Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 104

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Д.Ширэндэв

шүүгдэгч Н.Э

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас Э-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141.1 дүгээр зүйлийн 2141.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 2141.1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шавгууд овогт Б*г  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141.1 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626022743 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Н.Э нь зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан Химийн хорт болон аюултай бодис болох “Hg” гэсэн химийн томьёололтой мөнгөн ус гэх нэршилтэй 100 мл-ийн багтаамжтай 13 ширхэг саванд савласан нийт 14563,44 гр жинтэй бодисыг 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртлэх хугацаанд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 38-14 тоот хашаанд хадгалсан,

Баас зээлсэн 700.000 төгрөгийнхөө барьцаа болгож тухайн бодисыг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын орчимд Ц.Бад дамжуулсан,

мөн тухайн бодисоо 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах Нарны хороололд бусдад худалдахыг завдсан,

Ц.Б нь зөвшөөрөлгүйгээр Монгол  Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан Химийн хорт болон аюултай бодис болох “Hg” гэсэн химийн томьёололтой мөнгөн ус гэх нэршилтэй 100 мл-ийн багтаамжтай 13 ширхэг саванд савласан нийт 14563,44 гр жинтэй бодисыг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын орчимд Н.Эд зээлдүүлсэн 700.000 төгрөгийнхөө барьцаа болгон авч 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртлэх хугацаанд өөрийн эзэмшлийн “Ниссан Теана” маркийн 60-81 УНС улсын дугаартай автомашинд хадгалсан, мөн тухайн бодисыг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны гаднаас  Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол хүртэл өөрийн эзэмшлийн “Ниссан Теана” маркийн 60-81 УНС улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугаа зөвшөөрч байгаа. Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Гэрч Г.Халиунаа мөрдөн байцаалтанд ”2016 оны 7 дугаар сарын 20-ны үед Увсаас манай хадам аав Найдан 2 ширхэг насос манай нөхөр Э рүү замын машинаар явууллаа гэж байсан. Тэрэнтэй хамт нэг жижиг цаасан хайрцагтай зүйл ирсэн бөгөөд тэр нь юу болох талаар  мэдээгүй бөгөөд тэрийг манай коридорт байдаг шкафанд хийсэн. Тэрнээс хойш надад энэ юу болох талаар нэг ч зүйл хэлээгүй бөгөөд тэрийгээ хэзээ хэнд өгснийг нь би мэдээгүй. 2016 оны 10 сарын 24-ний орой Э хүнтэй ууланд гарлаа гэхээр нь би хамт дагаж гарсан. 4 замын Үйлдвэрчний соёлын төв ордонгийн урд Бадамхантай уулзаад Бын машинд суугаад бид гурав Нарны хороолол руу очсон. Тэнд очоод Э, Ганаа гэх хүнтэй утсаар яриад Ганаа гэх хүн нь машинд орж ирж суугаад нөгөөхөө авчирсан уу яг байна уу харъя гээд машин дотор байсан шилтэй зүйлийг харуулаад байсан. Тэгээд юу юм гэж нөхрөөсөө асуусан чинь энэ аавын насостой цуг ирсэн мөнгөн ус юм энэ хүнд үзүүлээд цаана нь хүн худалдаж авна гэж хэлсэн. Тэгээд Ганаа гэх хүн үзчихээд за одоо нөгөө хүмүүс ирнэ та хэд машинаа холдуулаад тавьчих гэж хэлсэн“ /1хх-ийн 17/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Н.Найдан мөрдөн байцаалтанд “...