Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2018/0012

 

2018 оны 01 сарын 03 өдөр          Дугаар 221/МА2018/0012 Улаанбаатар хот

С.Л-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч С.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0784 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Л нэхэмжпэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0784 дүгээр шийдвэрээр: Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Л “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/306 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгээр илт хууль бус болохыг тогтоолгох, өмнөх албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байх хугацааны цалинг олгуулах” шаардлага бүхий нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжпэгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0784 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ... Орхон аймаг дахь Цагдаагийн газрын дэд хурандаа Д.М-ын явуулсан шалгалтаар тогтоосон байх бөгөөд зөрчлийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, С.Л-г төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулсан нь дээрх хууль, дүрэмд нийцсэн байна. ...С.Л нь Орхон аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/125 дугаар “С.Л-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар сахилгын шийтгэл авагдаж байсан бөгөөд уг сахилгын шийтгэлгүй болох хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад дахин давтан сахилгын зөрчил гаргасан болох нь ... тогтоогдож байна. ...зэрэг нөхцөл байдлыг үнэлэн шийдвэр гаргасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт бөгөөд гэмт хэрэг үйлдсэнийг тогтоогдсон мэтээр хэт өрөөсгөлөөр үнэлснийг эс зөвшөөрч байна.

Гэтэл Орхон аймаг дахь Цагдаагийн газрын дэд хурандаа Д.М-ын явуулсан шалгалт нь цагдаагийн байгууллагын дүрэм журмыг зөрчсөн, албаны шалгалт хийхдээ прокурорын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг үндэслэсэн байдаг бөгөөд албаны шалгалт нь прокурорын тогтоол гарахаас өмнө хийгдсэн байдаг. Түүнчлэн Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1, .2, 3.3, 6.1 болон Цагдаагийн байгууллагын журам кодын 911-ийн 6.2, 911.6.3, 911.7.2, 911.7.3, 911.7.5 дахь заалтуудыг зөрчин албаны шалгалт хийсэн байх бөгөөд уг шалгалт нь хуульд нийцээгүй, албан хаагчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн байгаа нь сахилгын шийтгэл өмнө нь авагдсан гэж буруутгах үндэслэл болохгүй юм.

Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэр гаргах хүртэл хариуцсан ажпаа хийж чадах уу гэх асуултад “чадна” гэж хариулсан нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/306 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал гарсныг мэдээгүй, танилцуулаагүй гэх үндэслэл болохгүй гэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт гэж үзэхээр байна. Тухайн үед ямар нэг шийдвэр гарна гэсэн нь ажлаас халах сахилгын шийтгэл шүү гэсэн үг биш бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/306 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаа гардуулан өгч гомдол гаргах эрхийг эдлэх боломжийг олгох ёстой байтал одоог хүртэл гэж хэлж болохоор дээрх тушаалыг албан ёсоор надад гардуулаагүй болно.

Мөн анхан шатны шүүх ... 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5/184 дүгээр прокурорын тогтоолоор нэхэмжлэгчийг хулгайн гэмт хэрэг хийсэн гэдгийг тогтоосон, мэдүүлэг өгсөн хүмүүст хууль сануулж мэдүүлэг авсан тул уг баримтыг албаны шалгалтын материалд авагдсаныг буруутгах үндэслэлгүй.... гэсэн дүгнэлтийг хууль бус гэж үзэж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтоодог байтал шүүгч нь өөрийн үзэл бодлоо илэрхийлж байгаа нь зохисгүй болно. Эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгасан гэх баримтыг яаран яаран гаргахдаа үнэхээр гэмт хэрэг эсэхийг тодруулсан нь тодорхойгүй, уг эд хөрөнгө шүүхийн эд хөрөнгөнд бүртгэлтэй эсэх, бүртгэлтэй бол ямар үнэлгээтэй байсан эсэхийг тодорхойлж байж хулгайн гэмт хэрэг эсэхийг тогтоох байтал ямар ч шалтгаант холбоог олж тогтоогоогүй тул гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх үндэслэл байхгүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0784 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжпэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжпэгч С.Л “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Б/306 дугаар тушаалыг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгээр илт хууль бус болохыг тогтоолгох, өмнөх албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжпэл гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх уг шаардлагын хүрээнд нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/306 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.1, 81.4.2, 81.4.4, 81.4.5 дахь заалт, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам”-ын тавдугаар зүйлийн 5.2.2-т заасныг тус тус үндэслэн Орхон аймаг дахь цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, цагдаагийн ахмад С.Л-г Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.5, 12.12, 13 дугаар зүйлийн 13.19-д заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газраас “Танай байгууллагын нэр бүхий албан хаагчид шүүх байгууллагын эзэмшлийн хашаанаас 4 ширхэг бетонон хавтанг хувьдаа ашиглах зорилгоор эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй, нууцаар албаны машин ашиглан авч гарсан байна. Холбогдох арга хэмжээг авч өгнө үү” гэсэн албан бичгийг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт ирүүлсний дагуу албаны шалгалт явуулж, нэхэмжпэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн даргаар ажиллаж байсан цагдаагийн ахмад С.Л-ыг тухайн асуудалд холбогдсон болохыг тогтоож, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын даргын ээлжит бус зөвлөлийн хурал, мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын ээлжит бус зөвлөлийн хурлаар тус тус хэлэлцүүлж, түүнийг цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан байна.

Тодруулбал, Хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.М уг асуудлыг шалгаад прокурорын хяналтад ирүүлснийг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5/184 дүгээр прокурорын тогтоолоор С.Л, М.Б, Н.Э нар нь бүлэглэн 4 ширхэг явган хүний замын бетонон хавтанг шүүхийн хашаанаас хулгайлсан болох тогтоогджээ.

Мөн тогтоолд “Бусдын эд зүйлсийг хулгайлсан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нь Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэргийн бага бус хэмжээний хохиролд хүрэхгүй байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлгүй байна” гэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, С.Л, М.Б, Н.Э нарт Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар захиргааны арга хэмжээ ногдуулахыг мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.М даалгаж шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон байна.

Мөн түүнийг сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан гэсэн нь үндэслэлтэй байх ба маргаан бүхий захиргааны актаар “төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан энэ хуулийн 13 ... дугаар зүйлд заасныг зөрчсөн ... тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан ... сахилгын шийтгэл ... ногдуулах”-аар, “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 6.3-т “сахилгын шийтгэлгүй тооцох хугацаа дуусаагүй байхад сахилга, ёс зүйн зөрчил давтан гаргасан нь хүндрүүлэх нөхцөл болох”-оор заасантай нийцжээ.

Нэхэмжпэгч нь төрийн тусгай албаны цагдаагийн албан хаагчийн хувьд Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.5-д “...хууль бус үүрэг даалгавар өгсөн” болох нь хэргийн оролцогчдын оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд Анхан шатны шүүх дээр дурдсан Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хууль, “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн холбогдох заалтуудыг маргааны үйл баримтуудад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэснээр шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасан байна.

Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн “...шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор харьцуулан үзээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэххэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0784 дүгээр шийдвэрийн хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжпэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