Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/360

 

  2024           03            21                                          2024/ДШМ/360

 

А.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Болортуяа,

хохирогч П.Ж, түүний өмгөөлөгч Ц.Мандал,  

яллагдагч А.Э, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/143 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч А.Э-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2306 03469 2536 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Д овогт А-н Э, ...........-ны өдөр .......... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, группэд байдаг, ам бүл 1................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ЛЮ65100517/;  

Яллагдагч А.Э нь 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн үед ..............тоотод Д.Ж-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргаж, улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж, өшиглөж хүч хэрэглэн халдсаны улмаас түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэг үйлдэгдсэн хугацаанд яллагдагч болон хохирогч нар нь хамтын амьдралтай байсан талаарх хэрэгт хэд хэдэн гэрч мэдүүлсэн байхаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “ирж, очин байдаг байсан, хамтын амьдралтай байсан” гэж мэдүүлсэн. Хэргийн товч агуулгад гэмт хэрэг гарах болсон сэдэлтийг хувийн таарамжгүй харилцаа үүсгэж маргалдсанаас яллагдагч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилжээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүдийг мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж, мөн зүйлийн 3.1.2-д “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү” гэж, мөн хуулийн 3.2-д “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж тус тус хуульчилсан. Яллагдагч А.Э болон хохирогч Д.Ж нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.2-д заасан хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн хүндрүүлэх шинж байгаа эсэх буюу хүндрүүлэн зүйлчлэх эсэх нь тодорхой болох тул яллагдагч, хохирогч нарын дунд хамтын амьдрал байсан эсэхийг шалгаж, хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

Түүнчлэн, яллагдагч А.Э нь урьд хохирогч Д.Ж-д гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж байсан эсэхийг шалгаж, хэрэв удаа дараа буюу байнгын шинжтэй үйлдэл гаргасан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинж байгаа эсэхэд мөн адил хууль зүйн дүгнэлт хийж, тохирсон хэргийг зүйлчлэл хийх нь зүйтэй болно. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д “жирэмсэн болохыг мэдсээр байж” гэж заасан. Иймээс яллагдагч А.Э нь хохирогчид гэмтэл учруулахдаа жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн эсэхийг нэг мөр шалгаж тогтоох нь зүйтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос “жирэмсэн байсан, яллагдагч мэдэж байсан... 1088 дугаар шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж мэдүүлсэн. Хэрэгт ураг зулбасан эсэх талаарх Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт авагдсан байх ба уг дүгнэлтэд “...Д.Ж нь Амгалан амаржих газрын 2023 оны 5 дугаар сарын 29-ний 10 цаг 28 минутын хэт авиан шинжилгээгээр 6 долоо хоног 1 өдөртэй жирэмсэн байжээ. ... ураг зулбаж жирэмслэлтийг тасалсан гэх эмнэлгийн бичиг баримт хангалтгүй байх тул уг асуултад хариулах боломжгүй.” гэсэн байна. Харин мөрдөгчөөс шинжээчид “Д.Ж нь хэрэг болсон гэх хугацаанд жирэмсэн байсан эсэх. ... Д.Ж-д учирсан гэмтлүүдийн улмаас ураг зулбах боломжтой эсэх.” гэх асуулт тавигджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Оролцогч шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болно.” гэж, мөн хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ.” гэж, Шүүх Шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр нэмэлт шинжилгээ хийнэ.” гэж тус тус хуульчилсан. Дээрх мөрдөгчөөс шинжээчид тавигдсан асуулт, шинжээчийн дүгнэлт зэргээс шинжээчийн дүгнэлт бүрэн бус гэж үзэх нөхцөл байдал үүсэж байхаас гадна, дүгнэлт гаргасан шинжээчээс мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан дүгнэлтийг тодруулах замаар мэдүүлэг аваагүй байна. Өөрөөр хэлбэл, хохирогч нь хэзээ зулбасан, эмнэлгийн тусламж үйлчилгээ хэзээ авсан, ямар эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, зулбах болсон шалтгаан нөхцөлүүд юу юу байдаг, 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болсон үйл явдлаас шалтгаалж зулбасан эсэх, хэрэв яллагдагч А.Э-н үйлдлээс шалтгаалж зулбасан тохиолдолд ямар гэмтлийн зэрэг гарах эсэх асуудлуудыг тодорхой болгох шаардлагатай байна. Иймд дахин шинжээчийн дүгнэлт гаргаж, ойлгомжгүй тохиолдолд шинжээчээс дүгнэлтийг тодруулах замаар мэдүүлэг авах нь зүйтэй гэж үзлээ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж заасан. Хавтаст хэрэгт яллагдагч А.Э нь хөдөлмөрийн чадвараа 69 хувиар алдсан гэх баримтын хуулбар авагдсан боловч ямар өвчний улмаас, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд орох эсэх баримт авагдаагүй, энэ талаарх хувийн байдлыг тогтоогоогүй байна. Яллагдагч А.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “өмгөөлөгчгүй оролцоно, хэргийн материалтай өөрийнхөө хэмжээнд танилцсан” гэх боловч энэ байдалд дээрх хуулийн зохицуулалт хамаарахгүй гэж үзэх үндэслэл биш бөгөөд түүний эрүүл мэндийн байдлыг зайлшгүй тогтоох шаардлагатай.

Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул яллагдагч А.Э-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Яллагдагч А.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна. Тодруулбал: 

1. А.Э би хохирогчийг таньдаг, түүнд хааяа тусалдаг найз нөхдийн харилцаатай байснаас бус бид байнга, тогтвортой хамтран амьдарч байсан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс биш болно.

2. Хохирогчийн жирэмсэн болсон, ураг зулбасан гэх асуудал нь надтай хамааралгүй бөгөөд энэ талаар хэд хэдэн удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа.

3. Миний бие нь харааны бэрхшээлтэйгээс бус Монгол хэл, бичиг мэддэг. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэд хэдэн удаа надаас мэдүүлэг авсан ба тухай бүр би өөрийн хүсэлтээр өмгөөлөгчтэй болон өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгч, болсон үйл явдлын талаар үнэн зөвөөр мэдүүлж байсан. Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд өөрт холбогдох асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул шүүгчийн захирамжийг хянуулахаар гомдол гаргаж байна. ...” гэв.

Яллагдагч А.Э-н өмгөөлөгч Ч.Нямцоож тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг, ураг зулбасан асуудалтай холбоотойгоор хэрэгт хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Яллагдагч анх болсон хэргийн талаар өмгөөлөгчтэй, өмгөөлөгчгүй мэдүүлгүүдийг удаа дараа өгч байсан. Өөрөөр хэлбэл, прокурорт шилжүүлсэн хэргийн хүрээнд яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохих нөхцөл байдлыг нотлогдсон эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэх боломжтой. Иймд яллагдагч А.Э-н гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч П.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2021 оноос эхэлж А.Э-тэй харилцаа үүсгэж эхэлсэн. Үүнээс хойш 2-3 удаа жирэмсэн болсон. 2023 оны 03 дугаар сард жирэмсэн болж А.Э 2023 оны 10 дугаар сард хажуу айлынхаа хүнтэй бэлгийн харилцаанд орж тухайн эмэгтэйг зодож, толгойг нь хагалж асуудал үүсгэхэд би “чи өөр хүнтэй юм бол чамаас салъя” гэж хэлээд бид хоёр салсан. ...  Би нэг ч удаа А.Э-с тусламж, мөнгө авч байгаагүй, эсрэгээрээ би тусалдаг байсан. ... Жирэмсэн болсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад процессын алдаа гарч миний жирэмсэн байсныг тодорхойлоогүй. Учир нь цогцсын гарын дардаснаас П.Ж жирэмсэн байсан уу, ураг зулбасан уу гэх асуудлаар хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний төв рүү тогтоол явуулсныг надад хэлээгүй. Дараа нь намайг шинжээчийн дүгнэлттэй танилц гэхээр нь надаас яагаад эмнэлгийн материал аваагүй талаар асуухад эмнэлгийн баримтууд хэрэгт байгаагүй гэж хэлсэн. Гэтэл хавтаст хэрэгт эмнэлгийн бүх баримт авагдсан байгаа. ... Надад 3 удаагийн хүчирхийлэл үйлдсэн, үүнд анусаар хийж байсан удаатай. Ураг зулбаад эхэс нь ховхорсон байхад намайг хүчиндсэн. Миний дээр гараад багалзуурдаад “чи надад хайртай юу” гэж орилж байгаа эр хүнийг би мэдэхгүй. Би айсандаа “хайртай” гэж хэлдэг. Үүнийг би гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэж байна. ... Би маш их гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч П.Ж-н өмгөөлөгч Ц.Мандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс үзэхэд А.Э-н хувьд өөр үйлдлүүд байгаа мэт харагдаж байна. Хавтаст хэргийн 19 дүгээр талд “... цогцосны гарын хээгээр тусгай мэдлэг бүхий шинжээч томилж ураг зулбасан, жирэмсэн байсан эсэх талаар тодруулах” гэсэн хэсгийг ойлгоогүй. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд “А.Э нь хохирогч, яллагдагч хоёртой цуг хөдөө явж байсан бага насны хүүхдийг оролдсон” гэж тэмдэглэгдсэн байна. Бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн бол заавал шалгах ёстой. Дээр дурдсан шалтгаанаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй. ...” гэв.

Прокурор Я.Болортуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “... Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар 4 асуудалд холбогдуулж, нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Захирамжийн үндэслэлүүдийн талаар прокурор эсэргүүцэл бичээгүй. ... Хохирогч тухайн үед жирэмсэн, ураг зулбасан нь яллагдагч А.Э-н үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой байсан эсэхийг зайлшгүй шалгаж тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн. Дээрх ажиллагааг гүйцэтгэж хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Иймд яллагдагч А.Э-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж яллагдагч А.Э-н гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн “... яллагдагч, хохирогч нарын дунд хамтын амьдрал байсан эсэхийг шалгах, мөн хохирогч жирэмсэн байгаад А.Э-н үйлдлийн улмаас ураг зулбасан эсэхийг дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах замаар уг нөхцөл байдлыг тогтоосны эцэст яллагдагчийн үйлдлийг зүйлчлэх, ...” гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “...Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг... олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” зорилтыг хангах хүрээнд мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг хэрэгжүүлж, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмыг мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ.

Яллагдагч А.Э болон хохирогч Д.Ж нарын хамтын амьдралтай байсан эсэхийг тогтоосноор яллагдагчид холбогдох хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой болно.

Түүнчлэн, хохирогч Д.Ж-н “... ураг зулбасан “ гэх мэдүүлгийг шалгаж, энэ талаар нэмэлт шинжилгээ хийх замаар шинжээчийн дүгнэлт гаргаж, шаардлагатай тохиолдолд шинжээчээс мэдүүлэг авах зэргээр яллагдагчийн үйлдлийн улмаас ураг зулбасан эсэхийг шалгаж, хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй тогтоох нь зүйтэй.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч А.Э-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Үүнээс гадна, гэмт хэрэг хаана үйлдэгдсэн нь тодорхойгүй, прокурорын яллах дүгнэлтэд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 39 Б байрны 36 тоотод уг гэмт хэрэг үйлдэгдсэн гэх боловч хэрэгт авагдсан баримтууд болох хохирогч, яллагдагч нарын мэдүүлэгт өөр байдлаар мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”-ыг зайлшгүй тогтоох шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/143 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч А.Э-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Яллагдагч А.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                   Д.ОЧМАНДАХ

                         ШҮҮГЧ                                                                  Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                  М.АЛДАР