Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 258

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн,

улсын яллагч C.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х-д холбогдох 1805007060312 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Б.Х согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 25-наас 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таац” нэртэй зочид буудалд Л.Зыг үл ялих зүйлээс болж түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө найзтайгаа караокед сууж байгаад Зтай танилцаад хамт сууцгаасан. Тэгээд шөнийн 02, 03 цаг болж байсан учраас “хэдүүлээ караокеноос гараад зочид буудалд орж юм ярьж сууя” гээд зочид буудалд орж пиво уугаад нилээн согтсон. З нилээн согтсон байсан. Би нэг их согтоогүй. Бид хэд зочид буудалд орж эхлээд хөзөр тоглоод дараа нь пиво уугаад “гоё найзууд болж холбоотой байя” гээд нилээн дотно юм ярьж сууцгаасан. Тэгж байтал З “хэдүүлээ унтъя, Тэмүүлэн хоёулаа хамт унтъя” гээд хоёр хоёроороо унтахаар болсон. Тухайн үед би өөрийгөө Тэмүүлэн гэж танилцуулсан байсан. З өмдөө тайлаад унтахаар ор руу орж байсан. Бид хоёр хэвтэж байгаад үнсэлцсэн. З надаас "чи намайг хүсэж байна уу“ гэж асуусан. Тэгээд миний эрхтэнээр оролдоод төмсөгнөөс чанга базаад байхаар нь “чи яасан чанга баздаг юм бэ өвдөж байна шүү дээ” гэхэд З “чи ямар сүртэй юм бэ” гээд намайг түлхсэн. Би орноос унасан ба босоод эргээд оронд орсон. Тэгтэл З “хоёулаа өнөөдөр гоё байя л даа” гээд үнсэлцээд над руу дайраад байсан. Би түүнд “чи ямар сонин юм бэ миний  төмсөг өвдөж байна, болил доо” гэхэд “чи ямар сүртэй юм бэ” гээд дахиад намайг түлхсэн. Би орноос унахдаа гараа хойшоо савахад санаандгүй Зын нүүрэнд оносон байсан. Тэгээд З цагдаа дуудаад ийм асуудал болсон. Тэгээд цагдаад шалгагдаж байхдаа Заас хамар руу нь цохисондоо уучлалт гуйж хамрыг нь эмнэлэгт үзүүлж эмчилгээний төлбөрийг төлсөн гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч Б.Х Л.Зын нүүрэн тус газар нь цохиж  хамар ясны хугарал, хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

хохирогч Л.Зын “Би 2018 оны 01 дүгээр сарын 25-нд өөрийн найз Оюунчимэгийн төрсөн өдөр гээд хамт 13 дугаар хороололд бааранд орсон. ...Тэгээд Оюунчимэгийн найзыг хүлээгээд сууж байхад 2 танихгүй залуу ирээд өөрсдийгөө Баагий, Тэмүүлэн гэж хэлээд бид 4 хамт ууж идэж дуулж сууцгаасан. Тэгээд бид нар караокед хүний 2, 2 пиво уусан. Удалгүй баарны цаг дуусаад бид 2 гарах гэж байхад Тэмүүлэн гэх залуу нь тасраад унасан. Тэгээд найз нь таксинд суулгаад өгөөч тэгээд өргөөд буудад оруулаад өгөөч гэхээр нь би найзтайгаа хамт таксинд суулгаад хамт 3,4 дүгээр хорооллын “Таац” нэртэй зочид буудалд оруулж өгсөн. Тэгээд тэндээ ороод Оюунчимэг бас муудаад бөөлжөөд Баагий гарч  гоймон авч өгөөд тэрийгээ идээд  хэвтсэн. Тэгээд Тэмүүлэн нь бас сэргээд бид 2 юм ярьж байгаад би ядраад орон дээр хэвтсэн. Тэгэхэд манай найз Оюунчимэг нөгөө орон дээр хамт хэвтэж байгаад бид 2 үнсэлцсэн. Тэгээд би Тэмүүлэнг түлхэхэд тэр залуу гараа савахдаа миний хамар руу цохисон. Тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор зарим юмаа санахгүй байна. Би босч ирээд Тэмүүлэнтэй хэрүүл хийгээд тэгээд цагдаа дуудсан. Тэгэхэд хамт байсан Баагий гэх залуу гараад явсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд Тэмүүлэнг аваад явсан. ...Тухайн үед уг залуу  гараараа миний хамар луу 1 удаа савсан. Би бас Тэмүүлэн гэх залууг цохисон. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би тухайн үед уг Тэмүүлэн гэх залуугаас эмчилгээний зардалд 1.700.000 төгрөг гаргуулж авсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-10 дугаар хуудас/

“Уг зочид буудал руу намайг хэн нэгэн айлгаж сүрдүүлж, хүч хэрэглэн авч ороогүй, би өөрөө сайн дураараа уг буудалд Х /Тэмүүлэн/ болон Оюунчимэг Вандандорж нарын хамт орсон. Тэгээд бид нар хөзөр тоглоод пиво ууцгаасан. Тэгээд би Тэмүүлэн буюу Хгийн хамт нэг орон дээр хэвтсэн. Бид хоёр үнсэлцсэн бас тэврэлдсэн. Тэрнээс биш хэн нэгэн надад хүч хэрэглэсэн зүйл огт болоогүй. ...Анх танилцахдаа надад өөрийгөө Тэмүүлэн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1935 дугаартай

“...1. Л.З-н нүүрэн тус газар нь цохиж  хамар ясны хугарал, хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 15 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.Хгийн яллагдагчаар өгсөн “...Тухайн үед бид нар сайхан ууж идэж сууж байгаад З бид хоёр тохиролцоод хамт нэг орон дээр унтахаар болсон. Тэгээд Зтай үнсэлцэхэд З хариу үнсэлцсэн.  ...Надад санал хүсэлт байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж хялбаршуулж шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22-23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Хгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, хохирогч  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн гэсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

  

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Хг 450 нэгжээр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурьдав.

                                                                    

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-н Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Х торгох ялыг нийт 3 сарын хугацаанд хэсэгчлэн сард 150.000 төгрөг төлөхөөр тооцож  2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Б.Х торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Х баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