| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2021/00982/И |
| Дугаар | 210/МА2021/01378 |
| Огноо | 2021-09-06 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2021/01378
“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 08-ны өдрийн 183/ШШ2021/01520 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.А-т холбогдох, түрээсийн гэрээний үүрэгт нийт 41,095,525 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мөнхсүх, түүний өмгөөлөгч Г.Болдбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал нэхэмжлэл, тайлбартаа: Н.А-тай 2020 оны 08 сарын 24-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, компанийн өмчлөлийн 1761 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн 745 м.кв хэмжээтэй баар, караокены зориулалттай талбайг хүлээлгэн өгсөн. Гэрээнд тусгагдаагүй хөнгөлөлт чөлөөлөлтийг Н.А-т өгдөг байсан ба Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрүүдтэй уялдан тухайн хугацааны түрээсийг хасаж тооцон эрсдлийг түрээслүүлэгч хүлээж ирсэн. Төлбөр тооцооны тухайд удаа дараа тооцоо нийлсэн ба сүүлд гаргасан тооцоогоор түрээсийн төлбөрийн үлдэгдэл нь 2021 оны 03 сарын 12-ны өдрийн байдлаар 34,295,000 төгрөг болсон ба алдангид 6,800,525 төгрөг, нийт 41,095,525 төгрөгийг гаргуулахаар байна. Хариуцагч нь одоог хүртэл түрээсийн талбайг хүлээлгэн өгөөгүй, холбоо барьдаггүй учраас талбайг хэрхэн суллаж авахаа мэдэхгүй байна. Барьцаанд 2,850,000 төгрөг, түрээсийн төлбөрт 18,705,000 төгрөг дансаар төлсөн. Сарын түрээс 18,000,000 төгрөгөөр тохирсон байдаг. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч бичгээр хариу тайлбар ирүүлээгүй болно.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Н.А-аас 25.185.508 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.910.017 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363.428 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 283.877 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: 2020 оны 08 сарын 13-ны өдөр үнэгүй.мн сайтын “тоног төхөөрөмж, эд хогшил, зөвшөөрөл, үйл ажиллагаа явуулахад бэлэн баар, караоке, стриптиз баар түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу н.Булган гэх эмэгтэй, ерөнхий захирал Б.Мөнхсүхтэй уулзаж, түрээсийн нөхцлийг тохиролцсон. Мөн өдрөө караокены 2 өрөөний засвар хийхээр шал ус алдсан, өмхийрсөн байсан. Үлдсэн 7 өрөө засвар хийхээр шаардлага хангахгүй тоног төхөөрөмжтэй байсныг болон Стрип бааранд бүрэн засвар хийх талаар ч Б.Мөнхсүхэд мэдэгдэж түрээсийн төлбөрөөс хасах талаар хэлсэн. Засварт нийт 7,000,000 төгрөг, засварын хөлс 2,500,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөг зарцуулсан. Үүнийг нэхэмжлэлдээ огт дурдаагүй байна. Баар, караоке, стриптиз баарны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй гэж төөрөгдөлд оруулсан. Гэтэл нэг зөвшөөрлөөр нийт 5 өөр тектэй тус тусдаа талбайтай 2 өөр хүн түрээслэдэг. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, цагдаа, онцгой байдлын алба гэсэн газруудаас шалгалт ирж зөрчлийг илрүүлэн торгож, үйл ажиллагааг зогсоодог байсан. Иймд хууль бус гэрээ хийж хариуцагчийг хууран мэхэлж зөвшөөрөлгүй үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлж хохироосон асуудлыг шийдвэрлэж өгнө үү.
