Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2025/0510

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга нарын хооронд үүссэн газар эзэмших эрхийг цуцалсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэлийн шаардлага: Э******* ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/614 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох-оор маргасан.

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1000 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэгж талбар хуваах тухай захирамжаар маргаан бүхий газрыг Г******* ХХК-д дулааны шугамын тоноглол зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээг тус компанитай байгуулж, Э******* ХХК, Г******* ХХК нарын гаргасан хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай захирамжаар маргаан бүхий Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 12500 м.кв газрыг агуулах, аж ахуйн зориулалтаар нэхэмжлэгч Э******* ХХК-д шилжүүлэн эзэмшүүлж шийдвэрлэсэн.

2.2. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01-09/4398 дугаар албан бичгээр ...гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй мөн газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг бүрэн төлж барагдуулаагүй тул Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэх албан бичгийг Э******* ХХК-д хүргүүлж, нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/614 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо /хуучнаар 10 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18******* дугаартай агуулах, аж ахуйн зориулалтаар 12500 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2.3. Уг шийдвэрийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч нийслэлийн Засаг даргад хандан 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжид заасан газар эзэмших эрхийг дахин сэргээж өгөх талаар өргөдөл гаргасан бөгөөд гомдлыг хангаагүй тул 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргаснаар 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.

3. Нэхэмжлэгч Э******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Манай компани Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар шийдвэрээр 12500 м2 хэмжээ бүхий газрыг агуулах, аж ахуйн зориулалтаар нэгж талбарын 17*******, 1869302482214 дугаар бүхий гэрчилгээний дугаартайгаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших зөвшөөрөлтэй болсон. Улмаар 2016 оны 07 дугаар сарын 04 болон 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №01122-2016/72059 дугаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж зохих журмын дагуу эзэмшсээр ирсэн.

3.2. Өнөөдрийг хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээнд заасан нөхцөл болзлын дагуу буюу агуулах, аж ахуйн чиглэлээр эзэмшиж гэрээнд заасан үүрэг болох газрын төлбөрийг жил бүр төлж нийт 7.780.656 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж гэрээнд заасан үүргээ шударгаар биелүүлсээр ирсэн. Гэтэл нийслэлийн Засаг дарга 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/614 дүгээр захирамжаар манай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн ба маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-ийг тус тус үндэслэсэн байдаг. Манай компанийн хувьд газрын төлбөрийг төлбөрийн даалгаварт тусгагдсан дүнгийн дагуу бүрэн төлж байсан. Харин Засаг даргын зүгээс агуулахын зориулалтаар эзэмшиж буй газрыг ямар зориулалтаар ашиглаагүй хэмээн үзсэн нь ойлгомжгүй бөгөөд тухайн газарт бид уйл ажиллагаандаа ашигладаг илүү болон хэрэглэхгүй бараа бүтээгдэхүүнийг хадгалах байдлаар ашиглаж, эзэмшиж байна.

3.3. Дээрхээс дүгнэн үзвэл хэрэв захиргааны зүгээс өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Нийслэлийн газрын төлбөр хураан авдаг дансны бүртгэл мэдээллийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас авсан бол төлбөр төлөгдсөн эсэхийг мэдэх байсан, улмаар тухайн газар дээр очиж үзэн ямар зориулалтаар эзэмших эрх авсан ба одоо ямар зориулалтаар эзэмшиж байгааг судлан үзсэн бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасан үндэслэлүүд бүрдэхгүй байсан. Төлбөрийг бүрэн төлсөн, агуулахын зориулалтаар ашиглаж байгаа нь тодорхой болох бөгөөд энэ тохиолдолд захиргааны байгууллагаас дээрх үндэслэлээр гаргасан захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлд хамаарч байна.

3.4. Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл болоод байгаа газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдал бодит байдал дээр үүсээгүй. Дээр дурдсанаар газрын төлбөрт 7.780.656 төгрөгийг төлсөн, газраа агуулахын зориулалтаар ашигласан байхад төлбөр төлөөгүй, ашиглаагүй гэдэг шалтгаанаар акт гаргах үндэслэл анхнаасаа бүрдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны байгууллага зөвхөн хуулийн дагуу иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолд халдана, бүрэн эрхээ хэтрүүлж хуулиас гадуур, үндэслэлгүй захиргааны акт гаргах явдлыг багтаан ойлгодог. Хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэгт Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай тогтоолын 6-д захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон нэмэлт хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно. Түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасныг ойлгоно гэж заасан.

