| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/03751/И |
| Дугаар | 192/ШШ2025/03640 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/03640
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М******* ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Цалин хөлс 28 000 000 төгрөг гаргуулах тухай,
Хариуцагч: М ХХК-ийн
Нэхэмжлэгч:Д.Т -т холбогдох,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Сургалтын төлбөр болон сургалттай холбоотой бусад зардалд нийт 13 773 670 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
Хариуцагчийн өмгөөлөгч О.У******* шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул зохигч талуудын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Т******* нь хариуцагч М******* ХХК-д холбогдуулан цалин хөлс 28 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Д.Т******* нь 2007 оны 07 дугаар сараас эхлэн М******* ХХК-д ажилд орсон бөгөөд Засвар үйлчилгээний хэлтсийн кран, өргөх тоног төхөөрөмжийн засварын албаны ахлах мэргэжилтэн албан тушаалтай ажиллаж байсан. Гэтэл 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр компанийн дотоод сүлжээгээр 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Д.Т*******ийн цалин хөлсийг 500 000 төгрөгөөр бууруулсан гэж мэдэгдсэн. Тиймээс Д.Т******* нь ажлаас халагдах хүсэлт гарган өгсөн боловч М******* ХХК нь одоог хүртэл цалин хөлс бууруулсан тушаал өгөөгүй, мөн ажлаас халсан тушаал гаргасан гэх боловч ажилтанд өгөхгүй байгаагаас Д.Т*******ийн эрх ашиг зөрчигдөж байна. Ингээд Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гарган хуралдуулсан боловч талууд харилцан тохиролцож чадаагүй. Иймээс ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон болон цалин хөлс бууруулсан тухай тушаалыг гаргаж өгөхгүй байгаа тул Д.Т*******т 2023 оны 12 дугаар сарын цалингийн зөрүү 4 000 000 төгрөг, 2024 оны 2 дугаар сарын цалин 8 000 000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын цалин 8 000 000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын цалин 8 000 000 төгрөг, нийт 28 000 000 төгрөгийг М******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэсэн.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч нь ажлаас халсан тушаалыг гаргаагүй, иймд тушаал гараагүй учраас ажиллаж байсанд тооцох учраас цалин нэхэмжилж байгаа. Нэг сарын цалин бол 8 000 000 төгрөг байгаа юм. 2023 оны 12 сарын зөрүү 4 000 000 төгрөг, 2023 оны 12 сард бүтэн ажилласан, 2024 оны 1 сарын цалинг олгосон. 2024 оны 02, 03, 04 сарын цалин 8 000 000 төгрөг нийт 24 000 000 төгрөг байгаа. 2024 оны 01 сард ажлаас гарсан. 2024 оны 3 сард Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан, 2024 оны 4 сард шүүхэд хандсан байгаа.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Сургалтад гэрээгээр явсан, 3 жилийн хугацаанд тогтвортой ажиллах ёстой гэсэн байсан, 5 жил ажилласан учраас зөвшөөрөхгүй, бусдын зардлаар хөрөнгөжсөн зүйл байхгүй. 2024 оны 1 сард ипотекийн зээл гарсан боловч компаниас тодорхойлолт олгоогүйгээс гомдсон. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон өдөр хүлээлгэн өгөх, цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй байдаг боловч хариуцагч нь энэ үүргээ биелүүлээгүй, ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон талаар тушаалыг өгөөгүй учраас түүний цалинг нь олгох үүрэгтэй. Тиймээс ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон гэдэг нь үндэслэлгүй. Мөн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь сургалтад гэрээгээр явсан, 3 жилийн хугацаанд тогтвортой ажиллах ёстой гэсэн байсан, гэтэл 3 байтугай 5 жил ажилласан учраас зөвшөөрөхгүй, бусдын зардлаар хөрөнгөжсөн зүйл байхгүй. Компани өөрсдийнхөө ажилчдын ур чадварыг дээшлүүлэхээр ажилчдаа сургалтад хамруулчихаад дараа нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхээд байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчид 2024 оны 1 сард ипотекийн зээл гарсан боловч компаниас тодорхойлолт гаргаж өгөөгүйгээс гомдсон асуудал байдаг юм билээ. Хариуцагч компани нь олон жил ажиллаж байгаа ажилтнаа дэмждэггүй, цалин хөлс хасдаг, үндэслэлгүй хөрөнгө мөнгө нэхдэг асуудал байдаг юм байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, сургалтын гэрээгээр ажилласан, гэтэл үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани тус нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
1.Нэхэмжлэгч Т******* нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1-д түүний үндсэн цалин 3 750 000 төгрөг гэсэн байна. Гэвч нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр цалинд 28 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь нотлогдохгүй байна.
