Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч П.Төрбат нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Я овогт Б-ын Ц-т холбогдох эрүүгийн 1705002840062 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

           Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр :

Шүүгдэгч Б.Ц 2017 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 83б байрны 109б тоотод иргэн Т.Аийн 5 ширхэг монетон бөгж, 2 ширхэг монетан зүүлт, 1 ширхэг кулон, 1 хос монетон ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 5.780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүхэд нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа” гэв. 

 

           Хавтаст хэргээс:

Хохирогч Т.А мөрдөн байцаалтанд: “2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нөхөр Жаргалсайханы хамт аймаг руу нэг найзындаа очихоор 14:00 цагийн үед явсан. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 03-ны өглөө 09.00 цагийн үед манай охин над руу утсаар залгаад ээж хогоо хаях гэтэл хаалга хаагдчихлаа түлхүүргүй болчихлоо та хоёр гэртээ хурдан ир гэхээр нь бид хоёр 12.00 цагийн үед гэртээ ирсэн юм...Бид хоёр  2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэрээсээ гараад 2017 оны 8 дугаар сарын 03-ны өглөө 12.00 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд охиноо оруулж ирээд лифтэнд суулгаад чи гэртээ хүн хонуулсан байна гэсэн чинь охин маань тиймээ гэсэн юм. Тэгээд гэртээ  ороод орны толгойны хана дээр нь fuck you, гээд бичсэн байхаар нь гэнэт уур хүрээд охиноо гэрт хэдэн хүн хонуулсан талаар асуухад зусланд танилцсан 5 найзтайгаа хоносон гэж хэлсэн. Тэгээд  охиноосоо хэн хэн хоносон талаар асуухад Данзан, Шагай, Шагдар, Нандиа, Учрал гэсэн таван эрэгтэй хүүхэдтэй хонож таарсан юм. Өөрийн цонхны тавцан дээр хайрцагт байсан монетан ээмэг бөгж зүүлтээ очиж үзэхэд байхгүй байсан. Тэгээд би охиноосоо юу болсон талаараа үнэн зөв яриадах гээд хэлтэл манай охин найзуудтайгаа шуугилдан бужигналдан гэрт пиво уухад  доод айл уурлан цагдаагийн байгуулагад дуудлага өгч дуудлагаар хоёр цагдаа ирж насанд хүрээгүй хүүхдүүд яагаад архи согтууруулах ундаа хэрэглэсэн юм гээд гурван хүүхдийг нь цагдаа нар аваад явсан юм гэсэн. Цагдаа нарыг ирэхээс өмнө хоёр хүүхэд нь харилаа гээд явуулчихсан юм. Тэгээд тэр гурван хүүхэд  Данзан, Нандиа, Учрал нар манайд зургуулаа болж орж ирсэн өглөө эрт Улаанаа нь эрт гараад яваад өгсөн. Тэгээд  Цогтоо гэх том хүүхэд нь манай охины гурван найзыг тамхинд гарчаад ир гээд явуулчихаад манай охиныг ахдаа ус хийгээд өг гээд явуулчихаад өөрөө наана нь ээмэг бөгж байгаа өрөөнд үлдсэн гэсэн. Тэгээд манай охин Цогтоо гэх том хүүхдэд усыг нь хийж өгчихөөд цонхон дээрээ гурван найзаа харах гэтэл цонхон дээр байсан ээмэг бөгжний хайрцагны түгжээ нь онгорхой байхаар нь дээрээс дараад түгжээг нь хаачихсан гэсэн. Уул нь тэр хайрцагны түгжээ нь түгжээтэй байсан юм. Удаагүй Цогтоо нөгөө том хүүхэдтэйгээ болон охины найзуудтай хамт өглөө 08:00 цагийн үед гараад явцгаасан гэсэн...” /хх-ийн 11-12/ гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Ж.Мичидмаа мөрдөн байцаалтанд:“... Тэр хоёр ахыг манай найзууд Цогтоо, Түмээ гэж дуудаж байсан. Одоо тэр 2 эрэгтэй хүнийг харвал царайных нь ерөнхий дүр төрөхөөр танина тодруулбал Түмээ нь үсээ сүлжсэн, жинсэн цэнхэр өнгийн яактай, яакных нь ар талд нь урагдсан загвартай, Цогтоо нь баруун гарын шууны дотор хэсэгтээ хар өнгийн шивээстэй байсан гэхдээ ямар хэлбэр дүрстэй шивээс байсныг нь санахгүй байна, хар өмд, цагаан цамц, хар өнгийн гуталтай байсан. Тэр 2 залуу орж ирснээсээ хойш манай найзуудын хэргийг хаалгах талаар л ярьж байсан өөр өөрсдийнхөө талаар тодорхой зүйл хэлж яриагүй. Аав, ээжийн унтлагын өрөөний цонхон дээр ил байсан ээмэг, бөгжний савнаас 4 ширхэг монетан бөгж, 1 ширхэг монетан нарийн гинж зэрэг эд зүйлс одоогоор алдагдсан нь мэдэгдэж байгаа ахиад тодруулж байгаад дахиад алдагдсан эд зүйлсүүдээ тодруулж байгаад ээж мэдүүлэх байх. Бас үүдэнд байсан гэрийн илүү түлхүүр алга болсон байсан...”  /хх-ийн 15/ гэх мэдүүлэг,

Гэрч Х.Түмэнжаргал мөрдөн байцаалтанд:“..Би 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ажлаа тараад оройн 21 цагийн үед явж байхад Ц миний гар утас руу залгаад уулзъя хаана байна очоод авъя гээд 100 айл дээрээс Улаанаа гэх залуутай ирж аваад бид гурав хороолол ороод  бааранд орж бүжиглэж байгаад тэндээсээ шөнө 03 цагийн үед гараад явж байсан чинь насанд хүрээгүй 2 хүүхэд  ирээд ахаа та нар манай ах болоод миний гар утасыг цагдаагаас аваад өгөөч бид нар нэг найзындаа байж байгаад пиво уугаад полкоон дээр нь гараад бөөлжсөн чинь доод айлын хүн цагдаа дуудаад бид нарын гар утсыг аваад өгөөч гэсэн чинь Ц за энэ хүүхдүүдэд найзындаа байгаа гэж байна энэ хүүхдүүдэд туслаад гар утсыг нь цагдаагаас аваад өгчихье гэж хэлээд нөгөө хүүхдүүдийг дагаад Модны хоёрын зам дагуу 9 давхарт айлд орсон чинь 6 эрэгтэй хүүхэд нэг охин байсан охин өөрийгөө энэ айлын хүүхэд  гэж өөрийгөө  танилцуулсан нөгөө хүүхдүүд бүгд пиво уусан бололтой халамцуу байж байснаа бид гуравт хандан та 3 эндээ хоночихоод өглөө манай ах болоод цагдаагаас миний гар  утасыг  аваад өгөөч гэж нэг хүүхэд нь хэлэхээр бид нар зөвшөөрөөд тэндээ хонохоор болоод  Улаанаа бид 2 гал тогооны өрөөнд Ц том өрөөнд нөгөө хүүхдүүдтэй хамт унтсан. Өглөө нь Улаанаа явчихсан Ц сэрчихсэн зогсож байхаар нь Улаанаа хаачих гэж байгаа юм гэж асуусан чинь аль эрт үүрээр намайг сэрээчихээд явчихсан гэж хэлэхээр нь би за за 2-уулаа явах уу? гэж хэлээд  нөгөө айлд хоносон 2 эрэгтэй хүүхдийг дагуулаад Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн тийшээ явж байтал Ц наад хоёр дүүг урагшаа явуулж бай гэж хэлээд  үлдсэнээ түцний ард шээж байхдаа нэг бөгж олсон гэж хэлээд бөгжөө үзүүлсэн чинь нилээн том хэмжээний эрэгтэй хүний бөгж байхаар нь чи хаанаас олсон юм хэнийх юм гэж асуусан түцний ард шээж байхдаа олсон гэж хэлээд явж байхад нөгөө хоёр хүүхэд ахаа бид хоёр болилоо гэрээсээ хүн дуудаад утсаа авъя гэж хэлээд хамт явж байгаад Тэди худалдааны төвийн урдаас салсан тэр хооронд Ц нөгөө замдаа олсон гэж бөгжөө Модны-2 тэнд нэг ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар 300 гаран мянган төгрөгөөр барьцаанд тавиад тэр мөнгөөрөө Тэди худалдааны төв дээрээс өөртөө 300,000 төгрөгөө Айпоне 5 Эс гар утас худалдаж аваад би тэндээсээ Цаас салаад Ц Тэди худалдааны төв дээр нэг таньдаг ах дээрээ дадлага хийж байгаа гэж хэлээд үлдсэн би тэндээсээ ажил руугаа явсан. Надад нэг эрэгтэй хүний том монетон бөгж үзүүлсэн өөр зүйл харуулаагүй. Би хулгай хийсэн талаар нь мэдэх зүйл байхгүй...” /хх-ийн 19/ гэх мэдүүлэг,

эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 6/

иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 29,30,31-34/

эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7/

хохирол барагдуулах гэрээ /хх-ийн 8/

хохирол төлсөн баримт /хх-ийн 65/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Ц  2017 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 83б байрны 109б тоотод иргэн Т.Аийн 5 ширхэг монетон бөгж, 2 ширхэг монетон зүүлт, 1 ширхэг кулон, 1 хос монетон ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 5.780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 хохирогч Т.Аийн”...Тэгээд манай охин Цогтоо гэх том хүүхдэд усыг нь хийж өгчихөөд цонхон дээрээ гурван найзаа харах гэтэл цонхон дээр байсан ээмэг бөгжний хайрцагны түгжээ нь онгорхой байхаар нь дээрээс дараад түгжээг нь хаачихсан гэсэн...”/хх-ийн 11-12/ гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ж.Мичидмаагийн “...аав, ээжийн унтлагын өрөөний цонхон дээр ил байсан ээмэг, бөгжний савнаас 4 ширхэг монетан бөгж, 1 ширхэг монетан нарийн гинж зэрэг эд зүйлс одоогоор алдагдсан нь мэдэгдэж байгаа ахиад тодруулж байгаад дахиад алдагдсан эд зүйлсүүдээ тодруулж байгаад ээж мэдүүлэх байх. Бас үүдэнд байсан гэрийн илүү түлхүүр алга болсон байсан...”  /хх-ийн 15/ гэсэн мэдүүлэг, гэрч Х.Түмэнжаргалын“...Ц наад хоёр дүүг урагшаа явуулж бай гэж хэлээд  үлдсэнээ түцний ард шээж байхдаа нэг бөгж олсон гэж хэлээд бөгжөө үзүүлсэн...Ц нөгөө замдаа олсон гэж бөгжөө Модны-2 тэнд нэг ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар 300 гаран мянган төгрөгөөр барьцаанд тавиад тэр мөнгөөрөө Тэди худалдааны төв дээрээс өөртөө 300,000 төгрөгөө Айпоне 5 Эс гар утас худалдаж авсан...” /хх-ийн 19/ гэсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 6/, эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Б.Цыг гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

        Шүүхээс шүүгдэгч Б.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

      Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ц нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй байгаа бөгөөд тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурьдах нь зүйтэй. 

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                           

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Я овогт Б-ын Цыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Я овогт Б-ын Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүйг  тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                   Ц.ДАЙРИЙЖАВ