| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 123/2025/0049/З |
| Дугаар | 123/ШШ2025/0068 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 123/ШШ2025/0068
2025 07 28 123/ШШ2025/0068
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, *** ХХК-ийн нэхэмжлэлтэй *** аймгийн *** сумын Засаг даргад холбогдох “*** аймгийн *** сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/56 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганбаатар, хариуцагч *** сумын Засаг дарга *** нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан тус шүүхэд ирүүлжээ. Уг эвлэрлийн гэрээнд: ”...Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас *** ХХК, түүнийг төлөөлж О.Ганбаатар /утас:98112222/(цаашид “нэхэмжлэгч” тал гэх), нөгөө талаас хариуцагч *** аймгийн *** сумын Засаг дарга *** /утас: 99063154/ (цаашид “хариуцагч” хамтад нь “талууд” гэх) нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон дараах нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав.
Нэг: Гэрээний зорилго
1. Энэхүү гэрээний зорилго нь *** аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж буй *** ХХК-ийн *** аймгийн *** сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд оршино.
Хоёр: Ерөнхий нөхцөл
2.1 *** ХХК нь *** аймгийн *** сумын Засаг даргад холбогдуулан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай *** сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/56 дугаартай захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гурав: Эвлэрлийн гэрээний нөхцөл
3.1 Хариуцагч нь *** аймгийн *** сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/56 дугаартай захирамжийг хүчингүй болгож, газрын эзэмших эрх, эрхийн гэрчилгээг сэргээхийг хүлээн зөвшөөрөв.
Дөрөв: Бусад
4.1 Талууд энэхүү гэрээг өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан болно.
4.2 Энэхүү гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй зөрчөөгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
4.3 *** ХХК-ийн эзэмшиж байсан нэгж талбарын 186361285209157 дугаартай газар нь улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан тул өөр байрлалд шилжүүлэхийг *** ХХК хүлээн зөвшөөрсөн болно.
4.4 Энэхүү гэрээг нийт 3 хувьд үйлдэх бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нар тус бүр 1 хувийг хадгалж шүүхэд 1 хувийг хүргүүлнэ.
4.5. Нэхэмжлэгч болон хариуцагч эсхүл тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд энэхүү Эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарснаар гэрээ нь албан ёсоор баталгаажна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ХХК-иас *** аймгийн *** сумын Засаг даргад холбогдуулан “*** аймгийн *** сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/56 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганбаатар, хариуцагч *** сумын Засаг дарга *** нар харилцан тохиролцож хариуцагч нь *** аймгийн *** сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/56 дугаартай захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг сэргээхийг хүлээн зөвшөөрсөн эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ... нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт ...хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2 дахь хэсэгт нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.4 дэх хэсэгт нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй байна.
3. Нэхэмжлэгч *** ХХК нь 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01/18 дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичгээр О.Ганбаатарт хариуцагчтай эвлэрэх бүрэн эрхийг олгосон байна.
4. Шүүхээс эвлэрлийн гэрээ байгуулсантай холбоотойгоор нэхэмжлэгч, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталсан шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй талаар тайлбарласан бөгөөд талууд хүлээн зөвшөөрсөн болно.
5. Иймд нэхэмжлэгч *** ХХК, хариуцагч *** аймгийн *** сумын Засаг дарга нарын эвлэрснийг баталж, *** сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, *** аймгийн *** сумын Засаг даргад холбогдох “*** аймгийн *** сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/56 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч нь *** аймгийн *** сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/56 дугаартай захирамжийг хүчингүй болгож, газрын эзэмших эрх, эрхийн гэрчилгээг сэргээхийг хүлээн зөвшөөрч, *** ХХК-ийн эзэмшиж байсан нэгж талбарын 18631285209157 дугаартай газар нь улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан тул өөр байрлалд шилжүүлэхийг *** ХХК хүлээн зөвшөөрч эвлэрсэн эвлэрлийг баталж, *** сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