| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 109/2025/0022/З |
| Дугаар | 109/ШШ2025/0031 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 109/ШШ2025/0031
109/ШШ2025/0031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: П.Б
Хариуцагч: Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох “2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгох” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б, Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын Тамгын газрын даргын “2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “П.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгох”.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5. дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1., 27 дугаар зүйлийн 27.4.1., Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 48.1.3. дахь заалтыг тус тус үндэслэн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “П.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/08 дугаар тушаал гаргахдаа хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 удаа ажил тасалсан тул албан тушаалын цалингийн хэмжээг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. (Хавтаст хэргийн 101 дэх тал)
Гурав. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагч тайлбар, татгалзлын тухайд:
3.1. Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2025 оны 4 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд гэр бүлийн асуудлын улмаас ажил тасалсан ба уг маргааны улмаас Тамгын дарга руу чатаар ажлаас гарах өргөдөл 17-ны өдөр явуулсан... 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр сонсох ажиллагаа явуулсан ба сонсох ажиллагааны зорилго нь 2025 оны 4 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ажлаа тасалсан. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж, холбогдох тайлбар өгөх нөхцөлийг бүрдүүлэх, сахилгын шийтгэлийн үндэслэлийг тодорхойлох зорилготой гэж үзсэн үндэслэл нь буруу. 37.1.17 дахь зүйлийг миний бие зөрчсөн удаа байхгүй. ..Сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 тоот тушаалаар хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн П.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 удаа ажил тасалсан тул албан тушаалын цалингийн хэмжээг 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2 сар 20% бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан... Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь заалт сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглосон заалтыг зөрчсөн. Иймд сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 тоот тушаалын сахилгын шийтгэлийн шийдвэрийг хүчингүй болгож, хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ажлаас гарах өргөдлөө тамгын даргад өгсөн байсан. Тамгын дарга надтай уулзаж 3 хоног ажилдаа ирээгүй ажлаас гарах өргөдлөө өгсөн талаар асуухад нь би ар гэртээ болсон асуудлаа тайлбарлаж өгсөн. Тэгэхэд Тамгын дарга ар гэрт чинь болсон асуудлыг чинь ойлголоо чи ажлаас гарах өргөдлөө бичиг хэргээс буцаагаад авчих, би бичиг хэрэгт битгий бүртгэж аваарай гээд хэлчихсэн байгаа” гэж хэлсэн. Харин ажлаа 3 хоног зөвшөөрөлгүй тасалсан. Манай байгууллагад олон удаагийн зөрчилтэй албан хаагчид маш их байгаа боловч тэд нар дээр өмнө нь ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй. Гэтэл зөвхөн нэг албан хаагчийг ялгаварлан гадуурхаж, ажлын байрны дарамт үзүүлж, энэ төрлийн арга хэмжээ авсан нь миний хувьд гомдолтой байна. Хамгийн гол асуудал нь Тамгын даргыг гаргасан сахилгын шийтгэлээ хүчингүй болгох саналыг тавьсан. Учир нь миний хувьд өөр газарт шилжин ажиллах гэтэл сахилгын шийтгэлтэй учир асуудал үүсэж байна. 2025 оны 7 дугаар сард сахилгын шийтгэл оногдуулсан боловч миний ажлын үр дүнгийн урамшууллыг өгөөгүй. Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
3.3. Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Батболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн П.Б нь 2025 оны 4 дүгээр сарын 16-18-ны өдрийг дуустал хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан. Энэ өдрүүдэд П.Б-н утас руу залгасан боловч холбогдох боломжгүй байсан. Засаг даргын Тамгын газрын үйлчлэгч Х.А-г гэрт нь очоод өрөөний түлхүүрийг аваад ир гэж явуулахад унтаж байсан дуудаад босож ирэхгүй болохоор нь хадам ээжээр нь өрөөний түлхүүрээ өгөөч гэж хэлүүлсэн түлхүүр өрөөний хүмүүст байгаа гэж байна гээд ирсэн. 2025 оны 4 дүгээр сарын 18-нд өөрийн чатаа хартал П.Б гэр бүлийн асуудлаас болоод ажиллах боломжгүй болсон учир ажлаа өгөх хүсэлтэй байна гэсэн өргөдөл бичээд зургийг дараад явуулсан байсан. Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/08 тушаалаар баталсан хөдөлмөрийн дотоод журмын 6.5.4-т заасан /сар бүр ажилтны цагийн бүртгэлийг нэгтгэж, хоцорсон, цагийг тооцож, өдөрт ноогдох хөлсийг сарын цалингаас хасаж тооцно. Цагийн тооцоо гарсан бол дараа сард тооцно гэсэн заалтын дагуу цалингаас хасаж тооцсон. П.Б нь 2025 оны 6 дугаар сарын 19-нд чөлөө авалгүй ажлаа таслан Тэрх багийн Унтаа ямаат уулын тахилга наадамд явсан байсан. 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр П.Бя-г удаа дараа ажил тасалсан шалтгаанаар сахилгын арга хэмжээ авахаар сонсох ажиллагаа явуулсан гэжээ.
3.4. Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг даргын тамгын газрын хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн П.Б нь зөвшөөрөлгүйгээр 3 хоног ажил тасалсан. Тухайн ажил тасалсан хугацаандаа ямар нэгэн байдлаар холбоо бариагүй. П.Б-н 3 хоногийн цалинг хассан асуудал, сахилгын шийтгэл болох цалингийн хэмжээг 20%-аар 2 сарын хугацаанд авсан зэргийг давхардуулж шийтгэл ногдууллаа гэж ойлгоод байна. Мөн П.Б-н 3 хоногийн ажил тасалсан өдрийн цалинг нь хассан. Мөн 2025 оны 6 дугаар сарын 19-нд П.Б ажлаа тасалж, наадамд явсан байсан. П.Б-ын хувьд операторын үүргийг хавсран гүйцэтгэдэг... Үр дүнгийн урамшууллын асуудалд холбогдох хууль, журамд зааснаар, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны тогтоолд албан хаагчдад үр дүнгийн урамшуулал олгох журмын дагуу гүйцэтгэлийн үнэлгээний үндсэн дээр, хөдөлмөрийн сахилгын ямар нэгэн зөрчилд холбогдсон албан хаагчид урамшуулал олгох боломжгүй гэж заасан байдаг. Ажлын байрны дарамт үүсгэсэн, ялгаварласан гэх асуудлууд бол өөр хэлбэрийн тусдаа асуудал байх, миний хувьд тэгж ялгаварлан гадуурхсан асуудал байхгүй гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:
1.1. Иргэн П.Б Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгож, хохирлыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
1.2. Дээрх захиргааны актыг эс зөвшөөрч П.Б 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.3, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй.
2. Уг хэрэг, маргааны үйл баримтыг дурдахад:
2.1. Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “нэр дэвшүүлэх тухай” 04 дүгээр тогтоолоор ... Б-г Хангай сумын Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүй хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, нэр дэвшүүлсэн иргэнийг тухайн албан тушаалд томилсон шийдвэрээ Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлд ирүүлэхийг ... Хангай сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Ба-д зөвлөсөн” байна. (Хавтаст хэргийн 114 дэх тал)
2.2. Иргэн П.Б нь Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүй хариуцсан мэргэжилтнээр томилогдож, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөжээ. (Хавтаст хэргийн 116, 119 дэх тал)
2.3. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2., 6.2. дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1.7. дахь хэсэгт зааснаар иргэн П.Б нь төрийн захиргааны албан тушаалыг эрхэлж буй төрийн жинхэнэ албан хаагч байна.
2.4. Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх ёс зүйн дэд хороонд “П.Б 3 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй, энэ хугацаанд утсаар мэдэгдээгүй, утсаа аваагүй гэх ёс зүйн зөрчил гаргасан талаар” өргөдөл гаргажээ. (Хавтаст хэргийн 72 дахь тал)
2.5. Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтдээ “... Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, 8 дугаар зүйлд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчил зөрчил гаргаагүй” гэсэн байна. (Хавтаст хэргийн 15 дахь тал)
2.6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Засаг даргын Тамгын газрын дарга ажлаа 3 хоног зөвшөөрөлгүй тасалсан асуудал дээр чинь цалинг чинь хасна гэж тайлбарласан. Сонсох ажиллагаа явуулж, дахин 2 сар цалингийн 20 хувь хасах арга хэмжээ авсан. Ингэснээр сахилгын шийтгэлийг давхардуулж олгосон гэж үзэж байна. Хамгийн гол асуудал нь Тамгын даргыг гаргасан сахилгын шийтгэлээ хүчингүй болгох саналыг тавьсан. Учир нь миний хувьд өөр газарт шилжин ажиллах гэтэл сахилгын шийтгэлтэй учир асуудал үүсэж байна. 2025 оны 7 дугаар сард сахилгын шийтгэл оногдуулсан боловч миний ажлын үр дүнгийн урамшууллыг өгөөгүй.” гэж тайлбарлаж, хариуцагч Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б “П.Б нь 2025 оны 4 дүгээр сарын 16-18-ны өдрийг дуустал хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан. Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн П.Б-д холбогдуулан сахилгын арга хэмжээг цалингийн 20%-аар 2 сарын хугацаанд авсан. П.Б-н 3 хоногийн цалинг хассан асуудал, сахилгын шийтгэл болох цалингийн хэмжээг 20%-аар 2 сарын хугацаанд авсан зэргийг давхардуулж шийтгэл ноогдуулсан гэж үзэхгүй” гэж маргаж байна.
