Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 238

 

 

 

 

 

   

       2018        03            15                                         238

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч Ш.Б.жав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Сартуул овогт Шархүүгийн Б.жав Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0040 90114  дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны  03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Сартуул овгийн Шархүүгийн Б.жав, Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Ш.Б.жав нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний орой 19 цагийн үед Схд-н иргэн Э.Ш.эгийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд “тархи доргилт хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б.жав шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнөн зөв...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Э.Ш.эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр би ажлын байрандаа байж байтал ...Б.маагийн эгч Т.аг над руу яриад Б.маатай яриулж өгөхийг гуйсан. Тэгэхээр нь би Б.маад утсаа өгтөл тэрээр надад хандаж “нөхөр Атарбаярын найз гэрт согтуу ирчээд гурван хүүхэд айлгаад уйлуулаад байна”...гэсэн. Тэгээд би Б.маатай хамт тэдний Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Ногоон зоорийн 1 дүгээр гудамжны 01 тоотод ...очсон. Тухайн үед 19 цаг өнгөрч байсан. Тус айлд ороход Атарбаярын гурван хүүхэд нь болон намайг цохисон үл таних залуу нар байсан. Хүүхдүүд нь айгаад уйлчихсан байсан. Тэгээд Б.маа “юу болж байгаа юм бэ” гэж үл таних залуугаас асуутал тэр хүн “тэврээд үнсье гэтэл үнсүүлэхгүй байна” гэж байсан. Үл таних залуугийн нэрийг Ш.Б.жав гэдэг юм байна лээ. Тэгэхээр нь би хажуунаас нь “эцэг, эх нь эзгүй гэрт чи явчихгүй яасан юм бэ” гэтэл үгийн зөрүүгүй над руу дөхөж ирээд баруун гараараа миний нүүрэн тус газар хоёр удаа цохисон. Цохиулснаас болж миний толгой болон хамар хэсэгт гэмтэл бэртэл авсан. ...Би цохиулчихаад өөрийн танил Тэрбиш рүү утасдаад хүнд зодуулчихлаа түргэн, цагдаа дуудаад өгөөч ээ гээд өөрийн байгаа хаягийг зааж өгсөн. ...Ш.Б.жав согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байсан. ...Ш.Б.жав хэрэгт шалгагдах хугацаандаа надад нийт 200.000 төгрөгний хохирол барагдуулсан. Одоо миний зүгээс Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн эмчийн бичиж өгсөн эмнүүд авах 20.000 төгрөг болон өөрөөсөө мөнгө гаргаж авсан сорвины тосны 48.000 төгрөг нийт 68.000 төгрөг нэхэмжилж байна. 68.000 төрөгний хохирол барагдуулчихвал миний зүгээс гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23),

2. Гэрч Д.Б.маагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны ТҮЦ-нд бараагаа зараад сууж байхад манай найз Э.Ш.эгийн утас руу эгч Т.аг залгаж надтай яриад “согтуу хүн утсыг чинь аваад байна” гэж хэлсэн. Ингээд найз Э.Ш.эгийн дагуулаад гэртээ очиход манай нөхрийн найз Ш.Б.жав хүүхэд уйлуулсан согтуу байж байсан. Ингээд Ш.Б.жавт хүүхэд уйлууллаа гар гэж хэлэхэд ор руу шигдэж суучихаад гэрээс гарахгүй байсан. Тэгээд Э.Ш.эг очоод Ш.Б.жавт “эцэг, эх хоёр нь байхгүй байхад явахгүй яагаад айлын хүүхэд уйлуулаад суугаад байгаа юм бэ” гэж хэлэхэд босч ирээд Э.Ш.эгийн нүүр рүү нь гараараа цохисон. ...Э.Ш.эг газар унаад босоод ирэхэд хамраас нь цус гарсан байсан. ...Манай гэрт 3 жаахан хүүхэд Э.Ш.эг, Ш.Б.жав бид нар байсан. Өөр хүн байгаагүй. ...Ш.Б.жав нилээн согтуу байсан. ...Ш.Б.жав манай нөхөр Атарбаярын 10 жилийн нэг ангийн найзууд хааяа манай гэрээр ирдэг. Э.Ш.эг болохоор миний найз...” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 25-27),

3. Гэрч А.Ц.нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хамтран амьдрагч Ш.Б.жав руу ...17 цаг 40 минутын үед...утсаар залгасан...гэтэл таньдаг хүн таараад архи уучихлаа ...гэж байсан. ...Тэгсэн танихгүй дугаараас...танай нөхрийг цагдаад барьж өгч байна согтуу айлд ирээд хүүхэд шуухад айлгасан...нэг эмэгтэйгийн хамар руу цохичихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24)

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 622 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэг: Хамрын нуруу хаван хавдартай, эмзэглэлтэй, хамрын нуруунд 0,2х0,2см зулгаралттай.

2017.12.24-ний ГССҮТ-ийн үзлэгт: Онош Тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал...ДҮГНЭЛТ

1. Э.Ш.эгийн биед тархи доргилт, хамрын нуруунд, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29),

5. Шүүгдэгч Ш.Б.жавын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн явж байхдаа гадаа даараад байсан учир найз Атарбаярынд очиж дулаацах санаатай...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Ногоон зоорийн 01 дүгээр гудамжны 01 тоотод очсон. ...Атарбаярын гэрт ороход гурван хүүхэд нь гэртээ байсан. Тэгээд аав, ээж хоёрыг нь асуухад шинэ жил тэмдэглэх гээд явсан гэж хэлсэн. ...Тэгтэл гаднаас Б.маа танихгүй эмэгтэйгийн хамт орж ирээд “чи айлд юу хийж байгаа юм” бэ гээд над руу дайрсан. Тэгтэл хажуунаас Э.Ш.эг гэх эмэгтэй хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би түүний нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисон. ...өөр цохиж зодоогүй. ...Би Э.Ш.эг гэх эмэгтэйг өмнө нь танихгүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37),

6. Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 15-17),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 38, 41), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 42), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 53-54) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ш.Б.жавт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

l.Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Б.жавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно. 

Шүүгдэгч Ш.Б.жав нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Ногоон зоорийн 1 дүгээр гудамжны 01 тоотод, 2017 оны 12 дугаар сарын 24-ний орой 19 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Э.Ш.эг шууд санаатай үйлдлээр, нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд “тархи доргилт хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Э.Ш.эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр би ажлын байрандаа байж байтал ...Б.маагийн эгч Т.аг над руу яриад Б.маатай яриулж өгөхийг гуйсан. Тэгэхээр нь би Б.маад утсаа өгтөл тэрээр надад хандаж “нөхөр Атарбаярын найз гэрт согтуу ирчээд гурван хүүхэд айлгаад уйлуулаад байна”...гэсэн. Тэгээд би Б.маатай хамт тэдний Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Ногоон зоорийн 1 дүгээр гудамжны 01 тоотод ...очсон. Тухайн үед 19 цаг өнгөрч байсан. Тус айлд ороход Атарбаярын гурван хүүхэд нь болон намайг цохисон үл таних залуу нар байсан. Хүүхдүүд нь айгаад уйлчихсан байсан. ...Тэгэхээр нь би хажуунаас нь “эцэг, эх нь эзгүй гэрт чи явчихгүй яасан юм бэ” гэтэл үгийн зөрүүгүй над руу дөхөж ирээд баруун гараараа миний нүүрэн тус газар хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23),

- Гэрч Д.Б.маагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Ш.эг очоод Ш.Б.жавт “эцэг, эх хоёр нь байхгүй байхад явахгүй яагаад айлын хүүхэд уйлуулаад суугаад байгаа юм бэ” гэж хэлэхэд босч ирээд Э.Ш.эгийн нүүр рүү нь гараараа цохисон. ...Э.Ш.эг газар унаад босоод ирэхэд хамраас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 25-27),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 622 дугаар дүгнэлт:

“...1. Э.Ш.эгийн биед тархи доргилт, хамрын нуруунд, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 29),

- Шүүгдэгч Ш.Б.жавын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн явж байхдаа гадаа даараад байсан учир найз Атарбаярынд очиж дулаацах санаатай...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Ногоон зоорийн 01 дүгээр гудамжны 01 тоотод очсон. ...Атарбаярын гэрт ороход гурван хүүхэд нь гэртээ байсан. Тэгээд аав, ээж хоёрыг нь асуухад шинэ жил тэмдэглэх гээд явсан гэж хэлсэн. ...Тэгтэл гаднаас Б.маа танихгүй эмэгтэйгийн хамт орж ирээд “чи айлд юу хийж байгаа юм” бэ гээд над руу дайрсан. Тэгтэл хажуунаас Э.Ш.эг гэх эмэгтэй хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би түүний нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.Б.жав нь хохирогч Э.Ш.эгийг зодсон болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Ш.Б.жавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Б.жавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.Б.жав нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ш.Б.жав нь Сонгинохайрхан дүүргийн Тээвэрлэлт үйлчилгээний газарт “ачигчаар” ажилладаг болох нь ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 42) түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул улсын яллагчийн 500 нэгжээр торгох ял оногдуулж, оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх талаар гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Тиймээс шүүгдэгч Ш.Б.жавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулж, оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

III. Бусад асуудлаар

Хохирогч Э.Ш.эг нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд баримттай 68.000 төгрөг нэхэмжилснээс (хавтаст хэргийн 40) Ш.Б.жав нь хохирогчид 268.000 төгрөг төлсөн (хавтаст хэргийн 65) байна. Тиймээс шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1808 0040 90114 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.