3.5. Энэ тохиолдолд Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий актыг гаргах эрх зүйн үндэслэл анхнаасаа бүрдээгүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгох өөрийн бүрэн эрхээ хэтрүүлэн, нэхэмжлэгч компанийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдсан учир бид Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр маргаж байгаа болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа "захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл хүчингүй болгуулах гэж тодорхойлсон аль ч тохиолдолд нэхэмжлэгчийн эцсийн зорилго нь маргаан бүхий захиргааны актыг өөрт нь үйлчлэлгүй болгосноор хөндөгдөж зөрчигдсөн эрхээ сэргээх агуулгатай бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлснээр ямар тохиолдолд нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжтой болох нөхцөлийг тодруулах нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх нотлох зарчим-ын агуулгад хамаарах талаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолд дурджээ.

3.6. Нийслэлийн Засаг даргын А/614 дүгээр захирамжийг илт хууль бусад тооцуулах уг нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлснээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээх, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг илүү дэлгэрэнгүй тодруулах боломж шүүх нотлох зарчмын агуулгын хүрээнд бий. Бид анх нэхэмжлэл гаргахдаа ч маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл яагаад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасан илт хууль захиргааны акт гэж үзэж байгаа талаараа тайлбарласан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарлах боломж мэтгэлцээний явцад хэрэгжих боломжтой. Маргаан бүхий А/614 дүгээр захирамжийг нийслэлийн Засаг дарга гардуулж өгөөгүй бөгөөд захирамжийн хуулбар хувийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд очиж мэдэн, захирамжийн хуулбарыг олж авсан.

3.7. Түүний дараа уг захирамжийг албан ёсоор гаргуулахаар нийслэлийн Засаг даргад 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр албан бичгээр хандаж, түүний хариуг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01-05/1914 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр албан ёсоор, хуульд заасны дагуу шаардаж байж авсан гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлд:

4.1. Нэхэмжлэгч Э******* ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/614 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Э******* ХХК нь нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай хэмжээ, зориулалт өөрчлөх тухай А/562 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд 12500 м.кв газрыг агуулах, аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эрх шилжүүлэн авсан. Э******* ХХК нь дээрх эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй.

4.2. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 01-09/4398 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах, 27.2.2-д хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасны дагуу Өдрийн сонины 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 214 дугаарт сонсох ажиллагаа явуулах тухай нийтэлсэн. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болгох тухай А/614 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглах эрх 2018 оноос үүссэн байх бөгөөд газар эзэмших, ашиглах гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй байх тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

4.3. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно гэж тайлбарласан байх бөгөөд нэхэмжлэгч нь бодит нөхцөл байдал дээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Э******* ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/614 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1000 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэгж талбар хуваах тухай захирамжаар маргаан бүхий газрыг Г******* ХХК-д дулааны шугамын тоноглол зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээг тус компанитай байгуулж, Э******* ХХК, Г******* ХХК нарын гаргасан хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай захирамжаар маргаан бүхий Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 12500 м.кв газрыг агуулах, аж ахуйн зориулалтаар нэхэмжлэгч Э******* ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

2.2. Үүний дараа нэхэмжлэгч Э******* ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр маргаан бүхий 12500 м2 газрыг агуулах, аж ахуйн зориулалтаар ашиглахаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан бөгөөд сүүлд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 12490 м2 газрыг аж ахуйн зориулалтаар ашиглахаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг дахин байгуулжээ.

2.3. Улмаар нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/614 дүгээр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо /хуучнаар 10 дугаар хороо/-нд байрлах агуулах, аж ахуйн зориулалтаар 12500 м.кв газрыг эзэмшигч нь эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болон газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр Э******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2.4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээнд заасан нөхцөл болзлын дагуу буюу агуулах, аж ахуйн чиглэлээр эзэмшиж гэрээнд заасан үүрэг болох газрын төлбөрийг жил бүр төлсөөр ирсэн. Маргаан бүхий актыг гаргах эрх зүйн үндэслэл анхнаасаа бүрдээгүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгох өөрийн бүрэн эрхээ хэтрүүлэн, нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан. Маргаан бүхий захирамжийг бидэнд гардуулаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй гэж, хариуцагчаас ... газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дарааллан ашиглаагүй, газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Мэдэгдэл хүргүүлэх тухай 01-09/4398 дугаар албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн гэж тус тус тайлбарлан маргасан.

2.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор, 52 дугаар зүйлийн 52.5.1-т захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, 106 дугаар зүйлийн 106.3.2-т захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох гэж тус тус заасан.

