Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

              Нэхэмжлэгч: “Бөртэ бэл” ХХК-ний нэхэмжлэлтэй,

              Хариуцагч: Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох

           Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12-р тогтоолыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга А.Доржпүрэв, нэхэмжлэгч “Бөртэ бэл” ХХК-ний захирал А.Энхбаатар, хариуцагч Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Адилбиш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэхэмжлэгч “Бөртэ бэл” ХХК-ний захирал А.Энхбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

            “Бөртэ бэл” ХХК нь Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Сүжигт орчмын 270 гектар талбайд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Эрдэс баялагийн байнгын зөвлөлд бүртгүүлсэн. Манай компани өргөдөлөө  Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.1.3-д заасны дагуу анхан шатны шүүлтэнд тэнцэж боломжтой бусад аж ахуй нэгжүүдийн материалын хамт 2015 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 01\620 тоот албан бичгээр Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст хүргэгдсэн. Мөн хуулийн 14.1.4-д заасны дагуу Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэс нь шүүлт хийгээд “Бөртэ бэл” ХХК-ийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Сүжигт орчмын 270 гектар талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалгүй. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажлаар эрдсийн хуримтлал тогтоогдоогүй хэмээн хайгуулын зөвшөөрөл олгох боломжтой гэсэн хариуг аймгийн Эрдэс баялагийн байнгын зөвлөлд ирүүлсэн байдаг. Аймгийн Эрдэс баялагийн байнгын зөвлөл нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.4-т заасны дагуу санал авахаар манай компаний өргөдлийг Алтанбулаг суманд хүргүүлсэн бөгөөд тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас “Бөртэбэл” ХХК-ийн өргөдлийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Алтанбулаг сумаас ирүүлсэн хариуг Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн хуралдаанд өргөн барьсан боловч сумаас ирсэн санал нь хуулийн үндэслэлгүй байна гэж үзэж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэн тогтоолоор санал ирүүлэхийг даалгасан албан бичгийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд хүргүүлсэн байдаг. Дээрх албан бичгийн дагуу Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2015 оын 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдаанаа хийж “Бөртэ бэл” ХХК-ний өргөдөлд тусгагдсан талбай нь сумын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан тул зөвшөөрөх боломжгүй гэсэн 12 тоот тогтоолыг ирүүлсэн байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу манай компанийн өргөдөлд тусгагдсан газрыг аймгийн нэгдсэн мэдээллийн санд шүүлгэхэд бусдын эзэмшил болон аймаг сумын тусгай хэрэгцээний газрын давхцалгүй байгаа болно гэж хариу өгдөг. Манай компаний зүгээс түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах зорилгоор хүсэлт гаргасан боловч, Сүжиг гэдэг газартай давхцсан тул зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Харин сүүлд зургаар “Ар өвөр”, “Чандмань” малчдын бүлэгтэй давхцалтай байна гэсэн иймээс манай компани тухайн газар түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах зорилготой байгаа. Манай компани 2014 оны 4 дүгээр сард хүсэлтээ өгсөн. Тухайн газрыг сумын тусгай хэрэгцээнд авсан байсан бол манай компаниас ашигт малтмал ашиглах хүсэлт гаргахгүй байсан. Иймд манай хүсэлт гаргасан газрыг сумын тусгай хэрэгцээнд  аваагүй байж авсан гэж хууль бус гаргасан Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

             Хариуцагч Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд ирүүлсэн  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           “Бөртэ бэл” ХХК нь тус сумын Сүжиг орчмын 270 гектар талбайд түгээмэл  тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 9-р хуралдаанаар тус тус хэлэлцэн зөвшөөрөх боломжгүйг аймгийн Засаг дарга Д.Баярбатад сумын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 01/809 тоот, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12-р тогтоолоор хүргүүлсэн. Зөвшөөрөх боломжгүй шалтгаан нь:

  1. Саалийн бүс нутагтай давхцсан
  2. Мянганы сорилын сангийн хот орчмын бэлчээрийн төсөлд хамрагдан “Чандмань” малчдын бүлэгт 15 жилийн хугацаатай ашиглуулж буй бэлчээрийн талбайд тал нь орсон дээрх 2 шалтгааныг товчлрон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд “сумын тусгай хэрэгцээний газар гэж тодорхойлсон.

        Иймд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал  хуралдаад олгох боломжгүй гэсэн шийдвэр гаргасан.  Мянганы сорилтын сангийн хүрээнд “Чандмань” малчдын бүлэг ашигладаг. Саалийн бүс нутгийг тусгай хэрэгцээнд авах хуулийн заалт байхгүй учир, сумын тусгай хэрэгцээнд авсан тогтоол гаргаагүй юм. Буруу тайлбар өгсөн байна. Ийм маргаан болно гэж бодсонгүй. Яамны сайдын тушаал байдаг ч Газрын тухай хууль батлагдсанаар тусгай хэрэгцээнд авах боломжгүй байгаа. Тухайн үед “Бөртэ бэл” ХХК-ний тусгай зөвшөөрөл  хүссэн  талбайн талаар ярилцаад, өгөх боломжгүй гэж хэлэлцсэн. Энэ талаар хурлын тэмдэглэлд тусгагдаагүй байна. Яагаад тусгаагүй юм болдоо. Мянганы сорилтын сангийн санхүүжилтийг авах үүднээс тус сангийн шаардлагын дагуу 5 айлд 800 га газар өгсөн. Үүнтэй адилхан хэд хэдэн айл байдаг. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэлд тусгагдаагүй байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд компани тус бүрээр  дурьдаад ярилцсан. Өөр компанид зөвшөөрөл өгсөн тухайд, тус газар нь нийслэл Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн хайрганы чиглэлийн ашигт малтмалын газартай залгаа байсан учраас  сумын Засаг даргын зүгээс энэ шийдвэрээ эргээд нэг хараач гэсний үндсэн дээр нэр бүхий компанид тусгай зөвшөөрөл явуулахыг зөвшөөрсөн. Анх мянганы сорилтын сангийн санхүүжилтийг авах үүднээс газар олгосон. Мянганы сорилтын төсөлд хамрагдсан айлууд ядуу, мал багатай айлууд биш. Тус төслийн зорилго нь өөрөө олон малтай иргэдийн малыг цөөлж, эрчимжүүлэх, хот орчмын газрыг цэвэрхэн байлгахад оршдог. Ер нь тухайн газарт сум орон нутгийн зүгээс тодорхой бодлого хэрэгжүүлж ажиллаж байгааг бодолцох хэрэгтэй. Манай сумын хүрээнд  уул уурхайн үйл ажиллагааг дэмждэг ч гэсэн “Бөртэ бэл” ХХК-ний тусгай зөвшөөрөл хүссэн талбайг өгөх боломжгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Бөртэбэл” ХХКнь Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолыгхүчингүй болгуулахнэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолд[1]Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дахь хэсэгт заасныг үндэслэн “Бөртэ бэл” ХХК-ий Сүжиг орчим хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 9 дүгээр хуралдаанаар хэлэлцэн тогтоох нь гээд “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Бөртэ бэл” ХХК-ийн талбай нь сумын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцсан тул тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрсөн санал өгөх боломжгүй гэж шийдвэрлэсэн байна.

            Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “...манай компанийн өргөдөлд тусгагдсан талбай нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу бусдын эзэмшил болон аймаг, сумын тусгай хэрэгцээний газартай давхцалгүй байгаа тул дээрх шийдвэр нь хууль бус...” гэж, хариуцагчаас “...нэхэмжлэгч компанийн өргөдөлд тусгагдсан талбай нь саалийн бүс нутагтай давхцсан, Мянганы сорилын сангийн хот орчмын бэлчээрийн төсөлд хамрагдан Чандмань малчдын бүлэгт 15 жилийн хугацаатай ашиглуулж буй бэлчээрийн талбайд тал нь орсон тул тусгай хэрэгцээнд авсан газарт хамаарч байгаа тул зөвшөөрөх боломжгүй бөгөөд хуульд нийцсэн шийдвэр...” гэж тус тус тайлбарлан маргасан болно.

        Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болоннэхэмжлэгч,хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэгч Бөртэбэл ХХК нь Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Сүжигт орчмын 270 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Эрдэс баялагийн байнгын зөвлөлд бүртгүүлсэн байх ба тус гаргасан өргөдөл нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн14.1.3-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 12.1, 12.2, 13.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд бүртгэсэн даруйд нь анхан шатны шүүлт хийж, шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж зааснаар анхны шүүлтээр шаардлагыг хангасан гэж, мөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөд хүссэн өргөдлийн талбайд хийсэн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтээр“өргөдөлд дурдсан тайлбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрдөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалгүй, Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажлаар эрдсийн хуримтлал тогтоодоогүй тул хайгуулун тусгай зөвшөөрөл олгогдох боломжтой” гэж дүгнэгдсэн.

            Түүнчлэн Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/256 дугаар “Бөртэбэл ХХК-ийн 2015 онд өгсөн түгээмэл тархацтай ашигт малтмалын хүссэн өргөдөлд дурдсан солбицол бүхий газар нь улс, аймгийн тусгай хэрэгцээний газартай давхцалгүй байна”гэж тодорхойлсон албан бичиг, мөн газраас шүүхэд ирүүлсэн  2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 07/503 дугаар албан бичигт “...“Бөртэбэл” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөдлийн талбайд хийсэн заасан солбицол бүхий газар нь иргэдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын газартай давхцалгүй, Сүжиг гэх нэртэй газартай давхцалгүй” байна гэх хариу, шүүхээс хийсэн үзлэгээр хариуцагч Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны хуралдааны материалд  нэхэмжлэгч компанийн өргөдлийн талаар хэлэлцсэн тогтоол, тэмдэглэл болон холбогдох бусад баримт байхгүй, нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан газар орж байгаа гэх боловч Сүжиг гэх газрыг тусгай хэрэгцээнд авсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол байхгүй, хариуцагчаас өгсөн “маргаан бүхий газрыг сумын  тусгай хэрэгцээнд аваагүй” гэсэн тайлбар зэргээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж, үндэслэлгүйгээр дээрх шийдвэрийг гаргасан  болох нь нотлогдож байна.

            Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “тусгай хэрэгцээний газар” гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг” гэж зааснаас үзэхэд хэрэв хариуцагчаас нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан газрын сумынхаа тусгай хэрэгцээнд авсан бол тэр нь хууль ёсны баримтаар нотлогдох ёстой ба Газрын тухай хуулийн 20.1.3-д“тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумынтусгай хэрэгцээндавах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох”, 20.1.4-д“бусдын эзэмшил газрыг аймаг, нийслэл, сумынтусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг  солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах”гэж тус тус заасны дагуу тухайн газрыг сумынхаа тусгай хэрэгцээнд авах эрх нь хариуцагчид байгаа боловч дээрх хуулийн заалтад зааснаар тухайн газрыг сумын тусгай хэрэгцээнд аваагүй атлаа авсан мэтээр маргаан бүхий актад дурдаж, тус үндэслэлээр нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж гаргасан  шийдвэр  хууль бус байна.

         Өөрөөр хэлбэл хариуцагчаас нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан газар нь сумын тусгай хэрэгцээнд авсан газартай ямар нэг байдлаар давхцаагүй байхад хуульд заасан шаардлагыг биелүүлж гаргасан нэхэмжлэгчийн өргөдөлийг хууль бусаар үгүйсгэсэн гэж үзэхээр байна.

         Захиргааны байгууллага, албан тушаалтанаас гарч байгаа шийдвэр буюу тухайн захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, хууль зүйн үндэслэл бүхий, хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй байх бөгөөд  бодит байдал дээр сумын тусгай хэрэгцээнд авсан тухай шийдвэр гаргаагүй,хуульд заасан татгалзах үндэслэл бүрдээгүй байхад “...нэхэмжлэгч компанийн өргөдөлд тусгагдсан талбай нь саалийн бүс нутагтай давхцсан, Мянганы сорилын сангийн хот орчмын бэлчээрийн төсөлд хамрагдан Чандмань малчдын бүлэгт 15 жилийн хугацаатай ашиглуулж буй бэлчээрийн талбайд тал нь орсон тул тусгай хэрэгцээнд авсан газарт хамаарч байгаа тул зөвшөөрөх боломжгүй гэж татгалзсан шийдвэр гаргасан” гэсэн хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

            Иймд нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацаагүй, тус газрыг сумын тусгай хэрэгцээнд аваагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хариуцагч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан санал өгөх эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах байсан үүргээ биелүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж хууль бус шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгожшийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх  хэсгийг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 14 дүгээр зүйлийн 14.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 20.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Бөртэ бэл” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу “Бөртэбэл” ХХК-ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасантай холбогдуулан хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчидбуцаан олгосугай. 

           3. Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ХАЖИДМАА

 

 


[1]Хэргийн 16 дахь талд