2.Нэхэмжлэгч Т******* нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 79.2-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан гэж үзэх тул нэхэмжлэлд дурдсан 2024 оны 2,3,4 дүгээр сарын цалинг нэхэх эрхгүй байна.
3.Мөн Т******* нь Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 13-р зүйлийн 13.20 зүйл болон Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-р зүйлд заасны дагуу хүлээлгэн өгөх ёстой зүйлсээ хүлээлгэн өгөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй.
4.Түүнчлэн Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 13.17-д зааснаар эрхэлж байсан ажил, багаж хэрэгсэл, хариуцаж байсан тоног төхөөрөмж баримт бичгийг бүрэн гүйцэт хүлээлгэн өгөөд Халагдах тушаа авах санал тавьсан боловч дээрх бүгдийг бүрэн гүйцэд хүлээлгэн өгөлгүй ажлын байраа орхин явсан байна.
5.Хөдөлмөрийн гэрээний 6.2.18-д, мөн Хөдөлмөрийн гэрээний 6.2.25-д заасныг зөрчин нэхэмжлэгч нь манай компанид ажиллаж байхдаа давхар 2 газар ажиллаж байсан нь түүний нийгмийн даатгалын хуулгаас харагдах бөгөөд тэрхүү даатгал төлөгч Ө******* ХХК-н Т*******ийн ажиллаж байсан төсөл дээр түүний гүйцэтгэж байсан өргөх лифтний ажилтай ижил төрлийн ажил үйлчилгээг үзүүлдэг компани байна.
6.Манай компани Т*******ийг ажиллах таатай нөхцөл бололцоогоор бүрэн хангаж байсны зэрэгцээ мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлж Герман улсад суралцуулах бүх зардлыг 100 хувь хариуцаж төлсөн байдаг. Гэвч Т******* нь байгууллагын зардлаар суралцаж олж авсан мэдлэг, ур чадвараа байгууллагын төлөө зориулж хамт ажиллаж байгаа залуу ажилчдад зааж сургах байтал ёс зүйгүй хандаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т******* нь нь манай М ХХК-д анх 2007 онд М ХХК-д механикч албан тушаалд ажиллаж эхэлсэн ба 2013 оноос М ХХК-д краны инженер, краны хяналт хариуцагч, 2020 оноос М******* ХХК-д ахлах мэргэжилтэн албан тушаалд тус тус ажиллаж байсан. Манай компани нь Д.Т*******ийг тогтмол сургалтад хамруулж үргэлж дэмжиж ирснээс гадна ХБНГУ-д 2018 оны 08 дугаар сарын 25-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 15-ний өдрийн хооронд болсон нийт 22 өдрийн нийт 2,100.00 USD буюу тухайн үеийн ханшаар 5 384 400 төгрөгийн төлбөртэй сургалтад суралцуулсан бөгөөд уг сургалтын төлбөрийг 100% төлж өгсөн. Мөн Д.Т*******ийн ХБНГУ-руу явах замын зардалд 2018 оны 08 дугаар сарын 23-ний өдөр 2 700 000 төгрөг, визийн хураамж, даатгалын төлбөрт 2018 оны 08 дугаар сарын 03-ний өдөр 302 470 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд дээрх төлбөрүүдийг Д.Т*******ийн Худалдаа хөгжлийн банк дах 412011051 тоот дансанд шилжүүлж өгсөн. Д.Т******* нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд дээрх сургалтад суугаад буцаж ирсэн бөгөөд төлөвлөсөн зардлаас нь их зардал гарсан тул манай компаниас нэмэлт гарсан зардлыг нь төлүүлэхээр хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг нь хүлээн авч 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1 795 800 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 3 591 000 төгрөгийг Д.Т*******ийн дээрх дансанд шилжүүлж, ийнхүү ХБНГУ-д суралцахад нийт 13 773 670 төгрөгийг түүний өмнөөс компани төлсөн. Манай компани нь Д.Т*******ийг 2007 оноос хойш 2024 оныг хүртэл ажиллах таатай нөхцөл боломжоор хангаж, үргэлж дэмжин дэвшүүлж, цалин урамшууллыг нь үе шаттайгаар нэмэгдүүлж, сурган хөгжүүлж, итгэл хүлээн хариуцлагатай чухал ажил, албан тушаал хариуцуулж ирсэн. Бидний дэмжлэгээр Д.Т******* нь монголд цөөхөн тооцогдох мэргэжил, ур чадвартай, туршлагатай мэргэжилтэн болж бэлтгэгдсэн. Гэвч Д.Т******* нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажлаас гарах өргөдлөө өгөхдөө бусдыг турхиран олон хүнийг дагуулан гарч, тавин хүн хариуцан ажиллаж байсан хариуцлагатай ажлыг орхин явсан. Бид түүний оронд ажиллах хүнийг сурган дадлагажуулах хүртэл дөрвөн сарын хугацаанд манай ажил маш ихээр доголдсон. Бидний хүлээлгэсэн итгэл, үргэлж дэмжиж өөрсдийн зардлаар байнга сурган хөгжүүлж байсан зэргийг умартаж бусад олон ажилчдыг уруу татан ажлаас гаргаж эрхэлж байсан, хариуцлагатай ажлаа бүрэн хүлээлгэж өгөлгүй ажлын байраа хаян явсанд бид маш их гомдолтой байдаг. Иймээс манай компани нь Д.Т*******ийг ХБНГУ-д суралцахаар явахад нь зориулж нийт 13 773 670 төгрөгийг төлж өгсөн тул Сургалтын төлбөр төлөх болон явахад шаардлагатай бусад төлбөрийг төлөх үүргээсээ чөлөөлөгдсөн байна. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх заалтад Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасны дагуу Д.Т*******ээс сургалтын зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж байна. Иймд Д.Т*******ээс ХБНГУ-д суралцсан сургалтын төлбөр болон сургалттай холбоотой бусад зардалд төлж өгсөн нийт 13 773 670 төгрөгийг гаргуулж манай компанид олгож өгнө үү гэсэн.
Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай талаас цалин хөлсний өглөгөгүй гэх талаарх баримтыг өгч байна. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 242 843 554 төгрөгийн цалин өгсөн байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон гэж үздэг, хариу тайлбараа дэмжих зорилгоор 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн А/116 дугаартай тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, хавсралт, тойрох хуудас, ажил хүлээлцэх актыг өгч байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулан Д.Т******* нь ажиллаж байсан талаар маргахгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээний 4.1-д цалинг 3 500 000 төгрөг гэж тохирсон. Мөн 2023 оны 12 сарын цалингийн зөрүү 4 000 000 төгрөг, 2024 оны 2 сараас 4 сар хүртэл цалин нэхэмжилсэн байх боловч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан. Улмаар 2024 оны 01 дүгээр сарын 17-ны ажлаа орхин явсан. Хавтаст хэргийн 15 дахь хуудсанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, цалин хөлс бичигдсэн байгаа. Цалин нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй, хөдөлмөрлөөгүй учраас бид цалин өгөхгүй. Мөн 3 500 000 төгрөгийн цалинтай хүнд нэмэгдэл гээд цалин олгосон байгааг баримтаар хүргүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар ажилтан өөрөө хүсэлтээ өгч, ажлаас гарсан тул мөн хуулийн 79.2-д зааснаар шаардах эрхгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №173 тоот Хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №173 тоот Нууц хадгалах гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №09 тоот Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШЗ2024/09770 дугаар шүүгчийн захирамж, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, үзлэг хийлгэхээс татгалзсан хүсэлт, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар гэсэн баримтуудыг,
хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хариу тайлбар, Д.Т*******ийн гараар бичсэн хүсэлтийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, шилжүүлгийн баримт, Д.Т*******ийн гараар бичсэн хүсэлт, ажлаас гарах үеийн асуулга, 2023.06.01-ний өдрийн А/016 дугаар тушаал, М******* ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, ажил хүлээлцэх акт, тойрох хуудас, зөрчил бүртгэх хуудас гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Т*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 6 855 827 төгрөгийг хангаж, үлдэх 21 144 173 төгрөгийг болон хариуцагч М******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч М******* ХХК-нд холбогдуулан ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн боловч ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон талаар тушаал гаргасан гэх боловч гардуулан өгөөгүй, танилцуулаагүй тул 2023 оны 12 дугаар сарын цалингийн зөрүү 4 000 000 төгрөг, 2024 оны 2 дугаар сарын олгогдоогүй цалинд 8 000 000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын олгогдоогүй цалинд 8 000 000 төгрөг, 2024 оны олгогдоогүй цалинд 8 000 000 төгрөг, нийт цалин хөлс болох 28 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Т******* нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж, ажлаа орхин явсан бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан тул ажиллаагүй хүний цалинг олгохгүй, цалин хөлсийг 8 000 000 төгрөгөөр тооцоод байгаа нь үндэслэлгүй, хариуцаж байсан эд зүйлс, тоног төхөөрөмжөө хүлээлгэн өгөөгүй, тойрох хуудас бөглөгдөөгүй учраас тушаал гараагүй гэж үгүйсгэсэн.
4.Хариуцагч М******* ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулан түүний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхээр ХБНГУ-д компанийн зардлаар сургалтад хамруулж, сургалтын төлбөр төлөх үүргээс нь чөлөөлсөн боловч мэдлэг чадвараа компанид зориулахгүй, ажилчдаа сургах бэлтгэх үүргээ биелүүлэхгүй, ажлын байраа орхин явсан тул ХБНГУ-д суралцсан сургалтын төлбөр болон сургалттай холбоотой бусад зардалд төлсөн 13 773 670 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
5.Нэхэмжлэгч Д.Т******* нь хариуцагч нь сургалтын төлбөрт төлөгдсөн 13 773 670 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй, сургалтын гэрээ байгуулан явсан бөгөөд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, мөн компани өөрсдөө цалин бууруулж, ажилчдаа туслаж дэмжээгүй тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан гэж маргасан.
6.Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1.Нэхэмжлэгч Д.Т******* нь хариуцагч М******* ХХК-нд засвар үйлчилгээний хэлтсийн Кран, өргөх тоног төхөөрөмжийн засварын албаны ахлах мэргэжилтэнээр ажиллаж байсан болох нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №173 тоот Хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.
6.2.Нэхэмжлэгч Д.Т******* нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч М******* ХХК-ийн Захиргаа, сургалт хөгжлийн хэлтэст ...миний бие М******* ХХК-ийн засвар үйлчилгээний хэлстийн кран, өргөх тоног төхөөрөмжийн завсарын албаны ахлах мэргэжилтэн албан тушаалтай ажилладаг. 2023 оны 12 сарын 01-нээс мөрдөгдөх Ерөнхий захирлын тушаал болох миний сарын үндсэн цалинг бууруулах тушаалтай танилцаж хүлээн авах боломжгүй байгаа тул өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч, ажлаас гарах хүсэлтэй байна гэсэн хүсэлтийг гаргажээ.
6.3.Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж зааснаар Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан болох нь 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны №09 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд талууд харилцан тохиролцоогүй тул мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар цалин хөлсийг олгоогүй тухай гомдлоо шүүхэд гаргасан байна.
6.4.Нэхэмжлэгч нь дээрх Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг хүлээн авч, шүүхэд хуульд заасан хугацааны дотор хандсан боловч хариуцагч нь хаягтаа байгаагүй тул хаягийг тодруулан тус дүүргийн шүүхэд гомдлоо гаргасан гэж тайлбарласан бөгөөд энэ нь түүний хэрэгт авагдсан 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №102/ШЗ2024/09770 дугаартай Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй.
7.Талуудын маргааны зүйл нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан эсэх талаар болон цалинг шаардах эрхтэй эсэх талаар байна, нэхэмжлэгч нь хариуцагч компанид засвар үйлчилгээний хэлтсийн Кран, өргөх тоног төхөөрөмжийн засварын албаны ахлах мэргэжилтэнээр ажиллаж байсан талаар маргаагүй болно.
8.Нэхэмжлэгч Д.Т******* нь хариуцагчид 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч, ажлаас гарах хүсэлтэй байна гэсэн хүсэлтийг гаргасан талаараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь түүний хэрэгт авагдсан хүсэлт, хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах хуудас, ажлаас гарах үеийн асуулга гэсэн баримтуудаар тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-д Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь үндэслэлтэй байна.
8.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлүүдийг заасан бөгөөд 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан бол гэж заажээ.
8.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн талаар тушаал гаргаагүй Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-д ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн хувийг хүлээлгэн өгнө гэж заасныг зөрчсөн тул мөн хуулийн 83.3-д ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана, 83.5-д ажил олгогч ажилтанд энэ хуулийн 83.3-т заасан хугацааны цалин хөлсийг тооцож олгоно гэж зааснаар 2023 оны 12 дугаар сарын цалингийн зөрүү болон 2024 оны 2, 3, 4 дүгээр сарын цалинг олгох үүрэгтэй гэж тайлбарласан.
8.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 83.2, Хөдөлмөрийн дотоод журмын 13.20-д ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн тул Хөдөлмөрийн дотоод журмын 13.17-д ажилтны буруугаас тойрох хуудас бөглөгдөөүй тохиолдолд цалин хөлс, бусад тэтгэмжийг тойрох хуудас бүрэн бөглөгдтөл олгохгүй байх эрхийг ажил олгогч эдлэнэ гэж зааснаар цалинг олгох үндэслэлгүй гэж мэтгэлцсэн
8.4.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон өдөр хүлээлгэн өгөх, цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачлагыг гаргаж, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон байхад энэ талаар шийдвэр гаргаагүй, гаргахгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох хүртэлх ажилласан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шаардах эрхтэй.
8.5.Гэвч нэхэмжлэгч нь 2024 оны 1 сарын цалингаа авсан талаар маргаагүй, 2024 оны 2, 3, 4 сард хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгээгүй, ажлын байрыг орхин явсан болох нь зохигч талуудын тайлбар, ажилтны цалингийн дэлгэрэнгүй хүснэгт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тус тус тогтоогдож байх тул 2023 оны цалингийн зөрүүг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
8.6.Нэхэмжлэгч нь дундаж цалин хөлсийг 8 000 000 төгрөг гэж тодорхойлоод 2023 оны 12 сарын цалингийн зөрүүг гаргуулна гэсэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн дундаж цалин хөлс нь 8 000 000 төгрөг биш хөдөлмөрийн гэрээний 4.1-д ажилтны нэг сарын үндсэн цалин 3 750 000 төгрөг гэж маргасан боловч хэрэгт авагдсан цалингийн тооцооллын хүснэгт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг үндэслээд нэхэмжлэгчийн дундаж цалинг тооцоход /2023 оны 9 сарын цалин 8 882 326+10 сарын цалин 14 593 747+11 сарын цалин 9 966 406=33 442 479 :3=11 147 793 төгрөг, үүнээс 12 сарын олгогдсон цалин болох 4 291 666 төгрөг хасаад үлдэх 6 855 827 төгрөг/ 6 855 827 төгрөгийг гаргуулж, үлдэх 21 144 173 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
9.Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Т*******т холбогдуулан ХБНГУ-д 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд болсон нийт 22 хоногийн сургалтын төлбөрт болон бусад зардалд төлөгдсөн нийт 13 773 670 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, энэ нь хэрэгт авагдсан төлбөрийн даалгаварын баримтуудаар тогтоогдоно гэсэн.
9.1.Нэхэмжлэгч нь ХБНГУ-д сургалтад компанийн зардлаар суралцсан нь үнэн, гэвч компанитай байгуулсан сургалтын гэрээний дагуу сургалтад хамрагдсан, гэрээний үүргээ биелүүлж компанид 2018 оноос 2024 оныг хүртлэх хугацаанд тогтвор суурьшилтай, идэвх зүтгэлтэй ажилласан тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
9.2.Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж зааснаар тодорхойлж, нэхэмжлэгчийн зардлыг төлснөөр нэхэмжлэгч нь үүргээс чөлөөлөгдсөн гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч нь ХБНГУ-д компанийн зардлаар суралцахдаа сургалтын гэрээ байгуулагдсан гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй, мөн хэрэгт авагдсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ирүүлсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д заасан гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна гэдгийг зөрчсөн буюу нотлох баримтын шаардлага хангаагүй, төлбөрийн даалгавар дээрх хүлээн авагчийн нэр дээр Т*******, Анхбаяр гэж нэр дурдагдсан нь хэн нь хэдэн төгрөгийг хариуцах эсэх нь тодорхойгүй байна.
9.3.Мөн Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.2-д шаардлага гаргагч гаргасан зардлын тухай шаардлагаа хариуцагчид өөрийн буруугаас ердийн боломжит хугацаанд мэдэгдээгүй бол шаардлага гаргаж болохгүй гэж заасан байх бөгөөд ажил олгогч буюу хариуцагч нь нэхэмжлэгчид өөрийн гаргасан зардал, түүнийг тооцоог нотлосон баримтыг 2018 оноос хойш мэдэгдэж байсан, уг төлбөрийг буцаан шаардаж байсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
9.4.Иймд хариуцагч М******* ХХК-ийн нэхэмжлэгч Д.Т*******т холбогдуулан гаргасан сургалтын төлбөр болон бусад зардалд нийт 13 773 670 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
10.Нэхэмжлэгч нь ажил олгогч буюу хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д заасан үүргээ биелүүлээгүй, тушаал гаргаагүйгээс хохирол учирсан гэж үзвэл хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Т*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 950 төгрөгийг, хариуцагч М******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 226 819 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 124 643 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Т*******т олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар хариуцагч М******* ХХК-иас цалин хөлс болох 6 855 827 төгрөгийг гаргаж, нэхэмжлэгч Д.Т*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21 144 173 төгрөгийг, Иргэний хуулийг 496 дугаар зүйлийн 496.1, 496.3.2-д зааснаар хариуцагч М******* ХХК-ийн нэхэмжлэгч Д.Т*******т холбогдуулан гаргасан сургалтын төлбөр болон бусад зардалд нийт 13 773 670 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Т*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 950 төгрөг, хариуцагч М******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 226 819 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 124 643 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Т*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН