Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/321

 

  2024           03            14                                         2024/ДШМ/321

 

Ж.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Намуун,

шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Ж.Нямбаяр,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/44 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.М-н өмгөөлөгч Ж.Нямбаярын гаргасан давж заалдах гомдлоор Ж.М-д холбогдох 2303 00512 0380 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Ч овгийн Ж-н М, .................-ны өдөр ......... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ......... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ......./;  

Шүүгдэгч Ж.М нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Амгалан амаржих” эмнэлгийн хойд замд “Тоуоta Аqua” загварын .... УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 10.4-т “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэснийг зөрчсөний улмаас Surron маркийн цахилгаан мотоциклтой явж байсан О.Б-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ж.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.М-г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-д 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.М-с гэм хорын хохиролд 10.719.000 төгрөгийг гаргуулан хохирогч О.Б-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.М-н өмгөөлөгч Ж.Нямбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Шийтгэх тогтоолд “шүүгдэгч Ж.М-г прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй болно” гэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон. Ийнхүү Ж.М-д 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан “... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэснийг зөрчсөн. Тодруулбал;

а) Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг огт харгалзан үзээгүй, энэ талаар аливаа дүгнэлт гаргаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч О.Б-н  тээврийн хэрэгслийг цахилгаан дугуй буюу Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.24-т заасан “мопед” гэсэн тээврийн хэрэгслийн ангилалд хамаарна гэж тогтоосон бөгөөд осол болсон тухайн газар нь зориулалтын мопед, дугуйн замтай байдаг. Харин хохирогчийн зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зорчиж байсан үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д ”замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх”, Замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар зүйлийн 25.4-д “унадаг дугуй, мопедыг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явна” гэж тус тус заасныг зөрчсөн. Энэ нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагаас хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бий болгосон боловч үүнд шүүх дүгнэлт хийж, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг орхигдуулсан. Мөн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг огт харгалзаж үзээгүй. Зам тээврийн осол нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарагддаг. Иймд шүүгдэгч Ж.М урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

б) Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу шүүгдэгч Ж.М-н хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, дүгнэлт гаргаагүй. Энэхүү хэргийг анх 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд шилжүүлснээс хойш нийт 6 удаа шүүх хуралдаан болсон бөгөөд хуралдаан бүрт манай үйлчлүүлэгч Ж.М нь энэхүү хэргийн улмаас ажил эрхлэх боломжгүй байгаа, яаралтай ажилд орж цалин орлоготой болохыг хүсч байгаа талаараа шүүхэд илэрхийлсээр ирсэн. Учир нь, шүүхээс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, өдөр бүр шүүхэд очих шаардлагатай болсон нь ажилд орох боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон. Түүнчлэн Ж.М нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрч, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, мөн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үед хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлж, энэхүү хэргийг шийдвэрлэж дуусмагц ажил хийн хохирлыг барагдуулах болохоо тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүйгээс гадна хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг төлөх боломжгүй байдалд хүргэсэн эрүүгийн хариуцлагын төрөл болох нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, нийт 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Уг ялыг шүүгдэгч нь дунджаар 6 сарын дараа биелүүлж дуусахаар байх бөгөөд энэ нь хохирлыг төлөх, өөрийн аж амьдрал, хоол хүнс зэрэг хүний анхан шатны хэрэгцээг хангах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй эрүүгийн хариуцлагын төрлийг сонгосон.

c) Тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг анхан шатны шүүх тал бүрээс нь харгалзан үзэж дүгнэлт гаргаагүй. Хохирогчийн тээврийн хэрэгсэл нь олон нийтэд Surron гэх нэрээр танил болсон Talaria Sting R гэх цахилгаан дугуй бөгөөд үүний шинж байдал, онцлог зэргийг мөн шүүгдэгч 1 дүгээр эгнээ рүү эргэхээс өмнө ямар үйлдэл хийсэн талаарх буюу тухайн осол болсон нөхцөл байдлыг шүүх тал бүрээс нь бодитоор харгалзан үзэж, дүгнэлт хийгээгүй. Хохирогчийн тээврийн хэрэгсэл нь дугуй шиг хэмжээтэй боловч маш хурдтай явах хүчин чадалтай, ингэхдээ дуу чимээ огт гаргадаггүй бөгөөд энэ нь замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, явган зорчигч нарт харагдах, сонсогдох, түүний хурдыг тооцоолох зэрэгт хүндрэлтэй байдаг. Тийм ч учраас ийм төрлийн тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын тусдаа замаар зорчихоор зохицуулсан байдаг. Үүнээс гадна өнгөрсөн 2023 оны зуны турш тээврийн цагдаагийн газраас ийм төрлийн тээврийн хэрэгсэл осол гарах шалтгаан болж, олон хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирч байгааг мэдэгдэж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлахыг уриалж байсан. Жишээлбэл, “Суррон сурагчдын унаа” биш гэх уриалгыг гаргаж, уг тээврийн хэрэгсэл, жолоочид тавигдах шаардлагыг олон нийтэд сурталчилж байсан. Харин шүүгдэгч Ж.М нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “... эмнэлгийн харалдаа ирээд баруун гар тийш эмнэлэг рүү эргэх үйлдэл хийхэд өөдөөс буюу эмнэлгийн гарц хэсгээр 2 автомашин гарч ирж байхаар нь зогсож өнгөрөөгөөд хөдлөх гэж байтал 1 дүгээр эгнээгээр цахилгаан дугуй унасан хүн хурдтай орж ирээд миний машины жолооч талын хаалгыг мөргөсөн...” гэсэн бөгөөд энэ нь “Зам тээврийн осол дээр тогтоосон акт” болон “Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Осол гарсан замын байдал” гэсэн баримтуудаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь эгнээ байр солихоос өмнө тодорхой хугацаанд дохио өгч зогсож байсан нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд огцом саад болж, тааварлах боломжгүй үйлдэл хийгээгүй нь харагддаг. Ийнхүү эгнээ солих үед дуу чимээ огт гаргадаггүй, аливаа гэрэлгүй, уг эгнээгээр зорчиж буйг тооцоолж, таамаглах боломжгүй тээврийн хэрэгсэл хурдтайгаар ирж, шүүгдэгчийн тээврийн хэрэгслийг мөргөсөн. Гэтэл анхан шатны шүүхээс уг нөхцөл байдлыг огт харгалзан үзээгүй, аливаа байдлаар дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч замын хөдөлгөөнд оролцож байхдаа хохирогчийг очиж мөргөсөн мэтээр шийдвэрт дурдсан нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу болон шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тогтоож, шүүхийн шийдвэрт заасан эрүүгийн хариуцлагыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжээр торгох ял болгон өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

2. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хүний сэтгэцэд учирсан хохирлыг тооцож, гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн тодорхойлохдоо Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг баримтлан хэрэглэсэн. Ингэхдээ зөвхөн Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг ашигласан.

а) Гэтэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Энэ хуулийн 40.1-д заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж заасан бөгөөд дээр дурдсан 25 дугаар тогтоолд “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох” талаар огт зохицуулаагүй, зохицуулах ч боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, дээрх 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад сэтгэцийн эмгэгийн нэгээс тав хүртэл зэрэглэлд тохирох нөхөн төлбөрийн хэмжээг хэрхэн тодорхойлох талаарх аргачлалыг л зааснаас бус тухайлсан гэмт хэрэг аль зэрэглэлд хамаарахыг зааж өгөөгүй юм. Харин Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталсан байдаг. Уг хамтарсан тушаалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг гурав дугаар зэрэглэлд, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийг хоёр дугаар зэрэглэлд хамаарахаар заасан бөгөөд уг гэмт хэргүүд нь бүгд хүндэвтэр хохирлын улмаас үүссэн сэтгэцийн эмгэг юм. Харин дээр дурдсан Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолыг зөвхөн хэрэглэвэл дээрх гурван өөр төрлийн гэмт хэрэг бүгд хүндэвтэр хохирлын улмаас үүссэн сэтгэцийн эмгэг гэж тодорхойлогдон гурав дугаар зэрэглэлд хамаарагдах юм. Иймд зөвхөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон дээрх 25 дугаар тогтоолыг хэрэглэн хүний сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох боломжгүй байна. Ийнхүү Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т заасныг хэрэглэх ёстой боловч Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан дээрх журам нь 2023 оны 8-р сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлсэн байна. Энэ нь тухайн гэмт хэрэг буюу автотээврийн осол болсны дараа хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлсэн хэм хэмжээний акт байх тул хууль зүйн хувьд уг хэрэгт сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах боломжгүй байна. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлнэ, 67.2-т “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан. Үүний дагуу 2023 оны 8-р сарын 1-ний өдрийн Захиргааны хэм хэмжээний актын 2023 оны 22 дахь дугаар эмхэтгэлээр “6337 журам, хүснэгт батлах тухай, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268/А/275 дугаар тушаал, түүний хавсралт” нийтлэгдсэн. Иймд уг хэрэгт хүчин төгөлдөр болоогүй, батлагдаагүй байсан хууль, хэм хэмжээний актыг хэрэглэж, шүүгдэгч Ж.М-с хүний сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хуулийн үндэслэлгүйгээр халдсан дүгнэлт, шийдвэр гаргасан байна.

