| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
| Хэргийн индекс | 111/2025/0028/З |
| Дугаар | 111/ШШ2025/0027 |
| Огноо | 2025-07-31 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 111/ШШ2025/0027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нарын хоорондын “Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын дагуу 5 жил тутамд олгох мөнгөн урамшуулал олгохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож урамшуулал олгохыг Хүнс, хөдөө аж ахуйн газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* “Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын дагуу 5 жил тутамд олгох мөнгөн урамшуулал олгохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож урамшуулал олгохыг Хүнс, хөдөө аж ахуйн газарт даалгах”-аар маргасан байна.
2.******* нь 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргад төрийн албанд 5 жил тасралтгүй ажилласны тэтгэмж авахаар хүсэлт гаргажээ.
Тус хүсэлтийг Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газрын 2025 оны 05 сарын 12-ны өдрийн “Хүсэлтийн хариу хүргүүлэх тухай” бичгээр хариу өгсөн байна. Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд 2025 оны 5 дугаар сарын 22-ны нэхэмжлэл гаргасан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Миний бие ******* овогтой ******* нь 2010-2023 он хүртэл Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар тасралтгүй 13 жил төрийн захиргааны албан тушаал хашсан. 2023-2024 оны 1 дүгээр сар хүртэл Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг үндэслэн түр чөлөөлөгдөөд 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр ажилдаа орсон. Засгийн газрын 2024 оны 89 дугаар тогтоолоор батлагдсан “төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох” журмын дагуу төрийн захиргааны албан хаагчиддаа мөнгөн урамшуулал олгосон. Энэхүү мөнгөн урамшуулал олгох журам нь анх удаа хэрэгжиж байгаа тул ажилласан жилийг 2010-2023 он хүртэлх хугацааг тооцож мөнгөн урамшуулал авах санал хүсэлтээ удирдлагадаа хүргэсэн. Хүсэлтийн хариуд 2023 оны 1 дүгээр сараас 2024 оны 1 сар хүртэлх 1 жилийн хугацаанд төрийн захиргааны албан тушаалд ажилласан хугацаа тасарсан гэж үзэж сүүлийн 5 жилд тасралтгүй ажилласан албан хаагчдад мөнгөн урамшуулал олгосон гэж мэдэгджээ. Журмын 2.1-д тасралтгүй 5 жил /60 сар/ түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна гэж заасан ба сүүлийн 5 жил гэж заагаагүй болно. Иймд 2010-2023 онд ажилласан жилийнхээ мөнгөн урамшууллыг Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас нэхэмжилж байна.” гэжээ.
Хариуцагч Баянхонгор аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Журам батлах, журмын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 83 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын үндэслэл нь "Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчид орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг баталгаажуулах, төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагч (цаашид "Төрийн захиргааны албан хаагч" гэх)-д 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал (цаашид "мөнгөн урамшуулал" гэх) олгох бөгөөд журмын 2.3-т Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т заасныг баримтлан тухайн төрийн захиргааны албан хаагчийн сүүлийн 12 сарын үндсэн цалингийн дунджийг тооцохоор заасан.
Дээрх заалтуудын агуулга нь тус журам хэрэгжиж эхлэх үед төрийн захиргааны албан тушаалд тогтвор суурьшилтай, тасралтгүй ажиллаж байгаа албан хаагчид олгох тухай бөгөөд төрийн захиргааны албан тушаалд томилогдон тасралтгүй ажилласан аль нэг 5 жилийн хугацаанд гэж заагаагүй байгаа юм.
Мөн мөнгөн урамшууллыг олгохдоо тасралтгүй ажиллаж байгаа албан хаагчдын холбогдох материалыг журмын 2 дугаар зүйлийн 2.3, 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3, 5 дугаар зүйлийн 5.4 дэх заалтууд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, аймаг дахь Төрийн аудитын газраас өгсөн чиглэлийг баримтлан төрийн захиргааны албан хаагчийн сүүлийн 5 жилд тасралтгүй ажилласан хугацааг тооцож, олгосон. ******* нь 2023 оны 01 дүгээр сард албан тушаалаас Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх үндэслэлээр түр чөлөөлөгдсөн боловч үргэлжлүүлэн “А\/8Р - Хил хязгааргүй Малын эмч, агрономчид” ОУБ-ын Тогтвортой ноолуур төсөлд ажиллаад 2024 оны 01 дүгээр сард албан тушаалдаа томилогдсон. Энэ нь төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажиллаж байгаа хугацааг журмын зорилго, үндсэн зарчмыг баримтлан тооцоход 2023 оны 01 дүгээр сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэлх 1 жилийн хугацаанд төслийн байгууллагаас цалин олгогдсон буюу төрийн захиргааны албан тушаалд ажилласан хугацаа тасарсан тул мөнгөн урамшуулал олгох эрх үүсээгүй.