Уурхайн хятад ажилчдаа хариуцдаг даамал нь намайг гуйж утасны сүлжээтэй газар хүргүүлж утсаар ярьдаг байсан. Тэр хятад иргэн надад ачааны том машины дугуйны нуух цөмлөгч багаж, жижиг цаасан хайрцагтай зүйл өгсөн. Цаасан хайрцагтай зүйл нь өргөж үзэхэд их хүнд байсан. Би цаасан хайрцагтай зүйлийг машины кабинд шалавч дээрээ тавьсан. Тэр багажыг ачаан дээрээ ачсан. Ингээд 2016 оны 6 дугаар сарын 8-ны үед Увс аймагт гэртээ харьсан. Тэгээд тэр зүйлийг  нүүрсний амбаарт хийгээд, дугуйны нуух задлагчыг амбаарын урд буулгаж орхиод өөр ажилд гарсан. Тэгээд наадмын дараа нөгөө цаасан хайрцагтай зүйлийг задалж үзсэн чинь хайрцаганд вакусны шилнээс арай томхон боловуу гэмээр савтай шингэн зүйл байсан. Тэгээд хүү Э рүү уурхайд ажиллаж байгаад буцахад хятад хүн надад хайрцагтай зүйл өгсөн чинь дотор нь жижиг савтай шингэн зүйл байна яах уу” гэсэн чинь надад өгөөд явуулчих гэхээр нь наадмын дараахан машинд дайгаад явуулсан. /1хх-ийн 215-216/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч П.Гантөмөр мөрдөн байцаалтанд “Баярбат ах бид хоёр Цайз зах дээр очоод 12 цагийн үед түүний машин дотор сууж байхад Баярбат ахын уулзах ёстой хүн нь ирсэн. Тэр залууг Ганбаа гэж байсан. Ганбаа машины арын суудалд суугаад ойр зуурын юм ярьж байхдаа мөнгөн усны тухай ярьсан. Би мөнгөн ус гэдгийг нь сонсоод Увсын Батзориг гэх залуу нэлээд хэд хоногийн өмнө надад мөнгөн ус зарах хүн байгаа тухай хэлснийг нь гэнэт санасан. Батзориг руу утсаар залгаад чиний яриад байсан мөнгөн ус чинь байгаа юу гэхэд байгаа гэхээр нь тэр хүнийх нь утсыг аваад мөнгөн ус чинь байгаа юм уу гэхэд байгаа гэсэн...тэр орой 19 цагийн үед Нарны хороололд орон нутгийн сонгуульд Баянгол дүүргээс ялсан төлөөлөгчийн уулзалтанд оролцох байсан тул Э-д Нарны хороололд уулзъя гэсэн...машинд суугаад мөнгөн усыг нь үзэхэд цаасан хайрцагт хөөсөнцөр бэхэлгээтэй жижиг жижиг савтай зүйл байсан. Нэг ширхэг савтайг нь барьж үзэхэд их хүнд жинтэй байсан...та нар хаанаас авсан юм бэ яагаад зарах гэж байгаа юм гэхэд өртэй юм аа өрөө дарах гэсэн юм гэж байсан. Би хэсэг хугацааны дараа Ганбаа руу залгаад ирж байна уу гэхэд ирсэн байна хүмүүстэйгээ яриагаа хийж байна гэсэн...Ганбаагийн бүтэн нэрийг мэдэхгүй, царай зүсийг нь санахгүй”/1хх-ийн 228/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Ганболд мөрдөн байцаалтанд“...над руу зүс таних уулзаж байсан Нэргүй гэх залуу утсаар залгаад мөнгөн ус олдох уу гэсэн. Би мөнгөн ус яаж олддог юм гэсэн чинь Баярбатын хажууд сууж байсан залуу тэр яриаг сонсоод миний таньдаг хүнд мөнгөн ус байгаа яриадхая гэсэн. Тэр залуу утсаар ярьчихаад мөнгөн ус байгаа юм байна гэсэн. Би Нэргүй рүү залгаад энд нэг хүнд байх шиг байна гэсэн. Тэгсэн Нэргүй авъя, хаана уулзах уу гэсэн чинь орой Нарны хороололд уулзъя гэсэн” /1хх-ийн 233/ гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагчаар Н.Э мөрдөн байцаалтанд ”2016 оны 7 дугаар сарын 15-ны үед аав Найдан Увс аймгаас хайрцагтай зүйл явуулсан. Аав над руу хэлэхдээ хайрцагт вакусны шил шиг жижиг савтай цайвар өнгөтэй хүнд зүйл байна гэхээр нь нааш нь явуулчих  гэсэн. Би тэр зүйлийг ирсэн даруйд аваад үзэхэд хайрцаг дотор  давхар зориулалтын хөөсөнцөр гэртэй, вакусны шил шиг овор хэмжээтэй 13 ширхэг савтай зүйл байсан. Саван доторх зүйл нь тунгалаг боронз ч юм шиг өнгөтэй шингэн зүйл байсан. Өргөхөд жин нь их хүнд байсан. Би мөнгөн ус гэж бодсон. Тэр зүйлийг тухайн үед түрээслэн амьдарч байсан Чингэлтэйд байрлах байшингийн үүдний амбаарт хийсэн. Тэгээд интернэтээс зар харж байгаад зараар холбогдож нэг хүнд үзүүлсэн чинь наадах чинь хэрэглэсэн мөнгөн ус юм биш үү авахгүй гэсэн...тэгээд Батзоригтой таарч юм ярьж байхдаа мөнгөн ус байна зармаар байна өр ширээ цэгцэлмээр байна гэсэн чинь Батзориг би нэг хүнтэй холбож өгье гэж байсан...2016 оны 10 дугаар сарын 15-ны үед Өмнөговь аймаг руу ажлаар явах болоод багын нэр нь Шигрээ гэж дууддаг Баас 650.000 ч билүү 680 мянга ч билүү төгрөг зээлж аваад барьцаанд тэр мөнгөн ус өгсөн.

