Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 53

 

 

 

“Цаст алтайн жинчид” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, О.Зандраа, Ц.Сумъяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтанбадралт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн нарыг оролцуулан, Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 519 дүгээр магадлалтай, “Цаст алтайн жинчид” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгчид холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “Цаст алтайн жинчид” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Ж.Дамбий, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н.Энхтөр нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч П.Алтанцэцэг нь “Цаст алтайн жинчид” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг бичин олгуулах хүсэлтэд татгалзсан мэдэгдэл хүргүүлснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн байгууллага нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолсон хуулийн этгээдийн хувийн хэргийн болон регистрийн дугаар бүхий улсын бүртгэлийн цахим гэрчилгээг өргөдөл гаргагч хэвлэн авах боломжтойгоор улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд байршуулна” гэжээ. Хуулийн дээрх заалтын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.burtgel.gov.mn албан ёсны сайтад “Цаст алтайн жинчид” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг цахим хэлбэрээр хэвлэн авах боломжтойгоор тавигдсан байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг цахим хэлбэрээр байршуулахаас гадна өргөдөл гаргагчийн хүсэлтээр үнэт цаасан дээр хэвлэн баталгаажуулж олгох тухай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгажээ. Тодруулбал хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн байгууллага нь өргөдөл гаргагчийн хүсэлтээр улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэж, баталгаажуулан олгож болно” гэжээ.

“Цаст алтайн жинчид” ХХК нь хуулийн дээрх заалтын дагуу улсын бүртгэлийн гэрчилгээгээ үнэт цаасан дээр хэвлэн баталгаажуулж авахыг хүссэн хүсэлт гаргасан байхад улсын бүртгэгч П.Алтанцэцэг нь татгалзсан хариу өгсөн хууль зүйн үндэслэлгүй болох нь илэрхий байна.

 

Улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээрх дахин бичиж олгохоос татгалзах тохиолдлыг хуульд заагаагүй байхад улсын бүртгэгч П.Алтанцэцэг нь улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах мэдэгдэл ирүүлсэн нь яав ч хуулийн дээрх заалтад нийцэхгүй үйлдэл боллоо.

“Цаст алтан жинчид” ХХК нь анх 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд албан ёсны бүртгэлтэй гэдгийг нотлох Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар тогтоолоор батлагдсан загварын үнэт цаасан дээр бичигдсэн “Улсын бүртгэлийн гэрчилгээ”-г гээгдүүлсний улмаас дахин авах хүсэлтэй байгаа юм. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь хэсэгт “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”-ыг хориглосон байна.

Манай компанийн хүсэлтээр улсын бүртгэлийн байгууллагаас гэрчилгээг дахин бичиж олгосноор улсын бүртгэлийн жагсаалтад бүртгэгдсэн мэдээлэлд өөрчлөлт орохгүй, дахин бүртгэл хийгдэхгүй юм. Зөвхөн гэрчилгээ дахин бичиж олгогдох бөгөөд манай компанийн гэрчилгээгээ дахин авах хүсэлт нь хуулийн дээрх заалтын агуулгад огтхон ч хамаарахгүй гэдэг нь илэрхий байна. “Цаст алтайн жинчид” ХХК-ийн 4068777 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг гээгдүүлсэн бөгөөд хүчингүйд тооцуулсан талаар сонин хэвлэлээр нийтэд албан ёсоор зарлуулсан болно.

Иймд Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч П.Алтанцэцэгийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл”-ийг хүчингүй болгож, “Цаст алтайн жинчид” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэж, баталгаажуулан олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч П.Алтанцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Цаст алтайн жинчид” ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Энхтөр, Ж.Дамбий нарын 6 хүн гэрчилгээгээ гээгдүүллээ, дахиж авъя гэсэн хүсэлтийг 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өсгөн. Анх бүртгэл хийлгэхдээ бичүүлж авсан гэрчилгээ нь тус компанийн үүсгэн байгуулагч М.Одсүрэнд байгаа учраас дээрх 6 хүний гэрчилгээгээ гээгдүүлсэн гэх шийдвэр нь хууль бус худлаа байх тул дахиж гэрчилгээ олгох нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийг зөрчиж байна.

Н.Энхтөр нарын 6 хүний гэрчилгээ дахиж авах эрхтэй гэж заагаад байгаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэг нь шинээр байгуулсан хуулийн этгээдийг бүртгэх заалт бөгөөд дээрх үүсгэн байгуулагчдын хүсэлтээр нэг хуулийн этгээдэд хэдэн ч гэрчилгээ олгож болно гэсэн заалт биш юм. Тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байхад дахин гэрчилгээ авах нь хууль бус юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийдвэрээр Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч П.Алтанцэцэгийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл”-ийг хүчингүй болгож, “Цаст алтайн жинчид” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэж, баталгаажуулан олгохыг даалгаж шийдвэрлэжээ.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 519 дүгээр магадлалаар Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Цаст алтайн жинчид” ХХК-ийн “Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч П.Алтанцэцэгийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл”-ийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, “Цаст алтайн жинчид” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэж, баталгаажуулан олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “Цаст алтайн жинчид” ХХК-ийг төлөөлж тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н.Энхтөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Цаст алтайн жинчид” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалтыг баримталжээ. Уг 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”-ыг хоригложээ. Хуулийн уг заалтыг баримтлан хариуцагч Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч П.Алтанцэцэг нь нэхэмжлэгч “Цаст алтайн жинчид” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг авах тухай хүсэлтэд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл”-ээр хариу өгсөн байдаг.

Үүнээс үзэхэд хариуцагч улсын бүртгэгч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд оруулах өөрчлөлт гэж ойлгож, татгалзах мэдэгдэл өгсөн бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөснийг хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь улсын бүртгэл хүчинтэй байхад дахин бүртгэл хийж гэрчилгээ олгохыг хориглох тухай ойлголт нь нэгэнт бүртгэгдсэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахгүйгээр зөвхөн гэрчилгээ олгох тухай ойлголтоос ялгаатай юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Цаст алтайн жинчид” ХХК-ийн маргаж буй хариуцагч Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч П.Алтанцэцэгийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл” нь хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийлгүйгээр зөвхөн хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэх ганцхан л үндэслэлээр зөвтгөжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд нэгэнт улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийг нотлох баримт бичиг нь “улсын бүртгэлийн гэрчилгээ” гэж ойлгогдохоор байна. Улсын бүртгэлийн гэрчилгээ олгохоос өмнө хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагаа дуусгавар болсон байх тул “Цаст алтайн жинчид” ХХК-д улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгосноор улсын бүртгэл хийгдэхгүй болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

“Цаст алтайн жинчид” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь улсын бүртгэлийн лавлагаагаар гүйцэтгэх захирал Ж.Дамбий байх бөгөөд тус компанийг үүсгэн байгуулагч Н.Энхтөр, С.Энхтөр, Ж.Дамбий, Б.Гантулга, Ц.Болдбаатар, Б.Цэрэндаш бид өдийг хүртэл компанийхаа улсын бүртгэлийн гэрчилгээг олдохгүй, гар дээрээ аваагүй тул арга буюу хүчингүйд тооцож, дахин авахаар улсын бүртгэлийн хэлтэст хандсан.

Бид компанийнхаа улсын бүртгэлийн гэрчилгээнийхээ барааг одоог хүртэл хараагүй, хэргийн материалд ч авагдаагүй нөхцөл байдал хэвээр байхад давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хууль буюу Зар сурталчилгааны тухай хуулийг хэрэглэжээ. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 519 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Хянавал:

 

Нэхэмжлэгч “Цаст алтайн жинчид” ХХК нь 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, тухайн үед мөрдөж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасны дагуу улсын бүртгэлийн 1611003094 дугаартай, регистрийн 4068777 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.

 

Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар “улсын бүртгэлийн гэрчилгээг гээгдүүлсэн тул хүчингүйд тооцох, энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах, дахин гэрчилгээг авах асуудлыг” хэлэлцэн шийдвэрлэж, хүчингүйд тооцсоноо “Өнөөдөр” сонины 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дугаарт зарлуулжээ.

 

Уг гэрчилгээ үрэгдэж, устаагүй харин “Цаст алтайн жинчид” ХХК-ийн нэг үүсгэн байгуулагч болох М.Одсүрэнд байгааг “гэрчилгээ дахин авах талаар” тус компанийн захирал, ТУЗ-ийн дарга нараас 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүсэлт гаргах үед улсын бүртгэгч Д.Алтанцэцэг нь “ажлын шугамаар” тодорхой мэдэж байсан, гэрч М.Одсүрэн шүүхийн шаардсанаар “гээгдүүлсэн” гэх уг гэрчилгээг хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн зэрэг нь тогтоогджээ.

 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т хуулийн этгээдийн улсын бүртгэлийн төрлийг заасан, 5.4.7-д “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн” гэж заасны дагуу энэ нь бие даасан бүртгэл байх бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д ““хуулийн этгээдийн мэдээлэл” гэж хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулагдаж байгаа үүсгэн байгуулах баримт бичиг болон бусад мэдээллийг”ойлгоно гэж тодорхойлсон байна.

 

Үүнээс үзвэл, бүртгэлийн байгууллага “гэрчилгээ дахин олгох”-ын тулд уг хуулийн этгээдийн мэдээлэлд оруулах өөрчлөлтийг бүртгэхээр байх ба нэхэмжлэгч “Цаст алтайн жинчид” ХХК-ийн “дахин гэрчилгээ” авах тухай үндэслэл нь бодит үнэнд нийцээгүй тул үүнтэй холбоотой бүртгэл хийж, гэрчилгээ дахин олгохоос татгалзсан улсын бүртгэгчийн шийдвэр нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-т “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 11.5.3- т “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж заасантай нийцжээ.

 

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэхдээ уг маргаанд  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалтыг төсөөтэй хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасан байна.

 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох” гэсэн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглосон уг заалт нь бүртгэгдсэн эрхийг дахин бүртгэхтэй холбоотой байхад “гэрчилгээ үрэгдүүлснээс болж гэрчилгээ дахин” авахтай холбогдож хийгдэх бүртгэлийн өөр харилцаанд төсөөтэй хэрэглэсэн, хэрэглэвэл зохих “татгалзах” эрхийн талаарх дээр дурдсан хуулийн зүйл, заалтыг давж заалдах шатны шүүх хэрэглээгүй нь буруу болжээ.

 

Иймд төсөөтэй харилцааг буруу хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй боловч энэ нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй, харин хяналтын шатны шүүх өөрийн бүрэн эрхийн дагуу хууль хэрэглээний уг алдааг залруулж магадлалд баримталсан хуулийн зүйл, хэсгийг өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

 

Улсын их хурал 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр баталж, 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т “Улсын бүртгэлийн байгууллага нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолсон хуулийн этгээдийн хувийн хэргийн болон регистрийн дугаар бүхий улсын бүртгэлийн цахим гэрчилгээг өргөдөл гаргагч хэвлэн авах боломжтойгоор улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд байршуулна”, 18.5-д “Улсын бүртгэлийн байгууллага нь өргөдөл гаргагчийн хүсэлтээр улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэж, баталгаажуулан олгож болно” гэж заажээ.

 

Иймд 2003 онд улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ нэгэнт авсан байсан нэхэмжлэгчийн хувьд “үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр “гэрчилгээ дахин авах”-тай холбогдож үүссэн уг маргаан нь дээрх хуулийн дагуу цахим гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлүүлж авах тухай асуудлаас өөр учир энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

 

Харин компанийн хувьцаа эзэмшигч М.Одсүрэнгийн хууль бус эзэмшлээс компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг шаардан гаргуулах, харьяаллын шүүхэд нэхэмжлэл гаргах талаарх захирлын эрхэд захиргааны хэргийн шүүхийн энэ шийдвэр нөлөөлөхгүй болно.

 

Дээрх байдалд үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр гаргасан нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 519 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8” гэснийг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.3” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Ч.ТУНГАЛАГ