Тухайн үед ******* нь өөрөө аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас тодруулга авч тасралтгүй ажиллаж байгаа хугацаа 1 жил тасарч байгаа юм байна гэх үндэслэлээр тус журмын дагуу холбогдох материалаа өөрөө бүрдүүлж өгөөгүй, Засгийн газрын 2024 онд баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам” нь төрийн албанд тогтвор суурьшилтай, тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид сүүлийн 12 сарын үндсэн цалингийн дунджийг тооцож олгох зарчимтай бөгөөд журмын 3 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр сүүлийн 5 жилд ажилласан хугацаа тасарсан тохиолдолд олгохгүй байх зохицуулалттай тул мөнгөн урамшууллыг өмнө нь тасралтгүй ажиллаж байсан хугацаанд тооцож олгох боломжгүй зэрэг тайлбарыг хүргүүлж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдуулан гаргасан “Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын дагуу 5 жил тутамд олгох мөнгөн урамшуулал олгохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож урамшуулал олгохыг Хүнс, хөдөө аж ахуйн газарт даалгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч маргаж буй үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
Миний бие 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Хүнс хөдөө аж ахуй газрын даргад Засгийн газрын 83 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-д заасны дагуу төрийн албанд тасралтгүй 5 жил ажилласны урамшуулал авах хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн. Хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шийдвэрлэж, миний төрийн албанд ажилласан хугацааг 1 жил тасарсан, сүүлийн 5 жил тасралтгүй ажилласан хүнд урамшуулал олгоно гэсэн хариу өгсөн. Засгийн газрын 83 дугаар тогтоол дээр сүүлийн 5 жил ажилласан хүнд олгоно гэсэн заалт байхгүй. Харин сүүлийн 12 сарын ажилласан хугацаа 6 сартай тэмцэх хэмжээний мөнгөн урамшуулал бодож олгоно гэсэн заалтын дагуу нэхэмжлэл гаргасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Журам батлах, журмын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 83 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын үндэслэл нь "Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчид орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг баталгаажуулах, төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагч (цаашид "Төрийн захиргааны албан хаагч" гэх)-д 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал (цаашид "мөнгөн урамшуулал" гэх) олгох бөгөөд журмын 2.3-т Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т заасныг баримтлан тухайн төрийн захиргааны албан хаагчийн сүүлийн 12 сарын үндсэн цалингийн дунджийг тооцохоор заасан.
Дээрх заалтуудын агуулга нь тус журам хэрэгжиж эхлэх үед төрийн захиргааны албан тушаалд тогтвор суурьшилтай, тасралтгүй ажиллаж байгаа албан хаагчид олгох тухай бөгөөд төрийн захиргааны албан тушаалд томилогдон тасралтгүй ажилласан аль нэг 5 жилийн хугацаанд гэж заагаагүй байгаа юм. ******* нь 2023 оны 01 дүгээр сард албан тушаалаас Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх үндэслэлээр түр чөлөөлөгдсөн боловч үргэлжлүүлэн “А\/8Р - Хил хязгааргүй Малын эмч, агрономчид” ОУБ-ын Тогтвортой ноолуур төсөлд ажиллаад 2024 оны 01 дүгээр сард албан тушаалдаа томилогдсон. Энэ нь төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажиллаж байгаа хугацааг журмын зорилго, үндсэн зарчмыг баримтлан тооцоход 2023 оны 01 дүгээр сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэлх 1 жилийн хугацаанд төслийн байгууллагаас цалин олгогдсон буюу төрийн захиргааны албан тушаалд ажилласан хугацаа тасарсан тул мөнгөн урамшуулал олгох эрх үүсээгүй гэж тайлбарлав.
Нэхэмжлэгч ******* нь анх Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тушаалаар Мал үржлийн албаны цөм сүрэг, эрчимжсэн мал аж ахуй хариуцсан мэргэжилтнээр томилогджээ.
Улмаар Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газарт тасралтгүй ажиллаж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 дүгээр “*******ыг үүрэгт ажлаас нь түр чөлөөлөх тухай” тушаалаар түр чөлөөлөгдөж, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Захиргаа, аж ахуйн албаны даргын албан тушаалд эргэн томилогдсон.
Нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалууд нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2.-т зааснаар төрийн захиргааны албан тушаалтанд хамаарч байгаа гэдэгтэй хэргийн оролцогч нар маргаагүй болно.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаартай “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 1.1-д “Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчид орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг баталгаажуулах, төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоход энэ журмыг баримтална.” гэж зааснаар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт төрийн захиргааны байгууллагын мэргэшсэн байдлыг сайжруулах, төрийн захиргааны албан тушаалд тогтвор суурьшилтай ажиллуулах зорилготой гарсан журам юм.
Тус журмын 2 дугаар зүйлийн 2.1.Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил (60 сар), түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна.” гэж заасан байна.
Нэхэмжлэгч нь 2010 оны 1 сараас 2023 оны 1 сар хүртэл нийт ийт 13 жил тасралтгүйгээр, 2024 оны 1 сараас өнөөдрийг хүртэл 1 жил 7 сар буюу төрийн албанд нийт 14 жил 7 сар төрийн захиргааны албан тушаалд томилогдон ажиллаж байна. Хэргийн оролцогч нар нэхэмжлэгчийн төрийн албанд төрийн захиргааны албан тушаалд 15 жил 7 сар ажилласантай маргаагүй байна.
Мөн дээрх журамд төрийн захиргааны алба хаагчийн сүүлийн 12 сарын үндсэн цалингийн дунджийг 6 дахин нэмэгдүүлж тооцно гэснээс төрийн захиргааны албан тушаалтныг тухайн албан тушаалд сүүлийн 5 жил тасралтгүй ажилласан байхыг шаардаагүй байна.
Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д зааснаар албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй гэж үзлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга *******т Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-д заасны дагуу мөнгөн урамшуулал олгохгүй байгаа нь хууль бус байх тул нэхэмжлэгчид төрийн захиргааны албан тушаалд 5 жил ажилласны урамшуулал олгохыг Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад даалгах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.7, 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаар “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-д заасны дагуу төрийн захиргааны албан хаагчид 5 жилд тутам олгох мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 5 жил тутмын мөнгөн урамшууллыг олгохыг Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