Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 440

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Үүрцайхад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Ж.Бүрэнжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажавын даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Бүрэнжаргалын бичсэн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 6 тоот улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Үүрцайхад холбогдох эрүүгийн 201501070382 дугаартай хэргийг 2015 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ухаа Балжирынхан овогт Батбаатарын Үүрцайх, 1989 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн ашигт малтмал, эрчим хүчний сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 864/А тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: /ЛЮ89110972/;

 

Б.Үүрцайх нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны шөнийн 01 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чулуун” карьерийн хойд талын асфальтан замд "Ниссан Пресажи" загварын 43-24 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөний аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, мөн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Хэрэв жолоочийн нүд гялбасан, зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, уг зам дээр эвдрээд зогсож байсан "Хьюнда майти" загварын 18-63 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, хохирогч Э.Баттогтохын бие махбодид хүндэвтэр, хохирогч Б.Өлзийбаатарын бие махбодид хүнд гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Багануур дүүргийн прокурорын газраас: Б.Үүрцайхад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах байдлууд тогтоогдов. Үүнд:

1. Хавтаст хэрэгт шинжээчийн 3 дугаартай дүгнэлт болон шинжээч нарын гаргасан 137 дугаартай дүгнэлтүүд зөрүүтэй. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Батзориг мэдүүлэхдээ “...миний хувьд Б.Өлзийбаатар нь явган зорчигч биш гэж үзсэн, ... аль зөрчил нь Эрүүгийн хууль зөрчсөн, захиргааны зөрчил эсэхийг тодруулах боломжгүй. ...” гэж мэдүүлсэн, харин мөрдөн байцаалтын шатанд “... Б.Өлзийбаатар нь замын хөдөлгөөнд оролцоогүй, ... Баттогтохын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь захиргааны зөрчлийн шинжийг агуулсан байна. ..." гэж мэдүүлжээ. Иймд дээрх мэдүүлгүүдийн зөрүүг гаргах, Б.Өлзийбаатар нь явган зорчигч эсхүл тээврийн хэрэгслийн зорчигч аль нь болох нь эргэлзээтэй байх тул энэ асуудлыг тодруулах шаардлагатай.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Баттогтох нь “... ослын тэмдэг тавьсан ...” гэж, шүүгдэгч Б.Үүрцайх нь “... замын хажууд ослын тэмдэг байхаар нь авч машиныхаа ард тавьсан. ...” гэж мэдүүлсэн, гэрч О.Оюунболдын мэдүүлэгт “...ослын тэмдэг тавьсан боловч тэр нь газар унасан байсан. ...” гэж, гэрч М.Лхагвадоржийн мэдүүлэгт “... “Майти” загварын тээврийн хэрэгсэл ослын тэмдэг тавьсан гэх ба байсан үгүй нь тодорхойгүй 2 жолооч маргаж, замын баруун гар талд “Майти” загварын автомашинаас ойролцоогоор 3 орчим метрийн зайд шороон далан дээр байсан. ...” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтэд ослын зогсолтын тэмдэг дурдагдаагүй /шинжээч Б.Батзориг “...хэрэгт авагдсан баримт, гэрэл зурагт ослын тэмдэг байгаагүй...” гэж мэдүүлсэн/ байх тул гэрчүүдийг дахин байцааж, ослын зогсолтын тэмдэг байсан эсэх, байсан бол ямар замд ямар хэмжээтэй тавьсан байсан зэргийг тодруулах шаардлагатай байна.

3. 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор иргэний нэхэмжлэлийг хангуулах зорилгоор Б.Үүрцайхын эзэмшлийн 43-24 УНБ улсын дугаартай цагаан өнгийн "Ниссан Пресажи" загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэн, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл хөтлөн ирүүлсэн боловч уг тээврийн хэрэгслийн үнэлгээг хийлгүй, үнэ тогтоогоогүй орхигдуулсан байна.

4. “Майти” загварын автомашин мөргөгдөх үед урагшаа хэдэн метр явсан болон түүнийг мөргөсөн автомашины хурдыг тогтоох боломжтой эсэх тал дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Батзориг “...хурдыг тодорхойлохын тулд тодорхой хэмжээний бодолт хийх шаардлагатай. ...” гэсэн мэдүүлэг болон бусад баримтыг үндэслэн бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, "Ниссан Пресажи" загварын автомашины хурдыг тогтоох.

Иймд эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Б.Үүрцайхад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201501070382 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Үүрцайхад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Бүрэнжаргал бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. Замын цагдаагийн газрын шинжээчийн нарын 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаартай дүгнэлтэд “... 3 тоот дүгнэлт үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн 18-63 ДОР улсын дугаартай "Хьюнда майти" загварын тээврийн хэрэгслийн зорчигч Базаргүрийн Өлзийбаатарыг замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна" гэж дурдсан байдаг. /хх-ийн 216-217 дугаар хуудас/. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч Б.Батзориг 137 дугаартай шинжээчийн дүгнэлтээ тайлбарлахдаа "...Б.Өлзийбаатар нь тухайн автомашинд сууж байсан зорчигч мөн гэж хэлснээс явган зорчигч гэж тайлбарлаж хэлээгүй, шинжээчийн 3 дугаартай дүгнэлт үндэслэлгүй гарсан гэж үзэж байна, энэ хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл бол Б.Үүрцайхын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2, 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтыг зөрчсөний улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдэн гарсан байна" гэж мэдүүлсэн. Шинжээчийн 3 тоот дүгнэлтийг 137 тоот дүгнэлт үндэслэлгүй гэж дүгнэсэн ба прокуророос 137 тоот дүгнэлтийг яллах талын гол нотлох баримт болгосон. Мөн хэрэг үйлдэгдэн гарсан хамгийн гол шалтгаан нөхцөл нь Б.Үүрцайхын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас гэмт хэрэг үйлдэгдэн гарсан байгаа. Б.Өлзийбаатар явган зорчигч эсхүл тээврийн хэрэгслийн зорчигч аль нь болох нь энэ гэмт гарахад нөлөөлсөн ямар ч шалтгаан нөхцөл болоогүй. Б.Өлзийбаатарыг явган зорчигч биш гэж шинжээчийн 137 тоот дүгнэлт дүгнэсэн. Шинжээч Б.Батзоригийн “Б.Өлзийбаатар нь явган зорчигч биш, аль зөрчил нь Эрүүгийн хууль зөрчсөн, захиргааны зөрчил эсэхийг тодруулах боломжгүй" гэсэн, харин мөрдөн байцаалтын шатанд "...Б.Өлзийбаатар нь замын хөдөлгөөнд оролцоогүй, ...Баттогтохын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь захиргааны зөрчлийн шинжийг агуулсан байна" гэж мэдүүлсэн нь эргэлзээтэй байна гэж дүгнэсэн. Б.Өлзийбаатар явган зорчигч юм уу, тээврийн хэрэгслийн зорчигч юм уу гэдгийг тодруул гэж буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан өөрийн хууль зүйн дүгнэлтийг хийх учиртай. Энэ тохиолдолд шүүх өөрийн дотоод итгэлээр хууль зүйн дүгнэлтийг хийх бүрэн боломжтой байсан. Шинжээч хууль зүйн дүгнэлтийг хийх эрхгүй субъект.

2. Хохирогч Б.Баттогтох 3 метрийн зайд болон өөрийн эвдэрсэн машины ард ослын гурвалжинг тавьсан гэдгийг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, дахин гэрчүүдийг байцааж, ослын зогсолтын тэмдэг байсан эсэхийг тодруулах шаардлагагүй гэж үзэж байна. Энэ гэмт гарахад нөлөөлсөн гол шалтгаан нөхцөл нь Б.Үүрцайхын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг зөрчсөн үйлдэл. Б.Үүрцайх нь аюул, саад учирсан тохиолдолд буюу уг зогсож байсан тээврийн хэрэгслийг хараад л тээврийн хэрэгслийн хурдыг хасах буюу шууд зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй. Ослын тэмдэг тавьсан байсан ч, тавиагүй байсан ч дээрх үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйгээс л энэ осол гарсан байгаа.

3. Б.Үүрцайхын эзэмшлийн 43-42 УНБ дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, “Сэлэнгэ эстимэйнт” компаниар хохирлын үнэлгээ хийлгэхдээ зах зээлийн үнэлгээг давхар хийлгэсэн байгаа болно. /хх-ийн 20-24 дүгээр хуудас/,

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт "Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана" гэж заасан байхад шүүх мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт "Ниссан Пресажи" загварын автомашины хурдыг тогтоолгох талаар шүүх хуралдаанд оролцсон талууд маргаж, тодруулах талаар хүсэлт гаргаагүй байхад хурдыг тогтоо гэж буцаасан нь үндэслэлгүй бөгөөд дээрх автомашины хурдыг тогтоосноор яллагдагчийн хууль зөрчсөн үйлдлийг нотлоход ач холбогдолгүй юм. Өөрөөр хэлбэл, яллагдагч Б.Үүрцайх нь Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан "Жолооч хөдөлгөөний аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг, мөн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт "Хэрэв жолоочийн нүд гялбасан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно" гэсэн заалтыг зөрчсөн болох нь шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар тогтоогдсон болно.

Мөн шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт "Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсэний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ" гэсэн заалтыг зөрчиж, шүүх хуралдаанд гаргасан баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлээгүй гаргасан шийдвэр нь хууль зөрчиж гарсан шийдвэр тул Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг замын хөдөлгөөнд оролцож байсан гурван хүний буруутай үйлдлээс болж гарсан. Б.Үүрцайх Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 15.1 дэх заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй бөгөөд үүнд маргаан байхгүй. Мах ачиж явсан “Майти” загварын автомашины жолооч Баттогтох Замын хөдөлгөөний дүрмийн “жолооч замын хөдөлгөөнд оролцож байхдаа эвдрэл гарсан тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, автомашинаас 30 метрээс багагаүй зайд дохионы тэмдгийг тавьж, арын гэрлийг асаах” гэж заасныг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан. Хавтаст хэрэгт авагдсан фото зургаас харахад Баттогтох замаа гүйцэд чөлөөлж автомашинаа тавиагүй байсан бөгөөд автомашинаа замаас чөлөөлж тавих боломж байсан нь харагддаг. Хохирогч Өлзийбаатар нь “Майти” загварын автомашины зорчигч мөн боловч осол гарах үед явган зорчигчийн хувиар замын хөдөлгөөнд оролцож байсан. Тэрээр явган зорчигч ойртон ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрөөж зам хөндлөн гарах талаар зохицуулсан Замын хөдөлгөөний дүрэмд заасан журмыг илтэд зөрчиж, зам дээр байж байгаад мөргүүлсэн. Аливаа гэмт хэрэг үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгддэг. Баттогтох, Өлзийбаатар нар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдэн Б.Үүрцайхын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд их хэмжээний хохирол учирсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнөөс бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан байх, эсвэл үлэмж хэмжээний хохирол учирсан байх бүрэлдэхүүний шинжийг шаарддаг. Иймд Баттогтох, Өлзийбаатар нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэх, хэрэв уг зүйлд заасан гэмт хэрэг биш бол Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн буруутай үйлдлийг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоолгох нь эрх зүйн ач холбогдолтой. Эдгээр хүмүүс эрүүгийн гэмт хэрэгт гэм буруутай эсэх, захиргааны зөрчил гаргасан эсэхээс үл хамааран хохирлыг хуваан хариуцах эрх зүйн ач холбогдолтой юм.  Шинжээч Өлзийбаатарыг автомашинд сууж байсан гэж буруу ойлгож, дүгнэлт хийснээс болж Өлзийбаатар, Баттогтох нар буруугүй юм гэдэг байдлаар хэргийг шалгасан. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна гэж үзэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй байна.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан мөрдөн байцаалтын ажиллагаануудыг хийж гүйцэтгэсний дараа шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь хэргийн үйл баримтын талаар бодитой дүгнэлт хийх нөхцөлийг бүрдүүлэхээр байна.  

 

Харин шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1 дэх хэсэгт заасан “шинжээчийн 3 дугаартай дүгнэлт болон шинжээч нарын гаргасан 137 дугаартай дүгнэлтүүд зөрүүтэй, шинжээч Б.Батзоригийн мэдүүлгүүдийн зөрүүг арилгах, Б.Өлзийбаатар нь явган зорчигч эсхүл тээврийн хэрэгслийн зорчигч аль нь болохыг тодруулах шаардлагатай” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 тоот, 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 137 тоот тус тус дүгнэлтэд Э.Баттогтох, Б.Үүрцайх нар нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар тус тус тусгагдсан байх бөгөөд дээрх дүгнэлтүүдэд үндэслэн тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчиж, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан байх шинжийг агуулсан байдаг.

 

Э.Баттогтох, Б.Үүрцайх нарын хууль, дүрэм зөрчсөн үйлдэлд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчлэх нь хэргийн жинхэнэ байдалтай нийцүүлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зорилт, зарчимд нийцнэ гэж үзлээ

 

Иймд хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1 дэх хэсгийг хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийн 1 дэх хэсгийг хүлээн авч, эсэргүүцлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Гэрч Т.Мөнхтуяагийн мэдүүлгийн хуулбарыг яагаад хэрэгт хавсаргасан, эх хувь хаана байгаа талаар мөрдөн байцаагч тэмдэглэл үйлдэн тайлбар хийж, хэрэгт хавсаргах.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаар шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийн 1 дэх хэсгийг хүлээн авч, эсэргүүцлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.                             

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ   

                                    

                          ШҮҮГЧИД                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                        

                    Т.ӨСӨХБАЯР