Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 123/ШШ2025/0079

 

2025        09         05                                         123/ШШ2025/0079

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргаж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: С.И,

            Хариуцагч: *** аймгийн *** сумын Засаг дарга,

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Будхүү, нэхэмжлэгч С.И, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга, хариуцагч *** аймгийн *** сумын Засаг дарга Д.Э, түүний өмгөөлөгч Б.Жигмэддорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага

1.1 Нэхэмжлэгч С.И-аас *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн Засаг даргаар томилохоос татгалзсан *** аймгийн *** сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 05/165 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, *** багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлэхийг сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар

2.1. *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж багийн Засаг даргад Н.Цасанчихэр, С.И нарыг нэр дэвшүүлж санал хураажээ.

2.2. *** 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссын 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор санал хураалтад 125 иргэний санал буюу 54,5 хувийн санал авсан С.И багийн Засаг даргаар томилуулах саналыг сумын Засаг даргад уламжилжээ.

2.3. *** аймгийн *** сумын Засаг даргаас 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 05/165 дугаартай албан бичгээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь заалтыг үндэслэн С.И багийн Засаг даргаар томилохоос татгалзаж, *** багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулж, нэр дэвшигчийг тодруулан холбогдох материалыг хүргүүлэхийг үүгээр мэдэгдэж байна гэсэн хариуг *** багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад өгчээ.