б) Түүнчлэн уг хууль, хэм хэмжээний актыг хэрэглэх ёстой гэж үзсэн тохиолдолд ч уг хэрэгт сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах боломжгүй байна. Учир нь, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1-т “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр (цаашид “хүснэгт” гэх) шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ” гэж заасан. Мөн журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тодорхой заасан. Гэтэл Ж.М-д холбогдох уг эрүүгийн хэргийн материалд дээр дурдсан маягт авагдаагүй байдаг. Нөгөөтэйгүүр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрх бүхий этгээдүүд уг маягтыг үйлдэж хавсаргаагүй нь уг хууль, журмыг хэрэглэх ёсгүй болохыг давхар нотолж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг дөрвөн зуун тавин нэгжээр торгох ял болгон өөрчилж, мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг бүхэлд хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өдөр бүр анхан шатны шүүхэд очиж бүртгүүлж байгаа. Энэ хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж орлого олж чадаагүй. Хувийн компанид борлуулалтын менежерээр ажилд орсон боловч ажлын цаг ашиглалт муу гээд ажлаас халагдсан. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би “Гялс” төвд эход харуулахад элэгний хавдартай гэж оношлогдон томографийн шинжилгээнд орохоор харьяа дүүргийн эмнэлэгт очиход Хавдар судлалын эмнэлэгт очиж эрчимт эмчилгээ хийлгэ гэж зөвлөсөн. Би Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлсөн. Харин хохирогч О.Б-д учирсан хохирол төлбөрийг төлөх гэхэд тэрээр надад огт дансны дугаараа өгдөггүй. Хохирогч нь “шүүх хуралдаан дууссаны дараа хохирлоо авна, одоо дансны дугаараа өгөхгүй” гэсэн учраас би одоог хүртэл хохирогч О.Б-д хохирлоо төлөөгүй байна. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.М нь эрхэлсэн тодорхой ажилгүй байсан тул прокурорын зүгээс нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасны дагуу анхан шатны шүүх шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Одоогийн байдлаар шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхлээгүй тул торгох ялыг төлөх боломжтой эсэх нь эргэлзээтэй. Шүүгдэгч Ж.М нь торгох ялыг биелүүлэх боломжтой талаар буюу ажил, хөдөлмөр эрхэлдэг болохоо нотолсон баримт гаргаж өгсөн тохиолдолд прокурорын зүгээс торгох ял болгон өөрчлөхөд татгалзах зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч О.Б нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлээгүй тул үүнтэй холбогдуулан холбогдох хүснэгт, маягтыг танилцуулаагүй. Харин анхан шатны шүүх хуралдааны явцад хохирогч О.Б нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэхээ илэрхийлсний дагуу шүүхээс холбогдох хүснэгт, маягтыг хохирогчид танилцуулж, тэрээр хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ж.М нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Амгалан амаржих” эмнэлгийн хойд замд, “Тоуоta Аqua” загварын … УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 10.4-т “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэснийг зөрчсөний улмаас Surron маркийн цахилгаан мотоциклтой явж байсан О.Б-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Б-н  “... Би цахилгаан мотоциклтой Амгалан амаржих газрын хойд талын замаар зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр 40 орчим км цагийн хурдтай явж байтал зорчих хэгсийн 2 дугаар эгнээнээс “Тоёота Акуа” загварын тээврийн хэрэгсэл Амгалан амаржих төв руу ордог уулзвар руу шууд дараад ороод ирсэн. Тэгээд би тоормосоо базаад зогсоох гэсэн боловч тухайн тээврийн хэрэгслийн баруун талын хаалга хэсгийг мөргөж газар унасан. ...” /1 хх 13/,

гэрч М.Т-н “… 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр О.Б нь дахин ирсэн. Авто осолд орсон асуумжтай. Уг өдрийн онош нь ерөнхий биеийн доргилт, тархины доргилт, цээжний битүү гэмтэл онош тавин КТГ-н зөвлөн ГССҮТ-н амбулаторийн хяналтад явуулсан байна. …” /2 хх 8-9/, 

иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Гантуяагийн “… Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч О.Б нь эрүүл мэндийн төвөөс үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 476.500 төгрөгийн зардал гарсан. … Уг зардлыг яллагдагчаас гаргуулж өгнө үү. …” /1 хх 31/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.М яллагдагчаар “… эмнэлгийн харалдаа ирээд баруун гар тийш эмнэлэг рүү эргэх үйлдэл хийхэд өөдөөс буюу эмнэлгийн гарц хэсгээр 2 автомашин гарч ирж байхаар нь зогсож өнгөрөөгөөд хөдлөх гэж байтал 1 дүгээр эгнээгээр цахилгаан дугуй унасан хүн хурдтай орж ирээд миний машины жолооч талын хаалгыг мөргөөд хөл дээрээ зогсоод тэгснээ мотоциклоо газар унагаагаад цааш яваад замын боржуур дээр суусан. ...” /1 хх 92/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: “... О.Б-н  биед зүүн 5,6-р хавирганы хугарал, зүүн бугалга, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу зам тээврийн ослын үед үүссэн, хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 9715 дугаартай дүгнэлт /1 хх 40-41/,

Мөрдөгчийн магадлагаа “... Жолооч Ж.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10-т “Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх”, 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.4-т “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэснийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. Жолооч О.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна. ...” гэх 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 847 дугаартай дүгнэлт /1 хх 81/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, осол хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 5-7/, “Итгэлт хөрөнгө” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 6514 дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 50-51/, “Ашид билгүүн” ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /1 хх 57-59/, “Меd trauma hospital” эмнэлгийн “... О.Б... зүүн талын 5, 6-р хавирга урд үзүүр хэсэгт зөрөөгүй хугаралтай. ...” гэсэн дүрс оношлогооны шинжилгээний хариу /1 хх 199/, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /1 хх 213-214/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ж.М-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.М-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.  

Шүүгдэгч Ж.М-н өмгөөлөгч Ж.Нямбаяраас “... Анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй, Ж.М-н үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй эрүүгийн хариуцлагын төрлийг сонгосон, шүүгдэгч замын хөдөлгөөнд оролцож байхдаа хохирогчийг очиж мөргөсөн мэтээр шийдвэрт дурдсан нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, уг хэрэгт хүчин төгөлдөр болоогүй, батлагдаагүй байсан хууль, хэм хэмжээний актыг хэрэглэж, шүүгдэгч Ж.М-с хүний сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Хэрэгт авагдсан баримтууд болох Мөрдөгчийн магадлагаанд жолооч Ж.М-г нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.4-т заасныг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон талаар дүгнэсэн бөгөөд /1 хх 81/ уг магадлагаагаар Ж.М нь Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн, үүний улмаас зам тээврийн осол гарч, хохирогч О.Б-н  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ... гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж гаргасан байх учиртай.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.М-д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэмжээ, гэм буруу, хувийн байдалд тохирсон төдийгүй шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангасан гэж үзэх ба шүүгдэгч нь одоогоор ажил хөдөлмөр эрхлээгүй, торгох ялыг хэрхэн биелүүлэх нь эргэлзээтэй, түүнчлэн шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлын талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Үүнээс гадна, хохирогч О.Б нь анхан шатны шүүхэд хэрэг хянагдах шатанд  гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилснийг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6, 3.8-д тус тус зааснаар сэтгэл санааны гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, 9.900.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Ж.М-н өмгөөлөгч Ж.Нямбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, … тогтооно.” гэж заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар үндэслэлгүйгээр тогтоож шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүх хуульд нийцүүлэн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... шүүгдэгч Ж.М-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, ...” гэснийг “... шүүгдэгч Ж.М-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.М-н өмгөөлөгч Ж.Нямбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР