өнгөрөөд 100 метр яваад тас хийх чимээ дуугарахад бид хэд гайхаж дөхөж очиход тухайн хар өнгийн машин замаа шахаж зогсоод машинаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн гарч ирээд эрэгтэй нь түрүүлж ирээд харчихаад хүн байна шүү дээ гэж хэлж бахирсан. Тэр үед бид 4 тухайн машинд дайруулсан хүнийг хойд талын явган хүний зам дээр зогсож байгаад харахад нэг хоёрдугаар эгнээний голын тасархай зураасан  дээр дээшээ харчихсан 30 гаран насны эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэр үед зүүн талаас машин гэрэлтүүлээд хажуугаар өнгөрөхөд дайруулсан хүнээс машины гэрэлд уур савсаж байсан...” гэх мэдүүлэг, / 1 хх 88-89/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаартай “... 1. “*******” гэж хаягласан цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрсэн. Согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт, / 1хх 99-100/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн цогцост үзлэг хийсэн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай “... 1. Талийгаач гийн биед гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтэл: духны урагдсан шарх, гавлын орой, суурь яснуудын олон хэлтэрхийт болон шугаман хугарал, тархины хатуу хальсны урагдал, аалзан хальсан доорх цус харвалт, хамар, эрүү ясны хугарал, баруун талын олон хавирганы хоёрлосон, зүүн 1-6-р хавирга, өвчүү яс хугарал, орчны эдэд цус хуралт, баруун уушгины урагдал, эдийн няцралт, цээжний хөндий дэх цус хуралдалт, эрүүнд шарх, баруун зүүн хацар, хамар, баруун тохой, сарвуу, бүсэлхийн баруун хажуу хэсэг, ташаа, хэвлийн зүүн хажуу хэсэгт зулгаралт, зүүн цавь, гуянд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.3.  Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд зам тээврийн ослын улмаас дайрагдах үед үүсгэгдсэн байх ба хүнд гэмтлүүд байна.

4. Талийгаач нь гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас шууд үхэлд хүрчээ.

5. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

6. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврах боломжгүй.

7. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байжээ.” гэсэн дүгнэлт, / 1хх 116-120/

2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн өдрийн 15 тоот бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлт, / 1 хх 192-194/

Цагаан шонхорын жигүүр НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 23/60 тоот дүгнэлт, /1 хх 174-176/

Техникийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 05/47 тоот дүгнэлт, /1 хх 184-185/

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “******* жолоодох эрх хасагдсан” гэх тодорхойлолт, /1хх 219/

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 24/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын схем зураглал /1хх 25-33/, Замын цагдаагийн тасгийн зам тээврийн осол дээр тогтоосон акт /1хх 34/, Toyota ******* Fielder маркийн дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 35/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 41/, хэв загвар, дээж авсан тухай тэмдэглэл /1хх 42/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 43-47/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1хх 48-51/, Камерын видео бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зураг /1 хх 53-56/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 13 тоот дүгнэлт /1хх 134-135/, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын инженер-техникийн шинжилгээний шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1546 тоот дүгнэлт /1хх 145-146/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын инженер техникийн шинжилгээний газрын инженер техникийн шинжилгээ хариуцсан шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1545 тоот дүгнэлт /1хх 154-156/, Инженер техникийн шинжилгээний газрын шинжээч н мэдүүлэг /1хх 166-167/, *******ийн ам бүлийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийтийн байрны түрээсийн гэрээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /1хх 208-216/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 218/, *******ийн хувийн байдлын талаар гаргаж өгсөн тодорхойлолтууд /1хх 222-223/, улсын дугаартай Toyota ******* Fielder маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 224, 226/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1хх 229/,Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний автомашин үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1хх 232-233/, амь хохирогч гийн оршуулгын болон буяны зан үйлд зарцуулсан хохирол нэхэмжилсэн 53 хуудас баримт /2хх 27-79/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, мөн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 06 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

7. Түүнчлэн анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохиролд нэхэмжилсэн амь хохирогч гийн оршуулгын болон буяны зан үйлд зарцуулсан зардлын баримтуудыг шинжлэн судлан хохирогчид учирсан бодит хохирлыг тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т тус тус зааснаар гэмт хэргийн улмаас  хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохиролд 16 965 076 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, гэм хорын хохиролтой холбоогүй зардлыг хэрэгсэхгүй болгосон нь, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогчийн төрсөн эхийн сэтгэцэд учирсан хохирлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн, бусад хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

8. Давж заалдах журмаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “... анхан шатны шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг хэрэглэн хохирогчийн төрсөн эх болон миний сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлээгүй нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх тул ... сэтгэцэд учирсан хохиролд 82 500 000 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдлыг, мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “...Шүүгдэгчийн насанд хүрээгүй гурван охин хүүхэдтэй, ... гэх хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдлыг тус тус хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Тухайлбал, Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан ба уг хуулийн 40 дүгээр зүйлд Шинжилгээний байгууллага ... гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан.

Уг хуулийг дагалдуулан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах үүрэг, мөнгөөр нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох тухай 511.3, 511.4, 511.5 гэсэн заалтуудыг 2022 оны 12 сарын 23-ны өдөр шинээр нэмсэн бөгөөд улмаар хууль тогтоогч сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт зохицуулжээ. 

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд энэ хууль болон хуульчилсан актыг хүчин төгөлдөр болсон үеэс нь үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад тухайн актыг хэрэглэнэ гэсэн агуулгатай ба зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд л уг хуулийг буцаан хэрэглэж болдог.

Дээрх хуулиудад зааснаас үзвэл 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш буюу хууль хүчин төгөлдөр болсон үеэс үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэх бөгөөд хууль хүчин төгөлдөр болохоос өмнө болсон үйл баримтад өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэнэ.

Иймд шүүх Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн гаргуулах тухай асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. 

Түүнчлэн шүүгдэгч *******ийн үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан 2 жил 06 сарын хорих ялыг оногдуулахдаа түүний хувийн байдал болон хуульд зааснаар хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн байх тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

9. Иймд дээрх үндэслэлүүдээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч *******ийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 81 /наян нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/351 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 81 /наян нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЗУУ    

                        ШҮҮГЧИД                                                      О.БААТАРСҮХ

                                                                                               Г.УРТНАСАН