Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/343

 

  2024           03            20                                         2024/ДШМ/343

 

Т.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Батгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С,

яллагдагч Т.Б, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, П.Буманзаяа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/225 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Батгэрэлийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дүгээр прокурорын эсэргүүцлээр Т.Б-д холбогдох 2308 00000 1233 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

О овгийн Т-н Б, ................-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, “П” ХХК-д туслах механик ажилтай, ам бүл 1, ................. тоотод оршин суух хаягтай, /РД: ............/,

Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;  

Яллагдагч Т.Б нь 2023 оны 7 дугаар сарын 15-ны орой 21-22 цагийн үед ............ тоотод өөрийн төрсөн эцэг хохирогч Ж.Т-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, цээжний зүүн 2,3,4,5-р хавирганы хоёрлосон, 6,7-р хавирга, баруун 2,3,4,5,6,7,8-р хавирганы хугарал, уушгины гялтанд цус хуралт, уушги авчилт, цээжний хөндийн цус алдалт 400 мл, өвчүү ясны хугарал, үнхэлцэг хальсанд цус хуралт, зүрхний булчинд цус хуралт, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархайн булчин, хуйханд цус хуралт, зүүн чихэнд шарх, цээжний зүүн талд, баруун бугалга, зүүн сарвуу, шуунд цус хуралт, ховч ясны зүүн эвэрний хугарал, булчинд цус хуралт бүхий олон тооны шарх гэмтэл үүсгэж, зовж шаналган, хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Т.Б-д холбогдох хэргийг хянаад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзжээ. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”-ыг бүрэн дүүрэн, тал бүрээс нь шалгаж, тогтоогоогүй байна. Яллагдагчийн өмгөөлөгчөөс шүүхэд шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1957 дугаартай “...58 настай, эрэгтэй, П-н Х-н цогцост нас барсан шалтгаан болон шинжээчид тавьсан асуултыг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн задлан шинжилгээг туслах ажилтан Б.Ганхуяг туслалцуулан ...хийв” гэх 4 хуудастай дүгнэлтийг гаргаж өгсөн. Хэрэгт шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1958 дугаартай “...59 настай, эрэгтэй, Ж-н Т-н цогцост нас барсан шалтгаан болон шинжээчид тавьсан асуултыг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн задлан шинжилгээг туслах ажилтан Нямсүрэнгээр туслалцуулан ...хийв” гэх дүгнэлт /1 дэх хавтас, хх 133-136/ авагджээ. Яллагдагчийн өмгөөлөгчид 1957 дугаартай дүгнэлтийг танилцуулсан атлаа хэрэгт 1958 дугаартай дүгнэлтийг хавсарган ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд дээрх 2 дүгнэлтийн ижил, зөрүүтэй байдлыг шалгаж тогтоох, улмаар шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1957 дугаар дүгнэлтийг эх хувиар нь авч энэ хэрэгт хавсаргах шаардлагатай байна. Эдгээр шинжээчийн дүгнэлтүүдтэй холбоотой яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэж байх тул дээрх ажиллагааг хийсний эцэст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасныг баримтлан асуудлыг шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ. Шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор дүгнэлт гаргасан шинжээч эмч, шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд оролцсон туслах ажилтан Б.Ганхуяг, н.Нямсүрэн нарыг гэрчээр асуух, хохирогчийн эрүүл мэндийн байдал, хууч өвчин нь үхэлд нөлөөлсөн эсэх гэх мэт яллагдагчийн өмгөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын асууж тодруулах шаардлагатай гэх нөхцөл байдлуудыг нэг мөр эцэслэн шалгаж тогтоох нь яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж шүүх үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэх зорилтод нийцүүлэн эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь хуульд нийцнэ. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж шүүх үзсэн тул яллагдагч Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийн прокурорт очтол яллагдагч Т.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан гар утас 1 ширхэг, 2 ширхэг компакт дискийг хэргийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор С.Батгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн дараах үндэслэлээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу мөрдөгч амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоолгохоор шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1958 дугаар шинжээчийн дүгнэлтийг гаргуулж, хэргийн оролцогч нарт танилцуулахад оролцогч нараас шинжээчийн 1958 дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч, нэмэлт шинжилгээ хийлгүүлэхээр гаргасан хүсэлтийн дагуу Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 899 дугаартай хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлтийг гаргуулж, танилцуулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд оролцогчдоос амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдтэй холбогдуулан “дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж өгнө үү” гэх утга агуулга бүхий гомдлуудыг гаргаж байсан ба ингэхдээ яллагдагчийн өмгөөлөгчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн шинжээчийн 1957 дугаартай дүгнэлт болон түүнтэй холбоотой асуудлыг огт дурдаж байгаагүй бөгөөд дээрх хугацаанд яллагдагчаас 1957 дугаартай дүгнэлттэй холбоотой асуудлаар гомдол, хүсэлт гаргах бүрэн боломжтой байсан. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдаагүй дээрх 1957 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбарыг яллагдагч хэзээ, хаанаас хэрхэн яаж гаргуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нь тодорхойгүй байхад шүүх тухайн хуулбар дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байхад шүүх хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэж дүгнэсэн нь буруу байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, мөн хэсгийн 1.2 дахь заалт “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” зэрэг заалтыг тус тус зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/225 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Т.Б-н өмгөөлөгч Л.Мөнхтөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөгч Д.Улсболд бидэнд 61 хуудас шинжээчийн дүгнэлт танилцуулахад бид мөрдөгчөөс зөвшөөрөл авч тухайн шинжээчийн дүгнэлтийн зургийг нь дарж авсан. Өөрөөр хэлбэл, тухайн үед бидэнд танилцуулсан шинжээчийн дүгнэлт нь 1957 дугаартай байсан. Уг шинжээчийн дүгнэлтэд П-н Х гэх хүний нэртэй, туслах ажилтан Гантулга гэж байсан. Дараа нь шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргаж, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болоход Хатанбаатар гэх хүний дүгнэлт солигдож Т-р болж, туслан гүйцэтгэгчээр орсон хүн нь Нямсүрэн болсон байсан. Иймд бид урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд дээрх нөхцөл байдлын талаар тайлбарласан. Анхан шатны шүүх хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг хэрэглэсэн. ... Амь хохирогчийн баруун гарын нэг хуруу нь мухар байсан. Гэтэл 1958 дугаартай шинжээчийн дүгнэлтэд амь хохирогчийн гарын хуруу мухар байсан талаар огт дурдаагүй байсан тул бидэнд дээрх шинжээчийн дүгнэлт нь Т-тай холбоотой эсэхэд эргэлзээ үүссэн. ... Бидний мэдээгүй байсан 1958 дугаартай шинжээчийн дүгнэлт гарах үед амь хохирогчийн өвчний түүх хэрэгт хавсаргагдаагүй байсан. Шинжээчийн дүгнэлт солигдсон болох нь харагдаж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуульд нийцсэн гэж үзэж байна. ...” гэв.

Яллагдагч Т.Б-н өмгөөлөгч П.Буманзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Өмгөөлөгч Л.Мөнхтөрийн гаргасан тайлбартай санал нэг байна. 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд “Т гэх хүний баруун гарын 2 дугаар хуруу 1 дүгээр үеэрээ хуучин тайрагдсан” гэсэн. Гэтэл задлан шинжилгээний явцад дээрх асуудал огт дурдагдаагүй. Харин 1957, 1958 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд солигдсон асуудал гарсан. Учир нь, хэргийн 134-137 дугаарыг штрикээр дарж, янзалсан байдаг. Бусад дугаарууд ямар нэгэн засваргүй байдаг. Энэ талаар мөрдөгч ямар нэгэн тэмдэглэл үйлдээгүй. Уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг гарсан байдал” буюу нотолбол зохих байдал тогтоогдоогүй. Тодруулбал, 2023 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-ны өдрийн хооронд талийгаач хэнтэй уулзаж, хэр хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хэнтэй маргалдсан эсэхийг огт тогтоогоогүй. Зөвхөн гэрч А-н “газар унагааж заамдсан” гэсэн мэдүүлэг л байдаг. Харин яллагдагч Т.Б нь талийгаачийн хаана, яаж, хэрхэн цохиж, гэмтэл учруулсан талаар баримтууд хэрэгт авагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуульд нийцсэн тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн нарын гаргасан тайлбартай санал нэг байна. Нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/225 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхийг хүсэж байна. Учир нь, хэрэгт эргэлзээтэй нөхцөл байдал маш их байдаг. Энэхүү эргэлзээтэй нөхцөл байдлуудыг бүрэн арилгасны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэл болон яллагдагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн “... шинжээчийн 1957 дугаартай дүгнэлтийг яллагдагч, түүний өмгөөлөгч нарт танилцуулсан атлаа 1958 дугаартай дүгнэлтийг хэрэгт хавсаргасан, уг 2 дүгнэлтийн ижил, зөрүүтэй байдлыг шалгаж тогтоох, шинжээч эмч, шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд оролцсон туслах ажилтан Б.Ганхуяг, н.Нямсүрэн нарыг гэрчээр асуух, хохирогчийн эрүүл мэндийн байдал, хууч өвчин нь үхэлд нөлөөлсөн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг шалгах ...” гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “...Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг... олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” зорилтыг хангах хүрээнд мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг хэрэгжүүлж, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмыг мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ.

Яллагдагч Т.Б-д холбогдох хэрэгт 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1958 дугаартай шинжээчийн дүгнэлт авагджээ.   

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн өмгөөлөгчид өөр шинжээчийн дүгнэлт буюу 1957 дугаартай дүгнэлт танилцуулсан бөгөөд дээрх хоёр дүгнэлтүүд нь өөр хоорондоо харилцан зөрүүтэй, амь хохирогч Ж.Т-н цогцост хийсэн шинжилгээний шинжээчийн дүгнэлт мөн эсэх нь эргэлзээтэй байх ба энэ байдал нь хэргийн бодит байдлыг болон шүүхийн шийдвэр гарахад ач холбогдолтой байж болох тул нотлох баримтуудыг бүрэн шалгаж, аль шинжээчийн дүгнэлт нь үнэн зөв болохыг эргэлзээгүй байдлаар тогтоох нь зүйтэй.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Батгэрэлийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/225 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Батгэрэлийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дүгээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                   Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                  Л.ДАРЬСҮРЭН 

                        ШҮҮГЧ                                                                  М.АЛДАР