2.6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж тодорхойлж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байх, уг хууль ёсны эрхийг зөрчсөн гэх захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус байх тохиолдолд шүүх эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлж зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүрэгтэй.

2.7. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 40 дүгээр зүйлийн 40.1-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заасан бөгөөд Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарлажээ.

2.8. Нэхэмжлэгч Э******* ХХК нь нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай захирамжаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 12500 м.кв газрыг агуулах, аж ахуйн зориулалтаар эзэмшүүлж, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр маргаан бүхий 12500 м2 газрыг агуулах, аж ахуйн зориулалтаар ашиглахаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулснаас хойш тухайн газартаа гэрээнд заасан нөхцөл зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй болох нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18******* дугаартай газрын кадастрын 2021-2022 оны агаар сансрын зураг, маргаан бүхий газарт шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2.9. Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ... тухайн газрыг бид агуулахын зориулалтаар ашиглаж байсан, улирлын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг тул том оврын машинуудыг байрлуулдаг. Агуулахын зориулалтаар ашиглаж байгаа тул аж ахуйн зориулалтаар ашиглах боломжгүй. Газар ашиглах эзэмших гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй гэж тайлбарлан маргах боловч энэхүү тайлбар нь дээрх хуульд заасантай нийцэхгүй.

2.10. Учир нь нэхэмжлэгч компани нь маргаан бүхий газарт 2 ширхэг контэйнер байрлуулж, хашаалснаас өөр үйл ажиллагаа явуулаагүй байгаа энэ тохиолдолд газраа газар ашиглах гэрээнд зааснаар агуулах, аж ахуйн зориулалтаар ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй төдийгүй нэхэмжлэгч анх 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр маргаан бүхий 12500 м2 газрыг агуулах, аж ахуйн зориулалтаар ашиглахаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулснаас хойш маргаан бүхий акт гарсан 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл тухайн газарт зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байна.

2.11. Иймд сүүлд дахин 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 12490 м2 газрыг аж, ахуйн зориулалтаар ашиглахаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан өдрөөс газар ашиглах 2 жилийн хугацааг тооцно гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

2.12. Түүнчлэн, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ, 33.1.2-т ...энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ, 33 дугаар зүйлийн 33.2-т Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж тус тус заасан.

2.13. Нэхэмжлэгч компани нь газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болон газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01-06/594 дүгээр ... Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болох 137.500.000 төгрөг төлөгдөөгүй гэх албан бичиг, Газрын төлбөр тооцоо нийлсэн маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 7.696.270 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэх акт зэргээр тогтоогдож байна.

2.14. Хариуцагч захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа явуулах, эрх ашиг нь хөндөгдөж болохуйц этгээдэд мэдэгдэх, тайлбар авах ажиллагааны гол зорилго нь ийнхүү ажиллагаа хийснээр нөхцөл байдал өөрчлөгдөх, тухайн этгээдээс актын үндэслэлийг няцаах боломж олгож байгаа ажиллагаа бөгөөд нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01-09/4398 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн байх тул уг үндэслэлээр маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх боломжгүй. Нөгөө талаар уг мэдэгдлийг эрх бүхий этгээдэд бүртгүүлсэн тус компанийн албан ёсны хаягаар шуудангаар хүргүүлсэн байх тул хуульд заасан мэдэгдэх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэхээргүй байна.

2.15. Мөн нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/614 дүгээр захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж тайлбарлан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.

2.16. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтын захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа хуулийн үндэслэл /заалт/ огт хэрэглээгүй, хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэсэн боловч нарийвчилсан үндэслэлийг хэрэглээгүй тохиолдлыг ойлгох бөгөөд маргаан бүхий актад уг тогтоогдохгүй байна.

2.17. Учир нь нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6-д заасны дагуу иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/614 дүгээр захирамжийг гаргажээ.

2.18. Өөрөөр хэлбэл, илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/614 дүгээр захирамжийн үндэслэлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана, 4.1.4-д газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, 39 дүгээр зүйлийн 39.1.4-д газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заасныг хэрэглэсэн болох нь тогтоогдож байна.

2.19. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална гээд, 4.2.1-д хуульд үндэслэх гэж заасан бөгөөд захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа Газрын тухай хуульд заасан ерөнхий болон нарийвчилсан үндэслэлүүдийг маргаж буй захиргааны актад хэрэглэсэн байх тул уг захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж дүгнэх боломжгүй.

2.20. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Э******* ХХК-ийн маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/614 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан тул нэхэмжлэгчээс мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан Э******* ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан ... нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/614 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА