| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Ууганзаяа |
| Хэргийн индекс | 128/2025/0383/З |
| Дугаар | 128/ШШ2025/0515 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2025/0515
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК /РД:/,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нарын хооронд үүссэн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/01 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/01 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах тухай
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:
2.1. 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/01 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хандан ... А ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын хүрээнд 2013 оны 08 дугаар сараас эхлэн үүссэн нөхцөл байдлууд зэрэгт хууль зүйн дүгнэлт хийж тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй гэх нөхцөлд байдалд хуульд заасан хүндэтгэн үзэх нөхцөл байдал үүссэн болохыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэж, А ХХК-ийн эзэмшил дэх ашигт малтмал хайгуулын ХV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан.
2.2. Уг хүсэлтэд хариуцагч байгууллагаас хариу өгөөгүй тул нэхэмжлэгч А ХХК нь 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/02 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан ... хүсэлтийг хүлээн авч хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй гэх гомдлыг гаргасан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/1397 дугаар гомдолд хариу хүргүүлэх тухай албан бичгээр ... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж ирүүлэхээр хуульчилсан боловч А ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг дээр дурдсан хуулийн дагуу гаргаж ирүүлээгүй. Төрийн захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэн мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэж заасныг үндэслэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр дуусгавар болгон бүртгэжээ Иймд танай компаниас 01/02 дугаартай албан бичгээр ирүүлсэн гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье гэх хариуг өгсөн байна.
2.3. Нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/01 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад гаргасан хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй гэж үзэж 2025 оны 04 дүгээр 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргаснаар 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.
3. Нэхэмжлэгч А ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Манай А ХХК-ийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хандаж 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 01/01 дугаартай албан бичгээр тус компани эзэмшил дэх ашигт малтмал хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг сэргээлгэх тухай үндэслэл бүхий хүсэлт гаргасан. А ХХК-ийг үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч А овогтой ******* 2010 оны 07 дугаар сарын 13-ны өдөр мөн 100 хувийн хувьцаа эзэмшигч ******* овогтой Э******* 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус тус нас барсан юм. Компани үүсгэн байгуулагдсанаас хойш компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэж байсан А.*******, С.Э******* нар нь эхнэр, нөхөр байсан бөгөөд хувьцаа эзэмшигч нас барснаас хойш түүний эзэмшил дэх компани хувьцаа эзэмших эрх нь А.*******, С.Э******* нарын хүү Э.Н*******д өвлөгдөх үр дагавар үүссэн. Гэтэл хувьцаа эзэмшигч С.Э*******ийг нас барснаас хойш 2014 оны 01 дүгээр сард компанийн эрхийг Д.С*******э гэгч этгээд хууль бусаар шилжүүлэн авч хууль ёсны өвлөгч Э.Н******* Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж тус хэлтсийн мөрдөн байцаах тасагт гомдлыг хүлээн авч шалгасан.
3.2. Гомдол, мэдээллийг шалгах явцад Д.С*******э гэгч нь талийгаач С.Э*******ийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж компанийн эрх шилжүүлэх болон бэлэглэлийн гэрээнүүдийг хууль бусаар үйлдэж, тус гэрээнүүдээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт гарган өгч компанийн эрх шилжүүлэх бүртгэл хийлгэн, компанийн эрхийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон. Д.С*******ийн дээрх үйлдлийг хууль ёсны өв залгамжлагч Э.Н******* 2017 оны 01 дүгээр сарыг хүртэл цагдаа, прокурорын байгууллагад гомдол гарган шийдвэрлүүлсэн бөгөөд 2017 оны 01 дүгээр сард Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Захиргааны хэргийн шүүх 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2372 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэснээс хойш 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд гурван удаа маргаан бүхий асуудлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч Э.Н*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байсан бөгөөд мөн энэ хэмжээгээр давж заалдах болон хяналтын шатны шүүхүүдээр хэргийг хянан хэлэлцсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх өв залгамжлагч Э.Н*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 541, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 616, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 344 дугаартай шийдвэрүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа хангаж шийдвэрлэж байсан бөгөөд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 344 дугаартай шийдвэр өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр болоод байна.
3.3. Тус шийдвэрээр компанийн улсын бүртгэлд хууль бусаар бүртгэгдсэн Д.С*******э, Н.Н******* нарт холбогдох хувьцаа эзэмшигчийн бүртгэлүүдийг хүчингүй болгосон бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газраас хууль ёсны өв залгамжлагч Э.Н*******г 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр компанийн хууль ёсны хувьцаа эзэмшигчээр бүртгэж, хууль ёсны хувьцаа эзэмшигч Э.Н******* компанийн гүйцэтгэх удирдлагыг мөн өдрөөс эхлэн хэрэгжүүлэн ажиллах хууль зүйн үндэслэл бүрдсэн. Хувьцаа эзэмшигч Э.Н*******д 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатаас 009 дугаартай "Өвлөх эрхийн гэрчилгээ" олгогдож хууль ёсны өвлөгч гэдгийг тогтоож өгсөн бөгөөд шүүхийн удаа дараагийн шийдвэрүүдээр өвлөх эрхийг баталгаажуулж нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн байна. Гэтэл хувьцаа эзэмшигчийн хүлээх үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд тогтоогдоогүй, хууль бусаар хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн этгээдтэй холбогдох маргаан бүхий асуудал 2013 оны 09 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сарыг хүртэл хууль, шүүхийн байгууллагаар шалгагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 158 дугаартай шийдвэрээр манай компанийн ХV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн.
3.4. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хууль ёсны хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар бүртгэгдсэн Э******* овогтой Н******* миний хувьд тус компанийн эзэмшил дэх ашигт малтмал хайгуулын ХВ-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 158 дугаар шийдвэрийг хууль бус захиргааны акт гэж маргаагүй бөгөөд гагцхүү компанийн зүгээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй үйл баримтад хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл тогтоогдсон, дээрх хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нотлогдсон гэж үзэж А ХХК-ийн эзэмшил дэх ашигт малтмал хайгуулын ХВ-0 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээн эзэмшүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж хүсэлтдээ дурдсан.
3.5. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь нэхэмжлэгч А ХХК-аас гаргасан дээрх хүсэлтийг иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30 хоногт багтаан шийдвэрлэх хууль зүйн зохицуулалттай бөгөөд хүсэлт хянан шийдвэрлэх хуулийн хугацаа 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хойш хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргатай биечлэн уулзаж хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхийг удаа дараа шаардсан. Гэвч хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь нэхэмжлэгч А ХХК-аас 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/01 дугаартай албан бичгээр гаргасан
хүсэлтийг хүлээн авсан атлаа өнөөдрийг хүртэлх хугацаанд хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэж, үндэслэл бүхий хариу өгөлгүй удаашруулж байгаа бөгөөд хариуцагчийн дээрх үйлдлийг хууль бус эс үйлдэхүй гэж дүгнэх үр дагавар үүссэн байна.
3.6. Нэхэмжлэгч А ХХК-ийн зүгээс хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын дээрх хууль бус эс үйлдэхүйн талаар Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлүүдэд заасан эрхийн хүрээнд түүний харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтан буюу Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 01/02 дугаартай албан бичгээр гомдол гарган ажилласан болов ч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нь мөн тухайн гомдлыг хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэж үндэслэл бүхий хариу өгч ажиллаж чадаагүй байна. Иймд нэхэмжлэгч А ХХК-аас 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/01 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлд:
4.1. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн даргын /хуучин нэрээр/ 2007 оны 12 сарын 26-ны өдрийн 2614 дугаар шийдвэрээр С*******э аймгийн Хүдэр сумын ну******* орших Н******* ******* нэртэй 299.96 гектар талбай бүхий ашигт малтмал хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг 2008 оны 01 сарын 18-ны өдөр А ХХК-д анх олгож, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болсон бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 158 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. А ХХК-аас Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 158 дугаартай шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0775 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 106 дугаартай магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0775 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
4.2. А ХХК-иас 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01/0 дугаартай ...ашигт малтмалын хайгуулын ХV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэн, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах боломжоор хангаж өгнө үү" гэсэн албан бичгийг эхний удаа Кадастрын хэлтсийн даргад ирүүлсний дагуу Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10/4028 дугаартай албан бичгээр ... Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 он 12 дугаар сарын 14-ний өдрийн 0775 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 106 дугаартай магадлалаар давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Иймд танай албан бичгийн дагуу ХV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэн, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах боломжгүйг мэдэгдье гэсэн хариу хүргүүлсэн. А ХХК-иас 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 01/04 дугаартай албан бичгээр 2 дахь удаагаа Хууль, эрх зүйн хэлтэст дээрх хүсэлтийг гаргасан бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 6/4372 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн, А ХХК-иас 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/05 дугаартай албан бичгээр 3 дахь удаагаа Ашигт малтмал, газрын тосны газарт мөн дээрх хүсэлтийг гаргасан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/5017 дугаартай албан бичгээр татгалзаж шийдвэрлэсэн талаарх хариу хүргүүлсэн, А ХХК-иас 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/01 дугаартай албан бичгээр бичгээр 4 дэх удаагаа Ашигт малтмал, газрын тосны газарт мөн дээрх хүсэлтийг гаргасан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/5162 дугаартай албан бичгээр татгалзаж шийдвэрлэсэн талаарх хариу хүргүүлсэн, А ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/01 дугаартай албан бичгээр 5 дахь удаагаа Кадастрын хэлтэст мөн дээрх хүсэлтийг гаргасан бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10/1445 дугаартай албан бичгээр хариу өгсөн нь хуульд нийцсэн. А ХХК-иас 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01/02 дугаартай албан бичгээр Агентлагийн даргад гомдол гаргасан бөгөөд уг гомдолд 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/1397 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн.
4.3. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ", Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй" гэж тус тус заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч А ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/01 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч А ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/01 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хандан ... А ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын хүрээнд 2013 оны 08 дугаар сараас эхлэн үүссэн нөхцөл байдлууд зэрэгт хууль зүйн дүгнэлт хийж тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй гэх нөхцөлд байдалд хуульд заасан хүндэтгэн үзэх нөхцөл байдал үүссэн болохыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэж, А ХХК-ийн эзэмшил дэх ашигт малтмал хайгуулын ХV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байна.
2.1. Уг хүсэлтэд хариуцагч байгууллагаас хариу өгөөгүй тул нэхэмжлэгч А ХХК нь 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/02 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан ... хүсэлтийг хүлээн авч хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй гэх гомдлыг гаргажээ.
2.2. Үүний дараа Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/1397 дугаар гомдолд хариу хүргүүлэх тухай албан бичгээр ... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж ирүүлэхээр хуульчилсан боловч А ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг дээр дурдсан хуулийн дагуу гаргаж ирүүлээгүй. Төрийн захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэн мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэж заасныг үндэслэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр дуусгавар болгон бүртгэжээ Иймд танай компаниас 01/02 дугаартай албан бичгээр ирүүлсэн гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье гэх, Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10/1445 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ... Хүчин төгөлдөр байх хугацаа нь дууссан ашигт малтмалын хайгуулын ХV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг танай хүсэлтийн дагуу сэргээх боломжгүйг, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байгааг үүгээр мэдэгдэж байна гэх хариуг тус тус өгсөн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү хариуг нэхэмжлэгч гардаж аваагүй, компаний хаягаар, баталгаат шуудангаар хүргүүлээгүй, энэ талаар маргаан байхгүй гэж тайлбарласан.
2.3. Түүнчлэн, А******* ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01/03, 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 01/04, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/05, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/01 дугаартай албан бичгүүдээр ...Компаний зүгээс маргаан бүхий асуудлаас шалтгаалан хувьцаа эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийж, тус компаний эзэмшил дэх ашигт малтмал хайгуулын ХV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэн, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах боломжоор хангаж өгнө үү гэх агуулга бүхий хүсэлтүүдийг гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10/4028, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 6/4372, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/5017, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/5162 дугаар албан бичгүүдээр ... хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэх хариу өгсөн үйл баримт тогтоогдож байна.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, 52 дугаар зүйлийн 52.5.1-д ... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж тус тус зааснаар нэхэмжлэл гаргаж буй этгээдээс захиргааны хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрхээ тодорхойлж, хэрхэн зөрчигдсөн талаар үндэслэлээ гаргасан хүрээнд шүүхээс дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэдэг тул 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/01 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга эс үйлдэхүй гаргасан эсэх, уг албан бичгийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийнэ.
3.1. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан бол хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор хуульчилсан ба Ашигт малтмал газрын тосны газрын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 158 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн эзэмшлийн ХV-0 тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсанаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон. Нэхэмжлэгчээс уг шийдвэртэй холбогдуулан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь А ХХК-ийн ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 158 дугаартай шийдвэрийнхээ А ХХК-д холбогдох хэсгийг цуцлах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар хууль бус болохыг тогтоолгох, цуцлах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж маргасан байх бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 775 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 106 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснээр уг шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
3.2. Гэтэл нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон байхад 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/01 дүгээр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан ... А ХХК-ийн эзэмшил дэх ашигт малтмал хайгуулын ХV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан нь ойлгомжгүй, нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрөл эзэмшигч биш байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10/1445 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ... Хүчин төгөлдөр байх хугацаа нь дууссан ашигт малтмалын хайгуулын ХV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг танай хүсэлтийн дагуу сэргээх боломжгүйг, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байгааг үүгээр мэдэгдэж байна гэх хариу өгснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
3.3. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д Төрийн захиргааны байгууллага нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавихаар, 22 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах талаар зохицуулсан, 22.1.3-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах тухай өргөдлийг гаргаж, мөн хуулийн 22.2-т зааснаар төрийн захиргааны байгууллага уг өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэхээр байна.
3.4. Ашигт малтмалын тухай хуулиар дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн бүртгэлийг сэргээн, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх эрх хэмжээг хариуцагчид олгоогүй, хариуцагч зөвхөн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хуулийн хугацаанд, шаардлага ханган гаргасан өргөдөл хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээр байна.
3.5. Дээрхээс үзвэл нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/01 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хууль бус үйлдэл тогтоогдсонгүй.
3.6. Түүнчлэн, даалгах шаардлагын хувьд захиргааны хууль бус татгалзал, эс үйлдэхүй тогтоогдож, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол нэхэмжлэл хангагдах зохицуулалттай бөгөөд энэ тохиолдолд, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хариуцагчаас шийдвэрлэхгүй орхигдуулсан зүйлгүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр тусгай зөвшөөрлийг сэргээн эзэмшүүлэх ажиллагааг дахин хийх үүрэггүй тул шүүхээс нэгэнт тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон эрх зүйн харилцаанд хариуцагчийг дуусгавар болсон хайгуулын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна.
3.7. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч А ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/01 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3.8. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг гаргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт дүгнээгүй үндэслэлээр нэхэмжлэгчээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл өөр байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцэхээргүй байна гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан тул нэхэмжлэгчээс мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.2-д заасныг баримтлан А ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/01 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА