| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 2325002420543 |
| Дугаар | 217/МА2024/00013 |
| Огноо | 2024-03-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 217/МА2024/00013
Б.Н-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Ерөнхий шүүгч З.Х, шүүгч С.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Л
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц
Нарийн бичгийн дарга Б.М нарыг оролцуулан
О аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.А даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Б.Н-т холбогдох 232500242.... дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Б-ийн Н, Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 08-ны өдөр О аймагт төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, вагоны машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, бэр эгч, дүү нарын хамт О аймгийн Б сумын И баг Баруун задгайн 26-... тоотод оршин суух бүртгэлтэй,
урьд О аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ...2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,
мөн шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
мөн шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 560.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар ФБ97..........
Б.Н- нь 2023 оны 06 дугаар сар ын 08-ны өдөр 16 цагийн орчимд О аймгийн Б сумын Я баг Т-ын 24-01 тоотод хохирогч Г.Г-аас гар утсаа нэхэж, хэрүүл маргаан үүсгэн зодож, эрүүл мэндэд нь “цээжний зүүн талын 3 хавирганы хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
О аймгийн Прокурорын газраас: Б.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б овгийн Б-ийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 540 /таван зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ялын хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6-аас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, тогтоосон хязгаарлалтын биелэлтэд хяналт тогтоохыг О аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Б.Н-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн 10 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Л давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:
“... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Үндэслэл нь :
1.Шийтгэх тогтоолын 2 дахь заалтад Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримталсан нь ойлгомжгүй, мөн тогтоох хэсгийн 3 дахь заалтад нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6-аас дээшгүй цагаар тогтоон шийдвэрлэсэн үндэслэлээ дурдаагүй байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар...” тогтоохоор хуульчилсан ба шүүх ямар үндэслэлээр 2 цагийг хасаж, 6-аас дээшгүй цагаар тогтоож байгаа талаараа дүгнэлт хийгээгүй. Хэдийгээр ял шийтгэлийг хөнгөрүүлж, хүндрүүлж оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасны дагуу ... эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл -ийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар заасан байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасаж тооцохоор мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “... шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө баривчлагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон” талаараа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгахаар тус тус хуульчилж өгсөн байдаг.
Гэтэл шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ... шүүгдэгч цагдан хоригдоогүй гэж тусгасан, шийтгэх тогтоолын 6 дахь заалтад цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцохоор тогтоож шийдвэрлэсэн боловч оногдуулсан 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, биечлэн эдлэх ялыг тогтоож өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Иймд О аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах дүгнэлт гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Н-т холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.
Б.Н-ыг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн орчимд О аймгийн Б сумын Я баг Т-ын 24-01 тоотод хохирогч Г.Г-аас гар утсаа нэхэж, хэрүүл маргаан үүсгэн зодож, эрүүл мэндэд нь “цээжний зүүн талын 3 хавирганы хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан О аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ялын хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон Г.Г-ийн мэдүүлэг, хохирогч Г.Г-ийн биед учирсан гэмтлийг тогтоосон Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаартай дүгнэлт, хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн орчимд О аймгийн Б сумын Я багийн Т-ын 24-01 тоот хашаанд байх Н.Э-ийн гэрт хамт архидан согтуурсан Г.Г-аас гар утас нэхэж хэрүүл маргаан үүсгэн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан буюу түүний эрх зүйн байдлыг дордуулсан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ... Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна ... гэсэн, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан ... Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг шийтгэх тогтоолыг тодорхойлох хэсэгт тусгана ... гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Тухайлбал: Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Б.Н-т ял оногдуулсан заалтад албадлагын арга хэмжээ хэрэглэх заалтыг баримталсан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ... Нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар ... тогтоохоор хуульчилсан байхад шүүх 6 цагаар тогтоож шийдвэрлэхдээ ямар үндэслэлээр хөнгөрүүлэн тогтоож байгаа талаарх дүгнэлтийг тодорхойлох хэсэгтээ тусгаагүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 37 хоногийг 35 хоног гэж буруу тооцжээ.
Мөн шүүгдэгч Б.Н- нь 37 хоног цагдан хоригдсон байхад шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт цагдан хоригдоогүй гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт шүүгдэгчийн цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас нь хасаж тооцохоор хуульчилсан байна.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н-т оногдуулсан 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас цагдан хоригдсон хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож түүний эдлэх ялыг тогтоогоогүй нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иймд ...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай... прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Б.Н-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 540 /таван зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ялын хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай, гэснийг
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6-аас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй” гэснийг,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3.т заасныг баримтлан шүүгдэгч Б.Н-ыг ялын хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай” гэж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “ Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н-ын цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ын цагдан хоригдсон 37 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож ...6 цагийг түүнд оногдуулсан 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, нийт эдлэх ялыг 244 цагаар тогтоосугай” гэж тус тус өөрчилж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтаас “шүүгдэгч цагдан хоригдоогүй” гэснийг хасаж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.У
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.Х
ШҮҮГЧ С.Ц