Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 111/ШШ2025/0024

 

2025 оны 07 сарын 01 өдөр Дугаар 111/ШШ2025/0024 Баянхонгор сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын хоорондын Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгох, Худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч ******* тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч *******ид холбогдуулан Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 12 сарын 30-ны өдрийн тушаалд өөрчлөлт оруулах тухай Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгох, худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх-ээр маргаж байна.

2.  *******ыг Худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар эрүүл мэндийн шалтгаанаар төрийн албанаас түр чөлөөлсөн.

3.  Улмаар нэхэмжлэгч 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажилдаа эргэн орох хүсэлтийг гаргасан бөгөөд Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/26 дугаар Тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаалаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшсэн гэх үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлжээ.

4.  Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөл 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04/379 дүгээр албан бичгээр хариу өгсөн. ******* 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5.  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ******* миний бие анх 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдон, тасралтгүй 11 жил төрийн албанд тус албан тушаалд ажиллаж байна. Гэтэл 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаалд өөрчлөлт оруулах тухай Б/26 дугаар тушаалаар хууль бусаар ажлаас чөлөөлөгдөж, эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байна.

Ингээд миний бие 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гарган гомдлын хариуг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гардан авсан.

Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас хүсэлт гарган 2024 оны 7 сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн төрийн албанаас түр чөлөөлөх тухай Б/17 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх хэсэгт заасны дагуу 4 сарын хугацаанд түр чөлөөлөгдсөн ба Улаанбаатар Сонгодо эмнэлэгт бүтэн биеийн шинжилгээ үзлэгт бүрэн хамрагдаж, тодорхой хугацаанд эмчлүүлсэн. Улмаар 2024 оны 11 дүгээр сарын 20-нд ажилдаа орох хүсэлт гаргасан. Гэтэл надад хариу өгөхгүй байсаар 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тушаалд өөрчлөлт оруулах тухай Б/26 дугаар тушаалыг надад гардуулсан.

Дээрх түр чөлөөлөгдсөн хугацаанд 2024 оны орон нутгийн ээлжит сонгууль болж 20 дугаар тойрог буюу Бууцагаан сумаас аймгийн ИТХ-д нэр дэвших санал надад ирсэн тул аймгийн сонгуулийн салбар хороонд ажлаас түр чөлөөлөгдсөн тушаал болон бусад материалыг хүргүүлэхэд хууль, журам зөрчөөгүй байна гэж үзэж нэр дэвшигчийн үнэмлэх олгосон байдаг. Мөн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн байх өдрүүдэд МАН-аас 20 дугаар тойрогт нэр дэвшигч ******* хууль зөрчиж нэр дэвшсэн тул нэр татуулах талаар гомдол гаргасны дагуу сонгуулийн салбар хорооноос дахин шалгаж 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 71 дугаарын албан бичигт ... албан тушаалтан ямар үндэслэлээр чөлөөлөгдсөн байхыг заагаагүй бөгөөд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшихээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн нэр дэвшигчид нь нэгэн адил хуулийн үндэслэлээр чөлөөлөгдсөн байх ба хууль, журам зөрчөөгүй гэж үзсэн.

Тодруулбал нэр дэвшигч төрийн албанаас бүр чөлөөлөгдсөн байхыг шаардсан бол би орон нутгийн сонгуульд нэр дэвшихгүй байсан ба олон жил туршлагажсан албан ажил надад чухал юм.

Түүнчлэн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Баянхонгор аймгийн Худалдан ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаалд өөрчлөлт оруулах тухай Б/26 дугаарын тушаал нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.7 дахь заалтыг үндэслэн захиргааны акт гаргасан.

2. Мөн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.1, 46.4 дэх заалтыг үндэслэсэн байх ба 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тушаад өөрчлөлт оруулж ажлаас чөлөөлсөн.

3. 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс намайг үүрэгт ажлаас чөлөөлөх нь 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолд үндэслэсэн.

Онцолбол төрийн жинхэнэ албан хаагч миний түр чөлөөлөгдөх эрхээ хэрэгжүүлж дуусаад ажилдаа орох болоход миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 7 сарын 31-ний өдөр цуцалсан хэмээн 5 сарын дараа тушаалд өөрчлөлт оруулж байх ба тус тушаалын үндэслэх хэсэгт захиргааны хэм хэмжээ акт хэмээн тодорхойлжээ.

Эндээс Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар 4-д ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй гэж, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах, 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн албан хаагч дараах баталгаагаар хангагдана гэж 61.1.1-д албан тушаалын цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах гэж мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх гэж заасан эрх болон баталгаанууд зөрчигдөж байна.

Иймд намайг хохироож буй Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тушаалд өөрчлөлт оруулах тухай Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгож, хууль бус шийдвэрээс үүдэн ажиллах боломжтой байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.

6.   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын үндэслэлдээ: ******* миний бие тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тушаалд өөрчлөлт оруулах тухай Б/26 дугаарын тушаалыг хүчингүй болгон, хууль бус шийдвэрээс үүдэн ажиллах боломжтой байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргасан.

Тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбартай танилцахад Б/17 дугаар тушаалд өөрчлөлт оруулаад өгөөч гэж гуйж байсан гэж үндэслэлгүй худлаа тайлбар гаргасан байна. Би 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр чөлөө авах хүсэлт гаргасан ба 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажилдаа орох хүсэлт гаргасан.

Миний үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд миний эрх, ашиг бүрэн сэргэхээргүй байх тул Баянхонгор аймгийн худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн албан тушаалд эргүүлэн томилохыг даалгах шаардлагыг нэмэгдүүлж байна.

Иймд Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тушаалд өөрчлөлт оруулах тухай Б/26 дугаарын тушаалыг хүчингүй болгож, *******ыг Баянхонгор аймгийн худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Тариачин овогтой*******ын нь 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатар хотод урт хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-т заасны дагуу 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 29-ийг хүртэл хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалаас түр чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гарсан.

Уг хүсэлтийн дагуу Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/17 дугаартай *******ыг төрийн албанаас түр чөлөөлөх тухай тушаалд:

...1. Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн*******ын нь биеийн эрүүл мэндийн байдлын улмаас дөрвөн сарын хугацаагаар ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тухай хүсэлт гаргасан байх тул 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 4 сарын хугацаатай төрийн албанаас түр чөлөөлсүгэй.

2. *******тай холбогдох тооцоог хийж ажил хүлээлцэх комиссоор Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн *******, ахлах нягтлан бодогч *******, Архив бичиг хэргийн ажилтан ******* нарыг томилсугай... гэж төрийн албанаас түр чөлөөлсөн тушаал гаргасан байдаг.

Гэтэл ******* нь 2024 оны 8 сарын сүүлээр Би Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшихээр болсон тул тушаалаа солиулах шаардлагатай байна гэсэн. Тэр үед тушаалыг шинээр гаргаж өгөх гэхэд тушаалын хугацаа нь болохгүй болохоор Б/17 дугаар тушаалдаа өөрчлөлт оруулаад өгөөч гэж гуйж өөрчилж гаргуулсан.

Тэгээд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 20 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж оролцсон бөгөөд сонгуульд ялагдсан байдаг. Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшсэн нь Аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/63 дугаартай албан бичиг, түүнд хавсрагдсан 2 дугаар хавсралтын 25 дугаарт******* 20 дугаар тойрогт гэж бичигдсэн байдлаар болон өөрийнх нь нүүр хуудасны хаяг гэх мэтээр нотлогддог.

Гэтэл ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр*******ын миний бие Худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1. дэх заалтын дагуу өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас түр чөлөөлөгдсөн. Миний бие эмчилгээ хийлгэж, эрүүл мэндийн байдал сайжирсан тул төрийн захиргааны албаны үүрэгт ажилдаа үргэлжлүүлэн орох хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү. гэх хүсэлтийг гаргасан.

Тус хүсэлтийг шийдвэрлэхдээ сонсох ажиллагааг явуулсан. Сонсох ажиллагааны явцад эмчлүүлж байсан талаарх баримтыг гаргаж өгнө үү гэж хэлж байсан боловч Та нарт ямар ч хамаагүй. Миний хүсэлтийг шийдвэрлэж өг гэдэг зүйлийг хэлж байсан.

******* нь хэдийгээр Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1. заасны дагуу өөрийгөө эмчлүүлэх шаардлагатай гэж ажлаасаа түр чөлөөлөгдөж байгаа боловч үндсэндээ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшихээр чөлөө авсан нь үйл баримтаас харагддаг.

******* нэхэмжлэлдээ: Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4/ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, Төрийн албаны тухай хуулийн 46.1.1.хуульд ...биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах, 61.1.1.албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах; 62.1.1.энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх эрх болон баталгааг зөрчсөн байна гэжээ.

1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4/ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах,

*******ыг Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд ажлыг нь солих болон ямар нэгэн дарамт шахалт үзүүлж ажлаа өг гэж шахсан, хөдөлмөрийн ая тухгүй нөхцөлд ажиллуулсан, ая тухайтай нөхцөлөөр хангаагүй, ажилласан хугацааны цалин хөлсийг өгөхгүй мэтээр,

2.Төрийн албаны тухай хуулийн 46.1.1.хуульд ...биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах,

*******ын Төрийн албаны тухай хуулийн 46.1.1. дэх заалтад заасны дагуу биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай байна гэх хүсэлтийг хүлээн авч хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байхад хүсэлтийг нь хангаагүй мэтээр,

3.Төрийн албаны тухай хуулийн 61.1.1.албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах;

*******ыг Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг нь зөрчиж өгөөгүй мэтээр, хууль зөрчсөн гэж бичжээ. *******ыг хэзээ, ямар байдлаар ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн, хөдөлмөрийн ая тухгүй нөхцөлд ажиллуулсан, цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмжийг нь өгөөгүй талаар тодорхойгүй байна.

Харин Төрийн албаны тухай хуулийн 62.1.1.энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх эрх болон баталгааг зөрчсөн байна гэх...

******* нь хэдийгээр Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1. заасны дагуу өөрийгөө эмчлүүлэх шаардлагатай гэж ажлаасаа түр чөлөөлөгдсөн боловч чөлөөтэй байх хугацаандаа Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн.

Сонгуулийн дараа буюу 2024 оны 11 дүгээр сарын 11-нд ажилдаа орохоор /төрийн захиргааны албан тушаалд буцаад шууд томилуулахаар/ гаргасан хүсэлт нь:

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3. улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх, 39 дүгээр зүйлд заасан Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийн 39.1.5.улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцох, 46.2.Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө,

46.2.1. Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон гэх хуулийн заалтуудыг зөрчих байсан тул Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/17 дугаартай тушаалд Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.7 дахь заалтыг үндэслэн өөрчлөлт оруулж, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 62.1.1.энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй гэх заалтыг зөрчөөгүй.

Иймд *******ын гаргасан Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/26 дугаартай Тушаалд өөрчлөлт оруулах тухай" тушаалыг хүчингүй болгох, хууль бус шийдвэрээс үүдэн гарсан ажиллах боломжтой байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/26 дугаартай тушаалыг хүчингүй болгож, *******ыг Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, тухай нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

******* Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 20 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж оролцсон бөгөөд сонгуульд ялагдсан байдаг. Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшсэн нь Аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/63 дугаартай албан бичиг, түүнд хавсрагдсан 2 дугаар хавсралтын 25 дугаарт*******ын 20 дугаар тойрогт гэж бичигдсэн байдлаар болон өөрийнх нь нүүр хуудасны хаяг гэх мэтээр нотлогддог.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3. улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх, 39 дүгээр зүйлд заасан Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийн 39.1.5.улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцох, 46.2.Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө, 46.2.1.Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон гэх хуулийн заалтуудыг зөрчих байсан тул Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн Б/17 дугаартай тушаалд Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.7 дахь заалтыг үндэслэн өөрчлөлт оруулж, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн. Мөн *******ын нэхэмжлэлийн шаардлагаа Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн албан тушаалд эргүүлэн томилуулах гэж нэмэгдүүлсэн байна. Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газар нь алба, хэлтэс, тасаггүй. Иймд *******ын гаргасан Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Тушаалд өөрчлөлт оруулах тухай Б/26 дугаартай тушаалыг хүчингүй болгож, *******ыг Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэл үндэслэлгүй байх тул шүүх захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.    ******* шүүхэд анх Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

3.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргасан. Үүнд:

3.1. Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас хүсэлт гарган, Худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******ийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар 4 сарын хугацаатай төрийн албанаас түр чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд Сонгодо эмнэлэгт бүтэн биеийн шинжилгээ, үзлэгт хамрагдаж, тодорхой хугацаанд эмчлүүлсэн.

3.2. Төрийн албанаас түр чөлөөлөгдсөн хугацаанд 2024 оны орон нутгийн ээлжит сонгууль болж, сонгуулийн 20 дугаар тойрог буюу Бууцагаан сумаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвших санал Ардчилсан намаас ирсэн. Аймгийн сонгуулийн салбар хороонд ажлаас түр чөлөөлөгдсөн тушаал, бусад материалыг хүргүүлэхэд хууль, журам зөрчөөгүй гэж үзээд нэр дэвшигчийн үнэмлэх олгосон. Төрийн албанаас бүр чөлөөлөгдсөн байхыг шаардсан бол орон нутгийн сонгуульд нэр дэвшихгүй байсан.

3.3. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажилдаа орох хүсэлтээ гаргасан. Гэтэл хариу өгөхгүй байсаар 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Тушаалд өөрчлөлт оруулах тухай Б/26 дугаар тушаалыг гардуулсан. Миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр цуцалсан гэж 5 сарын дараа тушаалд өөрчлөлт оруулсан ба үндэслэх хэсэгт захиргааны хэм хэмжээний акт хэмээн тодорхойлсон.

3.4. Мөн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.1, 46.4 дэх заалтыг үндэслэсэн байх ба 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тушаад өөрчлөлт оруулж ажлаас чөлөөлсөн. 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс намайг үүрэгт ажлаас чөлөөлөх нь 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолд үндэслэсэн. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар 4-д ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй гэж, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах, 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн албан хаагч дараах баталгаагаар хангагдана гэж 61.1.1-д албан тушаалын цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах гэж мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх гэж заасан эрх болон баталгаануудыг зөрчсөн.

4.    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч эмчлүүлэх, сувилуулах шаардлагатай болсон тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг үндэслэн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 4 сарын хугацаатай төрийн албанаас түр чөлөөлсөн.

4.2. Гэтэл Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 20 дугаар тойрогт ардчилсан намаас нэр дэвшиж оролцсон бөгөөд сонгуульд ялагдсан. 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр биеийн эрүүл мэнд сайжирсан тул төрийн захиргааны албаны үүрэгт ажилдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн хүсэлт гаргасан.

4.3. Хүсэлтийг шийдвэрлэхээр сонсох ажиллагаа явуулж, эмчлүүлсэнтэй холбоотой баримтуудыг шаардахад гарган өгөөгүй.

4.4. Төрийн захиргааны албан тушаалд буцаан томилуулах хүсэлт нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 39 дүгээр зүйлийн 39.1.5, 46 дугаар зүйлийн 46.2.1 дэх заалтуудыг зөрчих байсан тул 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар албан тушаалаас нь чөлөөлсөн.

Тогтоогдсон үйл баримтууд:

5.   Нэхэмжлэгч *******ыг анх Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 4 дүгээр тушаалаар[1] тус албаны ахлах мэргэжилтний албан тушаалд томилжээ.

6.    Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь газар болж өөрчлөн байгуулагдсантай холбоотойгоор 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар[2] нэхэмжлэгчийг ахлах мэргэжилтнээр дахин томилсон бөгөөд урт хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх хүсэлтийг[3] үндэслэн Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар[4] 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 4 сарын хугацаатай төрийн албанаас түр чөлөөлсөн байна.

7.    Төрийн албанаас түр чөлөөлөгдсөн байсан хугацаа буюу 2024 оны 10 дугаар сард аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд 20 дугаар тойрог буюу Бууцагаан суманд ардчилсан намаас нэр дэвшсэн болох нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны хуралдааны 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх олгох тухай 03 дугаар тогтоол, түүний хавсралт[5], нэхэмжлэгчийн тайлбар, Баянхонгор аймгийн Ардчилсан намын хорооны албан бичиг[6] зэргээр тогтоогдоно.

8.    Нэхэмжлэгчийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд 20 дугаар тойрог буюу Бууцагаан суманд ардчилсан намаас нэр дэвшсэнийг хууль зөрчсөн гэж үзэн, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.7, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 39 дүгээр зүйлийн 39.1.5, 46 дугаар зүйлийн 46.2.1, 46.4, байгууллагын дотоод журмын 3.4.3 дахь хэсгийг тус тус үндэслэн өмнө гарсан тушаалд өөрчлөлт оруулах замаар төрийн албанаас чөлөөлсөн.

9.    Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна. гэж заасан.

10. Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх нь төрийн албыг улс төрөөс ангид байлгах, албан тушаалын эрх мэдэл, нөлөөг ашиглах боломжийг хязгаарлах, сонгогчдын итгэл, шударга ёсыг хангах, тэнцвэртэй, шударга сонгуулийн орчин бүрдүүлэхэд чиглэдэг.

11. Нэхэмжлэгч *******ын тухайд эрүүл мэндийн шалтгаанаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн хугацаандаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид нэр дэвшсэн нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг баримтална:, 7.1.3-т улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх; гэснийг тус тус зөрчсөн байна.

12. Учир нь нэхэмжлэгч ******* орон нутгийн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалттай атал Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн гэж тайлбарлан маргасан нь үндэслэлгүй, хариуцагч өмнө гаргасан тушаалдаа өөрчлөлт оруулах замаар төрийн албанаас чөлөөлснийг буруу гэж үзэхгүй, энэ тохиолдолд төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагдахгүй юм.

13. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Дараах тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ:, 24.1.4-д хууль бусаар ажлаас халагдсан тухай шүүхийн шийдвэр гарсан бол; гэж зааснаас үзвэл хууль бусаар чөлөөлөгдсөн, улмаар албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг олгож, түүнд ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлүүлж шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч Б.Цэрэнлхагыг төрийн албанаас хууль бусаар чөлөөлөөгүй, шүүхээс түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох боломжгүй тул нэхэмжлэлийн уг шаардлага мөн үндэслэлгүй.

14. Хариуцагч маргаан бүхий захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.7 дах хэсэг буюу захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлагын зохицуулалтыг баримталсан нь үндэслэлгүй боловч энэ нь тухайн актыг хүчингүй болгох үндэслэл биш, хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх сэргэхгүй юм.

15. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянхонгор аймгийн Ардчилсан намын хорооны 2025 оны 6 дугаар 30-ны өдрийн 87 дугаар албан бичгээр[7] нэхэмжлэгч *******ыг ардчилсан намын гишүүн биш талаарх лавлагааг ирүүлсэн нь түүнийг өмнө ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

16. Нэхэмжлэгч төрийн албанаас түр чөлөөлөгдсөн хугацаанд эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан, Ардчилсан намын гишүүн эсэх дээр талууд маргаагүй тул шүүх дүгнэлт өгөөгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.3, 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгох, Худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН