2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2025/04456

 

      2025            05              26                                           192/ШШ2025/04456

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* хороо, Богд Жавзандамбын гудамж, ******* хотхон, ******* байр, 3 тоот хаягт оршин суух, ******* овогт Жадамбын ******* /рд:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ж.*******, гэрч Ж.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Энхболор нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сангийн яамны харьяа Санхүүгийн тооцоолох төвд уг байгууллагыг анх байгуулагдсан цагаас буюу 1987.09.01-ний өдрөөс эхлэн 1997.09.30-ны өдөр хүртэл инженер-эдийн засагч, инженер-программ зохиогч, дэд захирлын албан тушаалд ажиллаж байсан. Миний бие Монгол Улсын Сангийн сайдын 14997.09.19-ний өдрийн 324 тоот тушаалын дагуу Япон Улсад суралцах болсон тул Сангийн яамны харьяа санхүүгийн тооцоолох төвөөс 1997.09.30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн болно. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед байгууллагаас олгосон хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн. Уг байгууллагад ажилласан хугацааны тушаал, шийдвэр, бусад нотолгоог авахаар Үндэсний төв архивт хандахад тус архивын сан хөмрөгт Санхүүгийн тооцоолох төвийн бүх баримт шилжиж ирээгүй, мөн Нийслэлийн архивын газарт хандахад “тус архивт Санхүүгийн тооцоолох төвийн баримт хадгалагддаггүй” гэсэн хариуг тус тус өгсөн. Сангийн яамны харьяа Санхүүгийн тооцоолох төвд ажиллах хугацааны 1995 оны 1 сар буюу Нийгмийн даатгалын дэвтэр 1995 оноос ашиглагдаж эхэлснээс хойших хугацаанд Сангийн яамны харьяа Санхүүгийн тооцоолох төвд миний бие ажилласан нь нотлогдож байгаа болно. Иймд намайг 1987.09.01-ний өдрөөс 1988.10.16-ны өдөр хүртэл, мөн 1989.04.05-ны өдрөөс 1994.12.31-ний өдрийг хүртэл хугацаанд Сангийн яамны харьяа Санхүүгийн тооцоолох төвд инженер эдийн засагч, инженер программ зохиогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

           2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, Үндэсний төв архивын тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын лавлагаа, БНМАУ Сангийн яамны харьяа Санхүүгийн тооцоолох төвийн захирлын 1987.09.01-ний өдрийн 01 дугаар тушаал, БНМАУ Сангийн яамны харьяа Санхүүгийн тооцоолох төвийн захирлын 1988.07.14-ний өдрийн 31 дугаар тушаал, БНМАУ Сангийн яамны харьяа Санхүүгийн тооцоолох төвийн захирлын 1989.05.06-ны өдрийн 12 дугаар тушаал, Санхүүгийн тооцоолох төвийн инженер-программ зохиогч Жадамбын *******гийн 1988-1989 оны ажил байдлын тодорхойлолт, Ж.*******, Д.Болормаа нарын бичгээр гаргасан тодорхойлолт, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, фото зураг, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, цэргийн батлахын хуулбар зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.******* нь 1987.09.01-ний өдрөөс 1988.10.16-ны өдөр хүртэл, мөн 1989.04.05-ны өдрөөс 1994.12.31-ний өдрийг хүртэл хугацаанд Сангийн яамны харьяа Санхүүгийн тооцоолох төвд инженер эдийн засагч, инженер программ зохиогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.                                                                                                                                 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохоор тус хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийг үндэслэн шийдвэрлэдэг журамтай.

3. Нэхэмжлэгч Ж.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх бөгөөд Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт оршин суудаг болох нь Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. /хэргийн 5 дугаар тал/ 

4. Ж.******* нь 1987.09.01-ний өдрөөс 1988.10.16-ны өдөр хүртэл, мөн 1989.04.05-ны өдрөөс 1994.12.31-ний өдрийг хүртэл хугацаанд Сангийн яамны харьяа Санхүүгийн тооцоолох төвд инженер эдийн засагч, инженер программ зохиогчоор тус тус ажиллаж байсан болох нь БНМАУ Сангийн яамны харьяа Санхүүгийн тооцоолох төвийн захирлын 1987.09.01-ний өдрийн 01 дугаар тушаал, БНМАУ Сангийн яамны харьяа Санхүүгийн тооцоолох төвийн захирлын 1988.07.14-ний өдрийн 31 дугаар тушаал, БНМАУ Сангийн яамны харьяа Санхүүгийн тооцоолох төвийн захирлын 1989.05.06-ны өдрийн 12 дугаар тушаал, Санхүүгийн тооцоолох төвийн инженер-программ зохиогч Жадамбын *******гийн 1988-1989 оны ажил байдлын тодорхойлолт, Ж.*******, Д.Болормаа нарын бичгээр гаргасан тодорхойлолт, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, фото зураг, Ж.*******ын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 8, 9, 14-18, 34-36 дугаар тал/

5. Иймд, нэхэмжлэгч Ж.*******гийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт Жадамбын ******* /рд:*******/-г 1987.09.01-ний өдрөөс 1988.10.16-ны өдөр хүртэл, мөн 1989.04.05-ны өдрөөс 1994.12.31-ний өдрийг хүртэл хугацаанд Сангийн яамны харьяа Санхүүгийн тооцоолох төвд инженер эдийн засагч, инженер программ зохиогчоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.НЯМСҮРЭН