Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01365

 

 

 

Г.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/01026 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М Д” ХК-д холбогдох, даатгалын нөхөн төлбөрт 25,171,604 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н-, түүний өмгөөлөгч Ц.Туяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Тунгалагтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэл, тайлбартаа: 2013 оны 07 сарын 17-ны өдөр Г.Н-, Ц.Э- “Голомт банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээний эрсдлийн даатгалын баталгааг зээлдүүлэгчийн санал болгосон “Бодь даатгал” ХХК-тай хийж, жил бүр тогтмол 223,200 төгрөг төлсөн. Улмаар “Голомт банк” ХХК “М Д” ХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан тул уг гэрээний дагуу “Бодь даатгал” ХХК-тай байгуулсан дээрх баталгааг, “М Д” ХК-тай “Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ” гэж өөрчлөн байгуулан даатгалын хураамжаа төлж ирсэн. Даатгуулагч Ц.Э- нь 2020 оны 08 сарын 15-ны өдөр элгэн дэх цөсний сувгийн карцином гэх өвчний улмаас амь насаа алдсан. “М Д” ХК-тай байгуулсан гэрээний 6.2.2.а-д зааснаар даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар 2020 оны 09 сарын 02-ны өдөр өргөдөл гаргасан боловч 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 20/1393 дугаар албан бичгээр даатгуулагчийн 12800004867 тоот “Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ”-ний 7.3.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу өгснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь “М Д” ХК-тай “Гэнэтийн ослын даатгалын гэрээ” байгуулаагүй. “Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ”-ний 7.3.1-т заасан аливаа ердийн болон архаг өвчин гэдэгт өвчний ямар онош багтах талаар гэрээнд тодорхой заагаагүй. Даатгалын тухай хуульд зааснаар даатгуулагч гэж өөрийн ашиг сонирхлын төлөө амь нас, эрүүл мэндээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулдаг. Гэрээний агуулгыг өөрөөр тайлбарлаагүй тул амь нас, эрүүл мэнд гэсэн ерөнхий агуулгатай харьцуулан ойлгож гэрээ байгуулсан. Мөн даатгалын эрсдлийн төрөлд амь нас эрүүл мэндийн даатгалд гэнэт үүссэн хорт хавдрын өвчний улмаас даатгуулагч нас барахад даатгалын хамгаалалтад хамаарахгүй гэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. 2020 оны 07 сарын 17-ны өдөр орон сууцны үлдэгдэл 50,343,207 төгрөг, хамтран зээлдэгч Ц.Э- нь 2020 оны 08 сарын 15-ны өдөр нас барсан. Иймд дээрх гэрээний 6.2.2-т зааснаар хамтран зээлдэгчийн зээлийн төлбөр хариуцах хувиар олгоно гэсний дагуу даатгалын нөхөн төлбөрт 25,171,604 төгрөгийг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар “М Д” ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Даатгуулагч Ц.Э- нь 2019 оны 10 сарын 21-ний өдөр элэгний хорт хавдраар оношлогдож 2019 оны 11 сарын 15-ны өдрөөс Баянгол дүүргийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж эхэлсэн бөгөөд ондансетан, лейгкоген, реамберан болон хам шинж тэмдгийн эмчилгээ хийлгэж байсан байна. 2020 оны 08 сарын 03-ны өдрөөс 2020 оны 08 сарын 10-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн хөнгөвчлөх тасагт хамар залгиурын хавдар, элэгний хавдрын үсэрхийлэл оноштойгоор хэвтэн эмчлүүлж, 2020 оны 08 сарын 15-ны өдөр буюу эмнэлгээс гараад 5 хоногийн дараа нас барсан байна. 12800004867 тоот гэрээний 7.3.1-т зааснаар аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл эрсдэл шалтгааны улмаас учирсан хохирол болон Даатгалын тухай хуулийн 8.5.3 даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан болно. Даатгагчийн гаргасан нөхөн төлбөрийн шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4.