Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 182/2021/00655/И |
Дугаар | 210/МА2021/01393 |
Огноо | 2021-09-10 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2021/01393
Э.Н-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 25-ны өдрийн 182/ШШ2021/01407 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.А-т холбогдох, 16,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, байр ашиглалтын төлбөрт 1,853,964 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн өмгөөлөгч Д.Батдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал нэхэмжлэл, тайлбартаа: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2-28-50 тоот орон сууцыг хувь лизинг хийнэ гэсний дагуу Д.А-ын хүсэлтээр 10,000,000 төгрөгт Приус-20 маркийн автомашиныг тооцож, 6,000,000 төгрөг бэлнээр өгсөн. 2020 оны 01 сард дээрх байранд хүү н.Наранцогт оруулсан боловч 2020 оны 02 сард дээвэр, хананаас нь их хэмжээний ус гоожиж амьдрах аргагүй болсон. Энэ тухай хэлэхэд засаж өгнө гэсэн. Д.А- нь байрны өмчлөх эрхийн гэрчилгээг үзүүлээгүй, эрхийн болон эд хөрөнгийн доголдолтой байсан тул авахаас татгалзсан. Ингээд өгсөн, авснаа буцаахыг хүсэхэд “байраа зараад өгнө” гэсээр 10 сар хүргэсэн. Д.А- байраа зарсан боловч утсаа авдаггүй. Дээрх автомашиныг “Сайн” ломбардад барьцаалж мөнгө авсан байсан. Тус ломбард автомашиныг зарсан. Д.А- үндсэндээ биднийг хуурч мэхэлсэн. Орхон аймгийн Цагдаагийн газарт шалгуулахад “Хас банк” ХХК-д байраа барьцаалсан зээлтэй байсан гэдэг нь мэдэгдсэн. Иймд Д.А-аас 16,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч тал хариу тайлбартаа: 2019 оны 11 сард өөрийн өмчлөлийн “Хас банк” ХХК-ийн барьцаанд байсан орон сууцаа худалдахаар зар тавьсан. 2019 оны 12 сард Д.А-ын танил н.Агваандорж, дүү н.Наранцогтын хамт ирж уулзан 43,000,000 төгрөгийн зээлээр худалдан авахаар тохиролцсон. Улмаар 2019 оны 12 сард байранд орсон. Урьдчилгаа мөнгөнд Приус-20 маркийн автомашиныг 10,000,000 төгрөгт тооцон, гэрчилгээг 2020 оны 01 сард Д.А-ын нэр дээр шилжүүлсэн. 6,000,000 төгрөг шилжүүлснийг хүлээн авсан. Гэтэл 2020 оны 02 сард “танай байрнаас дусаал гоожоод байна, ирж засвар хийж өг” гэсний дагуу 3,000,000 гаруй төгрөгөөр засвар хийсэн. Засвар хийх үед Э.Н- “хүнсний захаас хүнс авах гэсэн юм автомашинаа өгөөч” гэж хэлээд автомашиныг авч яваад буцааж өгөөгүй. Араас нь залгахад “хөдөө явж байна, танай байрыг авахаа больсон, 6,000,000 төгрөгийг буцааж өг” гэсэн. Байраа зараад өгье гээд Ремакс компанитай гэрээ байгуулж, заруулах болсон талаар мэдээллээ тухай бүр солилцож байсан. Гэтэл энэ хугацаанд бодит байдлыг гуйвуулан, залилан мэхэлсэн гэж цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Уулзахаар мөнгө өг, өгөхгүй бол гарахгүй гээд байсан тул аргаа бараад хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд хандаж байсан. Автомашины үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Орон сууцыг бэлэн мөнгөөр 40,000,000 төгрөгт зарах байсан боловч бэлэн бус автомашин оролцуулсан учраас 43,000,000 төгрөгт байраа тооцон, автомашиныг нь тэдний санал болгосны дагуу 10,000,000 төгрөгт үнэлж авсан. Энэ үнэлгээ нь автомашины бодит зах зээлийн үнэлгээ биш. Гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч автомашины үнэлгээг зах зээлийн үнээр үнэлүүлэн үнийг төлөх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ: Орон сууцанд амьдрах хугацаандаа ашигласан байрны мөнгө 102,803 төгрөг, цахилгаан ашигласны 79,565 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 1,671,596 төгрөг, нийт 1,853,964 төгрөгийг Э.Н-ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Д.А- нь орон сууцыг 26,000,000 төгрөгийн банкны зээлийн барьцаанд байгаа талаар хэлсэн бол худалдаж авахгүй байсан. Нэгэнт өөрөө зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй болж, биднээс худал хэлж мөнгө, автомашин авсан нь тодорхой байна. 2021 оны 03 сард уг байранд айл орсон байсан бөгөөд тэр айлын хүнтэй уулзахад н.Наранцэцэг гэх хүн банкны өр төлбөр, бусад өрийг нь төлөөд авсан гэдгээ хэлсэн. Өөрсдөө байрны ашиглалт болон цахилгаан ашиглалтын өр төлбөрийг төлөөгүй хуримтлуулсан байсан. Иймд нэхэмжилж буй 1,853,964 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Д.А-аас 16,000,000 төгрөгийг гаргуулан Э.Н-д олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар Э.Н-ээс 148,234 төгрөгийг гаргуулж Д.А-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,705,730 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,000 төгрөг болон 44,613 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 238,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 5,097 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Батдулам давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Д.А- нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр 10,000,000 төгрөг, Приус-20 маркийн автоавтомашин авсан. Приус-20 маркийн автомашиныг буцааж өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд автомашины үнийг тодорхойлоход талуудын хооронд гол маргаан үүссэн. Бид шүүхийн шатанд шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч тухайн автоавтомашин нь байхгүй үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Тухайн автоавтомашин байхгүй байгаа ч автомашины үнийг зах зээлийн хандлагын аргаар үнэлэх боломжтой атал шүүх эд хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгч талын аман үнэлгээнд үндэслэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Э.Н- нь хариуцагч Д.А-т холбогдуулан орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлэн өгсөн 6,000,000 төгрөг, Приус-20 автомашины үнэ 10,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, орон сууц ашиглалтын зардал 102,803 төгрөг, цахилгааны төлбөр 79,656 төгрөг, “Хас банк” ХХК-д төлсөн зээлийн хүү 1,671,596 төгрөг, нийт 1,853,964 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ. /хх 1, 90-91, 75, 96-97/
Хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК дахь 5274009811 тоот дансны хуулга /хх 42/, фото зураг /хх 12-15/, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хх 7/, хариуцагч Д.А-ын цагдаагийн байгууллагад өгсөн гэрчийн мэдүүлэг /хх 43-45/, “Авто прайм” ХХК-аас шүүхэд ирүүлсэн албан бичиг, хавсралт /хх 53, 54-64/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлбэл:
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, уг хэлцэл нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлэх шаардлагыг хангаагүй учир хүчин төгөлдөр бус гэж зөв дүгнэж, талуудын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн зохицуулалтыг баримтлан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд зөв болжээ.
Хариуцагч тал нэхэмжлэгчтэй амаар хэлцэл хийсэн, нэхэмжлэгчээс 6,000,000 төгрөг болон Приус-20 маркийн автоавтомашин хүлээн авсан үйл баримтын тухайд маргадаггүй боловч Приус-20 автомашиныг тухайн үеийн зах зээлийн үнэ ханшаар үнэлэх ёстой гэж маргаж, энэ талаар шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаагүйг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.
Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч өөрийн татгалзал, түүний үндэслэлийг нотлох баримтаа өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд үүний дагуу хариуцагч нь үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөл бүхий этгээдэд хандаж, Приус-20 маркийн адил он, гүйлт бүхий автомашины үнэлгээг гаргуулах боломжтой байжээ.
Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад “...Тийм, 10,0 сая төгрөгт тооцсон...” гэсэн тайлбарыг /хх 33/, хариуцагч нь цагдаагийн байгууллагад “....уг тээврийн хэрэгслийг 10,000,000 төгрөгт бодоод 6,000,000 төгрөгийг хашаа байшинг нь барьцаанд тавиулж нийт 16,000,000 төгрөгийг авсан...” гэсэн гэрчийн мэдүүлгийг /хх 43-арын нүүр/ тус тус өгсөн байх тул шүүхийн зүгээс шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасны дагуу шилжүүлэн өгсөн 6,000,000 төгрөгийг, мөн хуулийн 493.2 дахь хэсэгт заасны дагуу буцааж өгөх боломжгүй автомашины харилцан тохиролцсон үнэ 10,000,000 төгрөгийг тус тус хариуцагчаас шаардах эрхтэй тул нийт 16,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг зөв гэж үзнэ.
Ашиглалтын зардал 102,803 төгрөг, цахилгааны төлбөр 79,656 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нь хариуцагчийн орон сууцыг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгасан хугацааны буюу 1 сар 15 хоногийн ашиглалтын зардал, төлбөрийг хариуцах учиртай.
Хэрэгт авагдсан “Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан” /хх 85-87/, “02-28-050 тоот хэрэглэгчийн төлбөрийн дэлгэрэнгүй” /хх 88/ зэрэг бичгийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч орон сууцыг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгасан хугацааны цахилгааны төлбөр 71,797 төгрөг /49,631.26+22,165.9/, дулаан, халуун ус, дулааны суурь үнэ, усны суурь үнийн зардал 76,437 төгрөг /50,958.34+50,958.34 : 2/ болох нь нотлогдож байх тул түүнээс нийт 148,234 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэсэн нь зөв.
Харин “Хас банк” ХХК-д төлсөн зээлийн хүү 1,671,596 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд тухайн зээлийн гэрээний үүрэг нь цаг хугацааны хувьд талууд хэлцэл хийхээс өмнө буюу 2019 оны 04 сарын 29-ний өдөр үүссэн /хх 78-79/ байх тул хангах үндэслэлгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн атлаа гэрээний үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг зохицуулсан Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Д.НЯМБАЗАР