Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 00020

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “ОТК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч Н.Баясгаланд холбогдох

            “Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 14-06-022/09 дугаартай “ Нөхөн төлбөр тооцох тухай” актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагч Н.Баясгалан нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

                                               

            Нэхэмжлэгч “ОТК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ю.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орхон аймгийн мэргэжлийн хяналтын газраас 2016 оны 5 дугаар сард манай компани дээр шалгалт хийхээр тус газрын Улсын байцаагч Н.Баясгалан ирж зохих удирдамжаа танилцуулсан. Бид шалгалтад шаардлагатай гэсэн баримт материалыг шалгуулагчид гаргаж өгсөн. Ингээд шалгалт яваад Улсын байцаагч 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 14-06-022/09 тоот актаа бидэнд танилцуулж гарын үсгээ зурахыг шаардсан. Манай компани актын үндэслэлийг судлаад үндэслэл нь тодорхой биш, актын үндэслэл болгосон барилгын салбарт мөрдөх Хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээ хаана батлагдсан, ямар акт баримт байгаа нь тодорхойгүй, тийм баримт орон нутгийн ҮЭ-ийн холбооноос болон цахим сүлжээнээс олдоогүй тул МХГ-ын Улсын ахлах байцаагчид гомдол гаргасан. Улсын ахлах байцаагч энэ удаа барилгын салбарын 2015-2016 оны Хамтын хэлэлцээр байдаг тухай дурьдаж актыг үндэслэлтэй гэсэн хариу өгсөн. ...Манай компани учир битүүлэг үндэслэлээр төлбөр төлөх үндэслэлгүй, Улсын байцаагчийн акт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4 дэх заалт болон холбогдох бусад хуулийг зөрчсөн гэж үзэж Улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 14-06-022/09 тоот актыг хүчингүй болгуулахаар энэ нэхэмжлэлийг гаргав.” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мэргэжлийн хяналтын газраас 2016 оны 05 дугаар сард “ОТК” ХХК шалгалт хийсэн. Энэ шалгалтаар салбар дундын хэлэлцээрээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлаагүй, нийгмийн даатгалын шимтгэл дутуу, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 11 993 034.24 төгрөгийн актыг Улсын байцаагчийн гаргасан энэ актыг “ОТК” ХХК судалж үзээд үндэслэл муутай байна гээд Улсын ахлах байцаагчид хандсан. Улсын ахлах байцаагч 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр акт үндэслэлтэй гэж ирсэн. Тиймээс энэ актыг “ОТК” ХХК хууль бус гэж үзээд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлд нийгмийн даатгалын байцаагчийн эрх хэмжээг тодорхойлсон байдаг. Энэ байцаагч нийгмийн даатгалын байгууллагад ажилладаг. Энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин олгож байсан болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс өр үүсгэсэн, ажилчдын төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд хугацаанд нь оруулаагүй зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх” талаар заасан байдаг. Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиар үндэсний гурван талт хорооноос тогтоосон хэм хэмжээ гэж ойлгож байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөг байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд  салбарын болон салбар хоорондын  хэлэлцээрээс өөр хэмжээ тогтоосон бол түүнийг дагаж мөрдөх зохицуулалт байгаа. Хяналт шалгалтын явцад ийм тогтоосон юм байгаа гэж үзээд үүнийг мөрдөөгүй гэж акт тавьсан. Хяналт шалгалтын актад хавсрагдсан зүйл нь салбар дундын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 358848 төгрөг гэсэн хүснэгт хавсаргасан. Бид нар Улсын ахлах байцаагчид гомдол гаргахаас өмнө Орхон аймгийн Үйлдвэрчний холбооноос ямар нэгэн хэлэлцээрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчилж мөрдөхөөр ирсэн зүйл байна уу? гэж тодруулахад ийм баримт олдоогүй. Аймгийн Захиргааны нийгмийн хөгжлийн хэлтсээс лавлахад мөн олдоогүй. Мөн үйлдвэрчний веб сайт болон бусад мэдээллээс хайхад барилгын салбарт мөрдүүлэхээр гаргасан акт олж чадаагүй. Ахлах байцаагчийн хариу тайлбар дээр барилгын салбарыг 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн Яаманд бүртгүүлсэн хэлэлцээр байгаа гэсэн. Хариуцагч талаас тайлбараа ирүүлэхдээ ном хэлбэрээр гарсан барилгын салбарын 2016 оны хамтын хэлэлцээр гэсэн баримтыг анх удаа олж харлаа. Энэ барилгын салбарын хамтын хэлэлцээрийн 3.3-т заалтанд барилгын салбарт ажилчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 358848 төгрөгөөс багагүй байх арга хэмжээ авч ажиллана гэсэн заалт байгаа. Үүнийг Мэргэжлийн хяналтын газар  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулинд заасан салбар дундын хэлэлцээрээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж авч үзээд байгаа нь буруу гэж бодож байна. Үүнийг заавал мөрдөхөөр тогтоосон гэж ойлгох боломжгүй. Энэ нь өөрөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т маш ойлгомжтой тусгасан байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагууд харилцан тохиролцож, салбарын болон салбар дундын хэлэлцээрээр энэ хуулийн 5.1-д заасан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоож болно” гэж тодорхой хэлэлцээр хийх эрхтэй субъектүүдэд хуулиараа эрх олгосон.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “ энэ хуулийн 5.3-т заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хамаарах бол түүнээс багагүй үндсэн цалин /хөлс/-г өмчийн төрөл, хэлбэр болон тухайн салбарын ажил олгогч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагад гишүүнчлэлтэй эсэхээс үл хамааран олгоно.” гэж заасан байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “5.3-т заасан төлөөлөн хамгаалах салбарын байгууллагын тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зарлан мэдээлэх үүргийг хэлэлцээр байгуулагч талууд хүлээнэ.” гэж заасан. Би яагаад түрүүн олдохгүй байсан гэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчлөн тогтоосон бол чиглэл чиглэлийн салбарт хүргүүлж, мөрдүүлэх үүргийг энэ хэлэлцээрт оролцсон талуудад хуулиар хүлээлгэсэн.  Барилгын Үйлдвэрчний холбоо, Монголын үйлдвэрчний холбоо гэдэг байгууллагууд аймгийн Үйлдвэрчний холбоогоор, бусад салбараар дамжуулаад хэлэлцээрийг мөрдүүлэхийг эрмэлзэх ёстой. Барилга, хот байгуулалтын яам аймаг, хотын нийгмийн хөгжлийн хэлтсээр юм уу дамжуулан ирүүлэх хэрэгтэй. Ингээд ирсэн бол хэлэлцээрийг мөрдөх ёстой юм байна гэж үзнэ. Мөрдөх гээд байгаа хэм, хэмжээ нь олдохгүй, хаана ч мөрдүүлэхээр байхгүй байгаа тул мөрдөх шаардлага байхгүй. Тухайн актаар хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ нь төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд “Улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг захиргааны тухайн хяналтын хууль тогтоомжоор тогтооно.” Энэ нь Улсын байцаагчийн эрх  болохоос тодорхой хариуцлага оноох үндэслэл болж чадахгүй байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтыг баримталсан. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 гэсэн заалт байхгүй. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 гэсэн заалт байгаа. 20 дугаар зүйлийн 20.1.3-д “тооцооны алдаа гаргаснаас шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойшхи хугацааны хоног тутамд О,1 хувийн алданги ногдуулах боловч алдангийн нийт хэмжээ дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан байгаа. Энд бол ямарч тооцооны алдаа байхгүй байгаа. Тооцооны алдаа бол өөр асуудал. Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн энэ асуудал нь эрх зүйн хувьд буруу байна. Өнөөдөр энэ Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн актын эрх зүйн үндэслэлийг анхаарах ёстой. Захиргааны байгууллагын шийдвэрт захирамж, шийдвэр, захиргааны гэрээ,  захиргаа хэм хэмжээ тогтоосон акт ордог. Захиргааны гэрээ гэдэг бол нэг талд нь нийтийн захиргааны субъект оролцож байгаа аливаа гэрээг захиргааны гэрээ гэж байгаа. Өнөөдрийн хамтын энэ хэлэлцээр бол захиргааны гэрээнд хамаарч байгаа. Захиргааны гэрээ нь захиргааны гэрээнд оролцогч талууд эхлээд уг гэрээнийхээ дагуу хариуцлагаа хүлээдэг. Дараа нь салбар байгууллага  хариуцлага хүлээх талаар яригдана. Тухайн акт нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т дахь  заалтыг зөрчсөн байна. Эрх зүйн үндэслэлийн хувьд Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.3-дэхь заалтыг зөрчсөн. Тиймээс Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Н.Баясгаланд холбогдох “мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 14-06-022/09 дугаар актыг хуульд нийцээгүй тул хүчингүй болгож өгнө үү.”  гэв.                      

            Хариуцагч Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч Н.Баясгалан  шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “Би “ОТК” ХХК-д хяналт шалгалт хийсэн. “ОТК” ХХК дээр ганцаараа хяналт шалгалт хийгээгүй. Манай хяналт шалгалт бол өмнөх оныхоо 12 дугаар сард улс даяар зарлагдаад шадар сайдаар батлагдсаны дараа хийгддэг журамтай. “ОТК”  ХХК  2015 оны 12 дугаар сард хяналт шалгалт явагдсан. “ОТК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг уншиж ойлгохдоо салбар, болон салбар дундын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг мэдэхгүй, мэдэх гэж хайсан боловч олдохгүй байна. Тиймээс энэ акт хүчингүй байна гэж ойлгосон учраас хяналт шалгалтын талаархи мэдээлэл болон үндэслэлүүдээ шүүхэд бичиж өгсөн байгаа. “ОТК” ХХК-ийн актын үндэслэл дээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дугаар заалтыг үндэслэсэн. Учир нь салбарын байцаагч нар акт тавихдаа өөрийнхөө салбарын хууль тогтоомжийг үндэслэх эрхийг бид нарт олгосон байдаг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т Улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг захиргааны тухайн хяналтын хууль тогтоомжоор тогтооно. Үүнийг дурьдаад Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д заалтыг баримталсан байгаа. Яагаад би тооцооны алдаа гэж үзсэн юм бэ гэхээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан байгаа. Би нэмж илэрсэн тохиолдолд алданги гаргуулах ёстой байсан. Тэгээд цаашид ийм зөрчил гаргахгүйн үүднээс хяналтын хуудас гаргасан байгаа. Хяналтын хуудсаар “ОТК” ХХК бага эрсдэлтэй үнэлэгдсэн. Шалгалтын явцад цалин хөлсний нягтлан бодогч Б.Гоомаралд үүссэн зөрчлийн талаарх мэдээллийг мэдэгдэхэд захиралдаа мэдэгдэнэ гээд маш их удсан. Дараа нь манай байгууллага салбар болон салбар дундын  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг олохгүй байна, актыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар ирсэн. “ОТК” ХХК-ийг маш удаан хүлээсэн хугацаа их алдсан тиймээс актаа бичсэн. Тэгээд актан дээрээ “ОТК” ХХК-ийн даргаар гарын үсэг зуруулах гэсэн юм гээд утсаар ярихад акттай чинь танилцъя актаа манай нягтланд өгөөд явуулчих гэж хэлж байсан. Актаа явуулсан бас маш их удсан. Тэгээд манай ахлах байцаагчид мэдэгдэл ирсэн байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн төлөгдөөгүй өөр 131,2 сая төгрөгт Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас өгсөн чиглэл зорилгын хүрээнд зөвлөгөө өгч захирал Я.Энхбаатартай зөвлөлдөж төлөх боломжтой сарыг сонгон, хүсэлтийг үндэслэн тухайн шалгалтыг ахлаж ажилласан Улсын байцаагчийн хамтарсан 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 14-07025/110 дугаартай албан шаардлагаар 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаа өгч ажиллаж байгаа. Салбар болон салбар дундын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг мэдэхгүйдээ юм уу, яагаад төлөхгүй гэж байгааг ойлгохгүй байна. Салбар болон салбар дундын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2015 онд батлагдаад хамтын гэрээ хэлэлцээрээр гарын үсэг зурагдаад гарсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “ОТК” ХХК “Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн 14-06-022/09 дугаартай “Нөхөн төлбөр тооцох тухай” актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

            Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч “ОТК” ХХК-д “Нөхөн төлбөр тооцох тухай” 14-06-022/09 дугаартай актыг Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7, 16.8 дугаар заалтыг үндэслэн хүчин төгөлдөр үйлчилж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх хувь хэмжээгээр төлсөн боловч “Салбар болон салбар дундын хэлэлцээрээр нэмэгдүүлэн тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /358848 төгрөг/-гээр сул зогсолтод хамрагдаж буй ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй” гэх үндэслэлээр акт тавьжээ. /ХХ-ийн 5-7 дугаарт/

            Хариуцагч Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагууд харилцан тохиролцож, салбарын болон салбар дундын хэлэлцээрээр энэ хуулийн 5.1-д заасан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоож болно” гэж заасан байдаг учраас салбар болон салбар дундын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Барилгын салбарын 2015-2016 оны хамтын хэлэлцээр”-ийн 3.3-д “Барилгын салбарт ажиллагсдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 358848 төгрөгөөс багагүй байлгах арга хэмжээг авч ажиллана.” гэсэн нь барилгын салбарт ажиллагсдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 358848 төгрөгөөр тогтоосон гэж тайлбарласан болно.

            Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтооно.” гэж заасан. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг хуульчлан тодотгожээ.

            Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, өөрчлөх саналыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороонд төлөөлөл бүхий аль нэг тал, эсхүл талууд хамтран гаргаж болно.” гэж зааснаас үзэхэд барилгын салбарын дээрхи хэлэлцээр нь барилгын салбарт ажиллагсдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчлөх санал, энэ талаар судалгаа хийж, асуудал дэвшүүлэх баримт бичиг гэж үзэх үндэстэй. Энэ нь хэлэлцээрийн 6.3 “Хэлэлцээрийн үр дүнг хагас, бүтэн жилээр нэгтгэн дүгнэж, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороонд хүргүүлэх”, 6.6 “Энэхүү хэлэлцээрт тусгасан асуудлыг талууд ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ...” гэж тус тус зааснаас тогтоогдож байна гэж үзлээ.

            Гэтэл хариуцагч Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч Н.Баясгалан  2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Барилгын салбарын 2015-2016 оны хамтын хэлэлцээр”-ээр барилгын салбарт ажиллагсдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 358848 төгрөгөөр тогтоосон гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

            Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон тохиолдолд түүнийг дагаж мөрдүүлэхээр заасан өдрөөс, ... мөн энэ хуулийн 5.3-т заасан төлөөлөн хамгаалах салбарын байгууллагын тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зарлан мэдээлэх үүргийг хэлэлцээр байгуулагч талууд хүлээнэ.” гэж заасан байгаагаас дүгнэхэд хэрэв барилгын салбарт ажиллагсдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчлөн 358848 төгрөг болгосноо зарлан мэдээллэх үүргээ хэлэлцээр хийсэн талууд гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

             Нэгэнт хэлэлцээрт оролцсон талууд хуулинд заасан зарлан мэдээллэх  үүргээ гүйцэтгээгүй байхад барилгын салбарт ажиллагсдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Барилгын салбарын 2015-2016 оны хамтын хэлэлцээр”-ээр өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. Хэлэлцээрт оролцсон талууд үүргээ биелүүлээгүй байхад нэхэмжлэгч байгууллагыг буруутгах үндэслэлгүй.

            Нэхэмжлэгч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д  “Улирлын шинжтэй ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг цалин хөлсний доод хэмжээгээр тооцож ажил олгогч төлнө.” гэсэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу сул зогсолтод хамрагдаж буй ажилтан нэг бүрийн нийгмийн даатгалын шимтгэлд 192000 төгрөг төлснийг буруутгах боломжгүй.   

            Иймээс нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 14-06-022/09 дугаартай “ Нөхөн төлбөр тооцох тухай” актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

            Шүүх хуралдаанд оролцсон гэрч “... нийгмийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д заасны дагуу тооцож авна. Бид хуулинд захирагдана...” гэж мэдүүлсэн, хавтаст хэрэгт авагдсан зарим баримтуудыг нотлох баримтаас хасч захирамж гаргасан болохыг тус тус дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

             

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

            1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 8 дугаар зүйлийн 8.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “ОТК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  “Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 14-06-022/09 дугаартай “ Нөхөн төлбөр тооцох тухай” актыг хүчингүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Орхон аймгийн төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  “ОТК” ХХК-д олгосугай. 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.БОЛОРМАА