-т зааснаар хариуцагч “М Д” ХК-аас 25,171,604 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Н-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283,809 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 283,809 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж, хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглээгүй, гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн. 2018 оны 06 сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор баталсан “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-д зааснаар маягт бөглүүлэх үүргийг даатгагч л хүлээгээгүй юм. Учир нь “Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ”-г Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль болон Даатгалын багц дүрэмд зааснаар СЗХ-оос зөвшөөрөл авч, даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулж, даатгуулагчтай даатгалын гэрээг байгуулдаг. “М Д” ХК-ийн зүгээс уг даатгалын гэрээний маягтыг урьдчилан хэвлэж, бэлэн болгож, банк буюу зуучлагчид хүлээлгэн өгдөг. Өөрөөр хэлбэл манай талаас даатгуулагчтай гэрээг гардаж байгуулдаггүй болно. Даатгагч, зуучлагчид 2 ууланд нь маягт бөглүүлэхийг үүрэг болгосон байхад, зөвхөн даатгагч хариуцах ёстой дүгнэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх хуулийн аль заалтыг үндэслэж, хэргийг шийдвэрлэсэн нь тодорхой бус даатгал, ипотекийн харилцааг ерөнхийлөн зохицуулах хуулийн заалтуудыг нэг бүрчлэн жагсааж, бичсэн нь ойлгомжгүй. СЗХ-ны шийдвэрийг бүхэлд нь хуулж, бичсэн зэргээс үзэхэд, шүүх ипотекийн даатгалын харилцааг зохицуулдаг, 2018 оны 06 сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор баталсан “Ипотекийн үйл ажиллагааны журам”, хариуцагчаас гаргасан тайлбар, даатгалын гэрээ зэргийг харьцуулан, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж, дүгнээгүй хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзнэ. Даатгуулагч Ц.Э-тай 2020 оны 07 сарын 06-ны өдөр байгуулсан “Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ”-нд дээрх “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ыг ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэгч даатгалын компаниудыг мөрдлөг болгон ажиллахыг үүрэг болгосон. Энэхүү журмын 2.1.1-т заасан “Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн , ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол /цаашид гэнэтийн осол гэх/-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт үндсэн эрсдэлийг даатгана гэж заасны дагуу гэрээний эрсдэлийг гэрээндээ тусгасан. Бидний хувьд зохицуулах байгууллагаас тогтоосон журмын дагуу даатгуулагчид учирсан гэнэтийн ослын эрсдлийг хамгаалахаар гэрээг байгуулсан. Даатгалын компани нь Даатгалын тухай хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр даатгалын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хэрэгт авагдсан  компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “Ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх” гэж үйл ажиллагааны чиглэлийг тусгасан байдаг. Үйл ажиллагааны чиглэлийг нотлох Даатгагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, талуудын хооронд байгуулагдсан гэрээний эрсдлийг тусгайлан заасан нөхцөл бүхий гэрээ, “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-д тусгасан зохицуулалт байсаар байтал нотлох баримтыг үнэлээгүй, хууль, дүрэм, журмыг заалтыг буруу тайлбарлаж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хариуцагч талаас дээрх журам, даатгалын гэрээ зэргээр даатгуулагчийг гэнэтийн ослын эрсдлээс хамгаалахаар гэрээгээр тохиролцсон, даатгуулагч ослын улмаас бус өвчний улмаас нас барсан тул нөхөн төлбөр олгох боломжгүй гэдгийг тайлбарласан боловч, шүүх хүлээн аваагүй, хэт нэгталыг барьсан шийдвэр гарган. Талуудын хооронд байгуулагдсан №12800004867 даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэлийг шууд тулган хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 25,171,604 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Н- нь хариуцагч “М Д” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 25,171,604 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 52/

 

Хэргийн 5 дахь талд авагдсан 2020 оны 07 сарын 06-ны өдрийн 2800004867 тоот “Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ”-г нэг талаас даатгагч “М Д” ХК, нөгөө талаас даатгуулагч Г.Н-, Ц.Э- нар байгуулж, “М Д” ХК нь даатгуулагч нарын “Голомт банк” ХХК-тай байгуулсан 2013 оны 07 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 51,581,858 төгрөгийн үүрэгтэй холбоотойгоор “зээлдэгч нарын амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгөд даатгалын тохиолдол бий болвол даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх”, даатгуулагч нар нь “даатгалын хураамж төлөх” үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Дээрхээс үзвэл, анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байх бөгөөд даатгуулагч Ц.Э- өвчний улмаас нас барсан нь даатгалын тохиолдолд хамаарах талаар, мөн нэхэмжлэгч Г.Н- нь даатгуулагч Ц.Э-гийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд даатгагч “М Д” ХК-аас Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-д зааснаар даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Даатгуулагч нар “М Д” ХК-ийн “зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгал” гэсэн бүтээгдэхүүний төрлийг сонгон, зээлийн үлдэгдэл 51,581,858 төгрөгийн 0.10 хувь 51,582 төгрөгийг амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжид, орон сууцны үнэ 130,000,000 төгрөгийн 0.12 хувь 156,000 төгрөгийг барьцаа хөрөнгийн даатгалын хураамжид тус тус төлсөн, даатгалын гэрээний хугацаанд буюу 2020 оны 08 сарын 15-ны өдөр даатгуулагч Ц.Э-  өвчний улмаас нас барсан, даатгалын зүйл болох өмнө дурдсан зээлийн гэрээний үлдэгдэл 2020 оны 07 сарын 17-ны өдрийн байдлаар 50,343,207.44 төгрөг байсан үйл баримт хэрэгт авагдсан “Голомт банк” ХХК-ийн төлбөрийн баримт /хх 20-21/, “Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ” /хх 6/, “Орон сууцны зээлийн эргэн төлөлтийн тооцоо” /хх 16/ зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Хариуцагч тал даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлээ “...Ц.Э- нь гэнэтийн ослоор бус өвчний улмаас нас барсан, Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-д даатгагч нь даатгуулагчийг гэнэтийн ослын эрсдлээс хамгаалах талаар зохицуулсан бөгөөд талуудын байгуулсан гэрээний 7.3.1-т аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй байхаар тохиролцсон” гэх агуулгаар тайлбарласныг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Учир нь, талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний даатгалын зүйл нь даатгуулагчийн “амь нас” байх бөгөөд уг гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.1-д “аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан” бол нөхөн төлбөр олгохгүй байх зохицуулалт нь хэт ерөнхий буюу Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.2-т “даатгагч даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгох, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийг тодорхой, хоёрдмол утга санаагүй, бусдад шууд ойлгогдохоор үг хэллэгтэй байхаар тусгах” гэж заасантай нийцэхгүй буюу “аливаа ердийн болон архаг өвчин”-ий талаар нарийвчилсан тодорхой мэдээллийг агуулаагүй байх тул уг заалтыг үндэслэн даатгалын нөхөн төлбөр төлөхөөс татгалзах үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт гэрээний стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлахаар зохицуулжээ.

 

Мөн хариуцагч нь даатгалын гэрээгээр гэнэтийн ослын эрдслийг хамгаалахаар тохиролцсон гэж тайлбарласан боловч даатгалын гэрээний нэр болон даатгуулагчийн сонгосон даатгалын төрөл нь “...амь нас, эрүүл мэнд...” гэсэн нэр томъёо агуулсан буюу даатгуулагчийн “амь нас”-ыг даатгасан гэсэн ойлголтыг даатгуулагчид төрүүлэхээр байна.

Хариуцагч талаас гаргасан “...“М Д” ХК-ийн зүгээс уг даатгалын гэрээний маягтыг урьдчилан хэвлэж, бэлэн болгож, банк буюу зуучлагчид хүлээлгэн өгдөг, гэрээг биечлэн байгуулдаггүй...” гэх тайлбар нь даатгагчийг хууль, гэрээнд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Иймд даатгагч “М Д” ХК нь даатгуулагч Ц.Э-гийн хууль ёсны төлөөлөгч Г.Н-т /хх 9/ Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар гэрээгээр тохиролцсон даатгалын нөхөн төлбөрийг зээлийн төлбөрийн үлдэгдлийн 50 хувиар тооцон олгох үүрэгтэй, анхан шатны шүүх даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг даатгалын тохиолдол бий болох үеийн зээлийн үлдэгдлийн дүнг үндэслэн зөв тогтоосон байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/01026 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4  дэх хэсэгт зааснаар хариуцагч  “М Д” ХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 08 сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 283,809 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                                                    

                           ШҮҮГЧИД                                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                  Д.НЯМБАЗАР