Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01349

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01349

 

 

В.Т-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2021/01397 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч В.Т-ын хариуцагч Д.Э-д холбогдуулан гаргасан 62 760 000 төгрөг гаргуулж, орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ДХ ХХК болон Т.А- нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр барилгын захиалга авах гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлд 130 000 000 төгрөгөөр тооцож В.Т-ын өмчлөлийн орон сууцыг 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ-гээр Д.Э-ын өмчлөлд шилжүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дурдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргаснаар 3 шатны шүүхийн шийдвэрээр тус орон сууц худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл учраас хүчин төгөлдөр бусд тооцож, В.Т-ын улсын бүртгэлийн Ү-2205017516 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг сэргээж, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.Э-д даалгаж шийдвэрлэсэн. В.Т- шүүхийн шийдвэрийн дагуу орон сууцыг өмчлөх эрхээ баталгаажуулж, улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. Гэвч хариуцагч Д.Э- нь тус орон сууцыг чөлөөлж өгөхгүй, өдийг хүртэл амьдарсаар байгаа тул хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж тус байрыг түрээслэн олох байсан орлогыг шаардах эрхтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хөрөнгө олж авсан. Иймд Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасны дагуу тус хөрөнгөөс олох ёстой байсан орлогыг хууль ёсны өмчлөгч нь шаардах эрхтэй гэж заасан. Иймд хариуцагчаас 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 68 сар тухайн орон сууцыг түрээслэн олох байсан орлого 62 760 000 төгрөгийг гаргуулна. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасны дагуу В.Т-ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байр, 32 тоот хаягт байрлах орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Э- ДХ ХХК-аас 140 000 000 төгрөгийн авлагынхаа оронд тус Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байр 32 тоот 3 өрөө байрыг авахдаа В.Т-ын өмчлөлөөс шууд шилжүүлэн авснаар орон байргүй болж хохирсон. В.Т- бид хоёрын хооронд ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулагдаагүй, эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар нэхэмжлэгчээс авсан зүйл байхгүй. Иймээс олох ёстой байсан үр шимийг Барилгын захиалга авах гэрээнд хамааралгүй хүнээс нэхэж байгаа нь үндэслэлгүй. Шүүхээр албадан гаргуулах шаардлага гаргуулан урьд шийдвэрлүүлсэн тул дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Уг орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжсэн учраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Түрээсийн гэрээ байгуулсан зүйл байхгүй учир түрээсийн гэрээний төлбөр шаардах нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.3, 493.6 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017516 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 байр 32 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Д.Э-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, орон сууцыг түрээслэн олох байсан орлого 62 760 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч В.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 512 110 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШЗ2021/03492 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч давж заалдах гомдолдоо:

... Д.Э- нь тус орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй бөгөөд ДХ ХХК-аас авах өр төлбөртөө тооцуулан шилжүүлэн авсан. В.Т- нь өөрийн эхнэр Т.А-гийн барилга бариулах гэрээний төлбөрт тус 15 дугаар байр 32 тоот орон сууцыг шилжүүлсэн. Тухайн гэрээний оролцогч биш надад ДХ ХХК нь орон сууцыг шилжүүлсэн нь Д.Э-ын эрх ашгийг хөндөж байна. Д.Э- нь шударга өмчлөгч бөгөөд ДХ ХХК-аас өр төлбөрөө нэхэж байгаа. Шүүх хэргийн бодит байдалд дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Д.Э-, В.Т- нарын хооронд үүссэн Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 15 дугаар байр 32 тоот хаягт байрлах орон сууцнаас чөлөөлөх маргааныг шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 154/ШШ2019/00698 дугаартай хүчин төгөлдөр шийдвэр байна. Тухайн шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар Д.Э-ыг орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад шүүх дахин шийдвэр гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч В.Т- хариуцагч Д.Э-д холбогдуулан орон сууц хөрөнгийг түрээслэн олох байсан орлого 62 760 000 төгрөг гаргуулж, орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагыг шүүх нэгэнт шийдвэрлэсэн, түрээсийн гэрээ байгуулаагүй учир түрээсэлж олох байсан орлого гэж төлбөр шаардах нь үндэслэлгүй гэж маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00698 дугаар шийдвэрээр В.Т-, Д.Э- нарын хооронд байгуулагдсан 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, В.Т-ын Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байр 32 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг сэргээж, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг Д.Э-д даалгаж шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 906 дугаар магадлал, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2020/00287 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээжээ. /хх8-26/

 

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу дээрх 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг В.Т-ын нэр дээр бүртгэсэн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Ү-2205017516 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан, хууль ёсны өмчлөгч болохоо нэхэмжлэгч баримтаар нотолсон байна. /хх65/

 

Хариуцагч Д.Э- нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхийг даалгасан шүүхийн шийдвэр гарсныг мэдсэн ч байрыг суллаж өгөөгүй, орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Иймд өмчлөгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Д.Э-ын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. Шүүх уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Мөн нэхэмжлэгч нь ...талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж орон сууцыг хүлээлгэн өгсөн үеэс эхлэн хариуцагч эзэмшил ашиглалтдаа 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл байлган үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар олох байсан орлогоо шаардана гэж үндэслэлээ тайлбарлан түрээслэн олох байсан орлого 62 760 000 төгрөг шаардсан.

 

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээхээр заасан.

 

Д.Э-ын өмчлөлд орон сууц шилжсэн болон эзэмшилд нь байсан хэргийн нөхцөл байдлаас үзвэл тэрээр гэрээний үндсэн дээр, өмчлөгчийн зөвшөөрч шилжүүлснээр орон сууцыг эзэмшсэн ч хожим гэрээ хүчин төгөлдөр бус болсноор бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр шударгаар олж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон. Энэ тохиолдолд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор мэдсэн гэж үзэх ба үүнээс хойших хугацаанд уг хөрөнгөөс олсон орлого, үр шимийг хууль ёсны өмчлөгчид буцааж өгөх үүрэгтэй боловч орлого олсон, зайлшгүй олох ёстой байсан гэх үндэслэл тогтоогдоогүй. Иймд Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.3 дахь хэсэгт зааснаар орлого, үр шимийг нөхөн төлөх үүрэг хариуцагчид үүсээгүй байна.

 

Түүнчлэн, өмчлөх эрхийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан шилжүүлсэн тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж мөнгө шаардсан нь үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх уг орон сууцыг түрээслэн олох байсан орлого гэж 62 760 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2021/01397 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