Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/14

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч О.Баатарсүх, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                            Д.Ганчимэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                *******

Өмгөөлөгч                                                          М.Энхтуяа

Шүүгдэгч                                                             *******

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч Г.Намуунтуяа, П.Пагма нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/352 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2321000000322 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 08ы өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1980 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн бус дунд боловсролтой, барилга, гэр ахуйн модон эдлэлийн мужаан, трактор ашиглалтын мэргэжилтэй, “*******” ХХК-ийн нүүрсний уурхайд түрээсэнд явдаг том оврын машины жолооч ажилтай байсан, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй6 /РД:*******/ Урьд:

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 148 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 18 жилийн хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар захирамжаар 2 жил 3 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан.

2. Шүүгдэгч Д.******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, “Пионер” хорооллын тоот гэртээ 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч той маргалдаж улмаар хэвлий тус газарт нь хутгаар хутгалж, амь насыг нь хохироосон,

мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, “Пионер” хорооллын тоот гэртээ 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч ын хэвлийн тус газар хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гд 12 /арван хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 /арван хоёр/ жил 30 /гуч/ хоногийн хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 12 /арван хоёр/ жил 30 /гуч/ хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гээс нийт 86914.991 /наян зургаан сая есөн зуун арван дөрвөн мянга есөн зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 30 дугаар хороо тоотод оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* //-д олгож,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь замын зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт буруутай этгээд болох *******гээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн ******* тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ... шийдвэрлэжээ.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: “Эрүүл саруул, өвчин хуучгүй, ид нас тогтсон сайхан үедээ зүгээр явсан дүүг минь согтуу, самуурсан хүмүүс барьсан, тавьснаа мэдэхгүй хулгайд сэрдэн дуудаж авч ирээд яагаа ч үгүй байхад нь тэр аймшигтай том хутгыг уг нь тултал амийг нь хөнөөснийг сэтгэлдээ төсөөлж, нүдэнд харагдах шиг шаналж дүүгээ өрөвдөж байна.

Хурал дээр хэрэгтэн *******гийн байгаа байдал, хэлж ярьж байгаа үг, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсаж гэмшиж байгаа шинжгүй, хүн алчихаад намайг ч үл тоомсорлосон байдалтай байсан. Олон жил шоронд явж дассан, сурсан хүн юу хэлэх, яаж өөрийгөө авахаа сайн мэддэг бололтой.

Тэр олон сайхан ах нартай хүн ядаж ах нартаа хэлээд хохирлыг нь ч болтугай төлье гэсэн сэтгэл гаргаагүй. Би юу ч байхгүй, төлөх боломжгүй гээд хээв нэг мэдүүлсэн байсан. Тэр сайхан ах нар нь бидэнд юм хэлээгүй гээд л өнгөрсөн. Тэр хүмүүс ч гэсэн өдий насны хүмүүс сэтгэл байсан бол байцаагчтай нь уулзаад асууж болох л байсан байх.

Дүү маань ганц бие, дүүгийн маань хүүгийнд түүнийг дагаж энд тэнд ажил хийдэг найз нөхөд гээд байх юмгүй хүн байсан. Ажил явдлыг нь өнгөрөөхөд тэтгэврийн зээл, хүү маань зээлтэй ч байгаагаа шавхаж, түмэн олны буянд ажил явдлыг нь хэнээс ч дутуугүй өнгөрүүлсэн. Зөвхөн Е баримтаар баталгаажсан мөнгийг л гаргаж өгдөг гэж ойлгоод оршуулгын 4 сая шахам төгрөгийг нэхсэн.

Сэтгэл санааны хохирол шүүхээс төлүүлэхээр шийдсэн. Тэрийг яаж төлөх нь бүрхэг байна. Бага ч гэсэн төлье гэх сэтгэл өнөөдрийг хүртэл алга байна. Гомдолтой байна. Өшөө оршуулгын зардлын баримт үлдсэн байсан. Хүнээ алдсан би ядаж гаргасан зардлаа авмаар байна.” гэжээ.

