| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0230/Э |
| Дугаар | 235 |
| Огноо | 2018-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 235
2018 03 14 235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч П.Т.н, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол овогт П.вийн Т.н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1709 0188 20230 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол овогт П.вийн Т.н, Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч П.Т.н нь 2017 оны 10 дугаар сарын 28-наас 2017 оны 10 дугаар сарын 29-нд шилжих шөнө СХД-н өөрийн найз охин Г.Д.нийг жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч П.Т.н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Г.Д.ний хүүхэд миний хүүхэд байгаа юм. Г.Д.н бид хоёр өмнө нь ойр ойрхон маш их муудалцдаг байсан. Хохирогч Г.Д.н нь астам буюу багтраатай. Би анх Г.Д.ний гэр рүү орох гэж яваад Г.Д.нийг ээжтэйгээ ярьж байхыг сонсоод анх аав болсноо мэдсэн. Би хүүхэдтэй болсноо сонсоод баярлаад байж байхад Г.Д.н ээжтэйгээ хүүхдээ авахуулах талаар ярьсан. Тэгээд би машиндаа ороод суутал Г.Д.н өдрийн тэмдэглэлээ орхисон байсан. Г.Д.ний өдрийн тэмдэглэлийг үзэхэд хүүхдээ авахуулах талаар бичсэн байсан. Би хойд аавтай, аавыгаа хэзээ ч хойд аав гэж бодож байгаагүй. Би 20 нас хүрсний дараа миний аав миний төрсөн аав биш гэдгийг мэдсэн. Манай ээжийг төрөх үед ээжийн ойр дотныхон бүгд хүүхдээ авахуул гэж байхад ээж хүүхдээ төрүүлнэ гэсээр байгаад намайг төрүүлсэн гэсэн. Би хүүхдээ хэзээ ч авахуулах талаар бодож байгаагүй ...хэрэг болохоос өмнөх өдөр сонсоод би нэг хоног холбоогүй байж байгаад нэг хоногийн дараа Г.Д.н над руу бааранд байна ирж ав гэж ярьсан. Тэгээд би Г.Д.нийг очиж авах гээд бааранд очиход Г.Д.н бааранд найзуудтайгаа байсан. Би Г.Д.нийг жирэмсэн байж яагаад бааранд байж байгаа юм бэ гэх асуудлаас болж хэрүүл эхэлсэн гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Г.Д.ний мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие П.Т.нтэй 2017 оны 02 дугаар сард найзуудаараа дамжуулан танилцаж байсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сараас хойш одоог хүртэлх хугацаанд үерхэж байгаа юм. Тэгээд 2017 оны 09 сарын үед жирэмсэн болсон бөгөөд одоо сар гарантай жирэмсэн юм. ...2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-ний шилжих шөнийн 00 цагийн үед байх би найзуудтайгаа гадуур явж байхад Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо төв “Хаан банкны” салбарын гадаа намайг дуудаж уулзсан, учир нь намайг хүргэж өгөхөөр ирсэн гэсэн юм. Тэгээд би машинд суугаад ярилцаж байтал тэр согтуу байх шиг байсан бөгөөд амнаас нь архи үнэртээд байсан юм. Тэгээд ярилцаж байхдаа миний хэвлийд байгаа хүүхдийг өөр хүний хүүхэд болгож чадахгүй, чамтай гэрлэнэ хэрэв надтай гэрлэхгүй бол 3-лаа амиа алдана, хүүхдээ одоо авхуул, 24 цагийн эмнэлэг байгаа гэх зэргээр сонин сонин юм яриад байхаар нь гэнэт миний уур хүрээд түүнийг нэг алгадчихаад машинаас нь буух гэтэл багалзуурдаад машиндаа суулгаад цонх, машинаа түгжээд намайг Найрамдалын тийшээ авч явсан. Ер нь надад гар хүрэхдээ ил хүн харахаар газар айхтар цохиж, зодож хүрэхгүйгээр нэг бол үсдэж, багалзуурдаж, базах, хойш нь түлхэх, унагаах, алгадах, гараараа цохих зэрэг үйлдэлүүд гаргадаг юм. Тэгээд Найрамдалын тэнд очиход 02 цаг өнгөрч байсан байх, тэнд оччихоод явуулахгүй янз бүрийн зүйл яриад, түрүүн ярьсан элдэв сонин зүйлүүдээ дахин дахин яриад байсан ба тэр үед миний гэдэс базлаад нуруугаа тэнийлгэж болохгүй байхад хүчээр тэнийлгээд намайг жүжиглээд байна гэх маягаар янз бүрийн зүйл хэлж, элдэв янзаараа хараагаад нүүр рүү олон удаа нулимаад байсан бөгөөд намайг цохиж, зодох болгонд нь би өөрийгөө хамгаалах гэж хариу үйлдэл үзүүлж байсан. Би ч бас тэр хүнийг тодорхой хэмжээнд гэмтээсэн, гэхдээ би намайг эхэлж зодож эхлэхээр нь хариу өөрийгөө хамгаалсан, тэр миний үснээс зулгаагаад толгой хэсэг рүү 2 удаа гараараа цохиж, машиныхаа хойшоо чирч оруулсан, мөн багалзуурдаад байсан. Тухайн үедээ миний дээр гарч хэвтчихээд багалзуурдаад байсан. Намайг тэр газартаа 05 цаг өнгөртөл явуулахгүй хориглоод байсан ба би сүүлдээ гуйсаар байгаад түүний машиныг барьж хотод ирсэн, тэр харин согтуу байна гээд машинд унтаад явсан. Би гэрийн гадаа ирээд гэр рүүгээ шууд зугтаад гүйгээд орсон. ...Миний нурууны хэсэгт хөхөрсөн, мөн нүүрний зүүн хацар, шанаа, хүзүү хэсэгт улайсан, мөн толгой өвдөж, нуруугаар базалж, хэвлий хэсгээр өвдөж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6),
“...2017 оны 10 сарын 29-ний шөнө найзуудтайгаа “Халловээний” баяр тэмдэглээд “Zи” нэртэй бааранд байж байгаад утсаа хартал над руу 6 удаа залгачихсан байхаар нь найзынхаа утаснаас П.Т.н рүү залгаад хаана байгаа юм бэ гэхэд “гэрийн чинь гадаа чамайг хүлээгээд байж байна” гэхээр нь би за за чи хүрээд ирээ би “Zи” бааранд байна гээд дуудсан юм тэгээд гадаа чинь байж байя гэхээр нь яах юм бэ ороод ир гээд гэж би хэлсэн. Тэгээд орж ирснээ чи хэнтэй явж байгаа юм гэхээр нь хамт явж байсан найз охидуудаа харуулчихаад би за хоёулаа явъя гээд шууд хамт гарсан. Хаан банкны зогсоол дээр машин нь байсан. Машин руугаа намайг оруулж суулгаад чи одоо өөрийгөө баян айлын хүүхэд гэж бодоо юу? танайх чинь өрөндөө баригдсан айл байна шүү дээ чи наад хүүхдээ одоо авахуул миний амьдралд гай болох юм байна. Ирээдүйд гай болно гээд байсан. Тэгэхээр нь би түлхүүр барьж байсан гараараа алгадчихсан юм. Тэгсэн чинь зүүн билүү баруун билүү сайн санахгүй байна ямар ч байсан нүднийх нь доор цус хураад хавдчихсан юм. Тэгсэн чинь толинд хараад хавдсан газраа шахаад цусыг нь гойжуулж байгаад өөрийнхөө зургийг аваад чи надад гомдол гаргавал эргүүлээд энүүгээр чинь би чамайг адилхан хэрэгт татна. Чамайг хэр хол явахыг чинь харъя гээд байсан. Тэгээд бид 2 муудалцаж байгаад би машинаас нь буух гэтэл намайг шилэн хүзүүнээс базаж байгаад доош нь дараад байсан. Би цонх онгойлгоод орилох гээд чадахгүй буух гээд чадахгүй байсан. Тэгээд намайг аваад шууд Тахилт руу явчихсан, Тэгээд Тахилтын тэнд хав харанхуй эзгүй хээр хогийн цэгтэй хүн байтугай амьтан ч явахгүй газар намайг аваачаад өөрөө бууж хойд сандал руугаа орсноо намайг үсдээд хойшоогоо татаад оруулчихсан. Тэгээд миний гэдэс базалж өвдөөд атиралдаад хэвтэхээр чи битгий жүжиглээд бай чамайг жүжиглэдгийг чинь мэднэ шүү гээд тэнийлгээд байсан. Тэгээд намайг баахан хараасан. Би тэгээд өвдөөд байна шүү дээ гээд цохисон тэгсэн чинь чи намайг цохидог хэн бэ гээд намайг зөрүүлээд цохиод байсан. Тэгээд тэнд бараг 02 цагаас 06 цаг 30 минут хүртэл тэнд байсан. Тэгээд над руу ойртоод орилоход нь би согтуу байгааг нь мэдээд асуусан чинь тийм би согтуу байна одоо хоёулаа нэг цаг унтчихаад архиа гаргачихаад явна гэсэн. Тэгээд над руу ээж бараг 10 удаа залгаад байсан миний утсыг халааснаас аваад урагшаа шидчихсэн байсан. Тэгээд би миний буруу хоёулаа манайд очоод хоночихъё би чамайг бааранд зодоон хийсэн гээд хэлчихье би утсаа аваад ээжид санаа зоволтгүй очиж байна гээд хэлчихье гэсэн чинь Т.н тайвшраад арай гайгүй болсон юм. Тэгээд би утсаа авж ярьчихаад шууд машиныг нь унаад гэр рүүгээ яваад орцныхоо үүдэнд зогсоод шууд гэр рүүгээ гүйгээд орчихсон юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8),
“...Тухайн үед би “Тахилт” гэдэг газар нь юм байх гэж бодсон харанхуй шөнө байсан болохоор дээрээс нь тэр хавийг би сайн мэдэхгүй. Би буцах замдаа өөрөө машиныг бариад явахад Сонгинохайрхан дүүргийн Найрамдал зуслан явах замд “МТ” колонк өнгөрөөд замын хажуунаас хөдлөөд буцаад гэр рүүгээ явсан юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9),
2. Гэрч Ч.Г.т (хохирогчийн аав) мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай охин Г.Д.н нь Т.н гэх залуутай 2016 оноос хойш үерхэх болсон. 2017 оны 10 дугаар сарын 29-ний орой...манай охин Д.н хүнтэй муудалцсан, уйлсан бололтой гэртээ орж ирээд байж байтал гэрийн хаалга хүн байна байна тогшоод байхаар нь би очиж хаалга онгойлгоход манай охины үерхдэг найз Т.н зогсож байсан бөгөөд таньтай уулзъя гэхээр нь би түүнийг манай охинтой муудалцсан юм байна гэдгийг гадарласан байсан болохоор чамтай юу ярьдаг юм ярих зүйл байхгүй гэж хэлээд хаалгаа хаачихсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46),
3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13692 дугаар шинжээчийн дүгнэлтэнд
“...Хэсэг газрын үзлэгт: Баруун шилбэний ар дунд 2х3 см, зүүн өвдөгний дотор хэсэгт 2х1 см бүдэг хүрэн шаргал, зүүн өвдөгт 1 см 0,5 см хүрэн тав тогтож буй зулгаралттай. Хэвлий зөөлөн чангаралгүй... ДҮГНЭЛТ:
1. Г.Д.ний биед тархи доргилт, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх тухай үед үүссэн гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Д.н нь 8-9 долоо хоногтой жирэмсэн байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16),
4. Шүүгдэгч П.Т.нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны “Хаан банкны” хашаан дотор би зодоогүй тэнд уулзаад маргалдаж байгаад шууд Сонгинохайрхан дүүргийн “Найрамдал” зуслан руу явах замд “МТ” Шатахуун түгээх станц өнгөрөөд төв зам дагуу замын хажууд зогссон юм. Тэгээд маргалдаж байгаад би хоёр алгадсан юм....Гэр бүлийн харилцаа байхгүй. Гэрлэлтийн баталгаа байхгүй зүгээр л үерхдэг хамт амьдардаг байсан юм ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 19, 20), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 23), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 21-22), ажлын тодорхойлолт (хавтаст хэргийн 51) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.Т.нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч П.Т.н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.
Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч П.Т.н нь СХД-н эцсийн “МТ” колонкийн орчим, 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр өөрийн найз охин Г.Д.нийг жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
-Хохирогч Г.Д.ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие П.Т.нтэй...2017 оны 04 дүгээр сараас хойш одоог хүртэлх хугацаанд үерхэж байгаа юм. Тэгээд 2017 оны 09 сарын үед жирэмсэн болсон. ...2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-ний шилжих шөнийн 00 цагийн үед байх би найзуудтайгаа гадуур явж байхад Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо төв Хаан банкны салбарын гадаа намайг дуудаж уулзсан. ...машинд суугаад ярилцаж ...байхдаа миний хэвлийд байгаа хүүхдийг өөр хүний хүүхэд болгож чадахгүй, чамтай гэрлэнэ хэрэв надтай гэрлэхгүй бол 3-лаа амиа алдана, хүүхдээ одоо авхуул, 24 цагийн эмнэлэг байгаа гэх зэргээр сонин сонин юм яриад байхаар нь гэнэт миний уур хүрээд түүний нэг алгадчихаад машинаас нь буух гэтэл багалзуурдаад машиндаа суулгаад цонх, машинаа түгжээд намайг Найрамдалын тийшээ авч явсан. ...тэнд очиход 02 цаг өнгөрч байсан байх, тэнд оччихоод явуулахгүй янз бүрийн зүйл яриад. ...миний гэдэс базлаад нуруугаа тэнийлгэж болохгүй байхад хүчээр тэнийлгээд намайг жүжиглээд байна гэх маягаар янз бүрийн зүйл хэлж, элдэв янзаараа хараагаад нүүр рүү олон удаа нулимаад...миний үснээс зулгаагаад толгой хэсэг рүү 2 удаа гараараа цохиж, машиныхаа хойшоо чирч оруулсан, мөн багалзуурдаад байсан...Миний нурууны хэсэгт хөхөрсөн, мөн нүүрний зүүн хацар, шанаа, хүзүү хэсэгт улайсан, мөн толгой өвдөж, нуруугаар базалж, хэвлий хэсгээр өвдөж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6),
- Гэрч Ч.Г.т (хохирогчийн аав) мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай охин Д.н нь Т.н гэх залуутай 2016 оноос хойш үерхэх болсон. 2017 оны 10 дугаар сарын 29-ний орой...манай охин Д.н хүнтэй муудалцсан, уйлсан бололтой гэртээ орж ирээд байж байтал гэрийн хаалга хүн байна байна тогшоод байхаар нь би очиж хаалга онгойлгоход манай охины үерхдэг найз Т.н зогсож байсан бөгөөд тантай уулзъя гэхээр нь би түүнийг манай охинтой муудалцсан юм байна гэдгийг гадарласан байсан болохоор чамтай юу ярьдаг юм ярих зүйл байхгүй гэж хэлээд хаалгаа хаачихсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13692 дугаар шинжээчийн дүгнэлтэнд “...1. Г.Д.ний биед тархи доргилт, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...5. Б.Д.н нь 8-9 долоо хоногтой жирэмсэн байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16),
- Шүүгдэгч П.Т.нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...маргалдаж байгаад шууд Сонгинохайрхан дүүргийн “Найрамдал” зуслан руу явах замд “МТ” Шатахуун түгээх станц өнгөрөөд төв зам дагуу замын хажууд зогссон юм. Тэгээд маргалдаж байгаад би хоёр алгадсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч П.Т.н нь гэр бүлийн хамаарал бүхий хохирогч Г.Д.нийг жирэмсэн болохыг мэдсээр байж зодсон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Нөгөө талаас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг тодорхойлсон бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүн гэдэгт хамтран амьдарч байсан хүнийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах...сэтгэл санаанд нь дарамт учруулах...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж тус тус хуулчилсан байна.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч П.Т.нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Т.нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг,
-шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Т.нд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.Т.н нь “Зэст Ус Бюлдинг” “АНЗО ТРЕЙД” ХХК-нд тус тус ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Нөгөө талаар шүүгдэгч нь гэм буруу эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг хүлээн авах боломжгүй. Өөрөө хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 2 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзэв. Түүнчлэн шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
III. Бусад асуудлаар
Эрүүгийн 1708 0135 20177 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.