Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/322

 

2024            03           14                                       2024/ДШМ/322

 

Н.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дэлгэрмөнх,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ууганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/59 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Г-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2311 00000 1744 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овогт Н-н Г, ..............-ны өдөр Дорнод аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ............... тоотод оршин суух хаягтай, /РД: ............./,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 71 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 31 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан;  

Шүүгдэгч Н.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, ...... тоотод оршин суух хохирогч Б.П-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, түүний эзэмшлийн 2 ширхэг мөнгөн аяга, “Casio” гэсэн бичигтэй бор өнгийн оосортой бугуйн цаг, “Iphone 6” загварын гар утас зэрэг эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.П-д нийт 429.994 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Г-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Г тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр Ж.Отгонтуяа нь бие муутай, унаж татдаг өвчтэй, эмнэлгийн хяналтад байдаг. Гурван хүүхдүүд маань 3-12 насных бөгөөд амьжиргааны доод түвшиний орлоготой. Би ажил хийж гэр бүлээ авч явдаг. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж, гомдлыг шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор А.Дэлгэрмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Г-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Тэрээр урьд нь шүүхээс 7 удаа ял шийтгүүлж байсан. Хэдийгээр шүүгдэгч Н.Г нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж харамсаж байгаагаа илэрхийлж байх боловч тэрээр эзгүй айлуудыг судалж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Г-д оногдуулсан ял шийтгэл нь тохирсон гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдэх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч Н.Г-н гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Н.Г-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, .... тоот хохирогч Б.П-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, түүний эзэмшлийн 2 ширхэг мөнгөн аяга, “Casio” гэсэн бичигтэй бор өнгийн оосортой бугуйн цаг, “Iphone 6” загварын гар утас зэрэг эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.П-д нийт 429.994 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.П-н “... Би гадуур ажилтай явж байгаад 18 цаг 40 минутын үед гэртээ ирэхэд хаалганд завсар гарсан байсан. Ороод хартал цоожийг хөшөөд хаалга эвдэлсэн байсан ба шууд 102 дугаар луу яриад дуудлага өгсөн. Цагдаа нар явсны дараа гэрт байсан эд зүйлсээ шалгаж үзэхэд том өрөөний шилэн хаалгатай сервант дотор даавуун уутанд байсан 2 мөнгөн аяга алга болсон байсан. ...” /хх 15/,

Н.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “... Уг төмрөөрөө хаалгыг нь хөшиж онгойлгоод ороход хүрэн өнгөтэй стинк  ...байхаар нь онгойлгож нэг бугуйн цаг, доод шургуулга дотроос цагаан өнгийн “Iphone 6” загварын гар утас, даллаганы уутан дотор байсан 2 ширхэг хүрэн өнгийн металл аягыг авч тус айлаас гарсан. ...” /хх 21, 37/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-8/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 16-17/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 22-23/, “Дамно” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан /хх 28/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Н.Г-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүхээс Н.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Н.Г-с “...ар гэрийн хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж,  ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.  

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

Шүүгдэгч Н.Г нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч Н.Г-д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй тул түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Анхан шатны шүүх яллагдагч Н.Г-г шүүхэд шилжүүлэх захирамж гаргахдаа  яллах дүгнэлтэд тусгагдаагүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчийг шүүхэд шилжүүлж алдаа гаргасныг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Н.Г нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 57 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/59 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Г-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш 57 /тавин долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ,

              ШҮҮГЧ                                                       Т.ӨСӨХБАЯР

              ШҮҮГЧ                                                       Л.ДАРЬСҮРЭН

              ШҮҮГЧ                                                       М.АЛДАР