2.4. Нэхэмжлэгч С.И нь уг захиргааны актад холбогдуулан 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр *** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч С.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 05 сарын 10-ны өдөр хуралдсан. Миний бие С.И нь багийн Засаг даргад нэр дэвшин өрсөлдөж, 54,5 хувийн саналаар ялалт байгуулсан. Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр сумын Засаг даргад багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан. Сумын Засаг даргаас маргаан бүхий албан бичгийг иргэдийн Нийтийн Хуралд хүргүүлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь заалтыг үндэслэн татгалзжээ. Миний зүгээс сумын Засаг дарга ямар шалтгаан, нөхцөлөөр татгалзсанаа албан бичигтээ дурдаагүй нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Миний бие сонгогдох эрхийн хүрээнд багийн Засаг даргад тавигдах шаардлагыг хангаагүй эсхүл сонгууль маргаантай болсон зэрэг шалтгааныг сумын Засаг дарга дурдаж татгалзах ёстой байсан гэж үзэж байна. Шалгуур шаардлагын хувьд миний бие өмнөх дөрвөн жилд тус багийн Засаг даргаар ажилласан. Сонгуулийн хувьд маргаан гараагүй бөгөөд өрсөлдөгч иргэн сонгуультай холбоотой асуудлаар гомдол санал гаргаагүй, сонгууль хуулийн дагуу явагдсан болно. Энд ганц миний сонгогдох эрхээс гадна *** багийн иргэдийн сонгох эрх зөрчигдсөн. Иргэдийн олонхын саналыг авсан хүнийг сумын Засаг дарга томилохоос татгалзсан нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай Засаг даргын гаргасан шийдвэр нийцээгүй гэж үзэж байна. Иймд *** аймаг *** сумын *** 2 дугаар багийн Засаг даргааap томилохоос татгалзсан 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 05/165 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, багийн иргэдийн Нийтийн Хурлын багийн Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлэхийг сумын Засаг даргад даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. Би Дорж овгийн Санжаагийн Идэрчулуун. 1971 онд *** аймгийн *** суманд төрсөн. Ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Багшийн их сургуулийг төгссөн, багш мэргэжилтэй. Багшийн их сургуулийг төгссөн жилдээ өөрийн хүсэлтээр төрөлх сумандаа ажиллаж байсан. Мөн нийслэлийн Багануур дүүрэгт ажиллаж байсан. Багийн Засаг даргын сонгуулиар мөн *** аймгийн *** сумын *** хоёрдугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд нэр дэвших санал хүсэлтээ өгч, *** багийн иргэдийн олонхын саналаар багийн Засаг даргаар ажиллаж байсан. 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн *** багийн иргэдийн Нийтийн Хуралд мөн багийн Засаг даргаар нэр дэвших хүсэлтээ хуулийн дагуу өгч, зохих журмын дагуу *** багийн иргэдийн олонхын саналаар сонгогдоод ажиллаж байгаа хүн. Сумын Засаг даргын хэлж байгаа 01 дүгээр сарын 27-ны өдөр надад хүргүүлсэн тоот, 01 дүгээр сарын 28-ны өдрийн дотор гээд түрүүний хэлсэн 2023, 2024 оны багийн иргэдийн Нийтийн Хуралтай холбоотой материалуудыг нэг өдрийн дотор гаргаж өгнө үү гэсэн. Албан бичиг хугацаатай учир тоотын хариуг өгсөн. Үүнийг ямар үндэслэлээр өгсөн бэ гэхээр багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн дарга Б.Урөндөшид та хандана уу, тэр манай багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн даргаар одоо хүчин төгөлдөр ажиллаж байгаа хүн. Одоо надад эх хувиараа тэр материалууд байхгүй тухайн хурал дээр хийж байсан багийн Иргэдийн нийтийн хурлын төсөл маягийн материал энэ байна. Тэрийг би өөрийн дуудсан цагт өрөөнд нь орж багийн Засаг даргын зүгээс яг тэр тайлбартай өгсөн зүйл байдаг. Үүнийг Засаг дарга Тамгын газрын хурал дээр ярьж байсан. Мөн дараагийн шатны зөвлөл дээр ярьж байсан. Дараагийн багийн Иргэдийн нийтийн хуралд энэ зүйлийг танилцуулна тантай хамтарч ажиллах боломжгүй гэдгээ дурдана гэж байсан. Мөн үүнийгээ 2025 оны 05 дугаар сарын 10-ны хурал дээр эхлэх цагаас дуусах хүртэл Засаг дарга оролцож ямар шийдвэр гарсныг мэдэж байсан. 2023 онд *** аймгийн *** сумын үүсэн байгуулагдсаны түүхэн 100 жилийн ой болсон он жилүүд байсан. Тухайн газар оронд цас зудын байдал нэлээн гамшгийн түвшинд хүрч маш хүнд цаг хугацаанд сумын төр захиргааны байгууллага болон *** багийн мал бүхий иргэд маш хүндхэн байдлаар туулсан. Энэ цаг хугацаанд би багийн иргэдтэй хамтарч цастай, зудтай хүнд нөхцөлийг чадах чинээгээрээ даван туулсан байдалтай ажлаа хийсэн. Мөн түүхт 100 жилийн ойтой холбогдуулан маш олон ажил үйл ажиллагаанууд болсон. Тэнд цаг завгүй нойр хоолгүй хүчин чармайлттай ажиллаж байж, зохион байгуулсан ажил үйлчилгээ байна. Тодорхой шаардлагатай гэвэл түүнтэй холбоотой баримтууд бэлэн байгаа” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....