3. Маргаан бүхийн акт, үйл баримтын хууль зүйн үндэслэлийн тухайд:
3.1. Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч П.Б-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:
3.2. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2.-т “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараах зарчмыг баримтална: 7.1.2.-т “мэргэшсэн, тогтвортой байх”, 7.1.8.-д “захирах, захирагдах ёсыг баримтлах.” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.-д “хуульд үндэслэх”, 4.2.5.-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж төрийн албанд баримтлах зарчим болон захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг хуульчилжээ.
3.3. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:” гэж, 48.1.3-т “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;” гэж, 48.3. дахь хэсэгт “Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй.” гэж тус тус заасан.
3.4. Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “П.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/08 дугаар тушаалд дурдсан “хариуцсан мэргэжилтэн П.Бямбахорол нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр удаа ажил тасалсан” гэх тайлбар, үндэслэлийг нэхэмжлэгч П.Б шүүх хуралдаанд маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.
3.5. Маргаан бүхий захиргааны акт нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6.-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх;”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;” гэж, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж, 48 дугаар зүйлийн 48.1.3., 48.3. дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
3.6. Түүнчлэн Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын Тамгын газрын дотоод журам /Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/08 дугаар тушаалаар батлагдсан/-ын 6.5 дугаар зүйлийн 6.5.4, 6.5.5, 6.5.7, 6.7. дугаар зүйлийн 6.7.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцжээ.
3.7. Нэхэмжлэгч П.Б төрийн албанд ажиллахдаа Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэг Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална: 7.1.1.-д “ард түмэнд үйлчлэх”, 7.1.2.-т “мэргэшсэн, тогтвортой байх”, 7.1.8.-т “захирах, захирагдах ёсыг баримтлах” зарчмыг үйл ажиллагаандаа удирдлага болгох үүрэгтэй.
3.8. Түүнчлэн мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1., 37.1.7., 37.1.12., 37.1.13., 37.1.16.-д тус тус зааснаар “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх,”, “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, “төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, ....”, “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах” үүргийг хүлээсэн.
3.9. Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогч нарын тайлбараас дүгнэхэд, тухайн албан тушаалтанд Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, байгууллагын дотоод журамд заасан ажлын цаг ашиглалт, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахих болон төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа захирах, захирагдах ёсыг баримтлах, төрийн албан хаагч нь төрөөс цалин хөлс авч, баталгаагаар хангагдаж байгаа тохиолдолд дээрх үүргээ чанд баримтлах ёстой юм.
3.10. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5. дахь хэсэгт зааснаар “Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно” гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч П.Б-д сахилгын шийтгэлийн оногдуулахдаа давхардуулан ногдуулаагүй, тухай гаргасан зөрчлийн шинж, үр дагаварт тохирсон гэж үзнэ.
3.11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дах хэсэгт зааснаар “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зохицуулсан.
3.12. Хэргийн оролцогч нэхэмжлэгч, хариуцагч нар шүүх хуралдаан дээр 2025 оны эхний хагас жилийн үр дүнгийн урамшууллын асуудлын талаар нэхэмжлэл гаргаагүй болохыг тэмдэглэв.
4. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагааны тухайд,
4.1. Хариуцагч Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар мэдэгдэх хуудсаар сонсох ажиллагаа 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 11 цагт болохыг хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн П.Б-д мэдэгдсэн байна. (Хавтаст хэргийн 17 дахь тал)
4.2. Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлүүдэд зааснаар сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд болох нэхэмжлэгч П.Б-д хүргүүлж, түүнийг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулж, тайлбар, санал гаргах боломжийг хангасан, хуульд заасан сонсох ажиллагаа хийсэн, тэмдэглэл үйлдсэн байна.
4.3. Энэ нь 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулах асуудлаар нэхэмжлэгч П.Б-д сонсох ажиллагаа явуулж, тэмдэглэл хөтөлж, уг тэмдэглэлтэй танилцаж, гарын үсэг зурсан нь нотлогдож байна. (Хавтаст хэргийн 81-96 дахь тал)
4.4. Маргаан бүхий Б/08 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дах хэсгийн 4.2.6-д зааснаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчимд нийцжээ.
4.5. Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч П.Б-н “Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын Тамгын газрын даргад хариуцагдах 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “П.Бямбахоролд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2., 106 дугаар зүйлийн 106.3., 106.3.14. дахь заалт, 107, 108 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дэх хэсгийн 4.2.5., Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 48.1.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Б-н “2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “П.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА