Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/01331

 

“Итгэл Бизнес ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2016/00288 дугаар шийдвэр,                 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1525 дугаар магадлалтай,

“Итгэл Бизнес ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Д.Даваажав, Д.Уранчимэг нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 66.993.420 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нэхэмжлэгч “Итгэл Бизнес ББСБ” ХХК-ийн захирал Ц.Алтан-Утасын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагчийн өмгөөлөгч С.Гарьд, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов. 

Нэхэмжлэгч “Итгэл Бизнес ББСБ” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Даваажав, Д.Уранчимэг нар нь тус банк бус санхүүгийн байгууллагаас анх 2011 оны 11 дүгээр сарын 21-нд 20.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн болон зээлийн барьцааны гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу үндсэн зээлийг төлөөгүй, зээлийн хүүг төлж байсан. 2012 оны 6 дугаар сарын 19-нд зээлээ 30.000.000 төгрөг болгон нэмэгдүүлж дахин зээлийн гэрээг байгуулсан. Мөн 6 дугаар сарын 26-нд бас зээлээ нэмэгдүүлэн 35.000.000 төгрөг болгож гэрээг хийсэн. Нийтдээ 35.000.000 төгрөгийг зээлсэн. Зээлийг графикийн дагуу төлж байсан. 2013 оны 3 дугаар сарын 21-нд 5.000.000 төгрөг төлөөд үндсэн зээл 30.000.000 төгрөг болсон. 2013 оны 6 дугаар сарын 22-ноос огт төлөөгүй бөгөөд зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан. Хариуцагч нар өөрсдөө зээлийг төлөхөө илэрхийлж 10-20 удаа хүсэлт өгч байсан. Ингээд 2013 оны 6 дугаар сараас хойш 2014 оны 12 дугаар сар хүртэл 19 сарын хүүг төлөхгүй, гэрээгээ биелүүлэхгүй, их ч хугацаа алдаж төлбөрийн хэмжээ их болсон. 2014 оны 12 дугаар сарын 16-нд үндсэн зээл 30.000.000 төгрөг дээр хүүг нь нэмж нийт 47.850.000 төгрөг дээр зээлийн гэрээг шинэчилж хийсэн. Өөрсдийнх нь хүсэлтийн дагуу гэрээг байгуулсан. Ингэхдээ сарын хүүг 3.4 хувь болгон бууруулсан. 2015 оны 1, 2, 4 дүгээр саруудын хүүд 4 925.700 төгрөг төлсөн. Үүнээс өөрөөр ямар ч төлбөр хийгээгүй. Бид 4 зээлийн гэрээ хийсэн, хамгийн анхны зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй, тэр нь нэмэгдэж шинээр үргэлжлүүлээд гэрээ хийж байсан. Нэхэмжлэлийн шаардлага бол 2011 оны 11 дүгээр сарын 21-нд олгосон зээлийн 20.000.000 төгрөг, дараа нь нэмж олгосон 10.000.000 төгрөг, 5.000.000 төгрөг, нийтдээ 35.000.000 төгрөгийн зээлээс 5.000.000 төгрөгийг төлсөн гэж үзэж одоо 4 зээлийн гэрээний үүрэгт зээл, хүүний үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүү гээд нийт 66.993.420 төгрөгийг нэхэмжилж байна. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр дээрх гэрээнүүдийг байгуулж байсан ба Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хангаж, барьцаа хөрөнгөөс зээлийн үүргийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Дамдинжав, Д.Уранчимэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ-А14-42 тоот зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 47 850 000 төгрөгийг иргэн Д.Даваажавд шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч нэг ч төгрөг шилжүүлж өгөөгүй. Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй буюу зээл олгоогүй тул хариуцагч талд аваагүй мөнгөн хөрөнгийг төлөх үүрэг үүсээгүй, гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж хуульчилсан. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-д зааснаар эд хөрөнгийг шилжүүлээгүй. Иймд Д.Даваажав, Д.Уранчимэг нартай дээрх зээлийн гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэлийг төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2011 оны 11 дүгээр сарын 21-нд 20.000.000 төгрөгийг сард 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан дээр бол маргаагүй. Дараа нь 10.000.000 төгрөг, 5.000.000 төгрөгийг нэмж авч зээлийн гэрээ хийж байсан. 5.000.000 төгрөгийг нь төлсөн. Бид зээлийн хүүд хангалттай мөнгө төлсөн гэж үзэж байна. Энэ 30.000.000 төгрөгийн зээлийг бид төлөх ёстой гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зээлдэгчид шилжүүлэх үүргийг хүлээнэ гэж заасан. 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ-А14-42 тоот зээлийн гэрээний дагуу гэрээний зүйл болох 47.850.000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлээгүй, зээлийн гэрээний үндсэн үүргээ гүйцэтгээгүй. Гэсэн атлаа энэ гэрээг үндэслэж үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа нь шударга бус, хууль зөрчсөн, банк санхүүгийн байгууллагын хувьд ямар ч ёс зүйгүй, нэхэмжлэлийн шаардлага гаргах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Зээлдүүлэгч нь зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан атлаа мөнгөө шилжүүлэх үндсэн үүргээ гүйцэтгээгүй 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ-А14-42 тоот гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Мөн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс, хөрөнгө барьцаалах 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БГ-А14-42 тоот зээлийн барьцааны гэрээ хийлгэсэн байдаг. Энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус зээлийн гэрээтэй шалтгаант холбоотой, үндсэн гэрээнээс хамааралтай гэрээ байдаг тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу мөн хүчин төгөлдөр бус гэрээ болно. Иймд 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Д.Даваажав, Д.Уранчимэг нарын “Итгэл Бизнес ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангаагүй бол мөн хуулийн 65 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой. Хариуцагч Д.Даваажаваас  гаргасан  сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна. Иргэний хуулийн агуулгаас харахад хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцохоос бус хэлцлийг хүчингүй болгох шаардлага байхгүй, хэрэв хүчин төгөлдөр бусд тооцуулахаар бол Иргэний хуулийн 58 , 59, 60 дугаар зүйлийн алийг зөрчсөн нь ойлгомжгүй, үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл тодорхойгүй байхад хүчин төгөлдөр бус зээлийн гэрээтэй шалтгаант холбоотой барьцааны гэрээг Иргэний хуулийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус гэсэн нь үндэслэлгүй байна. Дээрхээс гадна хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлтдээ Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт хавсаргасан байгаа нь хариуцагчийг төлбөрийн чадваргүй болохыг тодорхойлох баримт биш юм. Хариуцагч нар өөрсдийн хүсэл зоригийн дагуу дээрх зээлийн гэрээг байгуулсан, хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл үүсээгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 182/ШШ2016/00288 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Даваажав, Д.Уранчимэг нараас 32 565 622 төгрөгийг хувь тэнцүүлэн, хариуцагч Д.Уранчимэгээс 15 000 000 төгрөгийг  тус тус  гаргуулан  нэхэмжлэгч “Итгэл бизнес ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 19 427 798 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-д заасныг баримтлан хариуцагч Д.Даваажавын 2014 оны 12 дүгээр сарын 16-ний өдрийн зохигчдын хооронд байгуулсан ЗГ-А-14-42 тоот зээлийн гэрээ, БГ-А-14-42 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  хариуцагч  нар  шийдвэрийг  эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан талуудын хооронд байгуулсан БГ/А-151 тоот Барьцааны гэрээний барьцааны зүйл болох Д.Даваажавын нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004691 дугаартай, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 32 дугаар байрны 41 тоот, 17 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, түүнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.,58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557.917 төгрөгөөс 492.917 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 64.999 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 320.778 төгрөгийг, хариуцагч Д.Уранчимэгээс 172.139 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож, хариуцагч Д.Даваажаваас сөрөг нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжид 397.200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгосугай. шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1525 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний  хэргийн  анхан  шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2016/00288 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Уранчимэгийн төлсөн 396.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Итгэл Бизнес ББСБ” ХХК-ийн захирал Ц.Алтан-Утас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2016/00228 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байхад давж заалдах шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1525 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэл муутай болжээ. Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх хөрөнгийг барьцаалахад улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай. Ингэхдээ бүртгэлийн байгууллагаас тогтоосон журмын дагуу хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсаргаж байж улсын бүртгэлд бүртгэдэг байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс зээлдэгчийн эрх зүйн байдлыг тодорхойлох баримт хэрэгт авагдаагүйгээс шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэх боломжгүй байна гэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл зээлдэгч Даваажав, Уранчимэг нарын эрх зүйн ямар байдлыг тодорхойлох нь ойлгомжгүй байна. Түүнчлэн талуудын хооронд зээлдүүлэгчийг зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд эсэх талаар маргаагүй байхад шүүх хөндлөнгөөр нэмэлт шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “Итгэл Бизнес ББСБ” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэхээр 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. Тус компанийн ажиллах хугацааг 2010 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл сунгасан нь улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан, зохигчид энэ талаар маргаагүй байхад давж заалдах шатны шүүх “...зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 167 дугаар зүйлийн 167.1.5-т нийцээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч “Итгэл Бизнес ББСБ” ХХК нь хариуцагч Д.Даваажав, Д.Уранчимэг нарт холбогдуулан зээл 47.850.000 төгрөг, хүү 14.597.100 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.919.420 төгрөг нийт 66.993.420 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Даваажав, Д.Уранчимэг нар нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 32 дугаар байрны 41 тоотын 1 өрөө орон сууцыг барьцаалан “Итгэл Бизнес ББСБ” ХХК–с 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 20.000.000 төгрөгийг 6 сарын хугацаагаар, сарын 3,5 хувийн хүүтэй зээлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ /хавтаст хэргийн 78-81 дүгээр тал/.

Зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

Гэрээний хугацаа 2012 оны 05 дугаар сарын 21-нд дууссан, талууд хугацааг сунгасан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй. Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, анхан шатны шүүх хариуцагч нараас дээрх зээлийн төлбөрт 32.565.622 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахдаа Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарт 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 30.000.000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 35.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 16-ний өдөр 47.850.000 төгрөг зээлдүүлэхээр гэрээ байгуулсан боловч уг мөнгийг хариуцагчид шилжүүлээгүй, зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

Мөн хариуцагч Д.Уранчимэгт 2012 оны 6 дугаар сард 15.000.000 төгрөг зээлүүлэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1525 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 182/ШШ2016/00288 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Итгэл Бизнес ББСБ” ХХК-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 395.778 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