Дээрх 1 зөвшөөрөл бүхий караоке, баарны түрээсийн гэрээг 2020 оны 08 сарын 24-ний өдөр хийсэн бөгөөд мөн оны 09 сарын 24-ний өдөр хүртэл хугацааны 5,000,000 төгрөг, 10 сар, 11 сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд тус бүр 7,000,000 төгрөг, нийт 19,000,000 төгрөг төлөх байсан боловч Коронавирус халдварын улмаас 2020 оны 11 сарын 10-ны өдөр бүх үйл ажиллагаа зогссон. Иймд 2020 оны 08 сарын 24-ний өдрөөс 2020 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл ажилласан түрээсийн төлбөрт 14,333,333 төгрөг болно. Улмаар Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2021 оны 02 сарын 25-ны өдрөөс мөн оны 03 сарын 14-ний өдөр хүртэл караокены үйл ажиллагааг түр нээсэн. Б.Мөнхсүх нь барьцаа мөнгө нэхэж, 2021 оны 03 сарын 12-ны өдөр түлхүүрээ хураан авч, хариуцагчийг гаргасан. Талбайг хүлээлгэж өгөх боломжгүйгээр шууд хөөж гаргасан бөгөөд тухайн үед 241,000 төгрөгийн үлдэгдэл бараа байсан. Мөн гал тогооны бүх хэрэгсэл, тоног төхөөрөмжийг одоог хүртэл буцаан авч чадаагүй байна. Стриптиз бааранд засвар хийсэн боловч үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүйн улмаас нэг ч өдөр ажиллуулаагүй. Диско баар зөвшөөрөлгүй байсан тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, цагдаа нарын дарамтанд 21 хоног ажиллуулсан.
Анхан шатны шүүх 2021 оны 07 сарын 08-ны өдрийн хуралтай гэхэд мөн оны 07 сарын 06-ны өдөр Ковид-19 туссаны улмаас очиж чадахгүй гэдгээ шүүгчийн туслахад хэлсэн байхад хэргийг эзгүйд шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дээрх үйл баримтууд бүгд нотлох баримттай болно.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч Н.А-т холбогдуулан түрээсийн төлбөр 34,295,000 төгрөг, алданги 6,800,525 төгрөг, нийт 41,095,525 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх 1/ хариуцагч Н.А- 2021 оны 04 сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбараа ирүүлээгүй байна. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан “14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх” үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. /хх 28/
Хэрэгт авагдсан “Талбай түрээслэх түрээсийн гэрээ”, “Нэхэмжлэх”, “Иргэн Н.А--т” гэж хаягласан албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлбэл, талууд 2020 оны 08 сарын 24-ний өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр “У” ХХК нь өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай 745 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Н.А-ын эзэмшил, ашиглалтад нэг жилийн хугацаатайгаар шилжүүлэх, Н.А- нь гэрээгээр хэлэлцэн тохиролцсон түрээсийн төлбөрийг сар бүр төлөх, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон, түрээслэгч тал гэрээнд заасан төлбөрийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотойгоор түрээслүүлэгч талын зүгээс тухай бүр тооцооны үлдэгдлийн талаар баримт үйлдэж талуудын гарын үсгээр баталгаажуулж байсан, улмаар түрээслүүлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа түрээслэгч талд бичгээр мэдэгдсэн үйл баримт тус тус тогтоогдож байна. /хх 6-8, 9-13, 14-15/
Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, улмаар талуудын хооронд байгуулсан гэрээг мөн зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
Түүнчлэн, шүүх талуудын хооронд 2020 оны 08 сарын 24-ний өдөр байгуулагдсан гэрээг 2021 оны 02 сарын 28-ны өдөр цуцлагдсан гэж дүгнэн, уг хугацааны түрээсийн төлбөр 24,128,333 төгрөг, алданги 3,907,175 төгрөг, нийт 28,035,508 төгрөгөөс барьцаа 2,850,000 төгрөгийг хасч, үлдэх 25,185,508 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 15,910,017 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, нэхэмжлэгч тал уг шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан этгээд давж заалдах гомдлынхоо үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй тул хариуцагч Н.А-ын гаргасан “...түрээсийн зүйлд засвар хийж түрээсийн төлбөрөөс зардлыг хасуулахаар тохиролцсон, түрээслүүлэгч нь зохих зөвшөөрөлгүй байсан, уг зөрчлийг эрх бүхий байгууллагаас илрүүлж үйл ажиллагааг нь зогсоож байсан, Ковид-19 вирусын улмаас үйл үйл ажиллагаа явуулаагүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Мөн хариуцагч Н.А- нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтын хамтаар шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Д.НЯМБАЗАР