 6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний хувьд нэг сайхан дүүгээ алуулчихлаа. Би дүүгээ хөдөөлүүлэхийн тулд хэд хэдэн зээл тавьсан. Шүүгдэгч 4 сая гаран төгрөг гаргаж өгнө гэж хэлсэн. Тэрийгээ яаралтай гаргуулж авах хэрэгтэй байна. Одоо бол маш их гомдолтой байна.” гэв.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч санал гомдлоо бүрэн танилцууллаа. Гол гомдоод байгаа зүйл нь шүүгдэгч ******* тэр том хутгаар, ишинд нь тултал хутгалсан байсан. Энэ байдал нь үнэхээр аймшигтай санагдаж, балмагдсан. Үнэхээр их гомдсон гэдгээ илэрхийлсэн. *******гийн хувьд урьд нь маш ноцтой гэмт хэрэгт холбогдож ялыг тэнсэж хянан харгалзсан ба тэнсэнгийн хугацаа дуусаад 2 хонож байхад хүний амь насыг хохироосон байгаа. Ийм хэмжээний хувийн байдалтай хүн байхад хорих ялын хэмжээ хөнгөн байна гэж үзэж байгаа. Оршуулгын зардалд 4 сая төгрөг нэхэмжилж байхад одоог хүртэл төлөөгүй байна. Ямар ч сэтгэлгүй байгаа гэдэг нь харагдаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд тэтгэврийн зээл хүртэл авч байж ажил явдлыг өнгөрүүлсэн. Одоо хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна.” гэв.

8. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял халдаасан байгаа. Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Сэтгэл санааны хохиролд 86 сая орчим төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байгаа. Шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгасан. Мөн цаашид гарах зардлаа гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хор уршиг, түүнийг нөхөн сэргээхэд хамааралтай шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан гэж үзэж байна. Хэзээ тухайн төлбөр барагдах нь тодорхой бус байна гэж хэлж байх шиг байна. Гэхдээ энэ нь дараагийн шатны ажиллагаа буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хийх ажиллагаа гэж хэлэхийг хүсч байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны гарсан.” гэв.

9. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Тухайн болсон үйл явдлыг хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би өөрөө ажил хийдэггүй учраас хохирлыг төлж чадаагүй байна. Батлан даалтанд байсан бол чадах чинээгээрээ төлөх байсан. Гэвч шууд хоригдсон учраас нэг ч төгрөг төлж чадаагүй. Хорих ангид ажил хөдөлмөр эрхэлж байгаад хохирлоос чадах чинээгээрээ төлж барагдуулах болно. Ар гэрийнхэн маань надад үнэхээр тусалж дэмжих боломжтой хүн байхгүй. Өвчтэй ах маань үлдсэн. Би өөрөө ямар ч байсан ажил хөдөлмөр эрхэлнэ.” гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг *******д холбогдох эрүүгийн 2321000000322 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

3. Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, “Пионер” хорооллын тоот гэртээ 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч той маргалдаж улмаар хэвлий тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон,

- мөн  Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, “Пионер” хорооллын тоот гэртээ 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч ын хэвлий тус газар нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн; “Энэ хэрэг гарах үед би Улаанбаатар хотод байсан. Дүү маань 25-ны өдрийн 5-6 цагийн үед манай дунд хүүтэй “ах нь найзындаа ирээд жаахан уугаад байж байна” гэж ярьсан байсан. ... тэрнээс хойш ямар ч холбоогүй болсон. Маргааш нь би 11 цагийн үед хүний гарт амь насаа алдсан гэдгийг нь сонссон. Би маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 47х/,

- хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...*******гийн хувьд талийгаач той хэрүүл маргаан үүсгэж түүнийг гараараа цохиж байгаад хэдэн удаа хаана гэдгийг нь хэлж мэдэхгүй байна гэнэт шүүгээн дотроос хутга гаргаж гартаа бариад ыг ална гээд дайрч хутгалах шиг болсон. Тухайн үед хажууд нь байсан Ариунтуяагийн хувьд эгчээ ******* ыг хутгалчих шиг боллоо гэж хэлэхээр нь би *******гийн өөдөөс очиж түүнд хандаж “чи хүн алчихлаа ш дээ” гэж хэлсэн. ... би *******г талийгаач руу ойртуулалгүй цааш түлхэхэд *******гийн хувьд гартаа барьж байсан тэр хутгаараа миний хэвлий хэсэг рүү “холдооч” гэж хэлээд 3 удаа хатгасан бөгөөд сүүлийн хатгалт нь хүчтэй болж миний хэвлийн зүүн хэсгийг хатгасан. ******* надаас уучлалт гуйсан бөгөөд миний хувьд эмчилгээний мөнгө нэхэмжлэхгүй. ... түүнд гаргах гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-60х/,

- гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “... 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүр” зах дээр явж байхад орой 17 цагийн орчимд одоо талийгаач болсон, бүтэн нэрийг нь мэдэхгүй миний гар утас руу залгаад намайг Хэрлэн сумын 2 дугаар баг, хаягийг нь мэдэхгүй, гэхдээ 2 дугаар бага сургуулийн ойролцоо намайг дуудсан юм. Тухайн үед би зах дээрээс такси бариад 2 дугаар бага сургуулийн гадаа ирэхэд талийгаач “Шүр” зах дээр архи уудаг эгч хоёр хамт ирсэн. ... улмаар эгч миний таксины мөнгийг өгөөд бид гурав эгчийн хамтран амьдрагч гэх залуугийн гэрт очсон. Миний хувьд хаягийг нь мэдэхгүй байна. Тухайн үед гэрт эгчийн хамтран амьдрагч ******* гэх залуу мөн буюу Энхээ гэж дуудаад байсан эгч хоёр байсан юм. Тэд нар 2,5 литрийн савлагаатай, шошгыг нь мэдэхгүй пиво ууж байсан. Тухайн үед цаг хэд болж байсныг нь мэдэхгүй байна, гадаа ямар ч байсан харанхуй болчихсон байсан. Талийгаач юм хэлэлгүй гэрээс гараад явсан бөгөөд тэр үед эгч өмнө нь намайг орж ирэхэд мөнгө төгрөг яриагүй байж байгаад гэнэт картанд мөнгө орж ирсэн, дэлгүүр орно гээд виза картаа хайгаад хамтран амьдрагч *******тэй маргалдаж байгаад гэрээс гарсан рүү залгаад түүнийг авсан байх гээд дуудсан гэж би ойлгосон юм. .... удалгүй гаднаас талийгаач орж ирээд Энхээ ахынд байж байгаад ирлээ гэж хэлсэн ба Энхээ гэдэг хүн хаана байдгийг би мөн мэдэхгүй байна. Мөн талийгаач г орж ирснээс хойш эгч, хамтран амьдрагч *******гийн хамтаар карт авсан гэх мэтээр хэрүүл маргаан үүсгээд байсан бөгөөд тэр үед талийгаач мөн өөдөөс нь “картыг чинь аваагүй” гэж хэлж байснаа надад хандан намайг явъя гэж хэлэхэд нь би гэрт сууж байхад эгч миний гар утсыг авсан байсан. эгчээс утсаа аваад явна гэхэд талийгаач эгчид хандан “миний найзын гар утсыг өг” гэхэд түүний өөдөөс “би гар утсыг нь өгөх, өгөхгүйгээ мэдэж байна” гээд хэрүүл хийсэн юм. Энэ үед ******* нь уурлаад хоолны шүүгээнээс яг ямар хутга гэдгийг нь мэдэхгүй байна, гэхдээ том хутга байсан түүнийг гартаа бариад сандал дээр сууж байсан талийгаач гийн биеийн баруун хэсэгт нэг удаа хутгалсан юм. Энэ үед талийгаач намайг хутгалчихлаа гээд их чанга дуугаар бахирсан бөгөөд тэр үед талийгаач гийн биеийн баруун хэсгээс цус гараад царай нь хөхрөөд ирсэн. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-79х/, 

- гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “... талийгаач ын хувьд гаднаас 19 цагийн орчимд орж ирээд үүдний хэсэгт байх сандал  дээр суусан юм. Энэ үед миний хамтран амьдрагч *******гийн хувьд талийгаач ыг “чи карт авсан” гээд хэрүүл маргаан үүсгээд түүнийг зодох гээд байхаар нь би *******д хандан хорьж “чи өөрөө гадуур явж байхдаа хаясан байлгүй дээ” гэж хэлэхэд миний хэлсэн үгийг тоохгүй талийгаач руу дайрч давшлаад байсан ба талийгаач ын хувьд “би юу гэж карт авах юм бэ” гэж хэлээд сууж байсан сандлаасаа босоогүй байхад ******* нь улам уурлаад гэнэт шүүгээн дотроос хутга гаргаад гартаа бариад талийгаач ыг ална гээд дайрах үед би эгчийн хамтаар голоор нь орж салгах үед гартаа барьж байсан хутгаараа эгчийн хэвлийн зүүн хэсгийг зүссэн юм. Мөн дараа нь сандал дээр сууж байсан талийгаач ыг гартаа барьж байсан хутгаараа хутгалсан юм. Энэ үед эгч бид хоёр түүнд хандан “чи хүн алчихлаа ш дээ” гэж хэлэхэд *******гийн хувьд өөрөө би хүн алсан гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ба энэ үед талийгаач ын хувьд сууж байсан газраа ам нь ангайсан байдалтай нас барчихсан байсан юм. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-64, 65-67х/,

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 539 тоот:

1. ын биед цээж, хэвлийн цус хуралт, хэвлийн зүсэгдсэн шархнууд гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хэвлийн зүсэгдсэн шархнууд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээж, хэвлийн цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 156-157х/,

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102 дугаартай шинжээчийн

1. Амь хохирогч ын цогцост цээжний урд баруун доод хэсэгт цээж болон хэвлий хөндий рүү нэвтэрч, гол судасны баруун ханын хатгагдсан шарх, өрц, сэмж, чацархай гэмтээсэн нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний баруун дэлбэнгийн язрал, нойр булчирхайн толгой хэсгийн хальсны цус хуралт, хэвлийн хөндий дэх дотуур хурц цус алдалт /2000 мл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Амь хохирогч нь хэвлийн хөндий рүү нэвтэрч гол судасны хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас дотуур цус алдаж 2023.09.25-ны өдрийн 18-20 цагийн орчимд нас барсан байна. Амь хохирогч д шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдоогүй.

4. Амь хохирогч ын цусанд 0.6 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.

5. Амь хохирогч ын цус нь В III бүлгийн харъяалалтай байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 167-170х/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 10х/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-19х/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 20-35х/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 40-44х/,

- Яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 155х/,

- *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 202-207х/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

4. Шүүгдэгч ******* нь хүнийг алах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

5. Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, “Пионер” хорооллын тоот гэртээ 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч той маргалдаж улмаар хэвлий тус газарт нь хутгалж амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг, 

- Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, “Пионер” хорооллын тоот гэртээ 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч ын хэвлийн тус газар хутгаар зүссэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, прокурорын газраас шүүгдэгчид яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

6. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгод үндэслэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн байна.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “ ...Эрүүл саруул, өвчин хуучгүй, ид нас тогтсон сайхан үедээ зүгээр явсан дүүг минь согтуу, самуурсан хүмүүс барьсан, тавьснаа мэдэхгүй хулгайд сэрдэн дуудаж авч ирээд яагаа ч үгүй байхад нь аймшигтай том хутгыг угт нь тултал хутгалж хөнөөснийг сэтгэлдээ төсөөлж, нүдэнд харагдах шиг шаналж дүүгээ өрөвдөж байна. Сэтгэл санааны хохирол шүүхээс төлүүлэхээр шийдсэн. Тэрийг яаж төлөх нь бүрхэг байна. Бага ч гэсэн төлье гэх сэтгэл өнөөдрийг хүртэл алга байна. Гомдолтой байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

8. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана.” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 82,500,000 төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт иргэн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй, Арван ес дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцана.” гэж заасны дагуу иргэдийн хөндөгдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалахын тулд иргэний болон эрүүгийн, захиргааны, зөрчлийн хэргийн талаар гаргасан шүүхийн шийдвэрийг зайлшгүй биелүүлэх зарчимтай.

Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх ба Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлнэ.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/352 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

9. Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 82 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/352 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 82 хоногийг шүүгдэгчийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.УРТНАСАН         

  ШҮҮГЧИД                                                      О.БААТАРСҮХ

                                                                         Ц.ЭРДЭНЭЗУУ