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Батзориг над руу утсаар яриад чиний мөнгөн ус чинь байгаа юу Ганаа гэх хүн чамтай холбогдоно. Ганаа найдвартай хүн байгаа юм гэсэн. Гантөмөр тэр өдрийнхөө орой мөнгөн усаа аваад ир гэсэн. Би мөнгөн усаа Бад өгсөн байсан учир Бын утсаар хүрээд ир гэж дуудсан...Гантөмөр гарч ирээд машинд суугаад хайрцагтай мөнгөн усыг үзчихээд одоо наадахыг чинь үзэж хараад авах хүмүүс нь ирнэ би яриадхая гээд машинаас буугаад явсан. /2хх-ийн 59/ гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагчаар Ц.Б мөрдөн байцаалтанд “Нэг нутгийн танил болох Э 2016 оны 10 дугаар сарын дундуур 15-ны үед надаас 700.000 төгрөг зээлж авахдаа цэнхэр ч билүү ногоон ч билүү  өнгийн спорт цүнхтэй зүйл авчирсан. Э тэр цүнхэн дотор мөнгөн ус байгаа энийг хүн авах ёстой юм, тэр хүнд өгөөд мөнгийг чинь өгнө чамд худлаа хэлэхгүй гэж баталгаа болгож энийг үлдээж байна гээд цүнхнийхээ амыг нээж доторх зүйлийг нь харуулсан. Цүнхэнд хөөсөнцөр хайрцагтай, тэр хайрцагт жижиг 13 ширхэг шил юм шиг хуванцар ч юм шиг савтай шингэн зүйл байсан. Тэр үед би 60-81 УНС дугаартай цагаан өнгөтэй Ниссан Теана маркийн машинтай байсан. Би машиныхаа багажинд хийсэн. Тэрнээс хойш машинаа уналгүй 1 дүгээр хороололд 14 дүгээр байрны гадна нийтийн зогсоол дээр тавьсан. Этэй мөнгө зээлснээс хойш уулзаагүй байж байтал цагдаад баригддаг өдөр Э утсаар залгаад нөгөө юмаа аваад хүрээд ирээч мөнгийг чинь гаргаж өгье гэхээр нь ажилтай байна ажлаа дуусгаад машинаа аваад очье гэсэн...Э машинаас бууж хүнтэй утсаар ярьсан. Удалгүй машинд харааны нүдний шилтэй хүн ирж суугаад одоо авах хүн ирж байгаа, та нар машинаа зогсоол руу оруулаад зогсчих  гээд буугаад явсан.  /2хх-ийн 63-64/ гэсэн мэдүүлэг,

 

Гамшгийн туршилт, шинжилгээний төвөөс ирүүлсэн 2/175 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

Шинжлүүлэхээр ирүүлсэн 13 шилтэй зүйл нь гадуураа хөөсөнцөр гэртэй, уг гэр нь 20 ширхэг шилтэй дээж орохоор бэлтгэсэн байв. Энэхүү сав нь 5 мл-ийн хуваарьтай 100 мл-ийн багтаамжтай цагаан эрэгддэг таглаа бүхий тунгалаг өнгийн шилэн сав байв. Ямар нэг нэр хаяггүй, энэхүү  сав нь ямар эд зүйл хадгалах, савлах зориулалт бүхий сав болохыг тогтоох боломжгүй.

Шинжилгээнд ирүүлсэн 13 шилтэй мөнгөлөг өнгийн шингэн бодисын физик, химийн шинж чанар нягтыг үндэслэн мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойллоо.

Шинжилгээгээр тогтоосон мөнгөн ус гэх бодисыг хаана ямар аргаар үйлдвэрлэсэн болохыг тогтоох боломжгүй. Олон улсад мөнгөн усыг хуулийн хүрээнд судалгаа шинжилгээ, техник технологи уул уурхайн салбарт ашигладаг. Мөнгөн ус гэх бодис нь Монгол  Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоол Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн а/356/396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралт Химийн хортой бодис буюу Н400, Н410 усан орчинд архаг, хурц хордолт үүсгэнэ, Н331 амьсгалын замаар хурч хордуулах шинж чанартай.

НҮБ-ын хөдөлмөр хамгаалал, эрүүл мэндийн газар /OSHA/-аас гаргасан зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж/ 0,1 мг/м3 мөнгөн ус, АНУ-ын хөдөлмөр хамгаалал, эрүүл мэндийн үндэсний хүрээлэн /NIOSH/-ээс гаргасан зөвшөөрөгдөх дээд хэмжээ 0,05 мг/м3 мөнгөн усны уур, мөн байгууллагын тодорхойлсноор амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун 2 мг/м3 мөнгөн усны  уур байна.

Хордсон газар, байгаль орчин, хүн малыг эмчлэх эдгээх боломжтой эсэх, боломжтой бол хэр хугацааны дараагаар эмчлэгдэх, эдгэх боломжтой болохыг манай байгууллага тодорхойлдоггүй болно.

Шинжилгээгээр тогтоосон мөнгөн ус гэх бодисыг хадгалахдаа хүчлүүд, аммиак, хлор, ацетиленээс хол хадгалах ба зохих байгууллагаас өгсөн тусгай зөвшөөрлийн хуудас, түүнд хадгалах баримт бичгийн хамт, уг бодисыг аюулгүй байдлын лавлах мэдээлэлд заасан зааврын дагуу зөвшөөрөгдсөн хэмжээгээр хадгалж, тээвэрлэнэ. Буруу тээвэрлэлт хадгалалтын улмаас осол гарахад учрах хор уршиг, хохиролын цар хүрээг тухайн ослын шинж байдлаас хамааран тусгай аргачлал, үнэлгээгээр тогтооно.

Шинжилгээний явцаас харахад дээжний гадуурх хамгаалалт болох хөөсөнцөр гэрийн дээж хийгдээгүй 7 ширхэг хоног нь дотроо мөнгөн усны бөмбөлгүүд асгарсан, хөөсөнцрийн нүх сав бүхий сийрэг хананд тогтож, шигдсэн байдалтай байлаа. /1хх-ийн 148-149/ гэжээ.

 

Шүүгдэгч Н.Э-ийн хувийн байдалтай холбоотойгоор шүүгдэгчийн ял шалгах хуудас /1хх-ийн 96/, оршин суух хаягийн тодорхойлолт /2 хх-ийн 118/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /2хх-ийн 119/,  иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1хх-ийн 114/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх-ийн 115/, ажлын газрын тодорхойлолт /2хх-ийн 115/,  

 

Шүүгдэгч Ц.Б-ын хувийн байдалтай холбоотойгоор шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 93/, ял шалгах хуудас /1хх-ийн 98/, тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /1хх-ийн 100/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх-ийн 136, 137/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 138/, оршин суух хаягийн тодорхойлолт /1хх-ийн 139/,   

Гэрч Д.Мөнхтунгалаг мөрдөн байцаалтанд: Би Бын эхнэр юм. Б их дээд сургууль төгсөөгүй. Зан аашийн хувьд даруухан, архи дарс тэр болгон хэрэглэдэггүй. Тамхи татдаг. Урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Б ажил хийж гэр бүлээ тэжээдэг” гэсэн мэдүүлэг болон /1хх-ийн 213/ хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Э нь мөнгөн ус гэх нэршилтэй 13 ширхэг саванд савласан бодисыг Дэнжийн 38-14 тоот хашаанд хадгалсан, зээлсэн мөнгөнийхөө барьцаа болгож Ц.Бад  дамжуулсан, мөн бусдад худалдахыг завдсан,

Шүүгдэгч Ц.Б нь мөнгөн ус гэх нэршилтэй 13 ширхэг саванд савласан бодисыг Н.Эд  зээлдүүлсэн 700.000 төгрөгийнхөө барьцаа болгон авч хадгалсан, өөрийн эзэмшлийн Ниссан Теана маркийн 60-81 УНС улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:   

гэрч Г.Халиунаагийн ”...нэг жижиг цаасан хайрцагтай зүйл ирсэн бөгөөд тэр нь юу болох талаар  мэдээгүй бөгөөд тэрийг манай коридорт байдаг шкафанд хийсэн...юу юм гэж нөхрөөсөө асуусан чинь энэ аавын насостой цуг ирсэн мөнгөн ус юм энэ хүнд үзүүлээд цаана нь хүн худалдаж авна гэж хэлсэн” /хх-ийн 17/,

гэрч Н.Найдангийн ”...цаасан хайрцагтай зүйл нь өргөж үзэхэд их хүнд байсан...наадмын дараа нөгөө цаасан хайрцагтай зүйлийг задалж үзсэн чинь хайрцаганд вакусны шилнээс арай томхон боловуу гэмээр савтай шингэн зүйл байсан. Тэгээд хүү Э рүү уурхайд ажиллаж байгаад буцахад хятад хүн надад хайрцагтай зүйл өгсөн чинь дотор нь жижиг савтай шингэн зүйл байна яах уу” гэсэн чинь надад өгөөд явуулчих гэхээр нь наадмын дараахан машинд дайгаад явуулсан...” /1хх-ийн 216/

гэрч П.Гантөмөрийн ”...Ганбаа машины арын суудалд суугаад ойр зуурын юм ярьж байхдаа мөнгөн усны тухай ярьсан...Эд нарны хороололд уулзъя гэсэн. ...машинд суугаад мөнгөн усыг нь үзэхэд  нь цаасан хайрцагт хөөсөнцөр бэхэлгээтэй жижиг жижиг савтай зүйл байсан...” /1хх-ийн 228/ гэсэн мэдүүлгүүд болон Гамшгийн туршилт, шинжилгээний төвөөс ирүүлсэн 2/175 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 148-149/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Н.Э, Ц.Б нарт холбогдох хэрэг шалгагдах явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна. 

 

Иймд шүүгдэгч Н.Э, Ц.Б нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж Н.Эийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Ц.Бын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргээр зүйлчлэн тус тус гэм буруутайд тооцов.

 

Шүүх, шүүгдэгч Н.Э, Ц.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлуудыг нь харгалзаж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн Н.Э, Ц.Б нарыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж нэр бүхий шүүгдэгч нарын тэнсэх хугацааг ялгамжтай тогтоож шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн  шүүгдэгч Н.Э, Ц.Б нарын химийн хорт аюултай бодисыг ашиглахыг хоёр жилийн хугацаагаар хориглох  хязгаарлалтыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Нийслэлийн Онцгой байдлын газарт хадгалагдаж байгаа 13 ширхэг жижиг шилтэй мөнгөн усыг устгахыг Нийслэлийн Онцгой байдлын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж байна.