Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 21

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ

шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ц-ийн Од холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1705013750306 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ц.О 2017 оны 11 дүгээр сарын 13-ны орой 18 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 55А байрны 32 тоотод иргэн М.Тийг ус алдуулж орон сууцны таазанд гэмтэл учрууллаа хэмээн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.О  шүүхийн хэлэлцүүлэгт “Би 2017 оны 11 дүгээр сарын 13-ны орой гэртээ 18 цаг 50 минутын орчимд ороод ариун цэврийн /00/ өрөөнд ороход шалан дээр нь ус тогтсон, тааз нь норчихсон байсан. Өмнө нь манай дээд талын айл мөн ингэж ус алдаж байсан юм. Тэгэхээр нь би дээд талын айл руу нилээн эмоцтой очоод хаалгыг нь цохисон чинь нөхөр нь хаалгаа тайлсан. Тэгэхээр нь би хүүе танайх манай 00-ын өрөөний дээрээс ус алдсан байна, манайх засвар хийсэн байсан гэж хэлсэн чинь нөхөр нь надад гэрийнхээ 00-ын өрөөний гэрлийг асаагаад харуулахад ус алдчихсан байсан. Тэгээд би тэднийхээс гарах гэтэл эхнэр нь нүцгэн босч ирээд намайг цохиод манайх ус алдаагүй гээд миний цээж рүү хэд хэдэн удаа цохиход нөхөр нь эхнэрээ салгаж авсан. Тэгтэл эхнэр нь миний хэвлий хэсэг рүү өшиглөхөөр нь би гар утсаа гаргаад яагаад намайг ингэж байгаа юм бэ гээд зургыг нь авах гэтэл чи 100 мянган төгрөгний утас барьчихаад гээд миний утсыг булааж авах гээд нүд рүү хуруугаа хийчих гээд байхаар нь би хоёр гараа дээш нь өргөөд нүүрээ хамгаалсан. Намайг нүүрээ хамгаалах гэж хоёр гараа дээш өргөх явцад тэр эмэгтэй миний гарт цохигдсон. Би хүүхдүүдээ эд хөрөнгөтэй болгочих санаатай, тэднийхээ аюулгүй байдлыг хангах зорилготой л зээлээр байр аваад амьдрах гэж яваа хүн. Ийм зүйл болно гэж бодоогүй гэмшиж байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч М.Тийн мөрдөн байцаалтад”...Би 2017 оны 11 дүгээр сарын 16-ны  орой 17 цагийн орчимд гэртээ гэр бүлээрээ Баянгол дүүргийн 7 дугаар хороо 55 дугаар байр 32 тоотод байж байхад манай гэрийн хаалгыг их хүчтэй нүдэж эхэлсэн. Тэгээд манай нөхөр Энхтайван хаалгаа тайлахад доод айлын хүн О гэх эмэгтэй манай гэр лүү дайрч орж ирээд угаалгын өрөөнд орж орилж, чарлаж хэл амаар доромжлон  “Манай тааз нурлаа, гэрийнхээ шугамыг янзлуулаач, ус алдчихсан байна гэж” орилохоор нь “та айлд дураараа орж ирдэг хэн юм бэ, гар, амгалан тайван байдал алдагдуулаад байна гэж хэлэхэд “ битгий хуцаад бай гээд дайрч байсан ба би гар гээд үүд рүүгээ заахад миний нүд рүү О гараа атгаж байгаад зүүн талын нүд рүү 1 удаа цохисон. Тухайн үед миний нүд улайгаад хавдаж байсан. Манай гэрээс огт ус алдаагүй байсан. Би тухайн үед хэрэлдэж маргалдсаны дараа утсаараа ярих гэж байгаад усанд унагаачихсан. Би утсаа угаалгын өрөөнд цэнэглэж байсан хувинтай усанд унагачихсан. Тэгээд гар утсаа 150.000 төгрөгөөр янзлуулсан. Үүний дараа 100.000 төгрөгийг надад О эгч уучилаарай гээд өгсөн. Эм тариа авсан, таксидаж явсан гэж 50.000 төгрөг зарцуулсан байх. Би одоо 100.000 төгрөг нэхэмжилж байна. Надад ямар нэгэн баримт байхгүй. Надад гомдол санал гээд байх зүйлгүй. Хэргийг хурдан шийдвэрлүүлмээр байна. Отай одоо маргаан байхгүй. Надаас уучлалт гуйсан...” /хх-ийн 11-12/ гэсэн мэдүүлэг,

       

хохирогч М.Т дахин байцаалтаар: Надад өгсөн нэхэмжлэлтэй холбоотой 150.000 төгрөгийг Ц.О төлж барагдуулсан. Одоо гомдол санал байхгүй. Би Отай сайн дураараа эвлэрсэн. Хэргийг хуулийн хугацаанд хурдан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” /хх-ийн 53-54/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Билгүүний мөрдөн байцаалтад”... О гэж хүнийг огт танихгүй. Баянгол дүүргийн 7 дугаар хороо 55А байрны 26 тоотын оршин суугч гэж мэднэ. Би Хүрээ хаус ХХК-ний хэсгийн инженер ажилтай. 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би Баянгол дүүргийн 7 дугаар хороо 55А байранд 18 цагийн орчимд дуудлагатай айлуудаар явж байхад диспитчерээс дуудлага ирж тус байрны 26 тоотод ус алдаад хэрүүл маргаан болоод байна гэж надад хэлэхээр нь би ороход хэрүүл маргаан нь дуусчихсан байсан. Тэгээд би 26 тоотыг цохиж ороод 19 цагийн орчимд нөхцөл байдлыг үзэхэд ус алдсан байсан ба 32 тоот руу ороход байхгүй байсан.” /хх-ийн 47-48/ гэсэн мэдүүлэг,

 

Сэжигтнээр Ц.Огийн мөрдөн байцаалтад“...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 18 цаг өнгөрч байхад ажлаа тараад Баянгол дүүргийн 7 дугаар хороо 55А байрны 26 тоотод гэртээ ирсэн. Тухайн үед бие засах гээд угаалгын өрөө рүү ороход ус алдаж, шалан дээр ус тунасан, тааз норж шавар шохой хуурсан, угаагч хатаагчин дээр байсан хувцас норж шохойтой холилдсон байсан. Ингээд би “Хүрээ хаус” орон сууцны үйлчилгээний газарт дээд айлаас ус алдчихлаа гэж дуудлага өгөөд би сандраад гэрээс гарч дээд айл руу орж хаалгыг нь хүчтэй нүдсэн. Өмнө нь манай дээд айлаас 1 сарын өмнө ус алдаж байсан.  Хаалга нөхөр нь тайлж өгөхөд “ би танайхаас бас ус алдаад байна, нөгөө засвар хийсэн байдал чинь өнгөрлөө гэж хэлэхэд нөхөр нь намайг гэр лүүгээ оруулж угаалгын өрөөнийхөө гэрлээ асаагаад оруулахад ус алдсан мэт шал нь норсон байсан. Тэгтэл эхнэр нь болох эмэгтэй “дотуур өмдтэйгээ босч ирээд манайхаас ус алдаагүй, битгий худлаа яриад бай, зайл гар гээд, нөхрийгөө гэрээс гарга гэж орилоод намайг цээж рүү түлхээд цохиж, хэвлийн тус газарт өшиглөж гэрээсээ гаргасан. Тэгээд хаалгаа хаачихсан...Намайг хэл амаар доромжлон салаавч өгч эмэгтэй хүнээс гарахгүй авир гаргасан ба намайг утсаар бичлэг хийхэд булааж аваад нөхөртөө өгчихсөн. Тэгснээ хайраа устга гээд орилоод байсан. Тэгээд би утсаа авах гээд сарвайтал цээж рүү тулж, түлхээд байхаар нь би биеэ хамгаалсан. Тухайн үед тэр хүүхэн энэ эмэгтэй намайг нүд рүү цохичихлоо гэж хэлээд цагдаа дуудна гээд гэр рүүгээ орсон. Миний хувьд санаатай нүд рүү нь цохиогүй.”  /хх-ийн 23-25/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14244 дугаартай шинжээчийн ”Ц.Он биед эрүүл мэндийг сарниулах гэмтэл тогтоогдоогүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 15/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14243 дугаартай шинжээчийн: “...М.Тийн биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 20/ гэсэн дүгнэлт,

 

шүүгдэгч Ц.Он хувийн байдалтай холбоотой оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29/, ял шалгах хуудас /хх-ийн 30/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.О  2017 оны 11 дүгээр сарын 23-ны орой 18 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 55А байрны 32 тоотод иргэн М.Тийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь:

хохирогч М.Тийн”...би гар гээд үүд рүүгээ заахад миний нүд рүү О гараа атгаж байгаад зүүн талын нүд рүү 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг болон шинжээчдийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Ц.Он үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж баримтыг ирүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “шүүгдэгчийн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчтой эвлэрсэн  тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хохирогчоос гаргаж өгсөн гомдол саналгүй, эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн нотариатаар баталгаажуулсан хүсэлт” хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох саналыг Ц.Од танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.