*** аймгийн *** сумын *** хоёрдугаар багийн Иргэдийн нийтийн хурал 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр болсон байдаг. Энэ хурал болон санал хураалттай Засаг дарга маргаагүй гэж ойлгож байна. Өөрөө тэр хуралд оролцож байсан гэдэг. С.И нь өрсөлдөөд 54.5 хувийн саналаар ялалт байгуулсан. Багийн Иргэдийн нийтийн хурлын даргын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай албан бичгээр багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу албан бичиг явсан байдаг. Сумын Засаг даргаас    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь заалтыг үндэслэж татгалзсан 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 05/165 дугаар албан бичигтэй маргаж байгаа. Сумын Засаг дарга нь ямар шалтгаанаар татгалзсанаа албан бичигт дурдаагүй байдаг. Нэхэмжлэгчээс Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн байна гэдэг агуулгатай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2025 ны 05 дугаар сарын 30-ны өдрийн 05/168 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, багийн *** багийн Засаг даргаар томилуулахыг сумын Засаг даргад даалгах шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Засаг дарга Д.Э нь хариу тайлбартаа 5 үндэслэлийг дурдсан байдаг. Албан бичгийн хариу архиваас бичиг гаргаж өгөөгүй гэдэг. Өмгөөлөгч нь 2023 оны асуудал хэрэгт хамааралгүй гэж байна. Гэтэл 2021 оноос 2023 онд иргэдийн Нийтийн Хурлаас гарсан тогтоол шийдвэрүүдийг архиваас авч өг гэсэн албан бичиг явуулсан байдаг. Энэ нь боломжгүй тухайн үеийн иргэдийн Нийтийн Хурал болоод ямар ямар ажил хийх вэ тэрийг Засаг даргын Тамгын газарт уламжлаад энэ ажлууд нь хийгдсэн. С.Иаас тухайн баримт бичгүүд надад байхгүй гэсэн хариу өгсөн байдаг. Хурлын шийдвэрүүдийг багийн Засаг дарга хадгалах архивд хийх үндэслэл байна уу гэдэг асуудал яригдана. Тэгэхээр тайлбар дээр тийм зүйл байхгүй. Яагаад тэрийг энэ хүн заавал архивлах ёстой байсан юм. Тэр үүрэг нь багийн Засаг даргад байгаа эсэх нь хариу тайлбарт огт байхгүй. Зөвхөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг асуудал тавигдсан байдаг. Тэгэхээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсэг гэх мэт тодорхой заалтыг Засаг дарга тодорхой үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой гэсэн байдлаар тавьсан байдаг. Тэгвэл тухайн албан бичиг Засаг даргын харьяаллын албан бичиг мөн байсан уу гэдэг нэгдүгээр асуудал. Хоёрт үүрэг даалгаврыг үнэхээр биелүүлэхгүй байгаа бол ямар сануулах арга хэмжээ авсан юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Ямар ч тийм баримт байхгүй. Энэ хүн бичиг өгсөн би мөн бичиг өгсөн гэдэг байдлаар татгалзсан нь үндэслэлгүй байна. Багийн Засаг дарга Төрийн үйл ажиллагааг иргэдэд хүргэх чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг биелүүлээгүй, иргэдтэй тулж ажиллаж чадаагүй гэж байна. Энийг мөн нотлох баримтаар үүрэг даалгавар яаж өгсөн, иргэдэд мэдээлэл хүргээгүй гэдэг ямар нотлох баримт байгаа вэ гэдэгт баримт байхгүй, үүнийгээ нотлох ёстой. Архивын тухай хуулийг зөрчсөн гэдэг, ямар хуулийн заалтыг зөрчсөн юм бэ. Иргэдийн Нийтийн Хурлын тогтоол шийдвэрийг өгөх ёстой юм уу. Үүрэг хүлээж байгаа эсэх асуудал яригдана. *** багийн иргэдийн Нийтийн Хурал болоход С.И нь ирдэггүй, иргэдийн санал хүсэлтийг авдаггүй, төрийн үйлчилгээг хүргэдэггүй, иргэдэд ижил тэгш харьцдаггүй гэдэг. Хэн хэлж яриад, ямар хурал дээр хэзээ яаж яриад байгааг нотлох баримтаар шаардаж байна. Тийм зүйл хавтаст хэрэгт огт байхгүй. Үүнтэй холбоотой 2023 оны ямар ажлыг хэрхэн зохион байгуулж байсан талаарх материалыг өгсөн. Үнэхээр муу ажилладаг байсан бол энэ хүн тухайн хурал дээр 54.5 хувийн санал авах уу, иргэд нь өөрсдөө сонгоод байгаа шүү дээ. Хариуцагч иргэдийн сонголттой нийцэхгүй хариу тайлбарыг ирүүлсэн гэж үзэж байна. Тавд нь багийн Засаг даргын нэр дэвшүүлсэн албан тоот хурлын тогтоолд Б.У гарын үсэг асуудал гэдэг. Энэ асуудлаас шүүх хурал хоёр ч удаа хойшилсон. Б.Урандөш гэдэг хүн хэрэгт гэрчээр мэдүүлгээ өгч, миний гарын үсэг мөн гэдэг. Хоёрт Засаг дарга Д.Э нь өөрөө хурал дээр бүтэн байсан. Энэ асуудалд гарын үсэгтэй холбоотой маргаан үүсгэсэн нь хэр зөв бэ гэдэг асуудал болно. Мөн цагдаад хандсан гэдэг. Цагдаагийн байгууллагаас ирсэн дүгнэлтэд Б.У гарын үсэг мөн гэсэн байна. Тэгэхээр Б.Урандөш гэдэг хүний гарын үсэгтэй холбоотой маргаан С.Итай огт хамааралгүй болж байна. С.И өмнөөс нь гарын үсэг зураагүй. Тухайн хурал болсон, иргэд нь санал өгсөн, шийдвэр гарсан, уламжлах үүрэгтэй иргэдийн Нийтийн Хурлын дарга нь уламжилсан. Тэр хүний хувьд гарын үсгээ буруу, зөрүү зурах нь С.Ид хамааралгүй. Энэ нь мөн татгалзах үндэслэл болохгүй” гэжээ.

3.3. Хариуцагч *** аймгийн *** сумын Засаг дарга Д.Э шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбартаа: “Багийн Засаг дарга С.И нь 2021 оноос өдийг хүртэл *** багийн Засar даргаар ажиллаж байгаа. Багийн Засаг дарга С.Ид 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05/33 тоот албан бичиг хүргүүлсэн. Тухайн албан бичигт 2023, 2024 онд зохион байгуулагдсан багийн иргэдийн Нийтийн Хурлын тоо, хэлэлцсэн асуудлын жагсаалт, хурлын тэмдэглэл, хурлын тогтоолууд зэрэг баримтыг гарган өгөхийг хүссэн. Хариу албан бичигт Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу багийн Засаг даргын үүргээ биелүүлж байгаа. Мөн хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу ажиллаж байгаа тул таны шаардсан материалыг бэлтгэн өгөх боломжгүй байна гэсэн хариу ирүүлсэн. Багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн С.Иыг дараах үндэслэлүүдээр татгалзаж хариу хүргүүлсэн.

1. Багийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэгтэй зэрэг Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1.1, 58.1.2, 58.1.12 дахь заалтуудын хэрэгжилтийг ханган ажиллаж чадаагүй хэмээн дүгнэн үзэх үндэслэл болсон.

2. Багийн Засаг дарга иргэдийн Нийтийн Хуралдааныг зохион байгуулах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж ажиллах чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолтод байх үүргээ биелүүлээгүй, иргэддээ хүрч ажиллаж чадаагүйг мөн харуулж байна.

3. Мөн багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан тогтоол шийдвэр болон хэрэгжилтийг архивын нэгж болгон архивд хүлээлгэж өгөөгүй байгаа нь мөн архив бичиг хэргийн эрхлэгчийн бичгээр тодорхойлогдож байгаа нь архивын тухай хуулийг мөн зөрчсөн үйлдэл болж байна.

4. *** багийн хөдөөд ажиллахад иргэд С.И дарга ирдэггүй, санал хүсэлтийг хүлээж авдаггүй, төрийн үйлчилгээг хүргэдэггүй, мөн иргэдтэй ижил тэгш харьцдаггүй гэх гомдлыг хэлж, ярьж байсан.

5. С.Иыг багийн Засаг даргад нэр дэвшүүлж ирүүлсэн албан тоот, хурлын тогтоолд багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.У гарын үсэг, багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолын албан тоот /хэвлэмэл хуудас/ нь стандарт биш байх магадлалтай байгааг хэсгийн төлөөлөгчид шалгуулахаар материалыг бүрдүүлэн өгсөн.

Дээрх шалтгааныг үндэслэн Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь заалтын дагуу бүрэн эрхийн хүрээнд С.Иыг багийн Засаг даргад томилохоос татгалзсан шийдвэр гаргахад үндэслэл болж буй материал, мөн тухайн иргэдийн Нийтийн Хурлын албан тоот болон хурлын тогтоолд бичигдсэн хурлын дарга Б.У гарын үсэг /хэвлэмэл хуудас/-ыг шалгуулж байгаа материалыг хавсралтаар хүргүүлэв. Багийн Засаг дарга нь сумын Засаг даргатай гэрээ байгуулж ажилладаг. Тухайн ажилласан жилүүдийг дүгнэсэн баримт байхгүй. Намайг Засаг дарга болсноос хойш ямар нэгэн байдлаар гэрээ хийгдээгүй, дүгнэсэн зүйл байхгүй. Бичгээр тухайн шаардлагыг тавьж байсан. Амаар шаардлагыг тухай бүрд нь тавьж байсан. Тухайн өдрийн сонгуулийн үр дүнг би хүлээн зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл хурлын дараа би ачигдаж ирсэн юм, буцах унаагүй болчихлоо, Б.Урандөш дарга байна уу С.И дарга байна уу гэж эрж хайж байсан залуучууд байдаг. Би энэ дээр маргаад байх шаардлагагүй учир нь олон хүний хэцүү байдалд байлгах юм байна. Иймд Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд асуудалд хандъя гэдэг байр суурийг илэрхийлж татгалзсан. Ард иргэдтэй хөдөөгүүр ажиллаж байх явцад ард иргэд үндсэндээ зудтай байхад ирж уулзсангүй, хандив тусламжийн бараа материалыг нэг айлд буулгаад хаячихсан нөгөө айлд очиж авч чадахгүй байна гэдэг янз янзын асуудал гарч байсан. Тухай бүрд нь бичгээр өг би шийдвэрлэхээр явж байгаа гэхэд малчин иргэд ямар байдлаар хэл ам гарна, дараа нь алагчилж үзэх вий гэдэг асуудал байсан байх. Нам засгаар ард иргэдийг тэгж болохгүй гэсэн мэдээллийг өгч байсан хэдий ч би өөрт нь хариу тайлбарт хэлэхдээ иргэдтэй та эрх тэгш харьцаагүй байна гэдэг зүйлийг тайлбарласан” гэжээ.  

3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жигмэддорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төрийн албан хаагч С.И нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль зэрэгт заасан төрийн албан хаагчийн эрх үүргийг эдэлж харилцаанд оролцож байгаа. Төрийн албаны тухай хуульд эдлэх эрх үүргийг зааж өгсөн байгаа. Захирах, захирагдах ёсыг баримтлах, ард түмэндээ үйлчлэх, чин шударгаар ажиллах зарчмыг үүрэг болгосон гэдгийг дурдмаар байна. Дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой гэсэн зүйл байгаа. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсэгт иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлтэй холбоотой асуудлыг хуульчилж өгсөн байдаг. Өгсөн тайлбартай холбоотой хавтаст хэргийн 41 дүгээр хуудсанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 58 дугаар зүйлд багийн Засаг даргын бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд, уг хуулийн заалтад багийн Засаг дарга нь багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаанд оролцох чиг үүргийг тусгайлан зааж өгсөн. Иймээс багийн Засаг дарга миний бие гагцхүү хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу ажиллаж байгаа тул таны шаардсан баримтыг бэлтгэн өгөх боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг харах юм бол зөвлөл багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааг авч явж байгаа. Зөвлөлд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсэгт зааснаар иргэдийн төлөөллөөс гадна баг хорооны Засаг дарга болон хуралдааны дарга бүтэц бүрэлдэхүүнд байна гээд бүрэлдэхүүнийг тодорхой хуульчилж өгсөн. Тэгэхээр зөвлөлтэй холбоотой асуудлыг бүгд хариуцах ёстой. Зөвхөн хуралдааны дарга бүгдийг хийнэ гэсэн зүйл байхгүй. Мөн нэгжийн тухай хуульд хуралдааны дарга нь орон тооны бус хуралдааныг ирж даргалдаг, хурлаас гарсан бичиг баримтыг бүрдүүлж, цэгцэлж, архивд хүлээлгэж өгөх чиг үүрэг нь багийн Засаг даргатай хамт ажиллаж багийн зохион байгуулагч болон хэсгийг ахлагч нарын чиг үүрэг байдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт маш тодорхой зааж өгсөн байгаа. Дээд шатны Засаг дарга эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийн томилохоос татгалзаж болно. Энэ хүн ийм үндэслэлээр татгалзана гэсэн зүйл байхгүй. Хэрвээ татгалзсан бол тухайн шатны хурал нь хурлаа зарлаад дараагийн нэр дэвшигчийг тодруулж, тодруулсныг нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.9 дэх хэсэгт зааснаар 5 хоногийн дотор батламжлах үүрэгтэй. Багийн иргэдийн Нийтийн Хурлаас 100 хувийн санал аваад гараад ирсэн байсан ч гэсэн нэг удаа татгалзах бүрэн эрхтэй. Энэ үүргээ хэрэгжүүлсэн байна. Гэхдээ ямар ч үндэслэлгүйгээр би татгалзаагүй гэдэг зүйлийг сая хариуцагч өөрөө тайлбарласан”  гэжээ.

3.5. Гэрч Б.У хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг: “...С.Иыг *** аймгийн *** сумын *** багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн *** сумын *** багийн иргэдийн Нийтийн хурлын 03 дугаар “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоол, 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр *** сумын Засаг даргад хүргүүлсэн *** сумын *** багийн иргэдийн Нийтийн хурлын 01 тоот албан бичиг дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн. Намайг *** аймгийн Цагдаагийн газраас 2 удаа дуудаж мэдүүлэг авсан. Цагдаагийн газар ямар өргөдөл ирээд шалгагдаж байгааг мэднэ. Тухайн нотлох баримтууд дээрх гарын үсэг миний мөн гэдгийг мэдүүлж мэдүүлэг өгсөн. Би *** аймгийн *** сумын Засаг даргын орлогчоор 2020 оны 12 сард ажилд томилогдон ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш дахин сонгогдож сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, *** багийн иргэдийн Нийтийн Зөвлөлийн Хуралдааны даргаар ажиллаж байгаа. С.И нь 2021 онд *** багийн Засаг даргаар томилогдон ажилласан. Түүнээс хойших хугацаанд ажил албан үүргээ хангалттай сайн хийх гүйцэтгэж, ард иргэдийн төлөө бүх л ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. Олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцож, сум орон нутгийн хуваарьт ажлуудыг цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг байсан. С.И даргын ажил албан үүрэгтэй холбоотой иргэдээс ямар нэгэн гомдол санал ирж байгаагүй. Багтаа шинээр худаг гаргуулж байсан, хуучин худгийг янзалж байсан, сумынхаа өөрийн харьяа багт гэрэл тавьж ажиллаж байсан. Ер нь бол ажил албан үүргээ хангалттай сайн хийж гүйцэтгэдэг, улс төрийн албан хаагч гэж боддог. С.И даргыг ажлаа сайн хийж байсан учраас багийн иргэдээс дахин  итгэл хүлээлгэн багийн Засаг даргаараа сонгосон байна шүү дээ. Дээрх тогтоол, албан бичиг дээрх гарын үсэг миний гарын үсэг биш гэж үзэж байсан бол иргэдийн Нийтийн Хурлаас хүргүүлсэн албан бичиг зэргийг буцаах боломжтой байсан шүү дээ. Ер нь бол сумын Засаг дарга Д.Э 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр болсон багийн Иргэдийн Нийтийн Хурлыг эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд байсан. Багийн иргэд саналаа өгөөд С.Иыг Засаг даргаараа томилсон. Тус хурал сумын Засаг дарга Д.Э хэлэхдээ багийн Засаг даргаар С.Иыг битгий сонгоорой гэж иргэдийн сонгох эрхэд халдсан мэдээлэл өгч байсан. Сумын Засаг дарга С.Иыг багийн Засаг даргаар томилохоос татгалзсан шийдвэр нь үндэслэлгүй байна” гэж мэдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, С.Иаас *** аймгийн *** сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “*** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн Засаг даргаар томилохоос татгалзсан *** аймгийн *** сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 05/165 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлэхийг сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

      *** аймгийн *** сумын *** багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж, багийн Засаг даргыг сонгох сонгууль явагдсан байх бөгөөд уг хуралдаанаар С.И нь 54,5 хувийн саналаар сонгогдон улмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор С.Иыг *** багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжилжээ.

      *** аймгийн *** сумын Засаг дарга нь 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 05/165 дугаар албан бичгээр нэхэмжлэгч С.Иыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт заасныг үндэслэн *** багийн Засаг даргаар томилохоос татгалзсан нь хууль бус байна.

      Учир нь багийн Засаг даргад нэр дэвшиж, олонхын санал авч сонгогдсон иргэнийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан шаардлага хангагдахгүй байгаа тохиолдолд сумын Засаг дарга томилохоос татгалзах эрхтэй.

      Өөрөөр хэлбэл хариуцагч *** аймгийн *** сумын Засаг даргын *** багийн Засаг даргыг томилохоос татгалзсан үндэслэлд дурдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт заасан “нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно” гэсэн заалт нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д “Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна”, 56.4.1-д “хорооны Засаг даргад дээд, багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой”, 56.4.2-д “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх”, 56.4.3-д “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх”, 56.4.4-д “ялгүй байх” гэсэн шаардлагуудыг хангахгүй байгаа  тохиолдолд сумын Засаг дарга багийн Засаг даргаар сонгогдсон иргэнийг томилохоос татгалзах эрхтэй. Бусад тохиолдолд тухайн нэр дэвшигчийг багийн Засаг даргаар томилохоос татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

      Мөн нэхэмжлэгч С.Иыг *** багийн Засаг даргаар томилохоос татгалзсан албан бичигт хууль зүйн үндэслэл болон хариу тайлбарт дурдсан үндэслэлүүд тусгагдаагүй байна.

      Иймээс хариуцагч *** сумын Засаг дарга нь С.Иыг *** багийн Засаг даргаар томилохоос татгалзсан эрх зүйн актад ямар үндэслэлээр томилохоос татгалзаж байгаа хууль зүйн үндэслэлээ дурдаж өгөөгүй байгаа нь маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

      Мөн түүнчлэн тайлбарт ирүүлсэн баримт материал буюу иргэдийн Нийтийн Хурлын тогтоол, шийдвэрийг ирүүлээгүй гэдэг нь тухайн албан тушаалтны ажил, албан үүрэгтэй хамааралгүй бөгөөд иргэдийн Нийтийн Хуралд хамааралтай баримт материалыг багийн Засаг даргаас шаардсан нь буруу байна.

      Нэхэмжлэгч С.Иыг *** сумын *** багийн Засаг даргаар томилохыг уламжилсан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр албан тоот болон 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай тогтоол зэрэгт иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.У гарын үсэг биш гэж маргаж байх боловч иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.У “миний гарын үсэг” гэсэн мэдүүлэг, мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0125/1820 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн 2025 оны 5 дугаар сарын 16-ны огноотой №01 дугаартай *** аймгийн *** сумын *** багийн иргэдийн нийтийн хурлын “*** сумын засаг дарга Д.Э танаа” гэсэн А5-ийн хэмжээтэй албан бичиг, 2025 оны 5 дугаар сарын 10-ны огноотой №03 дугаартай *** аймгийн *** сумын *** багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол “Багийн засаг даргад нэр дэвшүүлэх тухай” гэсэн А4-ийн хэмжээтэй албан бичигт зурагдсан гарын үсгүүдийг нэг хүн зурсан байна” гэснээс үзвэл уг тайлбар няцаагдана.

      Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахаа иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд өөр тамга, тэмдэг дарсан гэжээ.

      Хэдийгээр *** аймгийн *** сумын *** багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолд өөр баг буюу Байдраг багийн тамга, тэмдэг дарагдсан боловч үүнийг хариуцагч зөвтгүүлэх боломжтой. Энэ нь сонгуулийн үр дүнг үгүйсгэх үндэслэл болохгүй.       

      Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ”, 56.6-д “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно” гэж заасныг тус тус баримтлан *** аймгийн *** сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 05/165 дугаар албан бичгээр С.Иыг *** багийн Засаг даргаар томилохоос  татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, *** аймгийн *** сумын *** багийн Засаг даргаар С.Иыг томилуулахаар уламжилсан *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолыг биелүүлэхийг хариуцагч сумын Засаг даргад даалгаж шүүх шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн Засаг даргаар С.Иыг томилохоос татгалзсан тус сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 05/165 дугаар албан бичиг хууль бус болохыг тогтоож, *** сумын иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолыг биелүүлэхийг хариуцагч сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газраас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Л.ӨЛЗИЙЖАРГАЛ